| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/0222/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/225 |
| Огноо | 2025-09-04 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.З,
Шүүгдэгч Э, Т, тэдний өмгөөлөгч Д,
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: М, Т, Э
Холбогдсон хэргийн талаар: Э, Т, М нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх дэл” гэх газарт “***” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Gold Master 1000 загварын металл хайгч 2, Gold Master 4000 загварын металл хайгч 1 ширхэгийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлохоор завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Тын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн сэжигтнээр мэдүүлсэн ”... Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв буюу Зүүнхараад төв зах дээр 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр явж байгаад хүмүүс хоорондоо Дорноговь аймгийн нутагт алт гараад байна гайгуй гарч байна гэж сонсон тэгээд би 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Э, М нартай утсаар холбогдоод Дорноговь аймгийн Айраг сумын ойролцоо алт гарч байна хүмүүс ярьсан хамт явах уу гэж асуусан тухайн үед тэр хоёр зөвшөөрөөд маргааш хамт явахаар болсон. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 16-ны өглөө өөрийн “***” загварын *** улсын дугаартай автомашинтай Э, Т нарыг аваад бид гурав хотоос гараад явсаар байгаад харанхуй болсон тэгээд замдаа яг хаана гэдгийг нь сайн мэдэхгүй машиндаа унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өглөө Дорноговь аймгийн Айраг сумын төвөөр дайраад урд талаар нь төмөр замын гармаар гараад алт гарч байгаа газраа хайж явсаар байгаад тухайн алт гарч байсан газар буюу Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт 19 цагийн үед байх очсон тэгээд металл хайчаа угсрах гэж оролдож байх үед машинууд тал тал тийшээ яваад эхэлсэн бид гурав мөн адил машиндаа суугаад явсан юм тэгтэл мотоциклтой хүн ирээд зогс гэсэн тэр хүн цагдаа байсан тэгээд баригдсан. Бид гурав ямар нэгэн алт болон ашигт малтмал олоогүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Мын 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн сэжигтнээр мэдүүлсэн “... 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Т ах Сайхандулаан суманд алт гарч байна хүмүүс ярьсан хамт явах уу гэж асуусан утсаар холбогдоод чи завтай байгаа юу ажил хийж байгаа юу Дорноговь аймгийн тухайн үед би ажилгүй байсан болохоор зөвшөөрөөд маргааш хамт явахаар болсон. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 06 дугаар сарын 16-ны өглөө намайг Улаанбаатар хот Өргөө кино театрын гаднаас “***” загварын *** улсын дугаартай саарал өнгийн автомашинтай ирсэн тухайн үед Э ахтай танилцсан бид гурав хотоос гараад явсаар байгаад харанхуй болсон тэгээд замдаа яг хаана гэдгийг нь сайн мэдэхгүй машиндаа унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тухайн алт гарч байсан газар буюу Дорноговь аймгийн Сайхандулаан сумын газар нутагт 19 цагийн үед байх очсон тэгээд металл хайчаа угсрах гэж оролдож байх үед машинууд тал тал яваад эхэлсэн бид гурав мөн адил машиндаа суугаад явсан юм. Тэгтэл мотоциклтой хүн ирээд зогс гэсэн тэр хүн цагдаа байсан тэгээд баригдсан би өмнө нь ийм зүйлд явж байгаагүй анх удаа явсан юм. Бид гурав ямар нэгэн алт болон ашигт малтмал олоогүй мөн хайж амжаагүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Эийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн сэжигтнээр мэдүүлсэн “...2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр над дээр зүс таних өмнө ажил хийж өгч байсан танил дүү нар буюу Т, М нар ирсэн. Дүү нар ярихдаа Дорноговь аймгийн Сайхандулаан суманд алт гараад байна, хүн их очиж байна гэж ярьсан. Тэгээд бид гурав Тын “***” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гарсан. Замдаа яг хаана гэдгийг сайн мэдэхгүй харанхуй байсан болохоор тэгээд нойр хүрч байсан болохоор машиндаа унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу тухайн алт гарч байсан газар 19 цагийн үед байх очсон. Тэгээд металл хайгчаа угсрах гэж оролдож байх үед машинууд тал тал яваад эхэлсэн. Бид гурав мөн адил машиндаа суугаад явсан юм. Тэгтэл мотоциклтой хүн ирээд зогс гэсэн. Тэр хүн цагдаа байсан тэгээд баригдсан. БИ өмнө нь ийм зүйлд явж байгаагүй анх удаа явсан юм. Бид гурав ямар нэгэн алт болон ашигт малтмал олоогүй мөн хайж амжаагүй...Дорноговь аймгийн Сайхандулаан суманд алт гарсан гэж хүмүүс шуугиад байсан түүний дагуу ирж алт хайх зорилгоор ирсэн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Мын яллагдагчаар мэдүүлсэн “Би 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байхад манай хамаатны ах Т над руу залгаад Дорноговь аймгийн Сайхандулаан суманд алт гарч байна миний дүү сонирхож үзэх гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө 09:00 цагийн орчимд Т ах Улаанбаатараас намайг ирж аваад дараа нь Э гэх ахыг ирж Т ахын “***” загварын *** улсын дугаартай автомашинтай авсан. Тэгээд бид 3 Дорноговь аймгийн Айраг сумаас салаад шороон замаар Сайхандулаан сум руу өдөржингөө явж байгаад орой нар жаргах үед хүмүүс бужигнаж байсан газар очиход алт хайгч барьсан хүмүүс явж байсан. Тэгээд Б ах машины хойд талаас хайгч аваад ир гэж хэлэхээр нь хайгчийн нь авч өгсөн. Б ах машин дотроо хайгчаа угсраад байж байсан чинь тэнд байсан хүмүүс машинтайгаа давхилдаад эхлэхээр нь бид нар бас машинаа асаагаад хөдлөөд явж байхад хойноос мотоциклтой 2 хүн ирээд зогсоорой гэхээр нь зогссон чинь цагдаа нар байсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Тын яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос таньдаг ах Э, дүү М нарын хамт Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт алт гарч байгаа газар руу орой цагийг сайн санахгүй байна гарч яваад замдаа хоночхоод маргааш нь буюу 06 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойш 17:00 цагийн орчимд хүмүүс бөөгнөрч байгаа газар очсон. Тухайн үед олон хүмүүс хайгч тавиад явж байсан. Бид 3 алт хайгчаа гаргаж ирээд угсрах гэж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Эийн яллагдагчаар мэдүүлсэн “Би 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос таньдаг Тын дүү М, Т бид 3 Дорноговь аймгийн Сайхандулаан сум руу ажил ажил хийнэ гэж бодоод Тыг дагаад явсан. Замдаа Айраг суман дээр хоночхоод маргааш нь буюу 06 дугаар сарын 18-ны өдөр үдээс хойш явж байгаад машин дагаад алт гарч байгаа газар очсон. Би тухайн алт хайгчийг мэдэхгүй яаж угсардаг билээ гээд угсрах гээд байж байтал хүмүүс машинтайгаа давхилдаад байсан тэгэхээр бид 3 араас нь дагаад явтал ардаас 2 мотоциклтой хүн гараараа дохиод байхаар нь зогссон чинь энгийн хувцастай 2 цагдаа байсан” гэх мэдүүлэг.
Гэрч Бын “...Миний амьдарч байгаа тэр орчимд уул уурхай байхгүй. Харин 2024 оны 06 дугаар сарын 16-наас 18-ны үед манай тэр орчмоор олон машин тэрэг явах болсон. Учир нь манай тэнд алт гарсан гэж сонссон. Тухайн тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийн царай төрөх болон тээврийн хэрэгслийн дугаарыг харах боломжгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хавтаст хэргийн 5-7 хуудас),
Саарал өнгийн “***” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 08-10 хуудас),
Эд мөрийн баримтаар Gold Master 1000 загварын металл хайгч 2, Gold Master 4000 загварын металл хайгч 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 13 хуудас),
Дорноговь аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 592 дугаартай “... тухайн эргэлтийн цэг нь Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа ба улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 105-106 хуудас),
Эрүүгийн мөрдөгчийн “...Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д би 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Мэ.Ууганбаярын хамт Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багт байрлах Хөх дэл гэх газарт мотоциклтой эрүүгийн үүрэг гүйцэтгэж байх явцдаа *** улсын дугаартай саарал өнгийн “***” загварын тээврийн хэрэгслийг зогсооход шалгахад тээврийн хэрэгслийн жолооч Т /**/, зорчигч Э /***/, М /***/, нар нь дээрх тээврийн хэрэгсэлд GPZ-40008 GPZ-1000 загварын металл хайгч тус бүр 1 ширхэг, мөн ор хөнжлийн пүүгээ, хоолны хэрэгсэл /Аяга таваг, халбага, сэрээ, газны пдетка, хоолны түүхий материал/ зэргийг тээвэрлэж явсан. Тээвэрлэж явсан эд зүйлсийн талаар лавлан тодруулж асуухад “Тус сумын “Хөх дэл” гэх газарт алт гарсан гэж дуулаад алт хайхаар ирсэн” талаараа хэлсэн. Дээрх иргэдийг Сайхандулаан сумын цагдаагийн хэсгийн байранд эд зүйл, тээврийн хэрэгслийг түр саатуулсан болохыг илтгэн танилцуулъя...” гэх илтгэх хуудас (хавтаст хэргийн 109 хуудас),
Гэрч Дийн “... Би Дорноговь аймгийн Сайхандулаан сум дээр байж байхад нутгийн малчдаас Өмнөговь аймгийн болон гаднын өөр аймгийн дугаартай хүмүүс алт ухаад байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу Дорноговь аймгийн Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж... Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дээр Хөх дэл гэх газар очиход тухайн үед алт олборлож байгаа газар олон тээврийн хэрэгсэлтэй хүмүүс байсан... 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байх аа *** улсын дугаартай “***” загварын тээврийн хэрэгсэлтэй 3 иргэн тухайн алт гарч байгаа газар ирчихсэн зогсож байхаар нь очиж шалгаад барьж авсан. Тухайн *** улсын дугаартай “***” загварын тээврийн хэрэгсэлтэй иргэд зугтааж... тээврийн хэрэгсэл дотроос нь металл хайгч малтуур зэрэг зүйлс гарч ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 190 хуудас) зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Эийн 2024 оны 06 дугаар 20-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг,
Шүүгдэгч Тын 2024 оны 06 дугаар 18-ны өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг,
Шүүгдэгч Мын 2024 оны 06 дугаар 20-ны өдрийн өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч нараас цагдаагийн байгууллагад гаргасан баталгаа гэх бичиг нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван зургаадугаар бүлгийн зарим зүйл хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарын Тайлбарлах нь 1 дэх хэсгийн 1.1.Гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулна гэж заасныг зөрчиж мэдүүлэг авсан байх тул шүүхийн шийдвэр шүүгдэгч нараас гэрчээр асуусан мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримтаар үнэлээгүй болно.
1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Шүүгдэгч М, Т, Э нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөх дэл гэх газарт “***” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Gold Master 1000 загварын металл хайгч 2, Gold Master 4000 загварын металл хайгч 1 ширхэгийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн үйл баримт тогтоогдож байна.
Прокуророос Э, Т, М нарыг бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “***” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр, Gold Master 1000 загварын металл хайгч 2, Gold Master 4000 загварын металл хайгч 1 ширхэгийг ашиглан Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг, “Хөх дэл” гэх газар гар аргаар алт олборлохоор очсон боловч цагдаагийн байгууллага тухайн үйлдлийг таслан зогсоосон тул хууль бусаар ашигт малтмал олборлохыг завдсан шинжтэй гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн.
Гэмт хэрэгт бэлтгэх нь санаатай гэмт хэрэг үйлдэх эхний үе шат бөгөөд гэмт санаагаа бодитой хэрэгжүүлж, хүссэн үр дүндээ хүрэхэд тохиромжтой нөхцөлийг бүрдүүлсэн байх шинжээрээ завдалтаас ялгагдана. Гэмт хэрэг үйлдэх дараагийн үе шат болох завдалт нь гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдлээ хэрэгжүүлж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой халдлага, довтолгоон хийж эхэлсэн боловч өөрөөс шалтгаалахгүй хүчин зүйлийн улмаас таслан зогсоогдсон нөхцөл байдлыг ойлгох нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт нэгэнт тогтсон ойлголт юм[1].
Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн объектив талын шинж нь Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр явуулсан үйл ажиллагаа бөгөөд ашигт малтмал олборлох гэдэг нь газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялгаж авахыг хэлнэ.1
Шүүгдэгч Э, Т, М нар нь Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг, “Хөх дэл” гэх газар гар аргаар алт олборлох зорилгоор металл хайх зориулалттай техник, хэрэгслийг урьдчилан зэхэж, өөрсдийн тээврийн хэрэгслээр тухайн газарт очиж, металл хайгчаа угсарч байх хооронд цагдаагийн байгууллагад саатуулагдсан, газрын гадаргуу, түүний хэвлийд халдах оролдлого хийгээгүй байх тул уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэгт бэлтгэх шатандаа таслан зогсоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Мын өмгөөлөгч Б.Баас шүүгдэгч М нь тухайн Хамаатны ах нь гээд хөдөлгөөнтэй хүн ийш, тийшээ хамт яваад өгөөч гэж гуйхаар даруу төлөв ийм хүн бол үгүй гэж хэлж чаддаггүй. Ийм байдлаар л дагаж яваад л асуудалд орчхож байгаа. Түүнээс биш тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх аль ч үе шатад нь оролцоогүй гэх агуулгатай тайлбар шүүгдэгч нарын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, гэрч Дийн мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Энэ гэмт хэргийн улмаас байгаль экологид ямар нэгэн хор хохирол учраагүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч шүүгдэгч Э, Т, М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э, Т, М нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э, М нарт 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Тт 25,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Gold Master 1000 загварын металл хайгч 2, Gold Master 4000 загварын металл хайгч 1 ширхэгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мын өмчлөлийн “***” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус улсын орлогод оруулах гэсэн дүгнэлтийг,
-Шүүгдэгч Мын өмгөөлөгч Баас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан торгох ялын доод хэмжээ болох 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж,
Шүүгдэгч Э, Т нарын өмгөөлөгч Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг тус тус оруулсан.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 3-т “Гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүй нь тодорхой гэмт хэргийн шинжийг хангасан бол тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 4-т “Шүүх энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэрэгт бэлтгэсэн үйлдэл, эс үйлдэхүйн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй тул тэднийг тус бүрийг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус зааснаас үзвэл гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураахын зэрэгцээ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг мөн адил хамааруулж хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгохоор зохицуулсан.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн нэг төрөл болох хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд газрын хэвлийд халдсан, зонхилон уул уурхайн чиглэлийн ажилд зориулагдсан тоног төхөөрөмж, техник, багаж хэрэгслийг ашигласан үйлдлүүд багтдаг.
Шүүгдэгч нар нь “***” загварын *** тээврийн хэрэгслийг ашигт малтмал олборлох зориулалтаар тусгайлан бэлтгэсэн гэж шууд дүгнэх боломжгүйгээс гадна ердийн зориулалт бүхий тээврийн хэрэгслийг хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, эсхүл ашиглахаар завдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Мын өмчлөлийн “***” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгож шийдвэрлэлээ.
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Gold Master 1000 загварын металл хайгч 2, Gold Master 4000 загварын металл хайгч 1 ширхэгийг улсын орлогод оруулж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М, Т, Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бэлтгэсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э, Т, М нарыг тус бүрийг 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э, Т, М нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4.Шүүгдэгч Э, Т, М нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Э, Т, М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Gold Monster 1000 загварын металл хайгч 2 ширхэг, Gold Monster 4000 загварын металл хайгч 1 ширхэгийг улсын орлогод оруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан *** арлын дугаартай “***” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгосугай.
8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ
[1] Улсын Дээд шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ХШТ/69 дугаар тогтоол