Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 235

 

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Г.Гантогтох

улсын яллагч П.Нямцэцэг

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг /№ 0-324/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монголчууд овгийн Дүгэрсүрэнгийн Шаравнямбууд холбогдох 201625031746 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Малчин суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт амьдардаг, Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо, Зүүн тасган 8 дугаар гудамж 119 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монголчууд овгийн Дүгэрсүрэнгийн Шаравнямбуу /РД- ЧГ86040271/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Д.Шаравнямбуу нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Б-н 5-235 тоотод оршин суух Б.Уранбатын өвлийн байшингийн цонх, хаалгыг эвдэн орж камерын хөл, асаагуур, сангийн бопер, 3 ширхэг судар, 40 ширхэг зоосон мөнгө, цүнхтэй хувцас бүхий эд зүйлүүдийг хулгайлан 624.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Шаравнямбуу мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн гэв.

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10х/

            Хохирогч Ч.Уранбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Шаравнямбуу гэдэг хүнийг 4-5 жилийн өмнөөс найзаараа дамжуулан танилцсан юм. 2016 оны 6 дугаар сарын сүүлээр би Шаравнямбууг хашаа байшингаа хамт янзлуулахаар гэртээ дагуулж ирсэн. 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Гүнт гээд газарт хадлангийн газарт ажиллах гээд сарын хугацаатай явсан байсан. Тэр хооронд 2016 оны 7 дугаар сарын 17-ны өдөр над руу эгч Оюунхишиг утсаар залгаад хашаа чинь дотроосоо цоожтой байна гэж хэлсэн. Би уг нь хашааны хаалгаа гадна талаасаа түгжээд явсан байсан. Би сандраад тухайн орой нь гэртээ ирэхэд байшингийн тамбарын цонх, байшингийн нэг давхарын цонх хагарсан байсан бөгөөд тамбараа онгойлгоод байшингийн хаалгыг нээх гэтэл бариулыг нь эвдэлчихсэн байсан. Гэрт ороход эд зүйлсийг эмх замбараагүй тараасан байсан. Нэг давхарт байсан авдарын тагыг нугасаар нь хөшиж эвдлээд эд зүйлс алдагдсан байсан. Манай гэрээс бурханы урд байсан гурван судар, авдар дотор байсан сангийн вопер, камерын хөл, мөнгөн зоос зэрэг зүйлс алдагдсан" гэх мэдүүлэг /хх-ийн 32х/

 

Гэрч В.Галлхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Би Баянгол дүүргийн модны 2-т үйл ажиллагаа явуулдаг Монгол фото зургийн студийн доод талд нь жаазны худалдаа явуулдаг. 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр үл таних эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирсэн. Тэр хүн гартаа камерын хөл барьсан байсан бөгөөд түүнийгээ зарна гэж байсан. Тэр залуу надад өөрийгөө танилцуулахдаа манай хадам аав болох Цэдэнгомбын нэрийг нь хэлээд танина гээд байхаар нь би үнэхээр л танидаг юм байх гэж бодоод тухайн камерын хөлийг 10.000 төгрөгөөр худалдаад авсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/

 

Гэрч Д.Занданхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Тухайн судрыг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Урт цагааны 1 дүгээр корпус дээр ажиллуулдаг эртний эдлэл худалдаж авдаг зардаг дэлгүүр дээрээ зогсож байхад саарал өнгийн хувцастай 20-25 орчим насны эрэгтэй хүн 3 ширхэг судар барьж орж ирээд зарах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ ямар учиртай судар юм бэ гэхэд тэр залуу надад ломбарднаас юмаа авах гэтэл мөнгөний хэрэг болоод байна энэ судруудыг зарж мөнгө олох хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би улаан хүрэн өнгийн судрыг 70.000 төгрөгөөр, нөгөө 2 судрыг нь нийлүүлээд 20.000 төгрөгөөр бодож авсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 42х/

 

Яллагдагч Д.Шаравнямбуугаас шаргал өнгийн бөөрөнхий хэлбэрийн 3 хөлтэй хөлөндөө амьтны дүрстэй 2 талын бариул нь дээшээ харсан амьтны дүрстэй таган дээрээ арслангийн дүрстэй арц уугиулдаг сангийн бойпор 1 ширхэг, 

Ногоон өнгийн даавуун уутаар боож, шаргал өнгийн уяагаар ороож багласан 110 хуудас бүхий судар 1 ширхэг, шаргал өнгийн даавуугаар боож, хөх өнгийн уяагаар ороож багласан 35 ширхэг хуудас бүхий судар 1 ширхэг, улаан өнгийн даавуугаар боож, шаргал өнгийн уяагаар ороож багласан 80 ширхэг хуудас бүхий судар 1 ширхэг,

 

Үүрдэг цүнхэн дотор оймс 6 ширхэг, судрын баринтаг 1 ширхэг, цамц 2 ширхэг, подволк 1 ширхэг, дотуур өмд 1 ширхэгийг хураан авч хохирогч Ч.Уранбатад хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хх-ийн 23-26х/, Цагаан өнгийн 2 ширхэг зоос хүлээлгэн тэмдэглэл /хх-ийн 30х/, В.Галлхагвасүрэнгээс хар өнгийн ууттай, уутан дотор цайвар өнгийн 3 салаа хөлтэй, нэг хөлний гуяны хэсэгт улаан дэвсгэр дээр "Golf гэсэн бичигтэй камерын суурьтай хөл хураан авч хохирогч Ч.Уранбатад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27х/

 

Яллагдагч Д.Шаравнямбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн өдөр гарч архи уух зорилгоор өөрийн урд нь танидаг байсан ах Уранбатын гэрээс эд зүйл хулгайлах санаа төрсөн. Би тэдний гэрт 12 цаг өнгөрч байхад очиход гэрийн хаалгаар нь эхлээд харахад хүн байхгүй байсан. Хашаанд байсан жорлонгийн эсрэг талын хашаагаар давж хашаанд ороод хашаанд байсан байшингийн үүдний хэсгийн хаалганы дэргэд байдаг цонхыг гараараа цохиж хагалаад үүдний хэсэгт орсон. Байшингийн дотор хаалга түгжээтэй байсан. Тухайн хаалганы цоожийг би үүдний өрөөний галын өрөөнд байсан заазуураар цохиж эвдлэх гэсэн боловч чадаагүй. Тэгэхээр нь хаалганы бариулыг нугалж дараад эвдэлсэн боловч хаалга онгойхгүй байсан. Тэгэхээр нь буцаж гараад байшингийн урд талын хаалганы дэргэд байсан жижиг цонхыг гараараа цохиж хагалж байшинд орсон. Байшингийн нэг давхарт байсан авдарны хаалганы цоожийг хөшиж эвдлээд авдарнаас 2 ширхэг зоос, камерын хөл, сангийн бопер, асаагуур зэргийг авсан. Авдарны дээд талд байсан бурханы тавиур дээрээс 3 ширхэг судар байхаар нь авсан. Тэгээд би байшингаас гараад гэр лүүгээ явсан. Би гэртээ очиж хоночихоод маргааш нь Урт цагаан орж судруудыг зарсан. Камерын хөлийг Модны-2-т зургийн студид зарсан, сангийн боперыг зурагтыг орчимд түүхий эд зардаг хүнд зарсан. Харин асаагуурыг би өөртөө хадгалсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54х/

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 67-68х, 69-70х/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63х/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт

 

Шүүгдэгч Д.Шаравнямбуу нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хувьсгалчдын” Б-н 5-235 тоотод оршин суух хохирогч Б.Уранбатын өвлийн байшингийн цонх, хаалгыг эвдэн орж камерын хөл, асаагуур, сангийн бопер, 3 ширхэг судар, 40 ширхэг зоосон мөнгө, цүнхтэй хувцас бүхий эд зүйлүүдийг хулгайлан нийт 624.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Д.Шаравнямбуугийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 53-54х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Уранбатын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 32х/, гэрч В.Галлхагвасүрэн /хх-ийн 36-37х/, гэрч Д.Занданхүү /хх-ийн 42х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Д.Шаравнямбуугаас эд зүйл хураан авч хохирогч Ч.Уранбатад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 30х/, В.Галлхагвасүрэнгээс эд зүйл хураан авч Ч.Уранбатад хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10х/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 67-68х, 69-70х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Д.Шаравнямбууг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан, бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ч.Уранбатад гэрээс нь алдагдсан эд зүйлүүд болох шаргал өнгийн бөөрөнхий хэлбэрийн 3 хөлтэй хөлөндөө амьтны дүрстэй 2 талын бариул нь дээшээ харсан амьтны дүрстэй таган дээрээ арслангийн дүрстэй арц уугиулдаг сангийн бойпор 1 ширхэг, Ногоон өнгийн даавуун уутаар боож, шаргал өнгийн уяагаар ороож багласан 110 хуудас бүхий судар 1 ширхэг, шаргал өнгийн даавуугаар боож, хөх өнгийн уяагаар ороож багласан 35 ширхэг хуудас бүхий судар 1 ширхэг, улаан өнгийн даавуугаар боож, шаргал өнгийн уяагаар ороож багласан 80 ширхэг хуудас бүхий судар 1 ширхэг, Үүрдэг цүнхэн дотор оймс 6 ширхэг, судрын баринтаг 1 ширхэг, цамц 2 ширхэг, подволк 1 ширхэг, дотуур өмд 1 ширхэг, /хх-ийн 23-26х/, Цагаан өнгийн 2 ширхэг зоос хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 30х/, хар өнгийн ууттай, уутан дотор цайвар өнгийн 3 салаа хөлтэй, нэг хөлний гуяны хэсэгт улаан дэвсгэр дээр "Golf гэсэн бичигтэй камерын суурьтай хөл /хх-ийн 27х/ зэргийг шүүгдэгч Д.Шаравнямбуу нь буцааж хүлээлгэн өгсөн байх ба харин алдагдсан 40 ширхэг зоосон мөнгөний үнийг хохирогч нь нэхэмжилнэ гэж байх тул уг 1980 оны зоосон мөнгөний нэг бүрийн үнийг 5000 төгрөгөөр Монгол банк тогтоосоныг /хх-ийн 128х/ харгалзан шүүгдэгч Д.Шаравнямбуугаас нийт 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Уранбатад олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Мөн хохирогч Ч.Уранбат нь гэрийнхээ хаалга, цонхыг засварлуулсан нийт 392.500 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч Д.Шаравнямбуу нь хүлээн зөвшөөрч БЗД, СБД, ЧД, ЭХАШШТГ хохиролын 900005406 тоот төрийн сангийн дансанд байршуулсаныг хохирогч Ч.Уранбатад олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.Шаравнямбууд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, гэм хорын хохиролоо заримыг нь төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэв.   

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 297  298, 299, 300 дугаар зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Монголчууд овгийн Дүгэрсүрэнгийн Шаравнямбууг бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шаравнямбууд эд хөрөнгө хураахгүйгээр, 4 /дөрөв/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Д.Шаравнямбууг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж баривчлах ялыг эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Шаравнямбуугийн цагдан хоригдсон нийт 15 /арав/ хоногийг биечлэн эдлэх баривчлах ялын хугацаанд нь оруулж тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.Шаравнямбуугаас БЗД, СБД, ЧД, ЭХАШШТГ хохиролын 900005406 тоот төрийн сангийн дансанд байршуулсан хохиролд төлсөн 392.500 /гурван зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийг хохирогч Ч.Уранбатад /РД:ЧМ77100971/ олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Шаравнямбуугаас 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Уранбатад /РД:ЧМ77100971/ олгосугай.

7. Д.Шаравнямбуугийн эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Шаравнямбууд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ