| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2022/00497/И |
| Дугаар | 181/ШШ2023/00528 |
| Огноо | 2023-02-08 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2023/00528
| 2023 оны 02 сарын 08 өдөр | Дугаар 181/ШШ2023/00528 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Я.А/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЭМ-д холбогдох,
2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэрэнчунт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.Цогзолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ядам овогтой А нь 30 гаруй жил эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа, гадаад, дотоодод суралцсан, Анагаах ухааны доктор, хүний их эмч хүн билээ. Ажлыг чин сэтгэлээсээ хийж, төрийн ажлыг шударга, зарчимтайгаар хийж ирсэн. Ялангуяа сүүлийн 2 жил гаруй хугацаанд коронавируст халдвартай тэмцэх сэргийлэх ажилд өдөр шөнөгүй, ар гэр, амьдралаа орхин зүтгэсэн. Миний бие 2005 оноос ЭМанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын дарга, 2019 - 2021.02.10- ны өдөр хүртэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2021 оны 01 дүгээр сард шинэ Засгийн газар бүрдэж С.Энхболд сайдаар томилогдож ирснээр дарамт, шахалт эхэлж ТНБД-ын ажлаа өг гэдэг асуудал эхэлсэн. Тэр үед би ажил албан тушаалыг маань авч, бууруулсан асуудлаар шүүхэд хандаж хүндрэл үүсгэлгүйгээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлаар төрийн албанаас чөлөөлөгдөхгүйгээр шилжүүлэн томилуулсан.
2021.02.10-нд УХТЭ-ийн захирлаар томилогдож очсоны маргаашаас эхлэн С.Энхболдын дарамт, түүний томилсон хүмүүсийн увайгүй үйл ажиллагаа тус эмнэлэг дээр үүссэн. Учир нь С.Энхболд сайдаар томилогдохоосоо өмнө 1 жил тус эмнэлгийн захирлаар ажиллаж байхдаа 100 гаруй хүнийг ажилд авч өөрийн баг, бүлгийг үүсгэсэн байсан. Энэ хугацаанд эмнэлэг дотор байгаа өөрийн хүмүүст шууд үүрэг даалгавар өгөх, тэднийг турхирч хамт олныг хагалган бутаргах, хов живээр ажил явуулах, миний нэр хүндэд халдаж нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэглэлээр удаа дараа миний болон эмнэлгийн нэр хүндийг гутаан доромжлох, нэр төрд халдсан мэдээлэл гаргах, цацах ажиллагаанууд явуулж, ажлыг жигд явуулахад үнэхээр их хүндрэлийг үүсгэж байсан. Чин үнэндээ би ЭМанд ажиллахдаа 15 сайдтай ажилласан байдаг. ингэж нэг харьяа байгууллагынхаа ажлыг хийлгэдэггүй, байнга дотор нь байгаа хүмүүсийн худлаа, үнэн хов живээр даргыг нь дарамталдаг, гутаан доромжилдог, байгууллагын дотоод ажилд байнга оролцож хэл ам болгодог сайдыг үнэхээр үзээгүй, мэдэхгүй юм байна лээ. Гэсэн хэдий боловч би Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирлаар 2021.2.10-нд томилогдож очоод, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэвдагвын тогтоолоор 2021.11.11-ний өдөр миний албан тасалгаа, гэр, зуслангийн байранд үзлэг шалгалт хийж, барьж хорьсон үйл явдал хүртэл нийт 9 сарын хугацаанд тус эмнэлгийн үйл ажиллагааг жигдрүүлэх, цаг наргүй ажилладаг эмнэлгийн эмч ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх, үр дүн нь гарсан, харагдсан ажил хийхийн тулд зүтгэж ажилласан.
Цар тахлын хэцүү нөхцөлд эмнэлгийн засвар, үйлчилгээ болон бусад шаардлагатай зүйлсэд зарцуулах төсөв мөнгө хүрэлцээгүй, хүндрэлтэй үед бид төр, хувийн хэвшлийн түншлэл, мөн нийгмийн хариуцлагын хүрээндээ бидэнд чухал хэрэгцээтэй байгаа асуудлыг шийдээд өгөөч гээд олон байгууллага, компани, хувь хүмүүсээс гуйж, хамтарч олон асуудлыг шийдвэрлэсний нэг нь эмнэлгийнхээ эмч, ажилчдын хүүхдүүдийг хүмүүжүүлэх цэцэрлэг байгуулсан. Байгууллагынхаа дэргэд 100 хүүхдийн цэцэрлэг байгуулсан нь эмнэлэг, эрүүл мэндийн салбарын хувьд анхных нь улсын хэмжээнд 24 дэх байгууллага нь байсан. Улсын болон эмнэлгийн төсвөөр гүйцэтгээгүй уг ажил хардлага төрүүлж, АТГ шалгаж байна. Мөн эмч нарыг сонгон шалгаруулж авахдаа авлига авсан эсэх асуудлыг шалгах ажиллагаа явж байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.12.01-ний 2021\ЦХШЗ\255 дугаар захирамжаар миний албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрт гомдол гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021.12.06-ны өдөр 1862 дугаар захирамжаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргээ билүүлэхийг түдгэлзүүлэх-ийг хүчингүй болгох захирамж гаргасан.
Гэтэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021.12.10-ны өдөр Б\51 тоот тушаал гаргаж миний ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн тушаал гаргасан. Шүүхийн захирамжид өөрчлөлт орсон талаар ЭМЯ-ны ТЗУГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Эрхэмбаярт БЗД-ийн шүүх, миний өмгөөлөгч Б.Ганбаатар, мөрдөн байцаагч Г.Гантулга, хяналтын прокурор Д.Пүрэвдагва, би өөрөө удаа дараа хэлж ярьж тайлбарласан боловч үл тоомсорлож, эмнэлэг дээр очиж 700-800 эмч ажилчдын дунд шуугиан дэгдээж намайг гэмт хэрэгт холбогдсон гэж нэр төрийг маань гутаан, намайг эзгүйд тамга тэмдгийг авч Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Ганзоригт миний ажлыг 2021.12.10-нд хүлээлгэж өгсөн.
Түүгээр үл барам 2021.12.20-ны өдөр Д.Эрхэмбаяр намайг өрөөндөө ир гэж дуудсаны дагуу очиход шүүхийн шийдвэр хамаагүй гэж хэлээд ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Буянтогтох, Хуулийн хэлтсийн ахлах шинжээч Ш.Мөнгөнцэцэг нарыг байлцуулан намайг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан тул УХТЭ-ийн үүрэгт ажлаас халах болсон гэж сонсгол хийгээд Эрүүл мэндийн сайд С.Энхболдын 2021.12.21-ний Б\54 тоот тушаалаар түдгэлзүүлсэн тушаалаа хүчингүй болгоод 2021.12.21-ний Б\55 дугаар тушаалаар ажлаас халсан. Мөн л П.Эрхэмбаяр, Ш.Мөнгөнцэцэг, Б.Буянтогтох нар энэ тушаалаа бариад дахин манай эмнэлэг дээр очиж Я.А гэмт хэрэг хийсэн тул ажлаас нь халж байна гээд 2 дахь удаагаа миний ажлыг н.Эрдэнэбулганд хүлээлгэж өгөөд хамт олны дунд миний нэр хүндийг унагаах ажиллагаа хийсэн.
Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 дугаар Ажлаас халах тухай тушаалын 1 дүгээр заалтаар ...Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Я.А нь Эрүүгийн 2101000440329 дугаар хэрэгт яллагдагчаар татагдсан... гэсэн үндэслэл гаргасан. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт "Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт Эрүүгийн хэрэгт буруутгуулж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй. , Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-6 ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон; гэснийг ноцтой зөрчиж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байхад Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан гэсэн үндэслэлээр ажил албан тушаалаас халах тушаал гаргаж байгаа нь Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Мөн тушаалын 1 дүгээр хэсэгт ...Эрүүл мэндийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/631 дүгээр тушаалаар хуваарилагдсан 117 резидент эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, резидент эмч нарын сургалтын төлбөрийг байгууллагын дансанд төвлөрүүлээгүй санхүүгийн зөрчил дутагдал гаргаж ажил олгогчийн итгэлийг алдсан... гэжээ. ЭМСайдын 2021.10.19- ний тушаал эмнэлэг дээр 2021.10.25-нд ирсэн. Резидент эмч нарын цалин байгууллагын дансанд 2021.10.28-нд орж ирсэн. 11 дүгээр сард цалин тавихаас өмнө гэрээ байгуулах төлөвлөгөөтэй явж байтал 2021.11.11-нд Ерөнхий захирлыг тус эмнэлгийн 90 жилийн ойн арга хэмжээний өмнөх өдөр баривчлуулсан. Эмч нарын сургалтын төлбөрийг байгууллагын дансанд төвлөрүүлээгүй санхүүгийн зөрчил дутагдал гаргасан гэсэн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй бөгөөд энэхүү ажлыг хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хариуцан ажилладаг таван албан хаагч байдаг/дэд захирал, сургалтын албаны дарга, санхүү, бүртгэлийн албаны дарга, сургалт хариуцсан менежер, резидентүүдийн сургалтын төлбөр хариуцсан нягтлан бодогч/ Иймд, Эрүүл мэндийн сайдын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас халах, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн хуулийн заалтыг буруу хэрэглэж тушаал гаргасан байна.
Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалтыг зөрчсөний улмаас гэдэг нь тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлын албан тушаалд буцаан томилохыг даалгах, 2. Хууль бус захиргааны акт гарснаас хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэл, олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. 3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу дээрх албан тушаалтнуудад хариуцлага тооцож өгөхийг иргэн би шударга шүүхээс хүсч байна. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг захиргааны маргааныг хянан шийдвэрлэх явцад холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх байдлаар шийдвэрлүүлнэ.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Я.А би Улсын 2 дугаар төв эмнэлгийн захирлын албан тушаалд ажиллаж байгаад Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Халагдсанаас хойш миний бие хуульд заасан хугацаанд шүүхэд хандан, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Энэхүү хэргийг шалган шийдвэрлэх хугацаанд миний бие цалин, хөлсгүй байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайдын үндэслэлгүй ажлаас халсан тушаалаас шалтгаалж ихээхэн хохироод байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.
1. Я.А би Улсын 2 дугаар төв эмнэлгийн захирлын албан тушаалд ажиллаж байсан ба энэ албан тушаал нь ТҮЭМ-9 шатлалд хамаардаг бөгөөд Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтад зааснаар ТҮЭМ-9-1,039,119(нэг сая гучин есөн мянга нэг зуун арван ес) төгрөгөөр цалинждаг. Үүн дээр Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 болон 3 дугаар хавсралтад зааснаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар, боловсролын докторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувиар тус тус тооцож төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд сар бүр 259,780 төгрөг, зэргийн нэмэгдэлд сар бүр 155,868 төгрөгийг авдаг байсан. Нийт сар бүр 1,454,767 төгрөгийн цалин, нэмэгдэл авдаг байсан бөгөөд ажлаас чөлөөлөх тушаал гарснаас хойш 12 сарын хугацаа өнгөрсөн тул 12 сарын үндсэн цалин, нэмэгдэл болох 17,457,204 төгрөгийг хариуцагчаас гаргуулах.
2. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар ажлаас халах хүртэл хугацаанд 2021 оны 12 дугаар сард нийт 7 өдөр ажилласан ба тухайн 12 дугаар сарын үндсэн цалин, нэмэгдэл 462,880 төгрөг олгосон ба зөрүү 991,887 төгрөгийг олгоогүй.
Одоогийн байдлаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 18,449,091 (арван найман сая дөрвөн зуун дөчин өсөн мянга ерэн нэг) төгрөгийг болоод байна.
Нэхэмжлэлийн шаардлага Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 дугаар Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлын албан тушаалд буцаан томилохыг даалгах, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацааны цалин, хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн Даатгалыг нөхөн төлүүлэх.
Ажилгүй хугацааны нэмэгдэл, үндсэн цалин 19,903,786 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал ажилгүй байсан хугацаанд тасарсан байгаа. гэв.
Нэхэмжлэгч Я.Аын өмгөөлөгч Б.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тушаал гарахаас өмнө түдгэлзүүлсэн. Манай үйлчлүүлэгчид сонсох ажиллагаа хийж ажлаас хална гэсэн. Сая хэдийд сонсох ажиллагаа хийсэн гэдгийг шинжлэн судлуулсан. 12 дугаар сарын 21-ний өдөр түдгэлзүүлсэн захирамжаа хүчингүй болгосон. Гэтэл сонсох ажиллагааг 20-ны өдөр хийсэн. Төрийн байгууллага ч гэсэн хуулийг дагаж мөрдөнө. Эрх зүйн үндэслэл гаргая. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар эрх, үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид байгаа. Хариуцагч тал Хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй ковидтой байсан гэж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж цуцаллаа гээд байгаа. Хоёр дахь үндэслэл резидент эмчтэй Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй санхүүгийн зөрчилд арга хэмжээ авлаа гэж байгаа. 40.1.5-т мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасан. Факт бий болсон үед хэрэглэдэг зохицуулалт байгаа. Журам зөрчсөн болгон факт үүсгэдэггүй. Тэгэхээр хуулийг буруу хэрэглэсэн байна. гэв.
Хариуцагч Монгол улсын ЭМ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэрэнчунт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Аын 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ЭМанд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Я.Атай холбоотой Авлигатай тэмцэх газраас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 06/13088 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүчгийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай 2021/ЦХШЗ/255 дугаар захирамжийг ирүүлсэн бөгөөд уг захирамжийн дагуу Я.Аыг Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлын ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн.
Дээрх ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг гарсны дараа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн Захирамжаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргээ эрхлэхийг түдгэлзүүлэх тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгосон тул Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/54 дүгээр тушаалаар Ажил, албан тушаал эрхлэхийг түдгэлзүүлэх тухай Б/51 дүгээр тушаалыг хүчингүйд тооцож, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас халах тухай Б/55 дугаар тушаалаар ажлаас халсан.
Ажлаас халах болсон үндэслэл нь Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан.Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 2021 онд шинээр элсэн орсон резидент эмч нараас Эрүүл мэндийн сайдад хандаж гаргасан гомдлын дагуу тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас шалгалт хийсэн. Уг шалгалтаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Я.А нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/631 дүгээр тушаалаар хуваарилагдсан 117 резидент эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, резидент эмч нарын сургалтын төлбөрийг байгууллагын дансанд төвлөрүүлээгүй санхүүгийн зөрчил дутагдал гаргасан нь тогтоогдсон тул Я.Аыг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Эрүүл мэндийн сайдын 2021 оны Ажлаас халах тухай Б/55 дугаар тушаалаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлын үүрэгт ажлаас халсан болно. Дээрх зөрчил нь яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Санхүү, бүртгэлийн алба болон Сургалт, гадаад харилцааны албаны үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн хяналт шалгалтаар тогтоосон болно.
Мөн 2021 оны жилийн эцсийн байдлаар санхүүгийн сахилга батыг зөрчиж, 6,009,820,409.30 төгрөгийн өртэй гарсан нь Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нийт албан хаагчдын цалинг тавьж чадахгүй том эрсдэлд хүргэсэн.
Манайхаас зөвлөмж өгөөд явдаг. Ашигтай ажиллаж цалин урамшууллаа нэмэгдүүлэн өгч ажиллах ёстой байтал 6 тэрбум төгрөгийн өрөнд орчихсон байсан. 2021 онд цалингаа нэмээгүй ганц эмнэлэг Улсын 2 дугаар төв эмнэлэг байгаа. Буруу менежментийн үр дүнд цалингаа нэмээгүй байдаг. Эмнэлгийг яаж удирдаж байсан нь үүнээс харагдаж байгаа.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ажлаас халах тухай Б/55 дугаар тушаалыг хэрэгсэхгүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/51 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/51 дугаар тушаалын хавсралтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/54 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Сонсох ажиллагааны талаарх мэдээлэл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын ЭМны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 3/6791 дугаар албан тоотын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Я.Аын иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0985 дугаар захирамжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ЭМ Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шалгалтын тэмдэглэл, хариуцагчийн баримтаар гаргасан Улсын хоёрдугаар төв эмнэлэг өглөгийн хүснэгт, хариуцагчийн баримтаар гаргасан Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/54 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/51 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирлын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А03 дугаар тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын хоёрдугаар төв эмнэлэг эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон тасралтгүй сургалт зохион байгуулах журам УХТЭ-БМ-05 ТҮЖ 1:2020-02, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн УХТЭ-н 1 курсын резидент эмч нарын Эрүүл мэндийн сайд С.Энхболдод гаргасан өргөдөл, хүсэлт, хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн Нийслэлийн прокурорын газрын Прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаартай тогтоолын хуулбар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 255 дугаартай тэмдэглэлийн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан Үндэсний аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 07/395 дугаартай Аудитын санал дүгнэлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үндэсний аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 249/А0150054 дугаартай Зөрчил арилгах тухай албан шаардлагын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үндэсний аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Үндэсний аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 251/А0150054 дугаартай Зөрчил арилгах тухай албан шаардлагын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирлын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/93 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ажил хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирлын 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Б/143 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ажил хүлээлцэх комиссийн бүрэлдэхүүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Я.А хариуцагч Монгол Улсын ЭМанд холбогдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирлын албан тушаалд буцаан томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсөд 19,903,786/арван есөн сая есөн зуун гурван мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг гагуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, захирамжийг давсан шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ЭМ нь 117/нэг зуун арван долоо/ резидент эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, резидент эмч нарын сургалтын төлбөрийг байгууллагын дансанд төвлөрүүлээгүй санхүүгийн зөрчил дутагдал гаргасан гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан тушаалыг хашиж байсан болох нь зохигчийн тайлбар, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 дугаар тушаалын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан тушаал хашдаг болох нь тогтоогдож байх ба төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасныг үндэслэн нэхэмжлэгч нь Эрүүгийн 2101000440329 дугаар хэрэгт яллагдагчаар татагдсан, 117 резидент эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, резидент эмч нарын сургалтын төлбөрийг байгууллагын дансанд төвлөрүүлээгүй санхүүгийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс ажлаас халсан болох нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн/1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон; гэж заасан.
Хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 дугаар тушаалыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэсэн гаргасан байх ба 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Хөдөлмөрийн тухай хуульд уг хуулийг буцаан хэрэглэх талаар тусгаагүй ба 2021 онд үүссэн хөдөлмөрийн маргаанд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:, 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан .... гомдол; гэж заасан.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар ажил олгогч болон ажилтны хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааныг тус иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй ... гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй боловч байгуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн № 2/5829 дугаар албан бичгийн хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй. гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй байх боловч нэхэмжлэгч нь ажил, үүргээ гүйцэтгэж байсан байх тул зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.
Хариуцагч нэхэмжлэгч нь Эрүүгийн 2101000440329 дугаар хэрэгт яллагдагчаар татагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Нэхэмжлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт яллагдагчаар татагдсан байх боловч эрүүгийн 2101000440329 дугаартай хэргээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан нь ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарахгүй болно.
Хариуцагч нь нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагч нэхэмжлэгч нь резидент эмч нарын сургалтын төлбөрийг байгууллагын дансанд төвлөрүүлээгүй санхүүгийн зөрчил гаргаж ажил олгогчийн итгэлийг алдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан буюу ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах үүрэг хүлээсэн ажилтан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь санхүүгийн болон хяналтын эрх бүхий байгууллагын шалгалт, ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар 2021 онд хуваарилагдсан резидент эмч нарын сургалтын төлбөрийг байгууллагын дансанд төвлөрүүлээгүй санхүүгийн зөрчил гаргасан болох нь баримтаар нотлогдохгүй байна.
Хариуцагч нэхэмжлэгч нь резидент эмч нарын сургалтын төлбөрийг байгууллагын дансанд төвлөрүүлээгүй санхүүгийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагч нэхэмжлэгч нь 117/нэг зуун арван долоо/ резидент эмчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/226 дугаар Журам батлах тухай тушаалын 2-т зааснаар төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх байгууллагын дарга, захирал нарт 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс резидент эмч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг үүрэг болгосон байна.
Нэхэмжлэгч нь Улсын хоёрдугаар төв эмнэлэгт 2021 онд хуваарилагдсан 117/нэг зуун арван долоо/ резидент эмч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй талаар маргахгүй байна.
Гэвч нэхэмжлэгч нь 117/нэг зуун арван долоо/ резидент эмч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй эс үйлдэл нь өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай эс үйлдэхүйд хамаарахгүй болно.
Хариуцагч нэхэмжлэгч нь резидент эмчтэй нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол .... олгоно., 128 дугаар зүйлийн 128.1-т Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:, 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан .... гомдол; гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалт, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож байх тул хариуцагчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 2,887,791/2,045,838+4,677,123+1,970,414=8,663,375, 8,663,375:3=2,887,791/ /хоёр сая найман зуун наян долоон мянга долоон зуун ерэн нэг/ төгрөг, нэг өдрийн цалин хөлс 134,315/2,887,791:21.5=134,315/ /нэг зуун гучин дөрвөн мянга гурван зуун арван тав/ төгрөг болох нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх ажлын 15/арван тав/ хоног, 13/арван гурав/ сарын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор нийт 39,556,008/15х134,315=2,014,725, 13x2,887,791=37,541,283, 2,014,725+37,541,283=39,556,008/ /гучин есөн сая таван зуун тавин зургаан мянга найм/ төгрөг байх боловч нэхэмжлэгч нь 19,903,786/арван есөн сая есөн зуун гурван мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх тул хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 19,903,786/арван есөн сая есөн зуун гурван мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд тус шүүхэд нэхэмжлэл/гомдол/ гаргасан гэж үзнэ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх тухай 1862 дугаар захирамжаар Я.А Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргээ эрхлэхийг түдгэлзүүлэх тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгосон болох нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/54 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирлын албан үүргээ эрхлэхийг түдгэлзүүлэх тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэсгийг хүчингүй болгосон байхад үл тоомсорлож, эмнэлэг дээр шуугиан дэгдээсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан маргаанд хамаарахгүй байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Аыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол Улсын ЭМнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 19,903,786/арван есөн сая есөн зуун гурван мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Ад олгож, хариуцагч Монгол Улсын ЭМанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж, үлдсэн захирамжийг давсан шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 327,668 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.
115 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад заасныг тус тус
:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/55 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Я.Аыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол Улсын ЭМнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 19,903,786/арван есөн сая есөн зуун гурван мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Ад олгож, хариуцагч Монгол Улсын ЭМанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж, үлдсэн захирамжийг давсан шийдвэр гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Я.Аын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол Улсын ЭМнаас улсын тэмдэгтийн хураамжид 327,668 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ