| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0228/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/249 |
| Огноо | 2025-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, улсын яллагчаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэг, шүүгдэгч У.Н , түүний өмгөөлөгч Т.Даваажав, шүүгдэгч З.А , түүний өмгөөлөгч Ж.Батзоригт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Н, З.А нарт холбогдох эрүүгийн 2539000000235 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч У.Н ыг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Хэнтий аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Бутлуурын үйлдвэрийн хэсэг гэх газарт З.А-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдан түүний зүүн талын шанаа болон нүүрэн тус газарт нь цохиж зодсоны улмаас биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч З.А ийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Хэнтий аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Бутлуурын үйлдвэрийн хэсэг гэх газарт У.Н тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдан түүний эрүү, нүүрэн тус газарт нь цохиж зодсоны улмаас биед нь уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539000000235 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт
Улсын яллагч Н.Мөнгөнцэцэгээс “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгч У.Н ын өмгөөлөгч Т.Даваажаваас “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгч З.А ийн өмгөөлөгч Ж.Батзоригтоос “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.
1.Шүүгдэгч У.Н нь хохирогч З.А ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч З.А хохирогч У.Н ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч У.Н ыг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Хэнтий аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Бутлуурын үйлдвэрийн хэсэг гэх газарт З.А-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдан түүний зүүн талын шанаа болон нүүрэн тус газарт нь цохиж зодсоны улмаас биед нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч З.А ийг 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Хэнтий аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших Бутлуурын үйлдвэрийн хэсэг гэх газарт У.Н тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцаанаас болж маргалдан түүний эрүү, нүүрэн тус газарт нь цохиж зодсоны улмаас биед нь уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дүгээр тал),
-Хохирогч З.А ийн “...Би Хэнтий аймгийн Н суманд шинээр баригдаж буй хатуу хучилттай автозамын төсөлд төслийн ерөнхий инженер хийж байгаа бөгөөд 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед Н сумын төвөөс зүүн зүгт 5 км-т байх далангийн суурийн материал хангадаг бутлуурын үйлдвэрийн хэсэгт ажлыг нь шалгахаар очоод хэд хэдэн хүмүүстэй уулзчихаад /өмнөх өдөр тухайн бутлуурын эзэн нь манайх өдөрт жижиг сажиг зогсолт хийгээд үр бүтээлгүй ажиллаад байна гэж хэлсэн/ байж байтал тухайн үед экскаваторын жолооч экскаваторын шүд нь хугарчихлаа гээд гагнана гэж хэлээд зогсоод байж байхаар нь би “та нар шал дэмий юмнаас болж ажил зогсоолоо, бид нар яаравчилсан байдалтай шахуу хуваарьтай явж байгаа, наад шүдээ гагнаад угаасаа тэсэхгүй учир шууд 1 шүдийг үлдээгээд шанагаар ух” гэтэл Н гэх жолооч нь миний үгийг үл ойшоогоод заавал гагнана гээд гүрийгээд байхаар нь би ажлын шаардлага тавьж байгаа тул өндөр дуугаар загнатал Н миний нүүрний урдаас тулж ирээд зодолдох гээд байхаар нь би цээж рүү нь түлхтэл миний зүүн талын шанаа хэсэг рүү баруун гараараа цохисон. Тэгэхээр нь би өөдөөс нь баруун гараараа цохитол бид хоёрын дундаар М гэх залуу орж ирж салгах гээд намайг бариад байж байтал Н дахин миний нүүр рүү цохитол миний хамраас их хэмжээний цус гарсан. Тэгээд бид хоёр дахиад зодолдох гээд байхад манай эхнэр машинаас бууж ирж салгаад байж байтал намайг үгээр идээд байхаар нь би хойноос нь хөөгөөд явтал гүйцэгдэхгүй байхаар нь болиод шууд сумын төв рүү орж ирж цагдаад мэдэгдсэн... Намайг Н гэх залуу 2-3 удаа миний нүүр хэсэг рүү гараараа цохисон... Тухайн үед Н тай цуг М гэх залуу, Б гэх оператор, манай эхнэр машин дотор хараад сууж байсан... Тухайн үйл явдал Н сумын 4-р баг сумын төвөөс зүүн зүгт байх бутлуурын үйлдвэрийн хажууд 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 10-11 цагийн үед болсон... Би Улаанбаатар хотод шинжилгээ өгсөн бөгөөд хамрын ясны хугарал болсон байна гэж оношлогдсон. Хамрын ойр орчимд хөхөрч хавдсан байдалтай байгаа... Би шинжээчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно... Миний сэтгэл санааны байдал зүгээр байгаа би сэтгэцийн эмчид үзүүлэхгүй... Би бол гомдолтой байгаа бөгөөд эмчилгээний зардал болон бусад шууд зардлаа тухайн хүнээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07 дугаар тал),
-Хохирогч У.Н ын “...Би Дэлгэрийн бараа ХХК-д экскаваторын оператор хийдэг бөгөөд манай компани Хэнтий аймгийн Н суманд шинээр хийгдэж буй хатуу хучилттай замын төсөлд Монгол зам групп ХХК-д туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Миний хийх ажил бол бутлуурын үйлдвэр дээр экскаватор жолоодон чулуу зөөх ажил юм. 2025 оны 6 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн үед миний жолооддог экскаваторын шанаганы шүд хугараад шүдээ гагнахаар цахилгаан генераторын хажууд очоод зогсож байтал манай төслийн ерөнхий инженер ах болох А ирээд юу болсон талаар нь асуутал “экскаваторын шүд хугарсан, энэ хавьд газар нь хатуу судал гарч ирээд байна” гээд хэлтэл “наадах чинь тэсэлчихсэн газар юм чинь шүд хэрэггүй, яаралтай ажлаа явуулмаар байна, чи хий дэмий цаг үрээд байна” гээд уцаарлангуй уурлаад байсан. Тэгэхээр нь би “та яагаад байгаа юм бэ, би ажлаа хийж байна шүү дээ” гээд бид хоёр өөд өөдөөсөө хараад маргалдсан. Тэгтэл “чи ажиллахгүй гээд яах юм” гээд миний амны хавьд баруун гараараа цохисон. Тэгтэл манай цуг ажилладаг Т гэх залуу бид хоёрыг салгатал А ах дахиад ирээд миний эрүү хэсэг рүү цохисон. Тэгэнгүүт нь би А ахын хамар хэсэг рүү нь нэг л удаа зүүн гараараа цохисон. Тэгээд Т , М хоёр А ахыг бариад авсан. А ахын хамраас цус гараад доошоо суухад нь би шууд зугтаагаад явсан. Тэгтэл миний эрүүнээс цус гараад би цаасаар цусаа арчиж байтал А ах босож наашаа гүйж ирээд газар байсан арматур төмөр шүүрч аваад намайг ална гээд хөөхөөр нь би тэр чигтээ зугтаад явсан, ийм л асуудал болсон... Тухайн үед Т , Мөнхөө гэх ах, М болон А ах бид хэд л байсан... Тухайн үйл явдал Н сумын төвийн баруун урдхан талд байх бутлуурын үйлдвэрийн талбайд 10 цаг 50 минутын үед болсон... Намайг А нүүрэн тус газар баруун гараараа 2 удаа цохисон... Миний уруул хэсэг дотроо язарсан, эрүүний хэсэгт үрэгдсэн шархтай... Би анх үзсэн эмчийн тодорхойлолт болон өөрийн биеэр үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно... Миний сэтгэл санаа зүгээр хэвийн байгаа тул сэтгэцийн эмчид үзүүлж хохирол тогтоолгохгүй... Би бол гомдолтой байгаа бөгөөд, эмчилгээний зардал болон бусад шууд зардлаа тухайн хүнээс нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),
-Гэрч Ц.Б “...Би Хэнтий аймгийн Н суманд шинээр тавигдаж хатуу хучилттай замын төсөлд хайрга бэлтгэх үйлдвэрт үйлдвэрийн оператор хийдэг бөгөөд 2025 оны 6 дугаар сарын 18-ны өглөө 10 цагийн үед “манай экскаваторын шүд нь эвдэрчихлээ, гагнаад өгөөч” гээд экскаваторын оператор Н хүрээд ирсэн. Тэгэхээр нь “үйлдвэрийн хашааны урд байж байгаарай” гээд араас нь явж очоод гагнуурын аппаратаа цахилгаанаас залгачхаад яг гагнах гээд Н бид хоёр сууж байтал төслийн инженер А ах ирээд “наад шүд чинь гагнуур авах боломжгүй, хайран цаг алдаад байна” гэж хэлэхээр нь би гагнуурын аппаратаа салгах гээд явж байтал хойно хүмүүс нь хэрэлдээд эхэлсэн. Тэгээд гүйгээд очтол А ахын хамраас гарчихсан Н ын эрүүнээс нь цус гараад М голд нь ороод салгах гээд байж байсан. Би гүйж Н ыг бариад хойш нь болгох гэтэл дийлээгүй. Тэгээд А ах Н ын араас нь хөөгөөд байж байхад нь А ахын эхнэр нь машинаасаа бууж ирээд салгасан. Ийм л асуудал болсон... Намайг харж байх үед бол хоорондоо цохилцоогүй бөгөөд намайг очихоос өмнө тэр хоёр хоорондоо зодолдчихсон нүүр ам нь нил цус болчихсон байж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),
-Гэрч Б.Л “...Манай нөхөр болох 3.А нь Н суманд шинээр баригдаж буй замын төсөл дээр инженер хийдэг бөгөөд 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр бид хоёр хүүхдүүдээ аваад 2025 оны 6 дугаар сарын 18-ны өглөө Н суманд ирээд манай нөхөр ажилтай гээд бид нар цуг явж байгаад сумын төвийн зүүн талд нэг газар ухаж буй газарт очоод хүмүүстэй уулзаад явж байгаад нэг газар ухдаг том машины хажууд 2 залуутай юм ярьж байгаад гэв гэнэт тэр хоёр хоорондоо түлхэлцээд гэнэт хоорондоо цохилцоод ирсэн. Тэгээд би машинаас буугаад гүйгээд очтол манай нөхрийг тэнд байсан хоёр залуу барьчихсан хооронд салгах гээд байж байтал тэр жижиг биетэй туранхай залуу тойрч ирээд нүүр рүү нь цохичихсон тэгээд би очоод хооронд салгатал манай нөхрийн хамраас цус гараад Б гэх залуу миний машинаас салфетка авч ирэх гээд явтал нөгөө залуу нь манай нөхөр рүү хандаад чи намайг шаагаад аваач чадахгүй ш дээ гэх мэтээр манай нөхрийг өдөөн хатгаад инээх гэх мэтээр доромжлоод байхаар нь манай нөхөр хойноос нь хөөгөөд нөгөөх нь зугтаад тэгээд би хойноос нь очиж барьж байгаад болиулаад сумын төв рүү явсан. Ийм л асуудал болсон... Манай нөхөр болох А ийг тэр Н гэх залуу намайг харж байхад л 2, 3 удаа нүүр рүү нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ц.Т-ын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “...1.2.3.А ийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4.5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6.Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 7.Дээрх гэмтлээс хамар ясны хугарал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь нийтдээ болон тус бүртээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-36 дугаар тал)
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ч-ын 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “...1.2.У.Н ын биед уруулд шарх, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёр удаагийн үйлдлээр үүсэн байх боломжтой. 4.5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6.Дээрх гэмтэл нь шинжлүүлэгчийн өгүүлсэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 7.Уруулд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Эрүүнд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дүгээр тал),
-Шүүгдэгч У.Н ын яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр би Хэнтий аймгийн Н сумын нутаг дэвсгэрт байх ажил дээрээ байж байгаад ажлаас болоод инженер болох А тэй маргалдсан юм. Тэгтэл А ах намайг мангасдаж буюу нүүр рүү алгаараа түлхээд миний нүүр хэсэг рүү 2 удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр хэсэг рүү нь гараараа 1 удаа цохичихсон юм. Тэгээд А ийн эхнэр нь гэх хүн машинаасаа бууж ирээд намайг цохих гээд байхаар нь би зугтаачихсан юм. Тухайн үед миний дээд уруул язарчихсан, эрүү шалбарчихсан байсан. Харин А ахын хамраас нь цус гарсан байсан. Тэгээд А ах хамрынхаа цусыг тогтоогоод намайг ална гээд төмөр бариад дайрахаар нь би цохиулалгүй зугтаачихсан юм... А бид хоёр тухайн үед нэг нь ажилтан нэг нь инженер байсан. Өөр ямар нэг харилцаа байхгүй. Бид хоёр өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар тал),
-Шүүгдэгч З.А ийн яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлсэн өөр ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч У.Н 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн орчимд Хэнтий аймгийн Н сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших бутлуурын үйлдвэрийн хэсэг гэх газарт экскаваторын жолоочоор ажилладаг бөгөөд экскаваторын шанаганы шүд нь хугарсан гэх шалтгаанаар ажлаа зогсоож гагнуулах гэж байхад нь шүүгдэгч 3.А “гагнуулахгүйгээр ажлаа хурдан хий, сул зогсоод байна” гэх шаардлага тавьж хоорондоо үл ойлголцон, таарамжгүй харилцаа үүсчээ. Улмаар хоорондоо маргалдан бие биенээ цохисон бөгөөд шүүгдэгч У.Н ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч З.А ийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч З.А ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч У.Н ын биед уруулд шарх бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Прокуророос хэргийг зүйлчлэхдээ шүүгдэгч нарыг харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн бөгөөд энэ нь хэргийн бодит байдалтай бүрэн нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон зөв байна гэж дүгнэлээ.
Хууль зүйн дүгнэлт:
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч У.Н нь хохирогч З.А ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч З.А нь хохирогч У.Н ын эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед уруулд шарх, эрүүнд зулгаралт няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч У.Н , З.А нар нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч У.Н , З.А нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч У.Н нь тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн нүүр хэсэгт цохих идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,
Шүүгдэгч З.А нь тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн нүүр хэсэгт цохих идэвхтэй үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд уруулд шарх, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч У.Н , З.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарыг тус тус харилцан бие биедээ хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч У.Н нь “шүүх хуралдаанд санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг гаргасан тул шүүгдэгч З.А ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Мөн хохирогч З.А нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан шууд хохиролд баримтаар 946,680 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч У.Н нь 900,000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн хүсэлтээр тогтоогдож байна.
Хохирогч, шүүгдэгч З.А ийн өмгөөлөгчөөс хавтаст хэргийн 30 дугаар талд авагдсан нотлох баримтаар “Хамар яс бороолсны дараа 2-3 сарын дараа хамрын ясны хугарал засах, таславч тэгшлэх мэс засалд орох” гэсэн эмчийн тодорхойлолт авагдсан байгааг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан гэм хор гэж үзэж уг гэм хорын хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх санал гаргасан нь үндэслэлтэй байна.
Иймд хохирогч З.А нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хохирогч З.А , У.Н нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны явцад “сэтгэцэд учирсан гэм хорын хохирол” нэхэмжлээгүй болно.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч У.Н , З.А нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх,
Шүүгдэгч У.Н ын өмгөөлөгч Т.Даваажаваас: “...Шүүгдэгч У.Н нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иймд миний үйлчлүүлэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж оногдуулж өгнө үү” гэх,
Шүүгдэгч З.А ийн өмгөөлөгч Ж.Батзоригтоос: “Шүүгдэгч З.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Иймд миний үйлчлүүлэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь хувийн таарамжгүй харилцаа гэхээс илүүтэй бие биедээ ажлын шугамаар шаардлага тавьсан, ажил хэргээ тасралтгүй явуулах гэсэн санаа зорилгоос улбаалж хоорондоо муудалцаж бие биенээ цохисон, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, учирсан хохирлыг сайн дураараа арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч У.Н , З.А нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтнаар торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад шийдвэрийн талаар:
Шүүгдэгч У.Н , З.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У.Н, З.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч У.Н , З.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Н , З.А нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Хохирогч З.А гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Н , З.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН