| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/0134/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/231 |
| Огноо | 2025-09-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., 17.4.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.З,
Шүүгдэгч П, түүний өмгөөлөгч Э,
Шүүгдэгч Т, түүний өмгөөлөгч Х,
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: П, Т,Н.
Холбогдсон хэргийн талаар: П, 3.Т нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2022 оны 09 дүгээр сард Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, ***ийн орчим байрлах “***” ХХК-ийн өмчлөлийн төмөр замын суман шилжүүлэгчийн 6 метр урттай 2 ширхэг шор төмрийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч “***” ХХК-д 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч 3.Т нь Нтай бүлэглэн Нт итгэмжлэн хариуцуулсан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, ***ийн орчим байрлах “***” ХХК-ийн өмчлөлийн төмөр замын шоргүй жазз рам зам төмөр, хашихгүй хашихын рам зам төмөр, богино рунк зам төмөр 4 ширхэг, жижиг хэрэгсэл ивүүр, хадаасыг завшихыг гүйцэтгэн “***” ХХК-д 27,000,000 төгрөгийн хохирлыг учруулсан,
шүүгдэгч Н нь 3. Ттай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2022 оны 11 дүгээр сард өөрт нь итгэмжлэн хариуцуулсан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, ***ийн орчим байрлах “***” ХХК-ийн өмчлөлийн төмөр замын шоргүй жааз рам зам төмөр, хашихгүй хашихын рам зам төмөр, богино рунк зам төмөр 4 ширхэг, жижиг хэрэгсэл ивүүр, хадаасыг завшихыг гүйцэтгэн “***” ХХК-д 27,000,000 төгрөгийн хохирлыг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 2 хуудас),
“***” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 3 хуудас),
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/88 дугаар захирамж, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 1 дүгээр баг ***-т үйлдвэр зориулалтаар олгосон газар эзэмших гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 5, 6 хуудас),
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 11-17 хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Эгийн “...Миний мэдэж байгаагаар манай компани 2014 онд энэ төмөр зам баригдсан байдалтай байхад нь...худалдан авч байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 20 хуудас),
Нын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гэрчээр өгсөн “... Би Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-д анх 2011 онд жолоочоор ажилд орсон. Тэрнээс хойш өдрийг хүртэл уг компанид жолооч, сахиулаар ажиллаж байна...Манай компани 2013 он хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад зогссон юм. ..Тухайн үед УБТК-ын Өлзийт зөрлөгөөс баруун зүгт сарбарласан 1,2 километр салбар салбар зам барьсан байсан. Тухайн замыг ашиглаж чадаагүй бөгөөд үйл ажиллагаа зогссоноос болж хуулж аваагүй тэнд нь үлдээгээд олон жил болсон. Би эхнэрийн хамт Өлзийт зөрлөгийн урд талд амьдардаг тул надад компаниас үлдсэн дэд станцын тоног төхөөрөмж, тэсэлгээний өрөм, үйлдвэрийн газар, байшин, салбар зам зэргийг харж хандаж байхаар өдийг хүртэл цалинжуулж байсан....2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 4 ширхэг зам төмөр суман шилжүүлэгчтэйгээ алга болсон байсан. Би араас нь хайж яваад Өлзийт өртөөний төмөр замын ажилтан нэрийг нь мэдэхгүй хүнтэй уулзаж асуухад “П ах мэдэж байгаа” гэсэн. Би тэр П гэх хүний утасны дугаарыг аваад яриад “би хотод байна. Наана чинь очихоороо уулзаад бүх учрыг нь хэл” гэсэн. 2 хоногийн дараа ирээд надад ...”би аваагүй, Т гэдэг 22-ны замын бригадын дарга хийдэг хүн авсан” гэж надад хэлсэн. Ттай утсаар ярихад ...ирж уулзаад “алдагдсан зам төсөр, суман шилжүүлэгчийг би авсан юм. 3 хоногийн дотор авч ирж өгнө гэж хэлээд явсан. Ингээд 7-8 хоноход авч ирж өгөөгүй тул би дахин Ттай утсаар яриад хэлдэг газар нь хэлнэ гэхэд та байж бай гэж хэлээд яваад байсан. Ингээд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэж санаж байна Т ирээд “та энэ төмөр замын бэлчир буюу суман шилжүүлгийн үлдсэн хэсгийг өгчих, суман шилжүүлэг нь бүтнээрээ олдохгүй байна, би танд эргүүлээд бүтнээр нь авчирч угсраад өгнө” гэж хэлээд 3 хоногийн дараа 1 танихгүй залуутай ирж “...энэ хүнд суман шилжүүлгийг зарна гээд хэлчих, наад хүн чинь мөнгөтэй хүн байгаа юм” гэж надаар хэлүүлж байсан. мөн тэр хүнд 45,000,000 төгрөг гэж хэлээрэй гээд би хэлэхэд энэ суман шилжүүлэгч чинь хагас юм байна гээд 25,000,000 төгрөг өгье гэхэд Т өгчих гээд над руу толгой дохиж хэд хоногийн дараа Т өөрөө ирж авсан...” гэх мэдүүлэг,
2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн гэрчийн “... 2022 оны 11 дүгээр сард Т өөрөө ирээд “Мөнгө өсгөж байж болохгүй бол олдохгүй юм байна. Энэ үлдэгдлийг нь зараад эргүүлээд би бүтнээр нь олно” гэж хэлэхээр нь би “Тэгээд хэдээр яаж зардаг юм бэ?” гэсэн чинь “Нэг мөнгөтэй хүн байгаа. Би дагуулж ирнэ. Та 45 сая гэж хэлээрэй” гээд тохироод явсан. Хэд хоногийн дараа нэг танихгүй залуутай ирээд үзүүлсэн. Тэгтэл нөгөө залуу “Хэдэд өгөх вэ?” гэхээр нь Тын хэлсэн үнэ буюу “45 сая” гэж хэлсэн чинь “Хагас дутуу, чухал юмнууд нь байхгүй байна, авахгүй, эдгээрийг бол 25 саяд авбал авна” гэхээр нь “За тэгвэл боль боль” гэсэн. Тэгээд явах гээд хашааны үүдэнд зогсож байтал Т 25 саяаар зарчихъя” гэхээр нь “Чи тэгээд тэр мөнгөөр нь бүтнээр бүрэн болгож олж авч чадах юм уу” гэсэн чинь “Болно оо” гэхээр нь “За за заръя” гэж нөгөө залууд хэлээд наймаа хийхээр болоод салсан. Тэгээд маргааш нь Т нэг залуу дагуулж ирээд тухайн эд зүйлийг салгаж бэлдэж байгаад хэд хоногийн дараа тэвштэй машин крантай машин хоёртой ирээд бэлчир зам төмрүүдийг ачаад аваад явсан... “Та одоо нөгөө хүн рүү дансаа явуулчих гэхээр нь өөрийн хүргэн Жы данс руу 15 сая, өөрийнхөө данс руу 10 саяыг шилжүүлчих гэж мессежээр явуулсан. Мөнгө нь тэр дороо бид хоёрын данс руу орж ирсэн” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21-23, 27-28 дугаар тал),
Пын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн яллагдагчаар өгсөн “...Над руу Т нь 2022 оны 08-09 сард байх утсаар яриад төмөр замын суман шор 2 хэрэгтэй байна гэхэд би мэдэхгүй ээ гэхэд наад газраас чинь хоёр шор авчихъя гээд хэлсэн дараа нь бид хоёр 22 цагийн орчимд уулзаад ярихад Т нь би шорыг нь тайлчихъя тэгээд хэрэглэчихээд буцаагаад өгчихнө гэж хэлсэн тэгээд бид хоёр 2 шорыг сугалж аваад Т унаж ирсэн цэнхэр өнгийн портер машин дээр гаргаж тавьсан өөр болоогүй хаашаа авч явсныг нь ч бас мэдээгүй. 3 хоногийн дараа Т нь надад 1,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Тухайн мөнгөөр нь эхнэр Бийн хаан банкны *** тоот данс руу шилжүүлж авсан. Би сарын дараа байх Тад 1,000,000 төгрөгийг буцаан өгсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66-68 хуудас),
Тын яллагдагчаар өгсөн “…2022 оны 03 сард байх он сарыг нь сайн мэдэхгүй байна. Би Птай утсаар яриад төмөр замын сумын шор хэрэгтэй байна хоёрыг өгчих гэж хэлсэн тэгсэн П тухайн үед за гэж хэлсэн тэгээд би Ч гэх хүний цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй очиж авсан тухайн машиныг би өөрөө жолоодон очиж П ахтай хамт өргөж машин дээр тавиад би явсан хэд хоног хөдөө дэрсэн дотор тэр шороо хаячихсан байж байгаад хувийн төмөр замд ажилладаг хүнийг дам дамаараа ярьж байгаад олж аваад би утсаар ярьж байгаад 4,500,000 төгрөгөөр зарж мөнгийг *** тоот данс руу шилжүүлэн авсан би П ахад 1,000,000 төгрөгийг нь өгсөн…Эхний хулгайн 2 шор авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг,
Гэрч Чын “…*** улсын дугаартай хөх өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийх…2023 оны 08 дугаар сард …зарсан…2022 оны 09-11 сарын хооронд Тад тухайн тээврийн хэрэгслийг өгч явуулж байсан. Өгөхдөө ямар шалтгаанаар тээврийн хэрэгслээ өгснийг одоо санахгүй байна. Надаас тээврийн хэрэгсэл аваад 3 хоног авч явсан санагдаж байна…” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 40-41 хуудас),
Иргэний хариуцагч Д.Эын “... Н гэдэг хүн надаас 2022 оны 11 дүгээр сард 2 дансанд 15,000,000 (арван таван сая) болон 10,000,000 (арван сая) төгрөгийг хувааж шилжүүлж авсан. 3.Т нь надад “Хүн суман шилжүүлэгчийн ком зарах гэж байна. Та үзэх үү” гэж байсан. Тэгээд би өөрөө очиж үзээд Н гэх хүнтэй уулзсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 224 хуудас),
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1349 дугаартай шинжээчийн “...зах зээлийн үнэ цэнийг 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гэж дүгнэж байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 36-39 хуудас),
“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 1001561 дугаартай шинжээчийн “...*** Fronter загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнийг 4,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 34-36 хуудас),
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ТXY-323-8275 дугаартай шинжээчийн “...Таны ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын дагуу эрүүгийн *** дугаартай хэрэгт хамаарах эд хөрөнгө /төмөр замын сэлбэг/-ийн ҮОУС-ын дагуу зах зээлийн хандлагыг хэрэглэн үнэлж зах зээлийн бодит үнэ цэнийг 2022 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 63,468,408 төгрөгөөр тодорхойлсон үнэлгээний тайланг хүргүүлж байна” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 43-63 хуудас),
Хохирогч “***” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “…Манай компанийн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Өлзийт зөрлөгт байрлах компанийн хашаанаас 2022 оны 11 дүгээр сард төмөр замын доторх эд анги материал, жижиг хэрэгслүүдийг хулгайд алдсан. Үүнд: Шоргүй жааз рам зам төмөр, Хашихгүй хашихын рам зам төмөр, Богино рүнк зам төмөр 6 ширхэг, Жижиг хэрэгсэл ивүүр, хадаас байсан болно. Эдгээр төмөр замын эд анги материал, жижиг хэрэгслүүд нь 27,000,000 төгрөгийн үнэтэй бүрэн бус дутуу суман шилжүүлэг байсныг иргэ Д.Э худалдаж авсан байсан бөгөөд буцааж тавьж өгч манай компанийг хохиролгүй болгосон болно” гэх тайлбар (3 дугаар хавтаст хэргийн 37 хуудас),
Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үндсэн хөрөнгийн тооллогын бүртгэлд “...Модрон тэрэг үнэ 215,641.69 төгрөг гэх баримт (3-р хавтаст хэргийн хуудас)
Т, Н нарын дансны дэлгэрэнгүй хуулгууд (хавтаст хэргийн 118-144, 195-221 хуудас) зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч П, Т нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2022 оны 09 дүгээр сард Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт, ***ийн орчим байрлах “***” ХХК-ийн өмчлөлийн төмөр замын суман шилжүүлэгчийн 6 метр урттай 2 ширхэг шор төмрийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч “***” ХХК-д 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т, Н нар бүлэглэн Нт итгэмжлэн хариуцуулсан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, ***ийн орчим байрлах “***” ХХК-ийн өмчлөлийн төмөр замын Шоргүй жааз рам зам төмөр, Хашихгүй хашихын рам зам төмөр, Богино рүнк зам төмөр 6 ширхэг, Жижиг хэрэгсэл ивүүр, хадаас байсан болно. Эдгээр төмөр замын эд анги материал, жижиг хэрэгслүүдийг завшиж “***” ХХК-д 27,000,000 төгрөгийн хохирол учруулжээ.
Шүүгдэгч П, Т нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “машин механизм ашиглаж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
“***” ХХК-ийн өмчлөлийн 2 метр урттай 2 ширхэг шор төмрийг шүүгдэгч нар нь төмөр замд ашигладаг модрон гэх шор төмөр зөөвөрлөх зориулалт бүхий зүйлийг ашиглан замаас гаргаж, цааш Fronter загварын тээврийн хэрэгслээр зөөж тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, мэдүүлгээр тогтоогдож байх тул энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашигласан гэж хүндрүүлэн зүйлчилсэн байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шүүгдэгч П, Т нарыг үүрэг оролцооны хувьд хэн алийг нь гүйцэтгэгч гэж дүгнэсэн Прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т, Н нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Т нь уг гэмт хэргийг үйлдэхдээ зохион байгуулагч, Н нь гүйцэтгэгчээр оролцсон болох нь тогтоогдож байна.
Өмгөөлөгч Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Нын зүгээс болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн тал дээр маргахгүй. Н нь өөрийн итгэмжилсэн, хариуцаж байсан “***” ХХК-ийн эд зүйл болох төмөр замын суман шилжүүлгээс завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн тухайд хохирлыг бүрэн барагдуулсан бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна” гэв.
Өмгөөлөгч Э шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч П, Т нарыг бүлэглэн дээр компанийн төмөр замын шор төмрийг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, хулгайлан авч 4,500,000 төгрөгийн хохирлыг учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Яллах дүгнэлтийн хууль зүйн дүгнэлтээ энэ үйлдлийг “Ашид билгүүн” ХХК-ийн дүгнэлт, Т, П нарын дансны хуулгаар тогтоогдож байна гэсэн байгаа. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээс харах юм бол П тухайн шор төмрийг ачилцаж өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Хамгийн гол нь тухайн шорыг Т хулгайн сэдлээр авч байгаа юу гэдгийг мэдэх боломжгүй байсан. Өмнө нь удирдлагаар нь ажиллаж байсан учраас гуйсных нь дагуу үгүй гэж хэлж чадаагүй, ачилцаж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ нь өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон Н гуайн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байгаа. Прокуророос дансны хуулгаар тогтоогдож байгаа гэж үзээд байгаа. Таас Пын эхнэр данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулгыг хэрэгт хавсаргасан байсан. Тын дансны хуулга мөн хэрэгт авагдсан түүгээр тогтоогдсон гэж үзсэн. Тэр дээр 09 сарын 21-ний өдрийн Пүрэвжаргалаас буцааж 1,000,000 төгрөгийг өгсөн дансны хуулга хэрэгт байхгүй. Зөвхөн Пт шилжүүлсэн он сартай дансны хуулга л авагдсан. Үүнээс харах юм бол Тын мэдүүлэг тогтоогдоод байгаа шиг байгаа. Үүнийг үндэслээд прокуророос дансны хуулгаар тогтоогдож байна гэж хэрэг үүсгэсэн. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд дансны хуулгаар эсрэгээрээ Пын мэдүүлэг тогтоогдож байна. Өөрөөр хэлэх юм бол 1,000,000 төгрөгийг Улаанбаатар хотод хүүхэд эмчлүүлээд явж байхдаа зээлсэн, арван хэдэн хоногийн дараа буцааж өгсөн гэдэг нь (хавтаст хэргийн 156-158 хуудас) авагдсан дансны хуулгануудаар тогтоогдож байна. Тийм учраас шунахайн сэдэлтээр хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх гэмт хэргийн субьектив шинж тогтоогдохгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэв.
Дээрх өмгөөлөгч Э, Ш нарын дүгнэлт нь шүүгдэгч Пын “...Над руу Т нь 2022 оны 08-09 сард байх утсаар яриад төмөр замын суман шор 2 хэрэгтэй байна гэхэд би мэдэхгүй ээ гэхэд наад газраас чинь хоёр шор авчихъя гээд хэлсэн дараа нь бид хоёр 22 цагийн орчимд уулзаад ярихад Т нь би шорыг нь тайлчихъя тэгээд хэрэглэчихээд буцаагаад өгчихнө гэж хэлсэн тэгээд бид хоёр 2 шорыг сугалж аваад Т унаж ирсэн цэнхэр өнгийн портер машин дээр гаргаж тавьсан...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл Т нь удирдах албан тушаалтан байсан тул хулгайн сэдлээр авч байгааг мэдэх боломжгүй байсан гэх дүгнэлт үгүйсгэгдэж байна.
Өмгөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийг прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан гээд тусгай субъекттэй, субъектийг нь тусгайлан заасан гэмт хэрэг байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “***” ХХК нь Тад ямар нэгэн байдлаар эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулаагүй нь тогтоогдож байгаа. Гэмт хэргийг зохион байгуулсан гэдгийг ямар байдлаар яллах дүгнэлт дээр үндэслэл болгосон байдаг гэхээр Нын мэдүүлэг, Эын гэрч, иргэний хариуцагч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг үндэслэн яллаад байгаа. Тэгэхээр энэ хэргийг зохион байгуулсан гэдэг нь Нын мэдүүлгээр тогтоогддог, Нын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогддоггүй. Тиймээс түүний мэдүүлгийг үнэн зөв, бодитой гэж үнэлэх шаардлага гарч байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект Т биш байна гэсэн ойлголт гарч ирнэ. Иймээс түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж оруулж ирж байгаа. Энэ хүндрүүлэх бүрэлдэхүүнд мөн маргаантай байдал харагдаж байгаа. Т анхнаасаа төмөр замын хоёр шор төмрийг авснаа хүлээн зөвшөөрдөг. Энэ авсан үйлдэл буюу хулгайлах гэмт хэрэг хэзээ төгссөн гэдэг дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох гэж байгаа. 1.7 дугаар зүйлийн 3-т шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж байгаа. Нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүхээс хуралдааныг хойшлуулсан. Энэ хугацаанд Т тухайн гэмт хэргийг үйлдэхдээ ямар багаж ашигласан талаар шалгаж тогтоо гэсэн. Шорыг 6 метр урттай, төмөр гэдгийг бид нар ойлгосон. Энэ төмрийг төмөр замаас юугаар зөөвөрлөсөн бэ гэдэг асуудал мөн тодорхой болсон. Өөрөөр хэлэх юм бол модрон нэртэй төмөр замын төмрүүдийг зөөх зориулалттай техник байдаг юм байна лээ. Үүний зураг хэрэгт хавсаргагдсан. Яг тухайн хэргийн газраас хоёр төмрийг энэ шороор зөөсөн гэдэг нь тодорхой болсон. Машин механизм ямар байдлаар ашигласан гэхээр Т нь 27 дугаар зөрлөг дээр ажилладаг бөгөөд гэртээ ирж очихдоо Өлзийт зөрлөгөөр байнга дамнаж Говьсүмбэр аймаг руу гэр рүүгээ пронтер маркийг машиныг унаж явдаг. Хоёрдугаарт тухайн хулгайлах гэмт хэрэг нь хоёр шор төмрийг модрон ашиглаж хэргийг газраас холдуулаад буулгах үед гэмт хэрэг төгсөж байгаа. Төгссөн үйлдлийнхээ дараа зөөж зөөвөрлөхдөө машин механизм ашигласан гэсэн үг. Монгол улсын дээд 2020 оны 12 сарын 18-ны өдрийн 679 дугаартай тогтоол байдаг. Энэ тогтоолд хулгайлах үйлдэл төгссөний хулгайлсан эд зүйлийг тээвэрлэж, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааран үздэггүй гэж байгаа. Мөн 2018 оны 06 сарын 25-ны өдрийн 306 дугаартай тогтоолд хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэж, тээвэрлэн хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх зүйлд хамааруулж үздэггүй гэсэн байгаа. Тэгэхээр Тын хулгайлсан зүйлээ модероноор зөөж хэргийн газраас зайлуулснаар хулгайлах үйлдэл төгсөж байгаа. Тэгээд маргааш нь очиж зөөсөн гэж мэдүүлсэн мэдүүлгүүдийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж хэргийг хөнгөрүүлэх нь зүйтэй байна гэсэн саналтай байна” гэв.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П, Т нараас “хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ модрооноор түрээд ...400 метр гаран явсан...” гэж, 400 метрийн цаана юу байсан юм, юун дээр аваачиж тавьсан юм гэх асуултад шүүгдэгч Т “Хашаанаас нь гараад арай намхан ул шорооны тэнд аваачиж буулгасан” гэж, Буулгаж орхичихоод дараа яасан юм гэхэд шүүгдэгч Т “Тэгээд яваад маргааш ажлаасаа буцаж явахдаа машинтайгаа хоёр шорыг ачиж явсан” гэж, Ямар машинтай явсан юм гэхэд шүүгдэгч Т “Пронтер маркийн машинтай” гэж, хоёр шорыг машин ашиглахгүй авч явах боломжтой юу гэхэд шүүгдэгч Т “Зам төмөр дээр нь чирээд явж болно” гэж, машиндаа тухайн төмрүүдийг аччихаад хаачсан юм гэхэд шүүгдэгч Т “Хойшоо 2 км гаран яваад дэрсэн дунд буулгаж орхисон” гэж, Тухайн төмрүүдийг хэзээ авч явж зарж борлуулсан юм гэхэд шүүгдэгч Т “Машин олдохгүй нэлээд хэд хоногийн дараа том тэрэг гуйгаад ачиж явсан” гэх мэдүүлгээр энэ гэмт хэрэг Пронтер маркийн автомашинаар ачиж явснаар төгсжээ. Иймд шүүгдэгч Тын өмгөөлөгч Хы дүгнэлт үгүйсгэгдэж байна.
Хохирол төлбөрийн тухайд:
Энэ гэмт хэрэгт шүүгдэгч П, Т, Н нар нь хохирол төлбөрөө барагдуулсан байх тул тэднийг хохирол төлбөргүйд тооцлоо.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дэх зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч П, Т нар тус тус 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Тын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар завших гэмт хэрэг үйлдэж “***” ХХК-д 27,000,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шүүгдэгч тус бүрт 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулах саналыг гаргаж байна” гэх дүгнэлт,
Өмгөөлөгч Шаас “...Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзнэ гэж заасан байдаг. Гэм буруугийн тал дээр маргаагүй зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байдаг. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд тогтвор суурьшилтай байдаг зэргийг харгалзан 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэж өгнө. Тээр зүйлд заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх,
Өмгөөлөгч Эээс “Пын тухайд насаараа Улаанбаатар төмөр замд ажилласан одоо мөн ажиллаж байгаа. Хоёр газар гэрээтээр ажилладаг. Гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй. Энэ хүний гэм буруугийн байдал зэргийг харгалзан заасан үндэслэлээр 1 жилийн хугацаа болгож багасгаж өгнө үү...” гэх,
Өмгөөлөгч Хаас “Т болон өмгөөлөгчийн зүгээс прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй маргаж байгаа. Гэхдээ энэ гэмт хэрэг эрүүгийн хариуцлагыг ухамсарлан явсан байдаг зэргийг харгалзан үзэж шийдвэрлэж, эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлийг хэрэглэх бүрэн боломжтой байгаа учраас хорихоос өөр төрлийн ял оногдуулж 6.7 дугаар зүйлийн 8-т зааснаар хорих ял хорихоос өөр төрлийн ялыг тусад нь шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр,
17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр зохицуулсан.
Шүүгдэгч Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
Шүүгдэгч Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Шүүгдэгч Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-т заасныг баримтлан 2 жилийн хорих ял дээр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т, П нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Fronter маркийн *** тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 2,250,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т, П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тыг Птай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг, Нтай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Пыг Ттай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ныг Ттай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрх хязгаарлах ял,
Шүүгдэгч Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж,
Шүүгдэгч Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-т заасныг журамлан шүүгдэгч Тад оногдуулсан 2 жил хорих ял дээр дээр 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Тад оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял, Пт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т, П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7.Энэ хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т, П нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Fronter маркийн *** тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 2,250,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ