| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2023/00364/и |
| Дугаар | 182/ШШ2023/00926 |
| Огноо | 2023-03-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2023/00926
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: хаягт оршин суугч, М.Д- -гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоот хаягт суугч, Н.Б- д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 4,100,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Д-,
Хариуцагч Н.Б-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Д- хариуцагч Н.Б-ид холбогдуулан 4,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:
1.Нэхэмжлэгч М.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Б- нь миний хүү Ш.Хишигбаяртай хамтран Приус-30 маркийн автомашин зээлээр худалдан авахаар тохирч, би өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн автомашинаа зарж урьдчилгаа төлбөрийг Н.Б-ид өгсөн. Ингээд Приус-30 маркийн автомашиныг Н.Б-ийн нэр дээр худалдаж авсан. Н.Б- машиныг миний нэр дээр авсан гээд 5,100,000 төгрөг надад төлөхөөр 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Тооцоо нийлж, авлагыг гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулсан. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөгийг миний 5285** тоот данс руу шилжүүлж, үлдсэн 4,100,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгч дуусгавар болгохоор 2 сарын хугацаатай гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан боловч гэрээний дагуу мөнгөө хугацаандаа өгөөгүй. Товлосон хугацаандаа өр тооцоогоо барагдуулахгүй байгаа учраас Н.Б-оос 4,100,000 төгрөг гаргуулна гэв.
2.Хариуцагч Н.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Хишигбаяртай тохиролцсоны улмаас 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Приус-30 маркийн автомашин авсан. Ш.Хишигбаяр нь автомашины урьдчилгаа 3,500,000 төгрөгийг өгсөн. Эрдэнэт хот руу машиныг авч 2 сар явсан. Тэгээд Нэт капитал ББСБ-д төлөлт хийгээгүй, намайг алдагдалд оруулж, мөн автомашиныг жолооч талаас нь мөргөлдүүлсэн байсан. М.Д-д 4,100,000 төгрөгийг төлнө. Харин Ш.Хишигбаяраас машины эвдрэл гэмтлийн мөнгийг гаргуулна гэв.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Тооцоо нийлж, авлагыг гүйцэтгүүлэх тухай гэрээг, хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч М.Д- нь хариуцагч Н.Б-ид холбогдуулан 4,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөрөө шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Н.Б- нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: М.Д-д 4,100,000 төгрөгийг төлнө. Харин Ш.Хишигбаяраас машины эвдрэл гэмтлийн мөнгийг гаргуулна гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Тооцоо нийлж, авлагыг гүйцэтгүүлэх тухай гэрээ, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч М.Д- нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Тооцоо нийлж, авлагыг гүйцэтгүүлэх тухай гэрээний үүрэгт 4,100,000 төгрөг шаардсан бөгөөд Н.Б- нь миний хүү Ш.Хишигбаяртай хамтран Приус-30 маркийн автомашин зээлээр худалдан авахаар тохирч, би өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн автомашинаа зарж урьдчилгаа төлбөрийг Н.Б-ид өгсөн гэх тайлбар гарган мэтгэлцэж байгааг хариуцагч Н.Б- зөвшөөрч маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг тусгасан хүчин төгөлдөр Зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
8.Зохигчид 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Тооцоо нийлж, авлагыг гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулж, уг гэрээнд “2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Н.Б- би М.Д-гээс 5,100,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан.Тус мөнгийг хүлээлгэн өгөх үед С.Бумбаяр, Ш.Хишигбаяр нар байлцсан болно. 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг Хаан банкны 5285** тоот М.Д-гийн данс руу шилжүүлнэ. Үлдэгдэл 4,100,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дотор М.Д-гийн данс руу шилжүүлнэ” гэж тохиролцож, нотариатчаар гэрчлүүлсэн байна.
9.Талууд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг төлсөн тухайд маргаагүй тул энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу тогтоогдсон гэж үзнэ.
10.Хариуцагч Н.Б-оос 4,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Д-д олгох үндэстэй.
11.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,550 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 80,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Б-оос 4,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Д-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,550 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 80,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Д-д олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ