| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 319/2025/0008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/248 |
| Огноо | 2025-10-03 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож,
улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Хосбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2436004350329 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, худалдааны мэргэжилтэй, “Буянт Алтай нутаг” ХХК-ийн захирал ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн Ар хужирт гэх газраас ховор амьтан болох 1 янгир ямааг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал:
1.Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна.
Улсын яллагчаас: Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 23, 28 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан бөгөөд нэмэлтээр ан агнах тусгай зөвшөөрөл (хавтаст хэргийн 110-114 дэх тал) судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл 4-11 дүгээр тал, Ховд аймгийн БОГ-ын албан бичиг 45-46 дугаар тал, Шинжээчийн 2802 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэг 57-58 дугаар тал, Ан агнуур барих гурвалсан гэрээ, мөнгө тушаасан баримтууд 71-77 дугаар тал, ан агнах тусгай зөвшөөрөл 10-114, болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд, хэргийн 130 дугаар тал дахь Хар-Ус нуур орчмыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаартай “Ар хужирт гэх газар тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй” гэх албан бичгийг тус тус судалсан болно.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Цаг хугацаа байхгүй тулсан байсан. Уг газарт нөөц байхгүй ан олдоогүй учир Ар хужирт гэх газраас нэг тэх агнаснаа хүлээн зөвшөөрч байгаа.Харин би ан агнах тусгай зөвшөөрөлгүйгээр, тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ан агнаагүй гэж маргасан болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт: Миний үйлчлүүлэгч *******ын хувьд тусгай зөвшөөрөлтэй байж ан агнасан нь гэмт хэргийн шинжгүй харин ан агнуурын бүсээ өөрчилж ан агнасан нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх санал гаргасан болно.
Хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тал бүрээс нь хянан үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/290 дугаартай Ховд аймгийн Засаг даргын захирамжаар Ховд аймгийн агнуурын бүс нутаг дахь угалз, тэх, зэрлэг гахай агнах тусгай зориулалтын агнуурын тусгай зөвшөөрлийн дуудлага худалдааг зохион байгуулах ажлын дагуу Ховд аймгийн Дуут сумын нутаг дахь “Ар хужирт”, “Балинтын ам” гэх газар тус бүрт 2 тэх агнах тусгай зөвшөөрлийг олгох дуудлага худалдаанд ялсан , гэх хоёр иргэнээс “Буянт Алтайн нутаг” ХХК буюу захирал ******* нь ан агнах эрхийг шилжүүлэн авсан байна.
2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн засаг даргын тамгын газарт хүсэлт уламжилж нэр бүхий 4 гадаад иргэний нэр дээр ан агнах тусгай зөвшөөрлийг (1 хавтаст хэргийн 110-114 дэх тал) авсан байх ба Ховд аймгийн Дуут сумын Засаг дарга, Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нартай дуудлага худалдаанд ялагч нартай тус бүр “Агнуурын амьтан агнах, барих гурвалсан гэрээ” байгуулсан байна. (1 хавтаст хэргийн 71, 81 дэх тал),
Улмаар 2024 оны 08 дугаар сарын 30-ны өглөө Балинтын ам гэх газрын ан агнуурын бүсээ өөрчилж Ар хужирт ан агнуурын бүсээс 1 тооны янгир агнасан нь хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн нотлох баримтаар хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Амьтны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг, энэ хуулийн 5.3.2, 5.8.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэл тус бүрээр тогтооно” гэж заасны дагуу 2024 онд Ховд аймгийн нутаг дэвсгэрээс тусгай зориулалтаар агнуурын амьтанг агнах зөвшөөрөл олгох дуудлага худалдааг зохион байгуулж ялагчийг баталгаажуулж (1 хавтаст хэргийн 106 дахь тал) мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулж 32 дугаар зүйлийн 32.1-т зааснаар “Иргэн, хуулийн этгээд амьтан ашиглах, агнуурын амьтан агнах, барихад төлбөр, хураамж төлнө.” гэсний дагуу төлбөрийг төлсөн байна. (1 хавтаст хэргийн 71, 81, 110-114 дэх тал)
Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т “Ан амьтан агнах эрхийн бичиг, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн, түүнчлэн зөвшөөрөлгүй ан амьтан агнасан этгээдэд нөхөн төлбөр ногдуулна” гэж зааснаас шүүгдэгч өөрт олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд гэрээнд заасан тоо хэмжээний тэхийг агнасан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол...” гэж гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч *******ын хувьд эрх бүхий байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд зөвшөөрөгдсөн тоо хэмжээнд агнуурын бүсэд /“Ар хужирт”, “Балинтын ам”гэх газар хоёулаа зөвшөөрөгдсөн бүс/ ан агнасан нь дээрх хуулийн үндсэн шинжийг хангахгүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд Улсын тусгай хамгаалалттай газарт эсхүл ховор, нэн ховор амьтанг тусгай зөвшөөрөлгүй агнасан... байхыг шаарддаг учир обьектив талын шинж хангагдахгүй гэж үзнэ.
Харин Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн зөрчлийн шинжтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн өмгөөлөгчийн саналыг шүүх хүлээн авч хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс: “Нэгдүгээр цаг хугацаа байхгүй байсан. Хоёрт Балинтад нөөц байхгүй ан олдохгүй байсан.Гадаад жуулчдад Улсынхаа нэр хүндийг бодоод Ар хужиртын бүсээс нэг тэх агнасан..”гэх мэдүүлэг
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр орчуулагч над руу залгаад Балинтаас 1 тооны янгир агнасан одоо 1янгираа танай Ар хужиртаас агнамаар байна энд нөөц байхгүй байна гэхээр нь болох юм уу гэж асуутал янгирыг худалдаад авсан нөхцөлд өөрөө бүсээ сонгох заалттай гэж хэлсэн тэгэхээр нь тийм үү одоо яах уу гэж хэлээд утсаа тасалсан...” гэх мэдүүлгүүдээр Дуут сумын Балинтын ам гэх газар ангийн нөөцгүй, ан агнах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т ”Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж зааснаар төр нь амьтны өмчлөгчийн хувьд дуудлага худалдаагаар тухайн амьтныг агнах зөвшөөрөл олгосон бол уг амьтныг агнах нөхцөл бололцоогоор хангах үүрэгтэй. Нөгөө талаас Амьтны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийн 21.4.1-т заасан “агнуурын нөөц, түүний тооллого бүртгэл, агнуур зохион байгуулалтын ажлыг улс, орон нутгийн болон иргэн, хуулийн этгээдийн захиалга, хөрөнгөөр гүйцэтгэх, тэдгээрийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулах” үүргээ холбогдох мэргэжлийн байгууллага хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Шүүгдэгч *******ыг Ховд аймгийн Дуут сумын Ар хужирт гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1 тооны янгир ямаа агнасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь ан агнах тусгай зөвшөөрөлтэйгөөр агнуурын нэг бүсээс нөгөө бүсэд ан агнасан нь тогтоогдсон, бөгөөд түүний агнуурын бүсээ сольж ан агнасныг хууль бусаар ан агнах гэж буруутгах үндэслэл болохгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс гаргасан “уг үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй харин зөрчлийн шинжтэй” гэх саналыг хүлээн авч улсын яллагчаас гаргасан “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон харин тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг битүүмжлэх ажиллагаа хийгдэх тул нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэх саналыг хүлээн авах үндэслэлгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн 2436004350329 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнийг цагаатгасан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.9 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн 2436004350329 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, ******* ургийн овогт ******* 24.5 цагаатгасугай.
2. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүйг дурдсугай.
4. Шүүгдэгч ******* нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 (арав) жилийн дотор өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС