Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2023/00792

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  байрлах З -гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: байрлах Э ХХК,

 

Хариуцагч: хаягт оршин суугч Г.М нарт холбогдох  

 

Нэхэмжлэлийн шаардлага: Батлан даалтын гэрээний үүрэгт 136,156,331 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Даваажав,

Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З нь хариуцагч Э ХХК, иргэн Г.М нарт холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 136,156,331 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна Үүнд:

 

1.Нэхэмжлэгч З шүүхэд болон төлөөлөгч М.Даваажав шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: З нь Э ХХК-ийн Голомт банкнаас авсан 750,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн 33.3 хувьд буюу 250,000,000 төгрөгийн батлан даалтыг 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргаж, БДГ-2105015815 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа амжилтгүй болж зээл эрсдэлд орсон тул батлан даалтын гэрээний үүрэг гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлийг Голомт банк шүүхэд гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/00293 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/MA2022/00892 дугаар магадлалын дагуу З нь Голомт банканд 136,156,331 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн. З, Э ХХК, Голомт банк нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан БДГ2105015815 тоот Батлан даалтын гэрээний 1.1-т "Энэхүү гэрээний зорилго нь Зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан 2013 оны 09-р сарын 26-ны өдрийн 3Г2105015815 тоот дугаар Зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ Зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд Батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, Батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг Зээлдэгч төлж барагдуулахтай холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино" гэж заасан. Иймд Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан Батлан даалтын гэрээний дагуу Э ХХК-иас батлан даалтын гэрээний дагуу үүссэн үндсэн үүрэг 135,321,762.00 төгрөг, батлан даалтын үүрэг гүйцэтгэхтэй холбоотой зардал буюу шүүхийн шийдвэрийн дагуу Голомт банк ХХК-нд төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 834,569.00 төгрөг, нийт 136,156,331.00 төгрөг гаргуулна. Бид  эвлэрсэн тул эвлэрлийн гэрээг байгуулсан. Батлан даалтын гэрээний дагуу иргэн Г.М хамтран хариуцагч тул 136,156,331 төгрөгийг төлүүлнэ гэв.

 

2.Хариуцагч Э ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК, Голомт банк нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БДГ2105015815 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан тул Э ХХК төлбөрийг төлнө гэв.

 

3.Шүүхэд нэхэмжлэгчээс нотлох баримтаар Төлбөрийн даалгавар 1 баримт,  Гялс банкны гүйлгээний баримтууд, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн БДГ2105015815 тоот Батлан даалтын гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/00293 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2022/00892 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00680 дугаар тогтоол, Голомт банкны зээлийн гэрээний хуулбар, Згийн дүрэм,  эвлэрлийн гэрээ зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч З нь хариуцагч Э ХХК, иргэн Г.М нарт холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 136,156,331 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт зааснаар 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Батлан даалтын гэрээний дагуу Г.М хамтран хариуцагч тул 136,156,331 төгрөг гаргуулах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч Э ХХК, иргэн Г.М нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Э ХХК, Голомт банк нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БДГ2105015815 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан тул Э ХХК төлбөрийг төлнө гэж маргасан.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Төлбөрийн даалгавар 1 баримт,  Гялс банкны гүйлгээний баримтууд, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн БДГ2105015815 тоот Батлан даалтын гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/00293 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2022/00892 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00680 дугаар тогтоол, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч З, Э ХХК, Голомт банк нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан БДГ2105015815 тоот Батлан даалтын гэрээний 1.1-т "Энэхүү гэрээний зорилго нь Зээлдэгч болон Зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 3Г2105015815 тоот дугаар Зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ Зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, Зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд Батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, Батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг Зээлдэгч төлж барагдуулахтай холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлоход оршино" гэж, мөн гэрээний 1.6-д “Зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд Батлан даагч нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж талууд харилцан тохирч гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэг заасан нөхцөлийг хангасан хүчин төгөлдөр Батлан даалтын гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

8.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/00293 дугаар шийдвэрээр “Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасныг баримтлан Згаас 90,124,293 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101,987,627 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2022/00892 дугаар магадлалаар “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2022/00293 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 90,124,293 төгрөг гэснийг 135,321,762 төгрөг гэж, 101,987,627 төгрөгийг гэснийг 56,790,158 төгрөгийг гэж, 2 дахь заалтын 606,571 төгрөг гэснийг 834,559 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн магадлал, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хавтаст хэргийн 13-18 тал/

 

9.Нэхэмжлэгч З нь дээрх шүүхийн шийдвэр, магадлалд заасан 136,156,331 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Төлбөрийн даалгавар, Гялс банк интернэт гүйлгээний баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг  бичгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 7-9 тал/

 

10.Нэхэмжлэгч З хариуцагч иргэн Г.Мт холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 136,156,331 төгрөг гаргуулахаар шаардаж, Батлан даалтын гэрээний дагуу Г.М хамтран хариуцагч тул 136,156,331 төгрөг гаргуулах эрхтэй гэж мэтгэлцэж байх ба Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж иргэн Г.Мээс гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлага, түүний тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

 

11.Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1-д “Батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү үүргийн талаарх үүрэг гүйцэтгэгчийн бүх эрх түүнд шилжих бөгөөд ийнхүү эрх шилжих нь батлан даалттай холбогдолгүй үүрэг гүйцэтгүүлэгчийн бусад эрхийг хөндөхгүй гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Батлан даалтын 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн гэрээнд зээлдэгч Э ХХК-ийн захирал Г.М гарын үсэг зурсан уг гэрээний оролцогчид нь батлан даагч З, зээлдүүлэгч нь  Голомт банк ХХК, зээлдэгч нь Э ХХК байх бөгөөд дээрх гэрээнд иргэн Г.М гарын үсэг зураагүй байх тул түүнийг 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан Батлан даалтын гэрээний оролцогч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

12.Хариуцагч Э ХХК-иас батлан даалтын гэрээний үүрэгт  136,156,331 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Зд олгож,  иргэн Г.Мт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

13.Зохигчид 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “хариуцагч нар 136,156,331 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна” гэх нөхцөлтэй эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлжээ.

 

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан.

 

15.Шүүх хуралдаанд иргэн Г.М нь Э ХХК, Голомт банк нарын хооронд 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр БДГ2105015815 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан тул Э ХХК төлбөрийг төлнө гэж маргасан. Иймд дээрх эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцээгүй, иргэн Г.Мийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

16.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 838,731 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 838,731 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Зд олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 136,156,331 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Зд олгож, хариуцагч Г.Мт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШЗ2023/01584 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 838,731 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 838,731 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Зд олгосугай. 

 

4.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.НАРАНГЭРЭЛ