| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 180/2023/0073/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/244 |
| Огноо | 2025-09-23 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/244
2025 09 23 2025/ШЦТ/244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүгч Э.Хосбаяр, шүүгч А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагч Хэнтий аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Бямбасүрэн, иргэдийн төлөөлөгч Ж.Х, шүүгдэгч Б.Ц , шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, Л.Батжав нарыг оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Наранчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-т холбогдох эрүүгийн 2239000000059 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Б сумын Норовлин 4 дүгээр баг ............ тоотод байх өөрийн гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Ц.Э-ыг “хүүгээ алах гэлээ” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь ардаас урагш чигтээ нэг удаа хутгалж, Ц.Э-ын биед цээжний хөндий рүү нэвтэрч зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: “Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 7-18 дугаар тал), гэрч Б гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 42 дугаар тал), гэрч М мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54-57 дугаар тал), гэрч Б мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-62 дугаар тал), гэрч Б дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65 дугаар тал), гэрч Ө мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-69 дугаар тал), гэрч М мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дугаар тал), гэрч Б мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74-75 дугаар тал), гэрч О мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 79 дүгээр тал), гэрч Б мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87 дугаар тал), гэрч М мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 93 дугаар тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 163-164 дүгээр тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 200-201 дугаар тал), шинжээч эмчийн мэдүүлэг (2 дэх хавтаст хэргийн 118-119 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлээс: “Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Ц-ыг гэм буруугүй гэдгийг нотолж, цагаатгуулах байр суурьтай оролцоно. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас Гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 14-16 дугаар тал), Б.Ц-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 19 дүгээр тал), цусны ул мөр илрүүлсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 23 дугаар тал), гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 34-37 дугаар тал), гэрч М мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54 дугаар тал), хувийн байдалтай холбоотойгоор гэрч М мэдүүлэг, гэрч Б мэдүүлэг, гэрч Ө мэдүүлэг, гэрч М мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74 дүгээр тал), гэрч З , Ц , М нарын мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 96-109 дүгээр тал), хурууны хээ илрүүлэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 130 дугаар тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 201 дүгээр тал), амь хохирогчийн өмсөж байсан хувцсанд хийсэн шинжээчийн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 102 дугаар тал), хутган дээр шинжилгээ томилсон шинжээчийн дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 133 дугаар тал), хурууны хээг илрүүлсэнтэй холбоотой шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 140-143 дугаар тал), хурууны хээ Ц хүүгийн хурууны хээтэй тохирохгүй байгаа талаар гарсан шинжээчийн дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 8 дугаар тал), 218 дугаартай шинжээчийн дүгнэлт (3 дахь хавтаст хэргийн 16 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судална” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаваас: “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтай оролцоно гэж тус тусын байр сууриа илэрхийлсэн болно.
Шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт “Юун түрүүнд намайг цагаатгасан 3 шүүгчдээ баярласан, талархсанаа илэрхийлье. Энэ насандаа хэзээ ч мартахгүй. ...Надад тулгаж байгаа ял нь хүмүүсийн хашхирсан гэх гэрчийн мэдүүлэг, хутга, цус, бандаашны цусны толбо, юм уусан, гэрт байгаагүй архи, хурууны хээгээр өөрийн ханиа алсан гэж энэ хэргийг тохсон. Өөрийн ухаантай байх үедээ болсон асуудлыг хагас дутуу хэлсэн. Бүх бие өвдөөд, толгой тархи өвдөөд, зүрх өвдөөд хэлэх гэсэн юмаа мартаад уйлаад ярьж чадахгүй юм билээ. Би болсон явдлыг бичгээр уншсан нь дээр гээд санаатай бичсэн. Би та нар шиг хүнээс төрсөн, өвдөх төрхтэй, хайрлаж чаддаг, харамсдаг, цочирддог хүн. Би гэрчийн мэдүүлэг хэнийг ч буруутгах гэсэнгүй. Хашхирсан гэж хэлсэн хүмүүст би тэгээгүй гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл би юу ч мэдэхгүй, санахгүй байна. Та нар ийм байдалд орвол яах байсан бэ? бод доо. Цагдаа, сэргийлэхийнхэн ирснийг ч мэдээгүй. Харин хүү, охин хоёроо ирэхэд өөрийн ухаантай байсан. Би пижигнэсэн чимээгээр унтаж байгаад сэрсэн. ...Өвгөн гадуур яваад орж ирэхэд нь би сайхан унтах юмсан, чи ердөө унтаж чадахгүй байх шиг байна, миний хөгшин ганц пиво уугаад унтчих гэхээр нь нээрээ тэгдэг юм уу гээд нэг лааз пиво авчирч бага багаар уугаад дуусгасан. Гэтэл миний нойр хүрэхгүй болохоор нь дахиад нэгийг гаргаад сууж байсан. Би бужигнааг ерөөсөө сонсож чадахаа байсан юм билээ. Өвгөнтэйгөө хоёулхнаа байгаад сурчихсан юм шиг байгаа юм. Би дахиад пиво уугаад дуусаж байтал өвгөн Бүрэнтэгшийг дагуулаад орж ирсэн. Бурханы сайн өдөр хүн орж ирж байхад хэвтээд өгөлтэй биш, охин маань надад тусалж байсан л даа. Би шар Чингис байсныг гаргаж өгөөд сууж байсан. Би нэг дарснаас жоохон аягалаад тулгасан. Нөгөө хоёрын дуу чангараад байхаар нь би оролцоогүй. Би 100 грамм дарс уусан байх. Би өвгөнд хандаад би одоо уухгүй, наадахдаа хэл л дээ, бие өвдөөд нойр хүрээд хариугүй байх чинь гэж хэлсэн. Өвгөн маань бие нь тааруу байгаа юм аа, өөрсдөө ууцгаая гэсэн. Миний нойр хүрээд унтах гээд байж байтал нөгөө хоёр гараад явахаар нь жоохон хүлээж байгаад араас нь гартал хойд айлын хашааны баруун талд Бүрэнтэгш уначихсан, улаан шар юүдэнтэй цамцтай хүүхэд өргөөд өвгөн хажуу талаас нь дэмжээд босгож байсан. Би хашааны булангаар хойшоо харахад 2 гудамжны цаана Бүрэнтэгшийнх байдаг. Нэг харахад авгай нь ирж байсан. Би өвгөнд Оюу ирж явна гэж хэлсэн. Өвгөн маань миний гараас хөтлөөд за, аваад явна биз, оръё гээд гэр лүүгээ орох гээд явсан. Ингэхдээ миний өвгөний хөл ч тунихгүй байсан. Би өвгөнөө согтоогүй байна гэдэг онош тавьсан. Оюуд загнуулахгүй гэж зугтааж байна гэж бодоод дотроо өвгөнийгөө шоолоод л явж байсан. Ороод би унтлаа гээд орон дээрээ хэвтээд өгсөн. Намайг нойр чинь хүрээ юу унт унт гээд хацар дээр минь үнсээд цаашаа явсан. Би өвгөнийгөө чи унтаарай гэхэд унтана гэсэн. Би ханиа эцсийн удаа харсан минь л тэр. Пижигнэсэн чимээгээр намайг сэрэхэд манай өвгөн урд орны хөлд дээшээ хараад хэвтэж байсан. Би өвгөнөө нэмээд уучихаж гэж бодоод, жоохон харж байснаа орон дээр нь гаргая гэж бодоод очсон. Би өргөж дийлэх биш, өнхрүүлээд орны дэргэд аваачаад гарыг нь орон дээр тавиад авираад байгаарай гэхээр гараад унтчихдаг юм. Тэгж бодоод өнхрүүлтэл хутганы сорви харагдсан. Цус ч байхгүй, фудволк нь цусгүй цэвэрхэн байсан. Би сэгсчээд, янз бүрээр үзсэн ч надад ерөөсөө хариу өгөөгүй. Би ганцаараа орилоод хүүхдүүд рүүгээ утасдсан. Орилж байгаа хүнээс ямар олигтой дуу гарах вэ дээ. Цаад хүмүүс согтуу байна гэж ойлгох нь зөв шүү дээ. Зүгээр байсан улсуудад ийм зүйл болчихно гэж хэний зүүдэнд ч орох вэ дээ. Охин маань ирэхэд би өвгөнийгөө тэврээд хутгалчихсан байна шүү дээ гээд орилоод байж байсан. Би үнэнийг хэлэхэд түргэн дуудаж үзээгүй, сэргийлэхийн дугаар ч мэдэхгүй юм билээ. Манарч байсан үед дугаар олохтой манатай, рефлексээрээ хүүхдийнхээ дугаарыг хийж чадсан байгаа юм. Түргэн дуудаж ирчхээд, биеэ бариарай, тайван байгаарай гэсэн. ...Яах бол гэж айгаад аминдаа биеэ бариад байсан. Ханиа хараад л, өрөвдөөд л. Бид хоёрт ойрын байтугай холын хамаатан байхгүй. Би хамгаалж чадсангүй гэж өөрийгөө буруутгаад, цуг үхчихмээр санагдаад, орилоод ийш тийшээ харахад нэг хутга тааралдсан. Цээж рүүгээ дүртэл ороогүй, орилоод хоёр гараараа гуя руугаа хатгахад бас л ороогүй. Сүүлд үзэхэд өвчүү дотогшоо цөмөрчихсөн, цул өвчин болсон байна лээ. Гуя руугаа харсан үзүүр нь жоохон орсон байна лээ. Суухад жоохон шахагдаад цус жаахан гарч байсан учраас би бандаашаараа дараад өмссөн. Бандааш цустай байсан нь ийм учиртай юм. Би хутганы тухайд сүүлд мэдсэн. Ямар хутгаар яаснаа өөрөө сайн мэдэхгүй байгаа. Миний өвгөнд хаядаггүй багаажинд нь байдаг муу хутга байна лээ. Яагаад гэрт орж ирснийг ёстой мэдэхгүй, нэг тийм иргүй хутга байсан. Үүнийг анхан шатны шинжилгээгээр хүрэн толботой гэж гарсан байсан. Энэ нь зэв байсан юм. Иргүй байсан хутгыг манай өмгөөлөгч Нарангэрэл иртэй хутга байна лээ гэж хэлсэн. Яагаад ир орсныг бүү мэд, тэгэхэд яагаад ч над руу ороогүй юм. Үүнийг хэн ч мэдэхгүй. Намайг унтаагүй, цусаа цэвэрлэсэн гэх мэтээр таамаг дэвшүүлж, цагдаа прокурор өөрсдийн зөв гэж бодоод гомдол мэдүүлээд байна. Үгүй шүү дээ, би үүнийг яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй, би энэ хэргийг хийгээгүй. Би өвгөнөө цус байхгүй болохоор ухаан алдсан байж магадгүй гэж горьдож байсан. Би өвгөнийхөө ямар хувцас өмссөн байсныг анзаарах манатай байсан. ...Эмч нар толгой сэгсэрч байгааг хараад миний горьдлого тасарсан. Охин маань аав гээд дээр нь ойчихыг хараад түүнээс хойш юу ч санахгүй байгаа. Нэг л мэдэхэд эмнэлэгт, хажуудаа цагдаа байж байсан. ...Өглөө цагдаа намайг таньж байна уу гэхээр нь би үгүй ээ гэсэн. Юу ч ойлгохгүй байгаа юм чинь, нүдний шил гэрт байгаа, би юу ч харахгүй байна гэхэд зүгээр зур гэсэн газарт зур гэж хэлсэн. Баахан цаасан дээр гарын үсэг зуруулсан. Миний юу ч ойлгохгүй байгааг маш сайн мэдэж байсан. Би бүтэн жил гаруй юу ч ойлгохгүй, хэдэн хүүхдүүдийнхээ заримыг нь танихгүй байдаг байлаа. Дэлгүүрт орохдоо авсан юмаа мартаад заавал хүн дагуулж явдаг үе ч байсан. Намайг анх хүүхдүүдэд маань хэлэхгүй их сүртэй авч явсан. Би хаашаа зайлах вэ дээ зүгээр аваад яваач гэхэд тэгдэг юм гэсэн. Толгойдоо цочрол авсан хүн сандал дээр тогтож сууж чаддаггүй юм байна лээ шүү дээ. Би гар таслах гээд байна гээд гуйж байж тайлуулсан. Би жолоочтой нь машинд хоноод маргааш нь намайг онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Ц хүү гэх хүнтэй уулзуулсан. Тэр хүн надад та хэргээ хүлээ л дээ, таны насны хүнд ял авахгүй гэх мэтээр хачин зүйл ярьсан. Би хэнийг алчихаад байгаа юм гээд гайхаад асуухад та өвгөнийгөө алчихсан, энэ баримт нь байна гэсэн. Би тийм зүйл гэж байхгүй гэдгийг хэлсэн. Би өвгөнийгөө алсан хэрэгт тохогдож байгаагаа тэр үед мэдсэн. Овоо гайгүй хүнтэй ярьж хөөрдөг байснаа дахиад байхгүй. Миний хань намайг зодох нь битгий хэл нясалж байгаагүй. Юм үнэнээрээ гарах байлгүй дээ гэж хэлэхэд тэр хүн энэ тэнэг авгайг шууд хий гээд мөрдөнд суулгахад би 3 удаа эмнэлэгт хэвтээд өмгөөлөгч маань батлан даалтаар гаргасан. Хотоос нэг эмч ирээд та сэтгэлээ тайван байлга, хамаг судас чинь нарийссан байна, тамхинаасаа гарахгүй бол илий балай болно шүү гэж хэлсэн. Би 18 настайгаасаа тамхи татаж эхэлсэн. Би аминдаа биеэ бариад чадлаараа л байгаад байсан. Гэтэл ярьсан хэлснээ ч мэдэхгүй, намайг байцаасныг мэдүүлэг гэж үздэг юм уу. Элий балай болчихоод байгаа хүний хашхирсныг мэдүүлэг гэж үздэг юм уу гэж асуумаар байна. Хэргийн газрыг чөлөөлнө гээд хөгшин авгай намайг хөл нүцгэн гэртээ байж байсан өмд цамцтай маань чирээд гаргах гэтэл манай охин оймс, гутал өмсгөж эрээн куртик өмсүүлсэн, орилж хашхираад гулжганасан юм л чирэгдээд гарсан гэсэн. Энэ үйл явдал болж байхад охин, хүү, хүргэн 3 дэргэд байсан гэсэн. Хариуцлагатай ажилчид гэрчээр орж байгаа гэж хэлсэн байна лээ. Тэр хариуцлагатай ажилтан яагаад үхсэнийг бай гэхэд амьд байгааг нь хайрлаж ганц тайвшруулах тариа хийж өгч болдоггүй юм. Би худал хэлж хулгай хийж үзээгүй хүн. Үнэнээ хэлээд байхад ердөө ойлгож сонсохгүй, ойлгоогүй, ойлгохыг ч хүсэхгүй байгаа юм. Би бүтэн жил гаруй юу ч ойлгохгүй, юу ч ярьж байгаагаа мэдэхгүй байсан” гэж мэдүүлсэн болно.
Нэг. Хэргийн үйл баримт болон хууль зүйн талаарх дүгнэлт
Хэргийн үйл баримтын нотлогдсон байдал: Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Б сумын Норовлин 4 дүгээр баг ............ тоотод байх өөрийн гэртээ нөхөр Ц.Э-ыг “хүүгээ алах гэлээ” гэх шалтгаанаар нуруу хэсэгт нь ардаас урагш чигтээ нэг удаа хутгалж, Ц.Э-ын биед цээжний хөндий рүү нэвтэрч зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж алсан болох нь хавтаст хэрэгт хууль журмын дагуу авагдсан дараахь бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Үүнд:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 7-15, 16-18 дугаар тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.О “...Би 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймагт хөдөө мал дээр байхад миний охин Б очоод надад хандан Хэнтий аймгийн Б суманд ах Ц.Э нас барсан гэнэ гэж надад дуулгасан. Яагаад гэж асуухад янз бүрийн юм яриагүй. Дорнодоос ирж байхад талийгаачийн охин М надтай утсаар ярихдаа цагдаагийн байгууллагаас ээжийг аваад явчихсан гэхээр нь би зүгээр өөрөөрөө нас бараагүй юм уу даа л гэж санасан юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-51 дүгээр тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М “...Нэхэмжлэх зүйл бол байхгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг л хүсэж байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 112 дугаар тал),
-Гэрч Э.М “...Ц.Э нь миний төрсөн эцэг, харин Б.Ц нь миний төрсөн эх юм. 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 18:14 цагт манай ээж Б.Ц нь миний 88223193 утас руу залгаад ярихдаа согтуу байсан, ямар нэгэн юм хэлээд байгаа боловч дуу нь сайн мэдэгдэхгүй байсан, би ээжийг согтуу байна гэж санаад охин дүү Э.М д очиж үз гэсэн чинь би гэр рүү нь явж байнаа сургуулийн хашаан дотор явж байна гэсэн яриа болоод өнгөрсөн ба удалгүй хэдхэн минутын дараа дүү Э.М над руу утсаар залгаад аав өөд болсон байна гэсэн, би шууд утсаа салгаад гарч машинаа асаагаад сумын төв рүү давхисан. Сумын төв дээр орж ирээд шууд аавынд очиход тэднийд эмнэлэг, цагдаа ирсэн, оруулахгүй байсан. ...Сумын төлөөлөгч Р.Б манай дүүд хандан эвэр иштэй хутга чинь хаана байна, чамайг мэднэ гэж байна гээд асуугаад байсан, тэр үед л би хутгалуулсан гэж мэдсэн, харин хэсгийн мөрдөгч Р.Б эвэр иштэй хутганы талаар хэн ярьсаныг бол би мэдээгүй... Цагаан сарын өдрүүдээр шинийн 3-ны орой байхаа манай аав, ээж хоёр хөдөө явж З гэх айлд очиж архи уугаад унаж туссан юм уу мэдэхгүй манай ээж нүүрээ халцалсан байсан болохоор нь би хөгширчихөөд айл амьтанд очиж архи уулаа гэж жаахан загнасан уурласан юм. Түүнээс болж энэ хоёр уурандаа архи уусан байх гэхээс өөр ямар ч шалтгаан байхгүй юм. Мөн Бүрэнтэгш гэх хүн манайд архи ууж байгаад хүргүүлсэн гэсэн, энэ хүн ч бас уруу татсан байх гэж бодож байна. Намайг хөдөөнөөс ирэхэд аавынд цагдаа болон эмнэлэг ирчихсэн байшин руу нь оруулахгүй байсан ба, ээж тэр үед гадаа нь “өвгөнийгөө би хутгалчихлаа” гээд хашгираад байсан. Тэр үед нь би очиж нэг ч үг дуугараагүй дуугүй л байсан, удалгүй цагдаа нар ээжийг аваад эмнэлэг явсан... Манай аавынд хутганаас их юм байхгүй, хүний нүдэнд ил биш болохоос гэрээс нь бол 20, 30-аараа хутга гарна, манай аав хутга хийхээс гадна бас зүүж явах дуртай, юм болгон оролддог төмөрт дүйтэй хүн байсан юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53-55 дугаар тал),
-Гэрч Э.М дахин өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 18 цаг 14 минутад манай ээж Ц 80616221 дугаараасаа миний 88223193 дугаарын утас руу залгаад юм яриад байсан, тухайн үед ээжийн юу яриад байгаа нь ойлгогдохгүй байсан, тэгээд би утсаа салгаад дүү М утас руу залгаад ээж саяхан над руу залгаад байна, утасны цаанаас юу ярьж байгаа нь ойлгогдохгүй согтуу байх шиг байна, чи очиж үзээдхээч гэхэд М би очиж явна гэж хэлсэн. Тэгээд хэсэг байж байгаад М над руу залгасанаа “аав өнгөрчихсөн байна” гэж хэлсэн. Би ч шууд хөдөө гэрээсээ машинаа унаад аавын гадаа ирэхэд цагдаа, эмнэлгийнхэн ирчихсэн дотогшоо оруулахгүй байсан, ээж болохоор хашаан дотор хаалганы үүдэнд сууж байсан, хажууд нь сумын цагдаа М зогсож байсан. Тэгэхэд ээж “би л өвгөнийгөө хутгалчихлаа” гээд орилоод байсан. Би тухайн үед аавыг нас барсан үгүйг нь бол мэдээгүй, гэр рүү орох гэхээр цагдаа нар үзлэг хийж байгаа гээд ойртуулахгүй байсан. Тэгэхэд сумын цагдаа Б аавынд чинь эвэр иштэй хутга байдаг уу гээд манай дүү М аас асуугаад байсан, тэгээд хэргийн газрын үзлэг дууссаны дараа ээжийг машинд суулгаад цагдаа руу аваад явсан, аавыг эмнэлгийн морог руу авч авсан, тэгэхэд аавыг өнгөрсөн байна гэж мэдсэн... Хоёулаа гэртээ байдаг байсан болохоор гэр бүлийн явган хэрүүл бол байдаг байсан, тэрнээс бол миний нүдэн дээр хоёулаа зодолдож муудалцаж байхыг нь би хараагүй... Буугаар хүн буудна гэж сүрдүүлж байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 57-58 дугаар тал),
-Гэрч Р.Б “...Би 2022 оны 02 дугаар сарын 06-ний өдөр 18 цаг 30 минутын орчим манай эмнэлгийн дуудлага авдаг утаснаас энэ өдрийн ээлжийн сувилагч Болормаа ярихдаа төв дээр хутгалуулсан хүний дуудлага ирээд байна гэж над руу яриад би эмнэлэгт ирээд сувилагч Б хамт би ойрын дуудлагаар явдаг машинтай амь хохирогч болох Э хүргэн болох нэг залуу ганцаараа өөрийн машинтайгаа явсан. Ингээд дуудлага өгсөн айлд Э гэрт нь орсон энэ үед урд талын байшингийн цонхны хойд талд байх ширээний баруун талд нь дээшээ харсан байдалтай 60 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Хар өмдтэй, саарал өнгийн путволктой хүн байсан. Толгойн талд эхнэр болох нэг хөгшин согтуу “одоо сэрэлдээ” гээд уйлаад сууж байсан. Мөн “би хутгалчихлаа” гээд уйлаад байсан. Хажууд нь охин нь гээд нэг хүүхэн байсан. Бас уйлаад байж байсан. Ингээд дээрх хүнийг биед нь шууны артер, гүрээний артерийн судас шалгаж үзэхэд ямар ч судасны цохилт байхгүй, хүүхэн хараа өргөссөн, чагнуураар чагнаж үзэхэд зүрхний цохилт сонсогдоогүй нас барсан байсан. Амь хохирогчийн биеийн халуун нь бүлээн байсан, амьсгал хураагаад удаагүй байдалтай биеийн халуун мэдрэгдэж байсан, гараар үзэх үед биеийн гадна талд гадагшаа пудволкны ар талд цус гарсан байсан. цамцыг сөхөж үзсэн, зүүн талын далны орчим тэгээд дуудлага өгсөн хүргэн болох залууд см орчим хэмжээний зүсэгдсэн шарх байсанг харуулсан. Дуудлага өгсөн залууд нас барсан талаар танилцуулаад хэсгийн төлөөлөгч дэслэгч Р.Б утсаар мэдэгдээд тэгээд цагдаагийн хамт ирсэн. Ирээд ар гэрийн хүмүүсийг гаргаад гэрийг түгжсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-62 дугаар тал),
-Гэрч Р.Б дахин өгсөн “...Эхнэр нь болох Б.Ц нь амь хохирогчийн толгойн доогуур гараа хийгээд би хутгалчихсан гээд уйлаад орилоод байсан. Би тухайн үед наад хүн чинь нас барсан байна аа, та одоо боль гэсэн чинь үгүй сэргэ л дээ гээд уйлаад цээжин дээр нь хоёр гараараа дараад байсан ингэж байхад удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65 дугаар тал),
-Гэрч Ж.Ө өгсөн “...Тухайн өдөр 18:16 цагт эхнэртэйгээ гэртээ байж байхад, манай хадам ээж Ц нь өөрийнхөө 80616221 утаснаас миний 88631779 дугаарын утас руу залгаад согтуу хүний дуугаар ойлгомж муутайхан аав чинь гээд сонин дуугарахаар нь би утсаа таслаад машинаа асаагаад эхнэрийнхээ араас гарсан. Эхлээд манай эхнэр М руу хадам ээж залгаад ямар нэг юм хэлэх шиг болоход эхнэр надад юм ярилгүй гараад явсан юм. Ингээд би эхнэртэйгээ гудамжинд уулзаад Б сумын төвд байх хадам аавындаа очиход байшин дотроо орныхоо хажууд, хадам ээж Ц нь хадам аавын толгойг өвдөг дээрээ тавиад суучихсан, Э миний хөгшин амьсгал бос бос гээд уйлж байсан. Хадам аав дээшээ харсан байдалтай ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан. Тэр үед манай эхнэр шууд очоод баруун гарынх нь судсыг барьж үзэхэд цохилохгүй байсан, би тэр үед түргэн дуудах уу гэхэд хадам ээж Ц нь надад хандан битгий сандар, битгий сандар түргэнээ дууд гэсэн болохоор би гарч машинаа асаагаад шууд хүн эмнэлэг орж их эмч, сувилагч хоёр авчирсан. Тэд үзээд толгой сэгсэрсэн, би энэ үед нас барсан гэж байна гэж ойлгосон. Ингээд бид гадаа гараад байж байхад сумын цагдаа төлөөлөгч хоёр ирсэн. Түүнээс хойш биднийг оруулаагүй, эхнэр бид хоёрыг ороход хадам ээж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, их бага ямар хэмжээтэй хэрэглэсэн талаар бол мэдэхгүй, ямар ч байсан ширээн дээр нь архины шил харагдаж байсан би бол үүнээс өөр юм мэдэхгүй байна. Яг ямар архины шил гэдгийг ч сайн санахгүй байна... Би шинийн хоёронд хөдөө айлд таарсан юм, харин манай эхнэр М өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 05-нд аав, ээж дээрээ очоод хэрэг гарахаас хэдэн цагийн өмнө буюу 15, 16 цагийн орчимд гэртээ ирсэн, гэртээ ирэхдээ надад ямар нэгэн зүйл яриагүй... Хэсгийн мөрдөгч, цагдаа хоёр ирээд биднийг гадаа гар гээд гаргасан, энэ үед хадам ээж гадаа хамт гараад би аавыг чинь хутгалчихлаа гээд орилоод байсан, хэсэг хугацааны дараа цагдаа нар аваад явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-69 дүгээр тал),
-Гэрч Э.М “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн төрсөн аав Э, ээж Ц нарын гэрт ганцаараа очиж хоносон. Хоноод 2022 оны 02 дугаар сарын 06-ны өглөө босоод хоол цай хийж идээд зурагт үзэж байж байхад аав гадагшаа гараад эргээд орж ирэхдээ манай сумын ах болох аавын найз болох Б гэж ахтай бага зэргийн архи үнэртүүлсэн тэр хоёр ирсэн цай хийж өдөр жигнэсэн буузыг өгөөд удаагүй гарсан. Тухайн үед би гадагшаа гарах үед цаг 15 цаг 20 минут орчим байх цагийг сайн санахгүй байна. Би гэрээс гараад хадам аав Ж-ы гэрт очих үед ээж араас залгаж байсан цаг нь гар утаснаас харахад 15 цаг 39 минут болж байсан байна. Гэрт манай аав Э, манай ээж Ц , аавын найз болох Б нар үлдсэн. Өөр хүн гэрт байгаагүй тэр хэд Хар чингис архиа уугаад үлдсэн. Аав найзтайгаа архийг ууж байсан харин ээж улаан өнгийн дарс ууж байсан. Ингээд би хадам аавын гэрт байж байхад манай ээж 80616221 дугаарын утсаар 18 цаг 09 минутад миний 88895925 дугаарын утсанд дуудлага ирээд аавын чинь бие нь нэг л сонин байна. Чи хүрээд ир гэсэн би нөхөртөө хэлэлгүй ганцаараа явган явж байхад нөхөр Ө араас машинтай ирээд намайг аваад цугтаа гэртээ ирсэн чинь аав урд цонхны хажууд ширээний баруун талд дээшээ харсан байдалтай хойшоо толгой нь харсан хэвтэж байсан. Ээж толгойг нь тэврээд уйлж байсан. Ханиа сэрээрэй гээд үнсээд уйлаад байсан. Би аавын баруун гарын судас, нөхөр Ө зүүн гарын судас барьж үзэхэд судас цохилохгүй нас барсан байсан. Ингээд манай нөхөр эрүүл мэндийн төв орж дуудлага өгсөн удаагүй эмч Р.Б, нэг сувилагч байсан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаатай араас нь орж ирж байсан. Эмч ирээд үзээд эргүүлээд баруун тийш нь харуулаад футволкийг сөхөх үед нурууны далны орчим хэсэгт зүсэгдсэн шарх харагдаж байсан. Хэсгийн төлөөлөгч хүмүүсийг гадагшаа гаргаад хаалгыг түгжсэн... Намайг байх үед хэрүүл маргаан болоогүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дугаар тал),
-Гэрч Д.Б “...Би 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 17 цагаас хүн эмнэлэгт сувилагчийн ээлжээ аваад байж байхад, гаднаас нэг залуу орж ирээд дуудлага өгье гэхээр нь лавлахад эмгэн өвгөн хоёулаа согтуу байж байгаад хутга шөвгөний асуудал болсон юм шиг байнаа тэгээд би дуудлага өгч байна гэсэн, би эмч Б-д хэлээд бид хоёр удалгүй албаны машинтай очоод тухайн айлд ороход байшингийн урд хананд байх ширээний баруун хойд талд нэг гаднаас нь харахад 60 гаран насны дээгүүрээ саарал өнгийн фудволктой, доогуураа хар өмдтэй эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан, эхнэр нь гээд Ц гэх эмэгтэй согтуу, мөн охин нь болох нэг эмэгтэй байж байсан. Эмч Б судасыг нь бариад, чагнаж байгаад хэсгийн мөрдөгч Р.Б толгойгоо сэгсэрч харуулсан, би нас барсан гэж хэлж байгааг нь хараад ойлгосон, тэгээд эмч намайг ажил руугаа яв гэхээр нь би яваад өгсөн... Тэр Б.Ц гэх эмэгтэй би хутгалчихсан юм гээд байсан, гадаа гарсан хойноо юу ярьсаныг бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74-75 дугаар тал),
-Гэрч Л.Б-ийн “...өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байж байхад 14-15 цагийн орчимд байх Ц.Э манайд ирээд цагаан сараар хэрэглэж байсан тал шил архийг хамт хувааж уусан. Тэгээд би хамт гэрт нь ороод очсон ба тэнд архи ууссан эсэхээ сайн санахгүй байна. Буцаад гэртээ ирэхээр гарахад Ц.Э , түүний эхнэр Б.Ц нар намайг гэрт хүргэж өгөхөөр хамт гарсан, гэр лүүгээ явж байхад манай эхнэр О.О урдаас гарч ирээд намайг аваад гэртээ орсон Ц.Э , Б.Ц нар буцаад явсан, энэ үед цаг 16 цаг л болж байсан байх, ер нь энэ яриад байгаа юмыг би өөрөө сайн санахгүй байгаа эхнэрээс л сонссон юмаа ярьж байна... Би хэдэн жилийн өмнөөс тал цус харваад зарим юмаа мартаад байх болсон юм... Надад ер нь мэдэж санаж байгаа юм алга....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82-83 дугаар тал),
-Гэрч Б.Б “...2022 оны 02 дугаар сарын 06-ны 18:38 цагийн орчимд Б сумын эрүүл мэндийн төвөөс ажилтан Д.Б нь сумын төвийн зүүн урд хотхонд Ц.Э бусдад хутгалуулсан байна гэх дуудлага өгснийг цагдаагийн хамт очиж шалгаж тухайн айлд 18:50 цагт очиход эмч Д.Б нь өөрөө мөн нэг сувилагчийн хамт очсон байсан ба энэ хүнийг эхнэр нь хутгалсан гээд байх юм эргүүлж харах уу гээд харахад зүүн далан дээрээ хутгалагдсан шархтай байсан ба эмч нас барсан байна удаагүй юм шиг байна гэхээр нь би гэрт байсан хүмүүсийг бүгдийг хэргийн газраас гаргаж хаалгыг түгжээд цагдаад мэдэгдсэн... Эмч сувилагч хоёроос гадна, төрсөн охин Э.М , түүний нөхөр, мөн амь хохирогчийн эхнэр Б.Ц нар байсан ба Б.Ц нь “би нөхрийгөө алчихлаа” гээд толгойных нь орчим сууж байсан, тэгээд гадаа уулзаж ярилцахад би түүнийг хутгалсан хутгаараа өөрийгөө дүрэх гэсэн чинь миний бие рүү орохгүй байна ямар сонин юм бэ гэж байсан, түүний дараа гэрээс нь гаргаж сумын цагдаа Б.М хяналтандаа байлгаж байхад түүнд хандан сар шинийн өдрүүдээр хөдөө айлд очиж архи уусан байсныг манай хүү Э.М мэдээд нөхөр бид хоёрыг загнасан чинь өнөөдөр манай нөхөр Э.М буудаж ална гээд буу цэнэглээд байхаар нь би хүүхдээ алуулсанаас гээд бууг нь авах гэж ноцолдсон гэж ярьсан байсан. Тэгэхээр Ц.Э , Б.Ц нарын дунд ямар нэгэн хэрүүл маргаан үүссэн байж болзошгүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-87 дугаар тал),
-Гэрч Б.Б дахин өгсөн “...Би тухайн өдөр дуудлагын дагуу цагдаа М хамт очиж шалгасан. Тухай үед хэргийн газарт байсан Ц нь “би нөхрийгөө алчихлаа, би өөрийгөө дүрэх гэсэн чинь миний бие рүү орж өгөхгүй байсан” гэх яриа өгүүлэлтэй байсан тул Ц гуайд бичлэг хийж байгаа талаараа танилцуулаад хэргийн газар дээр өөрийнхөө гар утсаар 1 минут 21 секунтын бичлэг хийсэн, тэгээд Б.Ц эмнэлэг дээр аваачиж биеийн байдлыг ажиглаж байх зуураа түүнтэй ярилцахад мөн “би нөхрийгөө хутгалчихсан юм шиг байна” гэх яриа өгүүлэлтэй байсан тул өөрийнхөө гар утсаар 4 минут 08 секунт, 01 минут 29 секунтын 2 бичлэг бичиж авсан, тэр бичлэг нь миний гар утсан дээр байгаа...” гэх мэдүүлэг ( 1 дэх хавтаст хэргийн 89 дүгээр тал),
-Гэрч Б.М “...2022 оны 02 дугаар сарын 06-ны 18 цаг өнгөрч байхад хэсгийн мөрдөгч Р.Б хамт Б сумын зүүн урд хотонд Ц.Э бусдад хутгалуулсан гэх дуудлага мэдээлэлд хамт очсон, бид хоёрыг очиход эмч Д.Б нь сувилагчийн хамт очсон байсан ба амь хохирогчийн эхнэр Б.Ц нь би өвгөнөө алчихлаа гээд орилоод байж байсан, тэгээд нэг их удалгүй мөрдөгч үлдээд би Б.Ц гэгчийг авч гараад гадаа хяналтандаа байлгаж байхад тэр надад хандан шинийн хоёрны өдөр бид хоёр хөдөө айлд очиж архи уугаад би бүдэрч унаад нүүрээ халцалсан чинь, манай хүү Э.М нөхөр бид хоёрыг утсаар загнасан, түүнээс хойш нөхөр үглээд уурлаад хүүхдээ ална нам буудна гээд буу гаргаж ирээд бид хоёр хэрэлдэж маргалдаад бууг нь авах гэж ноцолдож байгаад нөхрөө хутгалчихлаа, би хэргээ ганцаараа хүлээнэ гэх мэт юм ярьсан, бас нөхрөө алчихсан юм чинь өөрийгөө ална гээд тухайн хутгаараа өөрийнхөө цээж рүү шааж үзэхэд нэвтрээгүй, миний нөхөрт зоогдоод надад зоогдохгүй юм гэх мэт юм ярьж байсан... Манай нөхөр хүүхэддээ гомдоод ална буудна гээд байхаар нь би хутгалсан гэж л ярьсан өөр юм яриагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-93 дугаар тал),
-Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 138-142 дугаар тал),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-гээр “1.2.Амь хохирогч Ц.Э-ын биед нуруунд сээрний 5, 6-р нугалмын түвшинд зүүн тийш 8 см зайд ардаас урагш, дээрээс доош, зүүнээс баруун тийш чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрч зүүн 7 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн гэмтэл шарх тогтоогдлоо. 3.Дээрх хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Химийн шинжилгээгээр цусанд 2.6 промилли, цөсөнд 2.0 промилли спиртийн агууламж илэрсэн ба амь хохирогч Ц.Э нь нас барах үедээ хүнд зэргийн согтолтой байжээ. 5.Амь хохирогч Ц.Э нь хоёрдугаар бүлгийн цустай байжээ. 6.Амь хохирогч Ц.Э т үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7.Амь хохирогч Ц.Э нь цээжний хөндий рүү нэвтэрч уушги гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ” гэх 22 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 146-149 дүгээр тал),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Г-н 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “...1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн өмдөнд ханзралт, түлэгдэлт үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна. 2.Ханзралт, түлэгдэлт хуучин эдэлгээний явцад үүссэн байна. 3.Ханзралт татаж чангаах хүчний үйлчлэлээр, түлэгдэлт дулааны үйлчлэлээр үүссэн байна. Харин хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй. Хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 175-176 дугаар тал),
-Шүүгдэгч Б.Ц яллагдагчаар өгсөн “...би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна... Би ийм гэмт хэрэг үйлдээгүй... Би яг одоо мэдүүлэг өгмөөргүй байна. Одоо миний сэтгэл санаа тогтворгүй байна. Иймээс би мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 248-249 дүгээр тал),
-Шүүгдэгч Б.Ц яллагдагчаар дахин өгсөн “...би Хэнтий аймгийн Б сумын төвд өөрийн нөхөр болох талийгаач Ц.Э хамт оршин суудаг байсан юм. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ өөрийн нөхөр Э , охин М нарын хамт байсан бөгөөд урьд шөнө нь миний нойр хүрэхгүй, тавгүйрхээд байсан учир би уг өдрийн ойролцоогоор 10 цагийн үед л байсан байх гэж бодоод байна, яг цагийг нь хэлж мэдэхгүй байна, нэг ширхэг лаазтай пиво уучихъя гээд 1 ширхэг лаазтай пиво задлаад уусан. Би уг пивоо бага, багаар шимээд уусан, тэгээд би пивоо ууж байхдаа охиноо намайг загнах байх гэж бодоод өөрийн охин М ыг гэртээ харьж бай гээд явуулсан, тэгээд би гэртээ өөрийн нөхөр Э хамт үлдсэн бөгөөд намайг пивоо уугаад сууж байхад манай нөхөр Э нь гэрт нэг орж ирээд, гадаа гарч нэг юм хийгээд л яваад байсан, тэгээд би эхнийхээ пивыг ууж дуусгачхаад ахиад нэг пиво уучихдаг юм билүү гээд ахиад 1 ширхэг лаазтай пиво задлаад уусан ба би уг пиво мөн л бага, багаар шимээд уусан, тэгээд би уг пивоо шимж ууж дуусаад гэрт байсан нэрийг нь хэлж мэдэхгүй байна, нэг ширхэг дарсаа задлаад ганцаараа ууж суусан ба би уг дарснаасаа станкны талаар нь хийж байгаад хоёр удаа уусан, тэгэхэд миний нойр хүрээд би унтахаар болоод орон дээрээ хэвтсэн, тэгээд намайг орон дээр зүүрмэглэх гээд хэвтэхэд манай нөхөр Э нь гэрт байж байснаа гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би нөхрийнхөө араас гэрээсээ гарахад манай нөхөр Э нь гэрээс гарч явангуутаа хашааны буланд байж байсан өөрийнхөө найз Бүрэнтэгш дээр явж очсон. Тэгэхээр нь би нөхрийнхөө араас тэр хоёр дээр явж очиход манай нөхөр Э нь надад хандан Бүрэнтэгшийн эхнэр болох Оюуныг ирж байна гэж надад хэлээд хоёулаа гэр лүүгээ оръё гэж хэлсэн, тэгээд Э бид хоёр гэр лүүгээ явж байсан ба миний нойр хүрээд байсан учир би орон дээрээ гараад унтахаар хэвтсэн, тухайн үед яг хэдэн цаг болж байсан болохыг нь ёстой хэлж мэдэхгүй байна, надад цагны баримжаа огт байхгүй байна, тэгээд би унтаад өгчихсөн байсан бөгөөд гэнэт пижигнэсэн чимээ гараад сэрэхэд манай нөхөр Э нь миний орны урд хэсэгт байдаг өөрийнхөө орны хажуу талд газарт толгой нь баруун тийшээ харчихсан, бие нь дээшээ харчихсан байдалтай хэвтэж байсан, ер нь нөхөр маань архи дарс уучихаараа байнга л энэ газартаа хэвтчихдэг юм, тэгээд би нөхрийгөө орон дээр нь гаргаад хэвтүүлчих санаатай орноосоо босоод нөхөр дээрээ очоод нөхрийгөө орон дээр нь шууд өргөөд тавьж чадахгүй, нөхөр маань сумын заан цолтой бөх хүн учир би талийгаач нөхрийгөө бөмбөрүүлж эргүүлэхэд нөхрийн маань ар нурууны дал хэсэгт хутганы шарх байсан ба уг хутганы шархных нь эргэн тойронд болон өмсөж байсан подвалк нь огт цус болоогүй, цэвэрлэчихсэн юм уу гэмээр байдалтай байсан бөгөөд подвалк нь хутганы шархны орчмоор сэмрээд урагдчихсан байдалтай байсан, тэгэхээр нь би гэр доторхоо болон гэрийнхээ үүдний хэсгийг цус болж уу гэж харахад гэр дотор маань ямар нэгэн цус гэх зүйл огт байгаагүй. Тэгээд би айж сандраад нөхрийгөө сэрээх гээд тэвэрч аваад сэгсрээд уйлангаа ам руу нь үлээгээд, цээжин дээр нь гараараа дараад хиймэл амьсгал энэ тэр хийхэд нөхөр маань хөдлөхгүй, сэрэхгүй нас барчихсан юм шиг байсан тул би өөрийн охин М руугаа утсаар яриад гэрт хүрээд ир гэж дуудсан. Тэгээд намайг гэртээ байж байхад манай охин М гэрт ирээд эцгийгээ хараад сэрээх гэхэд нөхөр маань сэрэхгүй байгаад байсан. Тэгээд би хэсэг хугацаанд балмагдаад охиныгоо бас нас барчихлаа гэж бодоод өөрийгөө харааж, зүхэнгээ би л нөхрийгөө алчихлаа гэж нэг удаа хэлж ярьсан шиг санагдаж байна, тэгээд би ингэж ухаан балартаж байх үедээ гэртээ байсан хутгыг аваад өөрийгөө алчихъя гээд өөр лүүгээ далайж байснаа санаж байна, тэгэхэд тэнд байсан хүмүүс хутгыг маань авсан шиг санагдаж байна, би энэ талаар бол яг сайн санахгүй байгаа юм, тэгээд байж байхад гаднаас эмч орж ирээд нөхрийг маань үзэж харж байсан бөгөөд нэг харахад гэрт маань бас цагдаа ирчихсэн байж байсан, тэгээд л би цаашхи үйл явдлаа сайн санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд би сумынхаа эмнэлэг дээр ирчихсэн байж байсан, тухайн үед нэг ийм л асуудал болсон, миний мэдэх зүйл ийм л байна... би харин энэ талаар гайхаад л байна, уг хутганы шархыг талийгаач нөхөрт маань хэн учруулсан юм бол гэж бодоод л сууж байна, миний зүгээс би нөхрийнхөө биед гэмтэл шарх учруулаагүй, би нөхрийгөө хутгалаагүй... Би тухайн үед талийгаач нөхрийгөө хутгалчихлаа гэж нэг удаа хэлж ярьсан шиг санаад байна, гэхдээ би энэ талаараа яг тодорхой сайн бол санахгүй байна, тухайн үед миний ухаан санаа балартаад энэ талаар яг юу гэж хэлж ярьсан болохоо сайн хэлж мэдэхгүй байна... Би тухайн үед талийгаач нөхөртэйгөө маргалдаж муудалцаагүй, тухайн үед бид хоёрын хооронд ямар нэгэн маргаан болоогүй... Талийгаач нөхөр маань 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буюу шинийн 03-ны өдөр хүү Мөнхбаяртай утсаар ярьж байхдаа согтуурхаад уурандаа хүүгээ буудаж ална энэ тэр гэж хэлээд буугаа шүүрээд авахаар нь би уурлаад талийгаач нөхрийгөө загнаад бууг нь булааж аваад бууг нь орон доогуураа чулуудсан, тухайн үед талийгаач нөхөр бид хоёрын хооронд нэг ийм л асуудал болсон, өөр ямар нэгэн асуудал бол болоогүй... 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр биеэ гайгүй болгочих санаатай пиво, дарс зэргийг уусан юм... Би тухайн үед талийгаач нөхрөө хутгалаад алчихлаа гэж орилж хашгираагүй, яах вэ тухайн үед би нөхрийгөө харж хандаж чадсангүй, надаас болж ийм асуудал боллоо, би л нөхрийгөө алчихлаа гэх утгатай зүйлсийг бол хэлж ярьсан... талийгаач нөхөр маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээрээ үг яриа нь олшроод гэр орондоо тогтохгүй, тэнээд л алга болчихдог, тухайн үед би талийгаач нөхрийгөө сахиад л сууж байсан бол өнөөдөр ийм асуудал болохгүй л байлаа гэж өөрийгөө одоо зүхээд л сууж байна... талийгаач нөхөр маань хоёр гар утастай, уг хоёр гар утасных нь нэг нь 86656595 гэсэн дугаартай андройд гар утас, нөгөө нь дугаарыг нь сайн санахгүй байна... Жи мобайлын нэг гар утас байгаа, уг хоёр гар утасных нь 86656595 гэсэн дугаартай андройд гар утас нь хэрэг болсноос хойш олдохгүй байгаа... тухайн үед цагдаа нар надаас ямар нэгэн зүйл асуугаагүй, харин миний зүгээс цагдаа нарт хэдэн үг хэлэх гэсэн боловч цагдаа нар намайг дуугүй байж бай л гээд байсан, тэгээд харин энэ дээр нэг зүйлийг нэмээд хэлэхэд надтай уулзсан зарим цагдаа нар нь надад хандан та хэргээ хүлээ, та хэргээ хүлээхгүй бол хэрэг чинь хүндэрнэ, та харин нөхрийгөө зодож дарамталдаг байсан гэж хэлж ярих юм бол хөгшин, өндөр настай хүн гээд таныг харж үзнэ гэж хэлсэн, тэгэхээр нь би уг цагдаа нарт хандан манай нөхөр намайг зодож цохиж байгаагүй, дарамталдаггүй байсан гээд уурласан, тэгэхэд уг цагдаа нар надад хандан яасан юм ойлгодоггүй, тэнэг авгай вэ гэж хэлж ярьсан... би 2000-аад оноос хойш зүрхээ дагасан, зангираатай, бамбай булчирхайн өвчтэй болсон юм, би тухайн үедээ энэ өвчин дээрээ эмчилгээ хийлгээд хагалгаанд орох гэсэн боловч эмнэлгийн зүгээс надад хагалгаа хийх боломжгүй, ямар нэгэн эмчилгээгүй гээд намайг тухайн үедээ эмнэлгээс гаргасан, иймд би энэ өвчнөө гэрийн нөхцөлд бор аргаар эмчлээд л өдийг хүрээд байна...би хүн алаагүй учир гэмшихгүй байна, харин талийгаач нөхрийг маань алсан алуурчныг та нар олооч гэж л хэлье, өөр надад хэлэх зүйл байхгүй... миний бие өвдөөд байгаа, би өвдсөн биеэ эм тариагаар л намдааж байна, одоо миний биеийн байдал өвдөөд хэцүү байна, харин сэтгэл санааны байдал маань тогтвортой болсон, өөр надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 2-6 дугаар тал),
-Согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 10 дугаар тал),
-Шинжээч Ж.Ж-гийн “...Амь хохирогч Ц.Э-ын цогцост нуруунд сээрний 5,6-р нугалмын түвшинд зүүн тийш 8 см зайд ардаас урагш, дээрээс доош, зүүнээс баруун тийш чиглэлтэй ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цээжний хөндий рүү нэвтэрч зүүн 7-р хавирганы доод ирмэгийг гэмтээж, цааш зүүн уушгины доод дэлбэнг гэмтээж хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон байна. Дээрх 7-р хавирганы доод ирмэг хэсгийг гэмтээснийг хавирганы бүрэн байдал алдагдсан учраас дүгнэлт хэсэгт тусгахдаа 7-р хавирганы хугарал гэж бичсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 118-119 дүгээр тал),
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч О.Ц-ний 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 232104102 дугаартай “...1.Саарал өнгийн хагас ханцуйтай даавуун цамцанд гарсан 15х5мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн зүсэгдэлт байна. 2.Саарал өнгийн хагас ханцуйтай даавуун цамцанд гарсан 35х30мм, 40х30мм хэмжээтэй 2 ширхэг гэмтлийн зах ирмэг суналт, хөврөлтгүй, нэгэн жигд зүсэгдэлт байна. 3. Дээрх хувцсанд гарсан гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан хутгаар үүсгэгдсэн байж болно.” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 122-124 дүгээр тал),
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “...1.Б.Ц нь ямар нэгэн сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан баримт, нотолгоо өвчний түүх үгүй байна. 2.Сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан баримт үгүй байна. 3.Б.Ц нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.Б.Ц нь өөрийн үйлдлийг нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах гэдгийг мэдэх чадвартай байна. 5.Б.Ц нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочирон давчдсан шинж тэмдэг үгүй байна.” гэх 37 дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 150-151 дүгээр тал) зэрэг болно.
Дээрх хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд Б.Ц нь өөрийн нөхөр Ц.Э-ыг алсан болох нь хангалттай тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Прокуророос түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, зөв байна.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүн амьд явах эрхтэй бөгөөд хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоос үл хамааран төрснөөр бий болдог жам ёсны эрх юм. Энэхүү хүний жам ёсны эрхийг эрх зүйн бүл, төрийн байгууламжийн тогтолцооны хэлбэрээс үл хамааран улс үндэстэн бүр хуулиар хамгаалах үүрэгтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд зааснаар уг хуулийн зорилго нь хүний амьд явах эрхийг гэмт халдлагаас хамгаалах юм. Өөрөөр хэлбэл, уг хуулиар хүний амь насыг хамгаалсан бөгөөд хүний амьд явах эрхэд санаатай, болгоомжгүй үйлдлийн улмаас халдсан бол гэмт хэрэгт тооцно.
Хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээдийн хууль бус идэвхитэй үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх явдал юм. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь “хүүгээ алах гэлээ” гэх шалтгааны улмаас хутгаар түүний нуруу хэсэгт нь хутгалж амь насыг хохироосон хууль бус үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Б.Ц нь өөрийн нөхрийг хутгалж амь насыг нь хохироосон үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай үйлдэл мөн.
Учир нь энгийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч, эсхүл хохирогч амь насаа алдаж болохыг тухайн этгээд мэдэх ёстой буюу мэдсэн байдаг. Тодруулбал, шүүгдэгч Б.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах, амь насаа алдана гэдгийг мэдсээр байж халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Хэдийгээр шүүгдэгчийн “би нөхрөө алаагүй” гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан гэрч Э.М “...Намайг хөдөөнөөс ирэхэд аавынд цагдаа болон эмнэлэг ирчихсэн байшин руу нь оруулахгүй байсан ба, ээж тэр үед гадаа нь “өвгөнийгөө би хутгалчихлаа” гээд хашгираад байсан. Тэр үед нь би очиж нэг ч үг дуугараагүй дуугүй л байсан, удалгүй цагдаа нар ээжийг аваад эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 53-55 дугаар тал), гэрч Э.М дахин өгсөн “...Тэгээд хэсэг байж байгаад М над руу залгасанаа “аав өнгөрчихсөн байна” гэж хэлсэн. Би ч шууд хөдөө гэрээсээ машинаа унаад аавын гадаа ирэхэд цагдаа, эмнэлгийнхэн ирчихсэн дотогшоо оруулахгүй байсан, ээж болохоор хашаан дотор хаалганы үүдэнд сууж байсан, хажууд нь сумын цагдаа М зогсож байсан. Тэгэхэд ээж “би л өвгөнийгөө хутгалчихлаа” гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 57-58 дугаар тал), гэрч Р.Б “...Толгойн талд эхнэр болох нэг хөгшин согтуу “одоо сэрэлдээ” гээд уйлаад сууж байсан. Мөн “би хутгалчихлаа” гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 61-62 дугаар тал), гэрч Р.Б дахин өгсөн “...Эхнэр нь болох Б.Ц нь амь хохирогчийн толгойн доогуур гараа хийгээд би хутгалчихсан гээд уйлаад орилоод байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 65 дугаар тал), гэрч Ж.Ө өгсөн “...Б сумын төвд байх хадам аавындаа очиход байшин дотроо орныхоо хажууд, хадам ээж Ц нь хадам аавын толгойг өвдөг дээрээ тавиад суучихсан, Эрка миний хөгшин амьсгал бос бос гээд уйлж байсан. ...Хэсгийн мөрдөгч, цагдаа хоёр ирээд биднийг гадаа гар гээд гаргасан, энэ үед хадам ээж гадаа хамт гараад би аавыг чинь хутгалчихлаа гээд орилоод байсан, хэсэг хугацааны дараа цагдаа нар аваад явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-69 дүгээр тал), гэрч Э.М “...Ээж толгойг нь тэврээд уйлж байсан. Ханиа сэрээрэй гээд үнсээд уйлаад байсан. ...Эмч ирээд үзээд эргүүлээд баруун тийш нь харуулаад футволкийг сөхөх үед нурууны далны орчим хэсэгт зүсэгдсэн шарх харагдаж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 71-72 дугаар тал), гэрч Д.Б “...Тэр Б.Ц гэх эмэгтэй би хутгалчихсан юм гээд байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 74-75 дугаар тал), гэрч Б.Б “...Б.Ц нь “би нөхрийгөө алчихлаа” гээд толгойных нь орчим сууж байсан, тэгээд гадаа уулзаж ярилцахад би түүнийг хутгалсан хутгаараа өөрийгөө дүрэх гэсэн чинь миний бие рүү орохгүй байна ямар сонин юм бэ гэж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-87 дугаар тал), гэрч Б.Б дахин өгсөн “...Ц нь “би нөхрийгөө алчихлаа, би өөрийгөө дүрэх гэсэн чинь миний бие рүү орж өгөхгүй байсан” гэх яриа өгүүлэлтэй байсан...” гэх мэдүүлэг ( 1 дэх хавтаст хэргийн 89 дүгээр тал), гэрч Б.М “...Б.Ц нь би өвгөнөө алчихлаа гээд орилоод байж байсан, тэгээд нэг их удалгүй мөрдөгч үлдээд би Б.Ц гэгчийг авч гараад гадаа хяналтандаа байлгаж байхад тэр надад хандан шинийн хоёрны өдөр бид хоёр хөдөө айлд очиж архи уугаад би бүдэрч унаад нүүрээ халцалсан чинь, манай хүү Э.М нөхөр бид хоёрыг утсаар загнасан, түүнээс хойш нөхөр үглээд уурлаад хүүхдээ ална нам буудна гээд буу гаргаж ирээд бид хоёр хэрэлдэж маргалдаад бууг нь авах гэж ноцолдож байгаад нөхрөө хутгалчихлаа, би хэргээ ганцаараа хүлээнэ гэх мэт юм ярьсан, бас нөхрөө алчихсан юм чинь өөрийгөө ална гээд тухайн хутгаараа өөрийнхөө цээж рүү шааж үзэхэд нэвтрээгүй, миний нөхөрт зоогдоод надад зоогдохгүй юм гэх мэт юм ярьж байсан... Манай нөхөр хүүхэддээ гомдоод ална буудна гээд байхаар нь би хутгалсан гэж л ярьсан өөр юм яриагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92-93 дугаар тал) гэх мэдүүлгүүдээр бүрэн үгүйсгэгдэж байна.
Хэрэгт шүүгдэгч Б.Ц яриаг бичлэг болгон хийж, эд мөрийн баримтаар хурааж авсан 1 ширхэг DVD -г нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэлээ. Учир нь уг нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлээс “Энэ үйл явдал 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр болсон. Мөрдөн шалгах ажиллагааны үед талийгаачийн Жимобайлын гар утсыг охин М утас, Ц утастай хурааж авсан. Мөрдөн байцаалтын шатнаас эхлээд Юнителийн дугаартай утас нь алга болсон байна үүнийг шалгаад өгөөч, энэ дугаараасаа хэн нэгэн рүү залгасан байж магадгүй гэдэг асуудлаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахгүй байсаар байгаад 2022 оны 8 сард яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсний дараа манайх урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах хүсэлт өгч байж шүүхээс өмгөөлөгчийн яриад байгаа зүйл үндэслэлтэй байна, утас нь хаана байгаа юм, утсыг нь олох хэрэгтэй, утасны ярьсан гарсан дуудлагыг шалгах нь зүйтэй гэдэг асуудлаар хэрэг 2022 оны 8 сард мөрдөн байцаалт руу буцсан. 2022 оны 10 сард ярианы биллийг нь шалгахад хадгалах хугацаа хэтэрсэн учраас ярианы билл гарах боломжгүй гээд хэн нэгэн прокурор, мөрдөгчийн хариуцлагагүй байдлын улмаас ярианы биллийг авах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Улсын яллагчийн ярьж байгаа зүйл нь юу вэ гэхээр өөр орсон гарсан хүн байхгүй та хоёр л хамт байсан учраас энэ хэргийг үйлдсэн байх магадлалтай гэдэг зүйлийг ярьдаг. Энэ хоёр хүн гэр бүлийн баталгаатай, 7-8 хүүхдийн ээж аав болчихсон, 40 гаруй жил амьдралаа залгуулсан хүмүүс нэг гэрт байх нь тодорхой. Гэтэл гэртээ байснаараа та хамт байсан учраас үүнийг үйлдэх магадлалтай гэдэг байдлаар буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.
Талийгаачийн хувцсанд үүссэн хутганы ул мөр, хутга, хурууны хээ бүгд зөрүүтэй, таарч тохирч байгаа зүйл байхгүй байхад улсын яллагч яллаад байдаг. Б.Ц олон жил ханилсан ханиа тийм байдалтай байхыг хараад шокийн байдалтай байсан. Энэ үед эмнэлгийн тусламж авч өгөх гээд явж байсан. Бичлэг хийхдээ согтуу, согтолттой байсан байхад нь бичлэг хийсэн. Гэтэл энэ бичлэгийг яагаад өнөөдөр энэ хүний эсрэг ашиглаж байгаа юм. Хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг үнэлж, яллах эсэхийг шийддэг. Гэтэл хууль бусаар авсан сиди болон сидинд үзлэг хийсэн тэмдэглэлийг судалж Б.Ц эсрэг ашиглаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2 дугаар зүйлд 3 дахь хэсэгт мөрдөгч ажиллагааг эхлэхийн өмнө дуу-дүрсний бичлэг хийх талаар тухайн ажиллагаанд оролцох хүнд мэдэгдэж, бичлэгийг ямар зорилгоор ашиглах талаар танилцуулна гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан бичлэгийг үзэхээр бичлэг хийж байна шүү, энэ бичлэгийг таны эсрэг ашиглана шүү гэдгийг тайлбарлаж өгсөн зүйл байхгүй учраас дээрх хуулийн зүйл заалтыг зөрчиж байна. Мөн дуу-дүрсний бичлэг хийхдээ дуу-дүрсний бичлэгт тухайн ажиллагааны зорилго, он, сар, өдөр, байршил, эхэлсэн, дууссан цаг, минутыг тусгана гэж заасан байдаг. Тухайн бичлэгийг хаана хийж байгаа, хэдэн цагт хийж байгаа нь ойлгомжгүй. Мөрдөгч, цагдаагийн албан хаагч хууль зөрчсөн ажиллагаа хийж байхад хууль зөрчсөн албан тушаалтанд дээрх зөрчлөө арилгах талаар арга хэмжээ авах ёстой байтал хууль зөрчсөн баримтаар яллагдагчаар татаж байгаа нь прокурорын ёс зүйгүй хариуцлагагүй байдал харагдаж байна. Иймээс прокурорын шинжлэн судлуулж буй сиди болон сидинд үзлэг хийсэн тэмдэглэлээр Б.Ц-ыг буруутгах боломжгүй юм.
Дараагийн асуудал нь хутганы асуудал яригдсан. Хэн, хэзээ, хэрхэн, яаж үйлдсэн бэ гэдгийг мөрдөгч прокурор тогтоох үүрэгтэй. Гадаа үйлдсэн юм уу, гэртээ үйлдсэн юм уу гэдэг нь мэдэгдэхгүй. Гэрт үйлдсэн гэхээр цус байхгүй байгаа юм. Задлан шинжилгээний дүгнэлтээр хүний биед ойролцоогоор 5 литр цус байх ёстой, гэтэл талийгаачийн биед 2 литр цус үлдсэн, бусад 2 литр цус нь хаашаа урсчихсан юм гэдэг эргэлзээтэй зүйлүүд байсаар байхад үүнийг шалгадаггүй. Энэ талаар шалгуулах хүсэлт гаргахад танай Б.Ц охинтойгоо цэвэрлэчихсэн, тийм учраас ямар ч баримт олдоогүй, анх очсон цагдаа нь цэвэрлэсэн баримт олж чадаагүй гэдэг хариу хэлдэг. Өнөөдөр ямар нэгэн байдлаар цусыг цэвэрлэсэн, цус гэрт урсаад тогтсон гэх ямар ч баримт байхгүй учраас тухайн хэргийг гэрт үйлдсэн үү гэдэг нь эргэлзээтэй болж байгаа юм. Прокурор эргэлзээтэй зүйлээр хүнийг яллаж болохгүй шүү дээ. Хэрэв Б.Ц тухайн хэргийг үйлдсэн гэж байгаа юм бол хэрхэн яаж үйлдсэн юм. Босоо байхад нь хутгалсан юм уу? араас нь хутгалсан юм уу? ямар байдалтай байхад нь амь насыг нь хохироосон юм гэдэг талаар шалгаж тогтоосон зүйл байхгүй. Та цагдаагийн албан хаагч болон эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ үзүүлэхээр ирсэн хүмүүст би хутгалчихлаа гэж хашхирсан учраас та хутгалсан байж таараа гэдэг зүйлийг ярьдаг. Тухайн хүн шокийн байдалд орсон, сэтгэл санааны тавгүй байдал, архины хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ярьсан байж болно. Үүнийг өөрийнх нь эсрэг ашиглаж болохгүй.
Хууль зүйн факт нь юу вэ гэхээр хутгалагдсан үйлдэл байна, үүнийг тогтоох ёстой гэдэг ажиллагаа байхгүй. ...Талийгаач цээж нүцгэн байгаагүй хувцастайгаа байсан. Талийгаачийн өмсөж байсан хувцсыг аваад хутганы оромтой тохирч байна уу гэдгийг шалгуулахаар шинжилгээнд явуулсан. 2022 оны 3 сард хариу ирэхдээ 14мм-ийн нэг л удаагийн зүсэлттэй гэмтэл байна гэдэг дүгнэлт гарсан. 2022 оны 5 сард дахин дүгнэлт гарахдаа 3 удаагийн зүсэлттэй гэмтэл үүссэн байна, тус 3 удаагийн зүсэлт нь хурааж авсан хутгаар зүсэгдсэн байна гэсэн. Ингэхдээ талийгаачийн биед 3 удаа гэмтэл үүссэн байх юм уу гэдэг нь тодорхойгүй. Хэрэгт цугларсан баримтууд нь 2 салаа бүхий эргэлзээ үүсэж байгаа юм. Талийгаачийн хувцсан дээр үүссэн гэмтэл нь 3 удаа үүссэн юм уу, 1 удаа үүссэн юм уу, эд мөрийн баримтаар хурааж авсан хутгаар зүсэгдсэн юм уу? зүсэгдээгүй юм уу? гэдэг дүгнэлт нь 2 янз гарчихаж байгаа юм. Аль шинжээчийн дүгнэлтийг нь үнэн зөв гэж дүгнэх юм. Хавтаст хэргийн 71-р хуудсанд авагдсан М мэдүүлэгт намайг 15 цаг 20 минутад гэрээс гарахад манай ээж, Бүрэнтэгш ах, аав 3 үлдсэн. Бүрэнтэгш, аав хоёр Хар чингис архийг ууж байсан, ээж улаан дарсыг уугаад сууж байсан. Манайх Экс архи аваагүй, намайг байхад Экс архи байгаагүй гэдэг. Экс архийг шалгахаар 3 хурууны хээ илэрдэг. Тухайн 3 хурууны хээг 3 удаагийн шинжилгээгээр оруулахад эхний хариу нь талийгаач Э , сэжиглэгдэж байгаа Б.Ц хурууны хээ биш байна гэж гарсан. Хэрэг шүүх дээр ирсний дараа Бүрэнтэгшийн хурууны хээг шалгаад өгөөч гэж хүсэлт гаргасны дагуу хэрэг мөрдөн байцаалт руу буцаад Бүрэнтэгшийн хурууны хээг шалгаад үзэхэд мөн адил биш гэж гарсан. Үүний дараа хоёр дахь удаагаа шинжилгээнд явуулахад талийгаач Э 10 хурууны хээгээс 2 дугаартай хурууны хээ нь талийгаачийн хурууны хээтэй таардаг. Өмнө таарахгүй байсан шүү дээ яагаад одоо таарчих ваа гээд дахиад шинжилгээнд явуулахад 2 дугаартай хурууны хээ нь тухайн үед цагдаа байсан М хурууны хээ байсан юм гээд гардаг. Энэ олон эргэлзээтэй дүгнэлтүүд гарсаар байхад улсын яллагч нотлогдож байна, тогтоогдож байна гээд яллаад байдаг. Шинжээчийг гэрчээр асуухаар тухайн үед ачаалалттай байсан болохоор буруу гарсан байж магадгүй гэдэг. Ингэхдээ аль дүгнэлтийг буруу гарсан гэж хэлээд байгаа нь тодорхойгүй. Тэгснээ үүнийг мэдүүлэг авсан гэж үзээд яллах талын нотлох баримт болгоод яриад байдаг. Хуульд нотолж байгаа баримт нь өөрөө эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр оруулж ирэх ёстой гэж заасан атал маш олон талын дүгнэлтүүд гарч, үүнийгээ яллах талын нотлох баримт болгоод байгаа нь үндэслэлгүй байна.
Дараагийн асуудал нь гар утсан дахь үзлэгийг 15 цаг 30 минутаас 18 цаг 16 минутын хоорондох ярианд хийсэн. Ц охин нь манай ээж 15 цаг 39 минутад ярьсан гэдгийг нотолсон, харин хүү Мөнхбаяр нь ээж над руу 18 цаг 16 минутад ярьсан, ингэхдээ учир нь олдохгүй зүйл яриад байсан гэх зүйлийг хэлдэг. Гар утсанд үзлэг хийхдээ хэн гэдэг хүн ярьсан, Ц , талийгаач Э эсвэл өөр хүн ярьсан эсэхийг асуугаагүй. Магадгүй дуудлагыг амь хохирогч, эсвэл өөр хүн ярьсан эсэхийг ч үгүйсгэхгүй, үүнийг нотолсон баримт байхгүй. Эдгээр асуудлыг шалгаагүй, ажиллагааг дутуу хийж хайнга хандсан. Өнөөдөр хангалтгүй ажиллагаа хийчихээд Б.Ц энэ хэргийг хийсэн гэдгийг нотолсон баримт байхгүй байгаа шүү дээ. Иймээс хэрэгт авагдсан баримтаар Б.Ц гэм буруутайд тооцох баримт байхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаваас “Өнөөдөр жаргаж байх насандаа бусдын гарт гадны нөлөөтэйгөөр амиа алдсан харамсалтай, эмгэнэлтэй асуудал гарсан. Тухайн гэрт 44 жил хамт амьдарсан, ханилсан ханийг нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэж шалгаж байгаа нь маш хэцүү асуудал юм. Надад хавтаст хэргийг уншаад төрсөн сэтгэгдэл гэвэл энэ хүн биш, өөр хүн гэмт хэргийг үйлдсэн юм биш үү, алуурчин бидний дунд явж байгаа юм биш үү, дахиад өөр хүн дээр ийм гэмт хэрэг үйлдээд явахыг үгүйсгэхгүй гэсэн бодол төрсөн. Ханиа бусдын гарт алуулчхаад өөрөө үйлдээгүй байж, тухайн хэргийнхээ төлөө гүтгэгдээд хилсээр шийтгэгдэнэ гэдэг түүнээс илүү амьдын там гэж байхгүй байх. Хэрэв 68 настай хүн гүтгэгдээд үлдсэн амьдралдаа шоронд сууна гэдэг хүнд байж болох зовлонгийн хамгийн дээд талын зовлон энэ юм болов уу. Тийм ч учраас хуулийн байгууллагынхан энэ хэрэг дээр маш ноцтой ажиллаж байгаа болов уу гэж бодож байна. Би гэм буруугийн талаарх хуулийн зүйл заалтыг нотлох баримттай яръя.
Улсын яллагчийн оруулж ирсэн баримт болгон нотлох баримт биш юм. Тийм учраас нэг бүрээр няцаая. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтооно, 2-т нь хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийн яллах буюу цагаатгах тал, хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр тогтооно гэж заасан. Миний харж байгаагаар яллах талын оруулж ирсэн 25 баримт дотор нэг ч баримт нь Б.Ц энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотлох баримт байхгүй байна. Хавтаст хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт нь энэ хэрэг хаана болсныг нотлох гэж оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Гэвч үүний дараагийн нөхцөл байдлуудаар энэ гэрт болоогүй гэж харж байгаа. Тухайн гэрийн шалан дээр дусал ч цус байхгүй, биед нь ч цус байхгүй, өмссөн өмсүүлсэн гэх фудволк дээр ч цус байхгүй. Б.Ц гэх хүн 170 гаруй өндөртэй тэр том хүнийг даахгүй шүү дээ. Иймээс тухайн гэрт хэрэг болсон гэдгийг нотолж чадахгүй байна. Харин эсрэгээрээ энэ хэрэгт хэрэг болоогүй гэдгийг нотолж буй баримт юм гэж харж байгаа.
Гэрч Б утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг гол нотлох баримт болгож байгаа. Зөвшөөрөлгүй дуу-дүрсний бичлэг хийж байгаа нь эрүүгийн гэмт хэрэг шүү дээ. Гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нотлох баримтыг яагаад яллах талын нотлох баримт болгож оруулж ирдэг юм. Ийм зүйл байж таарахгүй шүү дээ. Гэмт хэргийн үйлдлийг нотлох баримт болгож болохгүй. Маргадгүй иргэд санаатай, санамсаргүйгээр худал ярьж хууль зөрчиж байгаа. Түүнийхээ төлөө шалгадаг, шалгуулдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно гэж заасан. Гэтэл хууль зөрчиж хийсэн дуу-дүрсний бичлэгээр өөрөө өөрийг нь нотлуулах гээд байгаа юм биш үү. Мөрдөгч хууль зөрчөөд бусад нь зөрчиж болохгүй гэсэн зүйл байхгүй шүү дээ. Энэ нотлох баримтыг давж заалдах шатны шүүхээс яллагдагчийн эсрэг мэдүүлэг гэдгээр үнэлээгүй нь буруу байна гэдэг дүгнэлт хийсэн юм байна лээ. Энэ хүн өөрийнхөө уусан архины хэмжээний их багыг тоогоор илэрхийлсэн нь сая үзсэн бичлэгээр гэрээс гарахдаа өөрийгөө удирдах ямар ч чадваргүй, юу болсныг мэдэхгүй нь харагдаж байна. Би одоо 50 нас хүрч байгаа, заримдаа дарс гэдэг зүйлийг хэрэглэдэг. Энэ хүн мансуурсан байсан. Гэвч маргааш нь буюу зарим тохиолдолд тухайн үйлдлээ санадаггүй. Гэхдээ өнөөдөр шүүгч, прокурор, өмгөөлөгчийн асуултад хариулахдаа олон жилийн өмнөх зүйлийг санаж ярина гэдэг хэцүү асуудал шүү дээ. Энэ хүн цус цэвэрлээд, өргөөд, хувцсыг нь сольж өмсүүлээд, оймс бандаашгүй чирч гулдчаад өргөөд аваачиж тавих боломж байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэг хуульд заасны дагуу тухайн болсон үйл явдлыг сэргээн дүрсэлж, баримтын хүрээнд шийдэх ёстой. Иймээс Б гар утсанд байгаа бичлэгийг яллах талын нотлох баримт биш гэж хэлмээр байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн яриа гэмт хэрэг үйлдсэн талаарх яриа биш шүү дээ. 4-т нь М “ээж гадаа өөрийгөө хутгалчихлаа гэж хашхираад байсан” гэх мэдүүлэг, Б “би одоо хутгалчихлаа гээд уйлаад байсан” гэх мэдүүлэг, Б.Ц дахин өгсөн мэдүүлэг, 7-т нь Ө мэдүүлэг, 8-д нь Б мэдүүлэг гээд дээрх 6 мэдүүлэг нь бусдын буюу өөрийнх нь хэлснийг дамжуулсан мэдүүлэг болохоос биш шууд харсан мэдүүлэг биш. Хэдийгээр нотлох баримтыг шууд буюу дамжмал гэж ангилж болно. Гэхдээ дамжмал нотлох баримт нь бусдаар нотлогдох ёстой. Магадгүй өөр хүн хутгалсныг харчихаад үүнийгээ 6 хүнд ярьсан бол дамжмал эх сурвалж болно. Гэтэл өөрөө өөрийнх нь ярьсан буюу мансуурсан үедээ, унтаад сэрсэн үедээ юу болсныг санахгүй байх үеийн өгүүлэмжийг эх сурвалж болгож болохгүй. Иймээс дээрх 6 мэдүүлгийг нотлох баримт биш гэж үзэж байна. О мэдүүлэг дээр манай нөхөр унтсан гэх мэт зүйлийг хэлсэн байгаа. Ц гэр лүүгээ нөхөртэйгөө явж байхад тэдний нөхөр унтах нь яагаад хүн алсан нотлох баримт болдог юм. Яагаад үүнийг яллах талаас нотлох баримтаар оруулж ирээд байгааг ойлгохгүй байна. М мэдүүлэг дээр би нөхрөө алчихсан юм шиг байна, өөрийгөө ална гээд цээж рүүгээ шаагаад мэдрэхгүй байна, миний нөхөрт зоогдоод, надад зоогдохгүй байна гэсэн мэдүүлэг гэмт хэргийг нотлохгүй. Шүүхийн шинжилгээний дүгнэлт нь хаана юу болсныг тодорхойлж байгаа болохоос хүн алсантай холбоогүй.
Хүний биед 4,5-5 литр цус байх ёстой. Гэтэл тухайн хүний биед 2.4 литр цус л байдаг, үлдсэн цус нь байхгүй. Энэ нь тухайн гэрт гэмт хэрэг үйлдэгдээгүй гэдгийг нотлоод байгаа юм. Мөн нөгөөтэйгөөр үүнийг цагаатгах талын нотлох баримт гэж харж байна. Амь хохирогч нь нэг хүн байгаа, тухайн хүний фудволк дээр цус байхгүй. Гэтэл прокурор аль шинжээчийн дүгнэлтийг үнэн гэж оруулж ирээд байгаа юм. Нотлох биш, эргэлзээг төрүүлсэн, эргэлзээтэй байгаагаа нотолсон баримт гэж харж байна. М аавыгаа загнасан мэдүүлэг энэ хэрэгт огт хамаагүй. Шинжээч эмчийн мэдүүлэг хаана гэмтэл гарсан, хэд дэх хавирга гэмтсэн талаар л байгаа. Харин хэн үйлдсэнтэй огт хамаарахгүй. Сэтгэц, гэм судлалын дүгнэлт нь сэтгэцийн буюу цочирдсон, давчидсан байсан эсэх, хэрэг хариуцах чадвартай эсэхийг л тодорхойлж байгаа. Түүнээс биш хуульд заасан 6 нөхцөл байдлыг зайлшгүй тогтоох нөхцөл байдалд огт хамаарахгүй гэж ойлгож байна. Ц , Х нарын мэдүүлэг энэ хэрэгт ямар хамааралтай юм бэ. Эдгээр хүмүүсийн мэдүүлэг яллах талын баримт биш шүү дээ. Үүрэн холбооны мэдээллийг өгөхгүй гэсэн баримт яагаад яллах талын баримт болдог юм бэ. Эдгээрээс үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, С.Нарангэрэл өмгөөлөгч ч хэлсэн. Тэр дундаа яригдаагүй нэг орхигдсон зүйл нь хохирогч 2 утастай байсан бөгөөд 2 дахь утасны дугаарыг олоогүй. Тухайн дугаараас хаашаа дуудлага хийгдсэн нь олдоогүй. Хүүхдүүд нь утастай байсан гэдгийг хэлдэг. Тухайн үеийн өмгөөлөгчөөс утсанд буюу оператораас нь лавлагаа авъя гэдэг зүйлийг хэлдэг ч лавлагаа аваагүй. Хэзээ хойно лавлагаа авсан боловч боломжгүй гэдэг хариу өгдөг. Улсын яллагч тухайн дугаар хэний нэр дээр байдаг вэ гэж асуусан. Гэхдээ тухайн дугаар хэний дээр байх нь ямар хамаатай юм бэ? бид нар гэмт хэрэг болсон эсэхийг тогтооход ач холбогдолтой” гэж тус тус мэтгэлцсэн бол,
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, эсхүл буруугүй эсэх дээр дүгнэлт хэлээгүй, эргэлзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан учир шүүх бүрэлдэхүүн энэ тал дээр дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд хэргийн бодит байдалтай бүрэн нийцсэн, шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал, дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай байдлаар тодорхойлсон.
Хэдийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэгдсэн, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдэгдсэн боловч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Э.М “би ээждээ ямар нэг гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүх хуралдааны товыг мэдэгдэх үеэр өөрийн саналыг хэлсэн ба гэмт хэргийн улмаас гэм хорын хохирол, хор уршгийг нэхэмжлээгүй гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны, хууль ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 дахь хавтаст хэргийн 88 дугаар тал)-аар тогтоогдож байна.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Б.Ц үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн таарамжгүй харилцаа, ёс суртахууны байдлын улмаас зан заншлын хэм хэмжээ зөрчсөн үйлдэлд шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт нийт 166 хоног хоригдсон бөгөөд тухайн хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Гэмт хэргийн улмаас Э амь нас хохирсон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.М нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч тогтоогдоогүй, гар утсанд хийсэн үзлэгээр хураасан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, эд мөрийн баримтаар хураагдсан цайвар шаргал өнгийн хутга 1 ширхэг, хүний биед хийсэн үзлэгээр Б.Ц ас бор өнгийн хүрэн юүдэнтэй урт куртик, цэцэгтэй хөх цамц, цэнхэр өнгийн хөхний даруулга, цайвар ногоон өнгийн дотоож, улаан өнгийн хос оймс, хар өнгийн бэлтгэлийн өмд, хар зузаан өмд зэрэг нийт 7 төрлийн хувцас, цогцосны гадна үзлэгээр саарал өнгийн фудволк, хар өнгийн өмд, саарал өнгийн хос оймс, нийт 3 төрлийн хувцсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлээс: Миний үйлчлүүлэгчийн насны байдал болон хувийн байдал, анх удаа шалгагдаж байгаа нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн санал хүсэлтийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаваас: “Б.Ц нь 68 настай, шоронд орно гэдэг маш хүнд асуудал юм. Иймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хэдийгээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, гэм буруугийн талаар маргаж, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрөөгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн нь шүүгдэгч сайн дураараа хохирлыг нөхөн төлсөн гэж үзэхгүй, хор уршиг хэзээ ч арилахгүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоодоогүй, шүүгдэгчийн нас, бие зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 (арван нэг) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч энэ хэрэгт нийт 166 (нэг зуун жаран зургаа) хоног цагдан хоригдсон байх бөгөөд уг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2239000000059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт нь 11.5 см, урт нь 21.5 см, яс мэт цайвар шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэг, бор өнгийн хүрэн юүдэнтэй урт куртик 1 ширхэг, цэцэгтэй хөх өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цайвар ногоон өнгийн дотоож 1 ширхэг, улаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар зузаан өмд 1 ширхэг, саарал өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн оруулгатай саарал өнгийн оймс 1 хос зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, харин 1 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц 11 (арван нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг баримтлан шүүгдэгч Б.Ц энэ хэрэгт цагдан хоригдсон 166 (нэг зуун жаран зургаа) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц д эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Б.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт нь 11.5 см, урт нь 21.5 см, яс мэт цайвар шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэг, бор өнгийн хүрэн юүдэнтэй урт куртик 1 ширхэг, цэцэгтэй хөх өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цайвар ногоон өнгийн дотоож 1 ширхэг, улаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар зузаан өмд 1 ширхэг, саарал өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн оруулгатай саарал өнгийн оймс 1 хос зэргийг устгахыг шүүхийн эд баримт шийдвэрлэх комисст даалгаж, 1 ширхэг DVD-г хэргийн хадгалах хугацаа дуусах өдөр хүртэл хэрэгт хадгалсугай.
8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ХОСБАЯР
А.ЭНХБААТАР