Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/712

 

 

 

 

    2021             7             29                                        2021/ДШМ/712

 

О.М, П.Д нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

яллагдагч О.Мийн өмгөөлөгч Л.Нинжбат,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/1450 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Доржмаагийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаартай эсэргүүцэл болон яллагдагч О.Мийн өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан давж заалдах гомдлоор О.М, П.Д нарт холбогдох 1902008180163 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О.М, 0000 оны 00 дүгээр сарын 0-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хххххххххххххххххххххххх мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Баянмонгол хорооллын 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ШЕ0000000000/;

2. П.Д, 0000 оны 00 дүгээр сарын 0-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:000000000/;

Яллагдагч О.М нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал бөгөөд Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр, П.Д нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Зээл, төслийн албаны дарга бөгөөд Төсөл сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байхдаа бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 138 дугаартай тогтоолоор батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журмын дагуу төсөл сонгон шалгаруулах эрх бүхий хорооны 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар нийт 212 иргэн, аж ахуй нэгж байгууллагын төсөл, материалыг хэлэлцүүлэхдээ түр журмын 1.2 дахь заалтад заасан “... энэхүү журамд заасан шаардлагыг хангасан төслийг хамруулна” гэснийг, 3.10 дахь заалтад заасан “... буруу үнэлгээ хийх, бусдад давуу байдал бий болгохыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, санг төлөөлж оролцох албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түр журмын 4.8 дугаар зүйлд заасан бүрдүүлбэл зохих материалуудыг бүрэн ирүүлээгүй “Б” ХХК, “К” ХХК, “Т” ХХК, “Р” ХХК, “Б” ХХК тус бүрт 2,000,000,000 төгрөгийн, “И” ХХК-д 400,000,000 төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.М, П.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас заавал хохирол учирсан байхыг шаардахгүй боловч О.М, П.Д нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны “Жижиг дунд үйлдвэрийн газар”-т 14 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба уг үйлдэл, хохирол 2 шууд шалтгаант холбоотой гэж үзнэ. Тус төрийн байгууллагыг төлөөлж Жижиг дунд үйлдвэрийн газрын Хууль тусгай активын мэргэжилтэн С.Төгсбатыг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон /7хх 113-117/ мөрдөн шалгах ажиллагаанд оролцуулжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримтыг хавсаргана” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад шүүх хуралдаанаар “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх”-ийг хянана гэж тус тус зааснаас үзэхэд прокурор хүсэлтийг шийдвэрлэхээс өмнө хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч нар харилцан тохиролцож гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн эсэх, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг хянасан байх ёстой. Хохирогч С.Төгсбатад шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэх үед хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжиж ирсэн талаар мэдсэн байх бөгөөд шүүх хуралдаанаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй, хохирол нөхөн төлөхөөс хохирогч, яллагдагч, иргэний хариуцагчийн хэн аль нь илэрхийлээгүй нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” гэсэн хохирогчийн эрхийг зөрчсөн, мөн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй байна. Уг хэргийн хувьд бусдад давуу байдал бий болгосны улмаас бодит хохирол учирсан, хохирлыг иргэний хариуцагч нар хариуцахаар тогтсон боловч хохирлыг хэдий хугацаанд, ямар орлогын эх үүсвэрээс хэрхэн төлөх талаар хохирогчтой урьдчилан тохиролцсон баримт хэрэгт авагдаагүй тул хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно” гэж заасныг анхаарах нь зүйтэй. Иймд яллагдагч О.М, П.Д нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал хангагдаагүй үндэслэлээр прокурорт буцааж, яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Яллагдагч О.Мийн өмгөөлөгч Л.Нинжбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “... шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж заасан байх ба анхан шатны шүүх хуулийн дээрх шаардлагын аль хэсэг хангагдаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. О.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас заавал хохирол учирсан байхыг шаардахгүй. /анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч дүгнэлт хийсэн байгаа/ О.М нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байгаа тохиолдолд хуулийн дээрх заалтуудад заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүгчийн захирамжид “... прокурор хүсэлтийг шийдвэрлэхээс өмнө хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, яллагдагч нар харилцан тохиролцож гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн эсэх, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг хянасан байх ёстой ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалыг ноцтой зөрчсөн гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх ...” гэсэн өөрчлөлт оруулж, “... хохирогчтой эвлэрсэн эсэх ...” гэх заалтыг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчийн зүгээс яллагдагч, шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхэд голлон анхаарч, хэргийн хохирогчийн гомдол, хүсэлт болон түүнтэй эвлэрсэн эсэхээс үл шалтгаалж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байхаар зохицуулсан байна. Шүүх хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчийн “... гомдолтой гэж үзэж, хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардсан ...” нөхцөл байдлыг хэргийг прокурорт буцаах үндэслэл болгож, шүүгдэгчийн хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх эрхийг хязгаарласанд гомдолтой байна. Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад О.М, П.Д нар шууд хариуцан төлөх хохирол, хор уршиг байхгүй болох нь тогтоогдсон, прокурорын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 102 дугаартай яллах дүгнэлт болон түүний хавсралтад яллагдагч нарт холбогдуулан хохирол тооцоогүй, бусдад төлөх төлбөргүй талаар дурдсан нөхцөл байдалтай байхад О.Мийг “... гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнгүй, ... хэрэгт хяналт тавьж байгаа прокурорыг түүнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчтэй уулзуулж, тохиролцуулах арга хэмжээ авсангүй ...” гэж үзэж, шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Мөн шүүгчийн захирамжийн 3 дахь талд “... хохирол нөхөн төлөхөө яллагдагч, иргэний хариуцагчийн хэн аль нь илэрхийлээгүй нөхцөл байдал тогтоогдлоо ...” гэж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслээгүй ташаа дүгнэлт хийсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хяналтын шатанд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хэн нөхөн төлөх ёстойг тогтооход чиглэсэн бүхий л ажиллагаа хийгдсэн байдаг ба Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авсан “Блюскай стар” ХХК, “Кореасан са” ХХК, “Төгс шим” ХХК, “Рояал кроун” ХХК, “Буйр лейк тур” ХХК, “Ийстерн агро” ХХК-иудыг иргэний хариуцагчаар татаж, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар болон Д.Оюунтуяа, У.Мөнхчимэг, Б.Баярмаа, О.Ганчимэг, С.Баттулга нарын уг зээлийг авснаа зөвшөөрсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт тус тус авагдсан байна. Иймд дээрх гомдолд дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Прокурор О.Доржмаа бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь давуу байдал бий болгосноор төгсдөг. Тодруулбал, яллагдагч нарын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журамд заасан шаардлагыг хангаагүй “Блюскай стар” ХХК, “Кореасан са” ХХК, “Төгс шим” ХХК, “Рояал кроун” ХХК, “Буйр лейк тур” ХХК, “Ийстерн агро” ХХК-иудын материалуудыг хөнгөлөлттэй зээл авах шаардлага хангасан мэтээр Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралдаанд танилцуулж, бодлогын зээлд хамруулах шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлж, зээл болон барьцааны гэрээ байгуулснаар төгссөн гэж дүгнэсэн тул Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон нийт 10,400,000,000 төгрөгийн зээлийг гэмт хэргийн хохиролд тооцоогүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцсон болно. Учир нь, О.М, П.Д нар нь дээрх нэр бүхий зургаан хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад тодорхойлсон “хамаарал бүхий этгээд”-д хамаарахгүй, мөн авсан зээлээс хамтран зарцуулсан нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна зээлийн болон барьцааны гэрээний хугацаа дуусаагүй байх тул олгосон зээлийг гэмт хэргийн хохирол гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхад иргэний эрх зүйн харилцаанд халдаж, прокуророос гэмт хэргийн хохирол гэж дүгнэх хууль зүйн боломжгүй юм. Ийнхүү Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон 10,400,000,000 төгрөгийн зээлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохиролд тооцоогүй тул “их хэмжээний хохирол учруулсан” гэх зүйлчлэлийг хүндрүүлээгүй бөгөөд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтэд хохирол төлсөн баримтыг шаардаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд харшлах шалтгаан байхгүй гэж үзсэн. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь заалтад “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхийг шүүх хуралдаанаар хянана” гэж заасан ба яллагдагч О.М, П.Д нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу авсан зээлийг давуу байдлаар авсан нэр бүхий зургаан хуулийн этгээд зээл болон барьцааны гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу төлөхөө илэрхийлж, уг хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан, энэ талаар тус тус мэдүүлэг өгснийг шүүх үнэлэхгүйгээр эвлэрлийн гэрээ шаардаж, хэргийг прокурорт буцаасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлнэ” гэснийг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг тус тус зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн, анхан шатны шүүх нэр бүхий 6 хуулийн этгээдэд олгосон 10,400,000,000 төгрөгийн зээлийг гэмт хэргийн хохиролд тооцож шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг хүндрүүлэх, эсхүл хор уршигт тооцож зээлийг хэзээ, хэрхэн төлөх талаарх баримтыг шаардсан аль нь болох нь тодорхойгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурор О.Доржмаагийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаартай эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ өмгөөлөгчийн давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Яллагдагч О.М, П.Д нарт холбогдох хэргийг хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээс гадна шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг энэ магадлалд заасан үндэслэлээлр нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэв.

Нэг. Яллах дүгнэлтэд тусгасан хэргийн үйл баримтыг тодорхой болгож, хууль зүйн үндэслэлийн агуулгатай нийцүүлэх талаар:

Яллах дүгнэлтэд Яллагдагч О.М нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал бөгөөд Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр, П.Д нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Зээл, төслийн албаны дарга бөгөөд Төсөл сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байхдаа бүлэглэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 138 дугаартай тогтоолоор батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журмын дагуу төсөл сонгон шалгаруулах эрх бүхий хорооны 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар нийт 212 иргэн, аж ахуй нэгж байгууллагын төсөл, материалыг хэлэлцүүлэхдээ түр журмын 1.2 дахь заалтад заасан “... энэхүү журамд заасан шаардлагыг хангасан төслийг хамруулна” гэснийг, 3.10 дахь заалтад заасан “... буруу үнэлгээ хийх, бусдад давуу байдал бий болгохыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, санг төлөөлж оролцох албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түр журмын 4.8 дугаар зүйлд заасан бүрдүүлбэл зохих материалуудыг бүрэн ирүүлээгүй “Блю скай стар” ХХК, “Кореасан са” ХХК, “Төгс шим” ХХК, “Рояал кроун” ХХК, “Буйр лейк тур” ХХК тус бүрт 2,000,000,000 төгрөгийн, “Ийстерн агро” ХХК-д 400,000,000 төгрөгийн зээл авах боломжийг бүрдүүлж, давуу байдал бий болгосон гэжээ.

Яллах дүгнэлт нь хүнийг гэмт хэрэгт буруутгаж байгаа эрх зүйн баримт бичгийн хувьд шүүхийн шийдвэрийн нэгэн адил хэргийн үйл баримтыг тодорхой тусгаж, хууль зүйн дүгнэлтийг ойлгомжтой байдлаар хийсэн байх ёстой.

Яллах дүгнэлтэд тусгасан үйл баримтаас үзэхэд, 6 хуулийн этгээдэд зээл олгосон үйл ажиллагаа нь  тус бүртээ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтад орж, тус тусдаа шийдвэрлүүлжээ.

Иймд нэр бүхий 6 компани тус бүрийг сонгон шалгаруулахдаа ямар хууль, дүрэм, журмыг зөрчсөн, яллагдагч О.М, П.Д нар нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашигласныг компани тус бүрээр дүгнэх нь прокурорын яллах дүгнэлт “хууль ёсны, үндэслэл бүхий байх” шаардлагыг хангахын зэрэгцээ бие даасан үйлдэл бүрт гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.

Мөн яллах дүгнэлтэд, Түр журмын 1.2 дахь заалтад заасан “... энэхүү журамд заасан шаардлагыг хангасан төслийг хамруулна” гэснийг, 3.10 дахь заалтад заасан “... буруу үнэлгээ хийх, бусдад давуу байдал бий болгохыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, 4.8 дугаар зүйлд заасан бүрдүүлбэл зохих материалуудыг бүрэн ирүүлээгүй гэж дүгнэсэн боловч энэ заалтуудыг хэргийн үйл баримтад илүү тодорхой буюу аль компаний үйлдэл дээр ямар байдлаар зөрчсөн нь уг заалтад хамаарч байгааг компани тус бүр дээр дүгнэх нь хуулийн агуулгад нийцнэ.

Мөн  яллах дүгнэлтэд ... О.М нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал бөгөөд Төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр, П.Д нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Зээл, төслийн албаны дарга бөгөөд Төсөл сонгон шалгаруулах хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байхдаа бүлэглэн ... үйлдсэн гэжээ.

Гэмт хэрэгт хамтран оролцогч тус бүрийн үйлдэл нь бие биенийхээ үйлдлийг дэмжсэн, харилцан уялдсан байх бөгөөд тэдний тус бүрийн үйлдэл нийгэмд аюултай, тухайлбал гэмт хэргийн үр дагаврыг бий болгоход зохих хувь нэмэр оруулсан нөхцөлд гэмт хэрэгт хамтран оролцогч болно.

Хамтран оролцогчид гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байдаг бөгөөд оролцсон оролцооны хэлбэр нь тухайн этгээдийн гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж идэвхтэй, зарим нь идэвхгүй буюу эс үйлдэхүйгээр илэрдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох нөхцөл байдал, оролцооны хэлбэрийг нэг бүрчлэн хуульчилж, гэмт хэрэгт оролцсон байдлаас шалтгаалан оногдуулах ял шийтгэл ялгамжтай байдаг.

Иймд О.М, П.Д нар нь хэрхэн, ямар үйлдлээр санаа зорилго нэгдэж хамтран оролцсон үйл баримтыг тодорхой тусгаж, уг оролцоо нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд болон 3.7 дугаар зүйлд заасан зохицуулалтын агуулгад нийцэж байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийсний эцэст бүлэглэсэн гэж үзвэл зохино.

Хоёр. Хэргийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл/Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол ... гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол ... гэж тус тус гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

 Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулдгаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршиг учруулдаг онцлогтой.

Албан үүрэг, бүрэн эрх гэж сонгуульт болон томилолтын албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийн нэгдлийг;

Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг, буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;

Албаны чиг үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байх гэж албан тушаалтанд хуулиар хүлээлгэсэн хийх ёстой үүргээ албаны ашиг сонирхолд хортойгоор ашиглах зорилгоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг;

Өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар өөрт нь болон хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг тус тус ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн 1 дэх хэсэгт өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдлээс хохирол учирсан байхыг шаардаагүй бол 2 дахь хэсэгт уг үйлдлээс хохирол учирсан байхыг шаардсан.

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдлээс буюу түүнтэй шалтгаант холбоотойгоор хохирол учирсан бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Хуулиар хамгаалагдсан харилцаанд халдсан үеэс гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхойлж, уг үйлдлийн өрнөл, хүрэх үр дагаврыг цогцоор нь авч үзсэний үндсэн дээр хэргийг зүйлчлэх нь хууль хэрэглээний хувьд чухал байдаг.

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдлээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн хүрээнд мөнгө бусдад олгогдсон гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэх нь шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахгүй байх, нийгмийн үнэт зүйлсийг хамгаалах Эрүүгийн хуулийн зорилго, үзэл баримтлалд  нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

Прокуророос Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдлээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийн хүрээнд бусдад олгогдсон мөнгийг хор уршигт тооцохоор тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй.

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдлээс учирсан хохирлыг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол ...” гэж гэмт хэргийн шинжийг тодорхой заасан байхад прокурор Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласнаас буюу хууль бус шийдвэрт үндэслэж олгогдсон мөнгийг хор уршиг гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж зааснаас үзэхэд хор уршиг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос улбаалан үүсэж байгаагаараа ялгагдана.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид хор уршиг учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор заасан тохиолдолд тухайн зүйлээр зүйлчлэхээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заажээ.

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө давуу байдал бий болгож, уг үйлдлээс шууд өөртөө авсан мөнгө нь их хэмжээ бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй, харин бусдад давуу байдал бий болгож, уг үйлдлийн улмаас үүссэн хохирлыг өөрөө аваагүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж прокурор тайлбарласныг явцуу хүрээнд тайлбарласан гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, аль ч тохиолдолд Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдлээс хуулиар хамгаалагдсан харилцаа зөрчигдөж, хууль зөрчсөн үйлдлээс төсвийн хөрөнгө хууль бусаар бусдад олгогдож,  нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан байгааг анхаарч үзэх ёстой.

Гурав. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар:

Прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай танилцахдаа яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоодсон эсэхийг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлдэг.

Яллагдагч О.М, П.Д нарын бусдад давуу байдал бий болгосон үйлдлийн улмаас гуравдагч этгээд буюу “Б” ХХК, “К” ХХК, “Т” ХХК, “Р” ХХК, “Б” ХХК, “И” ХХК тус бүр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд тодорхой хэмжээний хохирол учруулж, уг хохирол нөхөн төлөгдөөгүй нь тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт яллагдагч нарын хууль бус үйлдлийн улмаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авснаа иргэний хариуцагч нар хүлээн зөвшөөрч, зээлийн үйлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байдлаар мэдүүлэг өгсөн боловч энэ талаар прокурор дэлгэрэнгүй байдлаар дүгнэж, хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-т гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх гэж заажээ.

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, уг үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учруулсан бол мөн зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилдэг.

Өөртөө давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан этгээд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд өөрөө гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлага тавигдана.

Харин бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд гуравдагч этгээдийг иргэний хариуцагчаар татаж, иргэний хариуцагч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх шаардлага тавигдана.

Гэмт хэрэгт холбогдсон этгээд болон иргэний хариуцагч нь нөхөн төлөхөө илэрхийлэхдээ уг төлбөрийг хэрхэн төлөх боломжтойгоо нотлох баримтаар нотолсон байвал зохино.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж ерөнхий байдлаар бичигдээгүй, түүнд дурдсан үндэслэлүүд тус бүртээ мөрдөн шалгах ажиллагаанд нотолбол зохих байдлыг тогтоолгох, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн хянахад чиглэгдсэн тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэ магадлалд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн зарчим, зорилтод нийцэх юм.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцэл болон яллагдагч О.Мийн өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЗ/1450 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч О.Мийн өмгөөлөгч Л.Нинжбатын гаргасан давж заалдах гомдлыг, прокурор О.Доржмаагийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаартай эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР