Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар  2021/ДШМ/711

 

 

 

 

     2021             7             29                                        2021/ДШМ/711

 

Г.Уд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Отгонжаргал,

шүүгдэгч Г.У өмгөөлөгч Б.Дагиймаа,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/623 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.У өмгөөлөгч Б.Дагиймаагийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Уд холбогдох 1906053060622 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.У, 0000 оны 0 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 00000 гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар байрны 000 тоотод түр оршин суух, /РД:УЗ00000000/;

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 601 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд нь багтаан нийт биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 582 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 495 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 31 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 7 сар 1 хоногийн хугацаагаар тогтоосон,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 418 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Г.У нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын гутлын лангуун дээр С.Эыг үйлчлүүлж байхад нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үүргэвчнээс нь гар цүнхийг нь авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.У үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Гэрэлсувдын Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.У 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч Г.Уд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “өөрийн оршин суух газраас явахыг хориглох, ...эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг” буюу Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, 13 дугаар байрны 220 тоотоос явахыг хориглох, тухайн оршин суух газраа өөрчлөх, мөн тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.У өмгөөлөгч Б.Дагиймаа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын яллагчаас Г.У үйлдсэн гэм буруутай үйлдэлд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохимжтой гэж ялын саналыг гаргасан боловч анхан шатны шүүхээс 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан зарчмыг зөрчин ял оногдуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа урьд нь 4 удаа нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдэж, тус тус хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байжээ гэж одоогийн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэн оногдуулжээ. Ийнхүү урьд эдэлсэн ялыг хүндрүүлэн одоогийн үйлдэлд халдаан ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн зарчимд харшилсан дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, Г.У нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/418 дугаартай шийтгэх тогтоолоор 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сард үйлдсэн гэмт хэргүүдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Гэтэл одоогийн үйлдэл нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн үйлдэл ба 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/418 дугаартай шийтгэх тогтоол гарах үед илэрсэн байсан боловч ийнхүү орхигдуулан одоо хэлэлцэгдэж байгааг дурдах нь зүйтэй байна. Түүнчлэн, Г.У нь уг үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулсан байгаагийн зэрэгцээ өөрийн урьд урьдын үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ илэрхийлсээр байгаа ба 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн шийтгэх тогтоол гарч эрүүгийн хариуцлагаа бүрэн эдэлж дууссанаас хойш гэмт хэрэг огт үйлдээгүй засарсан байгааг шүүх анхаарч үзэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа бүх талаас нь харгалзан үзэх зарчмыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор М.Отгонжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.У өмнө нь удаа дараа нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгэгдсэн байсан нөхцөл байдлыг  хүндрүүлэн үзэж ял оногдуулсанд гомдолтой байна гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбар хэлсэн. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.У өмнө нь 4 удаа ял шийтгэгдэж байсан талаарх хувийн байдлыг дурдсан болохоос тухайн гэмт хэрэгт ял оногдуулахдаа хүндрүүлэн үзсэн гэж дурдаагүй байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэж заасан. Шүүгдэгч Г.У хувьд өмнө нь үйлдсэн ялаа эдэлж дууссан байсан. Тэгэхээр, энэ хэрэгт өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх ойлголт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Уд холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлыг хянахдаа бүрэн дүгнэлт хийгээгүйгээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй асуудал үүссэн бөгөөд анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан заасан ба тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолдог хэдий ч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах үндэслэл болдог.

Давж заалдах шатны шүүх хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянадаг эрх хэмжээтэйгээс гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргадаг.

Прокуророос Г.У үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Г.Уд холбогдох хэргийн үйл баримтын талаар шүүхээс цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн, бодитой дүгнэлт хийх, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хохирогч С.Э “...жижиг гар цүнхтэй 2100 юань, жолоочийн үнэмлэх, гадаад паспорт, мэргэшсэн жолоочийн үнэмлэх зэрэг байсан. ...” /хх 15/, “...2-3 жилийн өмнө Эрээнээс 100.000 орчим төгрөгөөр авч байсан хар өнгийн лакан цүнх, 2100 юань буюу монгол мөнгөөр 785.400 төгрөг, миний жолоочийн үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, мэргэшсэн жолоочийн үнэмлэх зэрэг эд зүйлс байсан. ...” /хх 18/,

гэрч М.Жавхланбаяр “...Нарантуул захын банк байдаг хэсгийн наад талын лангууны хажуунаас цагаан дугтуйтай 1200 гаруй БНХАУ-ын мөнгөн дэвсгэртэй бэлэн мөнгө олж авсан, тухайн мөнгийг олж аваад найман шарга дээр очиж 500 гаруй мянган төгрөг болгож солиулсан. ...” /хх 27/,

Г.У 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр, мөн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гэрчээр өгсөн “...Найман шарга дээр солиулсан, 400.000 гаруй төгрөг болсон. ...” /хх 25, 32/ гэсэн тус тус мэдүүлгүүд өгчээ.

Прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 457 дугаар яллах дүгнэлтэд “...хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үүргэвчнээс нь гар цүнхийг нь хууль бусаар авсан...” гэж дүгнэснээс үзэхэд шүүгдэгч Г.У хохирогчийн гар цүнхийг хулгайлсан үйлдэлд буруутгасан байх бөгөөд уг цүнхний үнэлгээ хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн, яллах дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч Г.У нь хохирогч С.Эаас ямар хэмжээний мөнгө хулгайлсан талаарх дүгнэлтийг хийлгүй орхигдуулжээ.

Иймд Г.У хууль бус үйлдлийн улмаас хохирогчид хэдэн төгрөгийн хохирол учруулсан талаар дүгнээгүй гэж үзнэ.

Гэрч М.Жавхланбаярын олсон гар цүнхтэй мөнгө нь энэ хэрэгт ямар хамааралтай эсэх нь тодорхой биш, түүнчлэн түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй яллах дүгнэлтийг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын энэхүү алдаанд дүгнэлт хийхийн оронд хэрэгт цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг өөрийн санаачилагаар тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуулийн заалтыг чанд сахих” тухай хууль ёсны зарчим зөрчигдөхөд хүргэсэн байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хохирлын хэмжээг эргэлзээгүй тогтоох нь гэм буруутайд тооцоход, түүнчлэн гэм буруутайд тооцсон тохиолдолд хэргийн зүйлчлэлд нөлөөлдөг тул хохирлын хэмжээг тодорхой болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн нотолбол зохих байдлын 1.5 дахь заалтад нийцнэ.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд, Г.Уд холбогдох хэргийн талаар шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байх бөгөөд энэ магадлалд заасан ажиллагааг хуульд нийцүүлэн хийж гүйцэтгэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, зорилтыг хангах нөхцөл болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Уд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Уд холбогдох хэргийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаагийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/623 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Уд холбогдох эрүүгийн 1906053060622 дугаартай хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Г.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР