Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/249

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч: Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514004120257 тоот хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн.Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Оргил баарны орчимд хохирогч *******гийн ай фон 13 про загварын гар илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:..Би тогтоолтой уншиж танилцлаа би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.

3.  Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:...Би Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид шалгалтаар ирсэн юм. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр надтай хамт өөр байгууллагад өмнө нь хамт ажиллаж байсан ******* гэх найзтайгаа уулзахаар "Мазаалай" нэртэй караокед очсон. Тэгээд тухайн газар сууж байгаад гараад "Оргил" нэртэй бааранд ороод пиво ууж сууж байтал баар шөнийн 02 цаг орчимд хаагаад баарнаас найз *******тай хамт гараад явж байтал үл таних хүн намайг эгчээ та хариач, энд юу хийж байгаа юм гээд гараас бариад чирээд авч явах гээд байхаар нь би *******ыг чи цагдаа дуудаадах эсвэл даргыг дуудаад намайг энэ залуугаас салгаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл ******* намайг нөгөө залуугаас салгах гэсэн чинь нөгөө үл таних залуу *******ыг цохиж аваад зодох гээд байсан. Тэгээд би *******ыг салгаж авах гээд ноцолдоод барахгүй цагдаад дуудлага өгөх гээд өөрийнхөө ай фон 13 про макс загварын гар утсаар залгах гээд гартаа барьчихсан байсан чинь нөгөө үл таних залуу миний гар утсыг миний гараас булаагаад авч зугтсан. Тухайн үед ******* бид хоёр "Оргил" нэртэй баарнаас гараад төв дөрвөн зам хүрэх гээд явж байхад араас тухайн миний гар утсыг булааж авч зугтаасан үл таних залуу ирээд тухайн асуудлыг үүсгээд миний гар утсыг булааж авч зугтаасан. Тухайн үед намайг үл таних залуу чирээд байхад би цагдаад дуудлага өгсөн. Би тухайн миний гар утсыг булааж авч зугтаасан залууг огт танихгүй. Намайг найз *******тай хамт явж байхад араас ямар нэгэн сэжиг бүхий хүн дагасан эсэхийг нь мэдэхгүй. Тухайн миний гар утсыг булааж зугтаасан залуу ганцаараа явж байсан байх аа. Яагаад гэвэл намайг өөрийнхөө төрсөн эгч мэтээр *******т ойлгуулж намайг гэр лүүгээ хамт явъя гээд гараас атгаад чирээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 /,

....Би цагдаад дуудлага өгөх, мөн тухайн уйл явдлыг баримтжуулахаар бичлэг хийх зорилгоор гар утсаа гаргаж ирэхэд тэр залуу миний утсыг булаагаад зугтсан. Намайг газар унагаж байгаад миний утсыг булааж авсан үйлдэл болоогүй. Би уг нь бичлэг хийе гэж бодоод гар утсаа гаргаж ирэхэд тэр хүн миний утсыг авч явсан. Тэгээд би бичлэг хийж чадаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/,

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:.....2025 оны 05 дугаар сарын 14-ний орой хуучин өөр байгууллагад хамт ажиллаж байсан эмэгтэй найзтайгаа хамт Мазаалай караокед орж үйлчлүүлсэн. Тэгээд тухайн газраас гараад Оргил нэртэй шөнийн клубт орж үйлчлүүлсэн. Тэгээд тус клуб 2025 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө 02 цагийн орчимд хаахад нь манай эмэгтэй найз ******* бид хоёр гараад Номун далай 1 дүгээр сургуулийн зүг явах байтал бид хоёр согтсоны улмаас такси барих гээд зам дээр зогссон боловч олдохгүй байсан болохоор Оргил шөнийн клубээс хойш 30 метр орчим алхаад дөрвөн замын уулзварын зүүн талын байрны шатан дээр сууж байтал 175 см орчим өндөртэй, хар малгайтай цамцтай үл таних залуу ирж манай эмэгтэй найзыг гэртээ харъя, та энд юу хийж яваа юм бэ гээд гараас нь татаж авч явахыг оролдсон. Тэгээд би сууж байгаад босоод нөгөө үл таних залууг түлхэж эмэгтэй найзаасаа холдуулах гэтэл үл таних залуу намайг боож унагаад эмэгтэй найзыг маань зам гаргаад чирээд харанхуй газар луу чирч явсан. Тэгээд 05 дугаар сарын 15-ны шөнө буюу 02 цаг 24 минутад Баянхонгор аймгийн Цагдаагийн газар луу би залгаж үл таних залуу дээрмийн шинжтэй үйлдэл гаргаж манай эмэгтэй найзыг авч явах гээд байна гэж дуудлага өгсөн. Намайг дуудлага өгч байх хугацаанд тухайн үл таних залуу манай эмэгтэй найзыг чирч гэртээ харъя гээд чирч явахыг оролдож байгаад манай эмэгтэй найз *******г газар унагаж байгаад гар утсыг нь дээрэмдэж авч зугтаасан....гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

5. Шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 126 дугаартай:...Iphone 13 pro маркийн гар утсыг 1.280.000 төгрөг,

Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 1.280.000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөг болохыг тодорхойлов. ...гэх дүгнэлт /хх-ийн 47-48/ болон  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/, хэргийн газрын нөхөн үзлэг  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-10/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-21/, шүүгдэгч Ц.*******ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үндэслэн  шүүгдэгч Ц.******* нь 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн.Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Оргил” баарны орчимд хохирогч *******гийн ай фон 13 про загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт болсон нь хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид шалгалтаар ирсэн юм. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр надтай хамт өөр байгууллагад өмнө нь хамт ажиллаж байсан ******* гэх найзтайгаа уулзахаар "Мазаалай" нэртэй караокед очсон. Тэгээд тухайн газар сууж байгаад гараад "Оргил" нэртэй бааранд ороод пиво ууж сууж байтал баар шөнийн 02 цаг орчимд хаагаад баарнаас найз *******тай хамт гараад явж байтал үл таних хүн намайг эгчээ та хариач, энд юу хийж байгаа юм гээд гараас бариад чирээд авч явах гээд байхаар нь би *******ыг чи цагдаа дуудаадах эсвэл даргыг дуудаад намайг энэ залуугаас салгаад өгөөч гэж хэлсэн. Тэгтэл ******* намайг нөгөө залуугаас салгах гэсэн чинь нөгөө үл таних залуу *******ыг цохиж аваад зодох гээд байсан. Тэгээд би *******ыг салгаж авах гээд ноцолдоод барахгүй цагдаад дуудлага өгөх гээд өөрийнхөө ай фон 13 про макс загварын гар утсаар залгах гээд гартаа барьчихсан байсан чинь нөгөө үл таних залуу миний гар утсыг миний гараас булаагаад авч зугтсан. Тухайн үед ******* бид хоёр "Оргил" нэртэй баарнаас гараад төв дөрвөн зам хүрэх гээд явж байхад араас тухайн миний гар утсыг булааж авч зугтаасан үл таних залуу ирээд тухайн асуудлыг үүсгээд миний гар утсыг булааж авч зугтаасан. Тухайн үед намайг үл таних залуу чирээд байхад би цагдаад дуудлага өгсөн. Би тухайн миний гар утсыг булааж авч зугтаасан залууг огт танихгүй. Намайг найз *******тай хамт явж байхад араас ямар нэгэн сэжиг бүхий хүн дагасан эсэхийг нь мэдэхгүй. Тухайн миний гар утсыг булааж зугтаасан залуу ганцаараа явж байсан байх аа. Яагаад гэвэл намайг өөрийнхөө төрсөн эгч мэтээр *******т ойлгуулж намайг гэр лүүгээ хамт явъя гээд гараас атгаад чирээд байсан....” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч *******ын “....2025 оны 05 дугаар сарын 14-ний орой хуучин өөр байгууллагад хамт ажиллаж байсан эмэгтэй найзтайгаа хамт Мазаалай караокед орж үйлчлүүлсэн. Тэгээд тухайн газраас гараад Оргил нэртэй шөнийн клубт орж үйлчлүүлсэн. Тэгээд тус клуб 2025 оны 05 дугаар сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө 02 цагийн орчимд хаахад нь манай эмэгтэй найз ******* бид хоёр гараад Номун далай 1 дүгээр сургуулийн зүг явах байтал бид хоёр согтсоны улмаас такси барих гээд зам дээр зогссон боловч олдохгүй байсан болохоор Оргил шөнийн клубээс хойш 30 метр орчим алхаад дөрвөн замын уулзварын зүүн талын байрны шатан дээр сууж байтал 175 см орчим өндөртэй, хар малгайтай цамцтай үл таних залуу ирж манай эмэгтэй найзыг гэртээ харъя, та энд юу хийж яваа юм бэ гээд гараас нь татаж авч явахыг оролдсон. Тэгээд би сууж байгаад босоод нөгөө үл таних залууг түлхэж эмэгтэй найзаасаа холдуулах гэтэл үл таних залуу намайг боож унагаад эмэгтэй найзыг маань зам гаргаад чирээд харанхуй газар луу чирч явсан. Тэгээд 05 дугаар сарын 15-ны шөнө буюу 02 цаг 24 минутад Баянхонгор аймгийн Цагдаагийн газар луу би залгаж үл таних залуу дээрмийн шинжтэй үйлдэл гаргаж манай эмэгтэй найзыг авч явах гээд байна гэж дуудлага өгсөн. Намайг дуудлага өгч байх хугацаанд тухайн үл таних залуу манай эмэгтэй найзыг чирч гэртээ харъя гээд чирч явахыг оролдож байгаад манай эмэгтэй найз *******г газар унагаж байгаад гар утсыг нь дээрэмдэж авч зугтаасан...”гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ц.******* нь хохирогч *******гийн 1.280.000 төгрөгийн үнэтэй гар утсыг дээрэмдсэн нь нотлогдсон байна гэж үзлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.******* нь шунахай сэдэлтээр, хохирогч *******г хүч хэрэглэхгүйгээр гар утсыг дээрэмдсэн буюу хохирогчийн биед халдаж хүч хэрэглээгүй зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.

Ийм учраас шүүгдэгч Ц.*******ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан   дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцлоо.

Шүүгдэгч Ц.*******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь гар утсыг биет байдлаар буцаан өгсөн нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ц.*******д хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан, хөнгөрүүлэх, хүндрүүлэх   нөхцөл байдал тогтоогоогүй  болохыг дурдаж, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хулийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж  эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Энэ хэргийн учир шүүгдэгч Ц.*******  нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар үйл баримт бүхий СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан   дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг зургаан / 6 / сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ц.*******д  зургаан / 6 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн  цагдан хорьж түүний эдлэх ялыг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ