Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 218

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Н.Булганчимэг,

хохирогчийн өмгөөлөгч С.Болдбаатар/¹1873/

шүүгдэгч ХУА ЖИАН ДУН /HUO JIAN DONG/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Мөнхдэлгэр  /¹1126/,

нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн ХУА ЖИАН ДУН /HUO JIAN DONG/ холбогдох 201601000073 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, Нандин бизнес төвийн “Сан Ёо Лин Хо” ХХК-ны орчуулагчаар ажилладаг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 10-17 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ХУА ЖИАН ДУН /HUO JIAN DONG/ Гадаад паспортын дугаар G35829831, Монгол улсад түр оршин суух үнэмлэхний дугаар: ЮД78071217

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин бизнес” төвд байрлах “Сан Ёо Лин Хо” ХХК-ны B1 давхарын агуулахаас тус компаний захирал Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн ЛИУ ЖИН ЯНГ нь /LIU JINY UANG/ 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 3 сарын хугацагаар Бүгд Найрамдах Хятад Ард улс руу явсан байх үед нь давтан үйлдлээр цахилгааны утас, монтаж зэрэг барилгын материал хулгайлж, 9.881.600 төгрөгийн буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ХУА ЖИАН ДУН /HUO JIAN DONG/-ны өгсөн мэдүүлэг: Би хүнээс мөнгө зээлж хохирол бүрэн барагдуулсан тул надад битгий ял оногдуулаач гэж хүсмээр байна. Би хоёр хүүхэдтэй одоо ажил хийж байгаа. Энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байна гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч С.Болдбаатарын өгсөн мэдүүлэг: Компаний зүгээс хохиролоо бүрэн хүлээн авсан тул гомдол саналгүй гэв.

 

            Хохирогч LIU JIN YANG /Лиү Жин Янг/-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2015 оны 05 дугаар сард анх монголд ирсэн бөгөөд 2015 оны 06 дугаар сард орчуулагч Хуа Жиан Дунг ажилд аваад 2015 оны 10 дугаар сард “Сан Ёо Лин Хо” гэдэг нэртэй компаниа байгуулсан. Үйл ажиллагаа явуулах чиглэл нь барилгын материал дотоод засал чимэглэлийн хэрэгсэл дотроо цахилгааны кабель, плита, паркетан шал, модон хаалга, ариун цэврийн өрөөний хэрэглэл зэрэг зүйлсийг борлуулах зорилготойгоор байгуулагдсан юм. Компани байгуулснаасаа хойш үйл ажиллагаагаа явуулж эхлээд бизнес маань нээх сайн явахгүй болохоор нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр буцсан юм. Намайг байхгүй байх хугацаанд орчуулагч Хуа Жиан Дунг агуулахын бараанаас 5-6 удаа орж эд зүйл аваад явсан байсан ба гэхдээ яг хэдэн удаа ирж бараа авсаныг нь мэдэхгүй байгаа. Яаж бараагаа алдсанаа мэдсэн бэ гэвэл 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хятадаас ЛИҮ ЧАН-тай ирсэн бөгөөд бид 2 нэг өдрийн зайтай л монголд ирцгээгээд 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ЛИҮ ЧАНГИЙН хамтаар агуулах руу ороход бараа маань жаахан цөөрсөн юм шиг санагдахаар нь ЛИҮ ЧАН-тай ярилцаж байгаад бараагаа тоолохоор болсон бөгөөд орчуулагч Хуа Жиан Дунг дуудаад агуулахад тооллого хийж байтал Хуа Жиан Дунг  гэнэт алга болчихоор нь би хамгаалагч руу очоод юу болсныг нь асуусан чинь танай орчуулагч чинь бараанаас чинь авдаг байсан гэхээр нь би Хуа Жин Дун руу залгаад ярихад бараанаас чинь би авчихсан, барааг чинь олоод өгнө гээд 7 хоносон. Тэгээд бүр аргаа бараад цагдаад мэдэгдсэн юм...”

            Явахдаа бүх байрныхаа түлхүүрийг өөрсдөө аваад явсан Орчуулагч Хуа Жан Дунд агуулах руу орох ямар ч эрх байхгүй. Амьдардаг өрөөнийхөө түлхүүрийг л өгсөн бөгөөд цэцэг байдаг учраас ирж усалж байгаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 50-53х/

 

            Хохирогч L.QIANG /Лиү Чанг/-н мөрдөн байцаалтад өгсөн: “...“Сан Ёо Лин Хо” ХХК-ний захирал LIU JIN YANG /Лиү Жин Янг/ нь БНХАУ-д өвчний учир эмчилгээ хийлгэж байгаа тул энэхүү эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцох боломжгүйн улмаас би хохирогчоор оролцож байгаа юм. Лиү Жин Янг хохирогчийн байцаалтандаа энэ хэргийн талаар маш тодорхой ярьсан байгаа болохоор миний хувьд нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /2хх-ийн, 37-38х/

           

            Гэрч LIU QIANG /ЛИҮ ЧАНГ/-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр анх удаа Монголд “Сан Ёон Лин Хо” ХХК-д ажиллахаар ирж байсан. “Сан Ёон Лин Хо” ХХК нь миний найз Лиү Жин Янг-ийн компани бөгөөд няравын ажил хийдэг. Агуулахаас хичнээн хэмжээний бараа гарсан түүнийг нь бүртгэл хөтөлдөг ажлыг хариуцаж ажилладаг байсан. Намайг хятадаас ирэхээс өмнө орчуулагч Хуа Жиан Дун нь энэ компанид ажиллаж байсан ба яаж энэ компанид орсоныг нь мэдэхгүй. Лиү Жин Янг энэ залууг олсон байх. Би 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хятад руу буцсан бөгөөд энэ хооронд 3 удаа хятад руу очиж ирж байсан. Яагаад гэвэл удаан оршин суух визгүй байсан юм. Намайг хятад руу явахад Лиү Жин Янг орчуулагчтай л үлдсэн юмаа. Би тэр бүх бүртгэлийг нэг бүрчлэн нарийвчлан гаргаж өгнө. 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би вогонаар Улаанбаатарт ирсэн бөгөөд манай Лиү Жин Янг 19-ний өдөр нь Бээжингээс онгоцоор Улаанбаатар хотод ирсэн байсан юм. Тэгээд манай дэлгүүр өвөлжин ажиллаагүй учраас эхний 2 өдөр цэвэрлэгээгээ хийсэн бөгөөд тухайн үед агуулах руу орох шаардлага гараагүй. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр үдээс өмнө хүн бараа худалдаж авна гээд ирэхээр нь Лиү Жин Янг, орчуулагч бид 3 агуулах руу ороод нөгөө хүндээ барааг нь авч өгөөд явуулаад дахиад үдээс хойш нь дахин хүн ирж бараа авна гэхээр нь дахин 3-лаа агуулах руу ороод бараа арай бага юм шиг санагдаад байхаар нь тооллого хийж эхэлсэн чинь орчуулагч маань эхний ээлжинд бараа тоолж байснаа сүүлдээ гэнэт алга болчихоор нь дээшээ гараад хяналтын камерын цэг дээр очоод камераар шалгуулах гэсэн чинь камер шалгах боломжгүй болохоор нь Лиү Жин Янг орчуулагч руу утсаар залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд би доошоо агуулах руу орсон бөгөөд Лиү Жин Янг-ийн утас руу 10-20 минутын дараа орчуулагч залгахад дээшээ гарч утсаар яриад буцаад орж ирэхдээ орчуулагч энэ бараанаас авсан байна гэсэн. Лиү Жин Янг орчуулагчаас ямар ч байсан ажилдаа ирж цалингаасаа энэ төлбөрөө барагдуул гэсэн бөгөөд түүнээс хойш 2 хоногийн дараа орчуулагчтай уулзсан. Нандин бизнес төвийн харуулууд мэдэх ёстой. Харуул агуулахын машин орох, гарахад онгойлгож өгдөг болохоор мэдэх ёстой...” гэх мэдүүлэг. /хх-ийн 54-57х/

            “...Бидэнд албан ёсны баримт байхгүй. Тийм учраас орлого, зарлагын баримт гаргаж өгөх боломжгүй байна. Манай компаний зүгээс 55 сая төгрөгний бараа материал алдсан гэж баримтаар нотолж чадахгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 244-245х/

 

Гэрч Г.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай эгч Номин хувиараа автомашины түлхүүр хувилдаг ажил хийдэг бөгөөд би тэр ажилд нь тусалдаг юмаа. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн оройхон манай эгчид машиныхаа түлхүүрийг хаячихлаа гээд дуудлага ирэхээр нь өөрийн ах Батжаргалын хамтаар дуудлага өгсөн газар буюу Баянбүрдийн тойргийн баруун хойд талд байх Нандин бизнес төвд очсон. Тэнд нэг монголоор аялагатай ярьдаг залуу тосож аваад машиныхаа түлхүүрийг хаячихсан гээд тэр барилгын грашид машинтай орсон бөгөөд хамгаалагч бас нэг залуу байсан. Тэгээд грашид ороод гахай пажеро маркын, бараан өнгийн машины түлхүүрийг тааруулж, түлхүүр хийж өгсөн. Тэнд ганцхан машины түлхүүр хувилж өгсөн юм. Би тухайн үед 34-25 УНН улсын дугаартай, цэнхэр өнгийн, тоёото королла маркын автомашинтай очсон. Тухайн дуудлага өгсөн залууг монгол хэлээр аялагатай яриад байхаар нь өвөрмонгол хүн байна гэж ойлгосон бөгөөд 30 гаран насны, 180 см орчим өндөртэй, туранхай хүн байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 60-61х/

 

Гэрч А.Бөхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр би хичээлийн өвлийн амралтаараа “Их Уул Залаат” ХХК-ны харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилд орж ажиллаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажлаасаа гарсан. Энэ компанид ажиллаж байх хугацаандаа “Нандин бизнес” төвийн харуулаар ажиллаж байсан юм. Тухайн үед 24, 24-өөр ээлжилж гардаг байсан. Надтай ээлж сольдог хүмүүс гэвэл эхний ээлжинд Мянганбанзрагч, түүний дараа Оргодол, дундуур нь Бөхбат ганц удаа л гарсан. Тэр үед орчуулагч Одгэрэл хамт ажилладаг хятадынхаа хамтаар агуулах руу орж бараагаа аваад хүнд өгч явуулдаг байсан юм. Ганцаараа бол агуулах руу орж байгаагүй. 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ээлжээ Мянганбанзрагчаас хүлээн аваад байтал өглөө 08 цаг 30 минутанд Хятадын барилгын материалын дэлгүүрийн орчуулагч-жолооч залуу болох Одгэрэл /Монгол нэр нь/ ирээд гаднаас машин ирнэ, граш руу оруулчихаарай, агуулахаас юм авна гэж хэлэхээр нь би нээх бодолгүй, урьд нь агуулах руу орж юм авдаг болохоор нь ирсэн машиныг нь граш руу оруулсан. Одгэрэлийн грашны хаалга нээгээрэй гэхэд нь би гадна талын камер луу харахад машин нь грашны үүдэнд ирсэн байхаар нь дотогш оруулахад Одгэрэл доошоо граш руу буухад нь би хэсэг хугацааны дараа араас нь дагаж буутал Одгэрэл агуулах дотроо орчихсон байхаар нь юу авах гэж байгаа юм бэ гэсэн чинь 12 ширхэг кабелийн утас авна гэхээр нь, ачиж байгаа зүйлийг нь тоололгүйгээр буцаад харуулын цэг дээрээ ирсэн. Тэр үед Одгэрэл хичнээн хэмжээний зүйл ачсаныг нь мэдэхгүй, өөрийнх нь амаар хэлснээр л хоногийн мэдээнд 12 ш кабель утас гэж бичсэн. Граш руу ороход суудлын автомашин байсан ба хойд талын багажыг онгойлгосон байсан. Тухайн үед машины хажууд нэг л хүн зогсож байсан. Машин дотор хүн байсан эсэхийг нь санахгүй байна. Тэгээд харуулын цэг дээрээ байж байсан чинь доороос машины сигнал дуугарахаар нь грашийн хаалгыг алсын удирдлагаар нь нээж өгөхөд гараад явчихсан. Тэр машины дугаар нь 69-78 УНМ гэсэн улсын дугаартай байсан. Одгэрэл намайг граш руу орох үед нөгөө хүнтэйгээ юм яриагүй.

2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 17 цаг 40 минутад Одгэрэл компанийхаа машин болох 53-51 дугаартай, хар саарал өнгийн, митцүбуши жийп маркын машинаа грашид оруулж тавьчихаад явсан. Яг хэзээ авч гарсныг нь мэдэхгүй. Авч гарсан талаар хоногийн мэдээнд тусгагдаагүй байна. Энэ үед грашид Одгэрэлийн авчирч тавьсан машин 2-3 хоног грашид байхгүй байсныг нь санаж байна. Надад машинаа тавихдаа Одгэрэл цагаан сар хүртэл машин унахгүй ээ, чи хэрэв машин холдуулах хэрэг гарвал миний утас руу залгаарай гээд 99677778 гэсэн дугаар өгсөнийг нь би дэвтрийн дээд хэсэгт бичсэн. Уг машинаа авч гарахдаа агуулахаас юм ачсан эсэхийг нь мэдэхгүй байна. 2016 оны 02 дугаар сарын 11- ний өдөр Мянганбанзрагчаас ээлж хүлээн авахад дэлгүүрийн орчуулагч Одгэрэл 4-н давхарт ирж хоносон гэж хэлсэн бөгөөд би хоногийн мэдээнд явах цагийг нь бүртгэсэн юм. 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр намайг ээлжтэй байх үед дэлгүүрийн орчуулагч Одгэрэл машинаа тавиад явсан бөгөөд мөн машинаа хэзээ авсан нь хоногийн мэдээнд тодорхойгүй байна. Мөн машинаа авахдаа агуулахаас юм авсан эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хх-ийн 62-64х/

 

Гэрч Б.Оргодлын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг ажиллаж байх үед Бөхбат ахтай 24 цагаар ээлжилж гардаг байсан юм. 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би Нандин Бизнес төвд харуулаар гарч байтал манай ажлын байранд үйл ажиллагаа явуулдаг хятадын барилгын дэлгүүрийн Монголоор ярьдаг хятад залуу 53-51 дугаарын, жийп маркийн, ногоон өнгийн машинтай грашийн хаалган дээр ирэхээр нь грашийн хаалгыг дотороос удирдлагаар нээж өгөхөд граш руу машинтай орсон. Буцаад гарахдаа машинтай гарсан эсэхийг нь санахгүй байна. Мөн агуулах руу орсоныг нь мэдэхгүй байна. 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 9:35 цагт барилгын материал зардаг дэлгүүрийн орчуулагч монгол нэр нь Одгэрэл 2 танихгүй эмэгтэйн хамтаар ирээд дэлгүүрийн агуулах руу орж юм үзүүлнэ гэж хэлээд Б-1 давхарын грашинд байдаг агуулах руу ороод буцаж юм авалгүйгээр гарч ирсэн. Тэгээд удаагүй буюу 9:54 цагт Одгэрэл ганцаараа харуулын цэг дээр хүрч ирээд одоо ах машинтай орж ирнэ, хаалгаа нээчих гэхээр нь би грашны гадна талын камер луу харахад 56-72 УБС улсын дугаартай, суудлын автомашинд грашны хаалга нээж өгөхөд Одгэрэл доошоо ороод агуулахын хаалгыг нээгээд дотогшоо ороход машинаас 2 хүн бууж ирээд бас агуулах руу дагаад орсон. Тэд нар машиндаа агуулахаас юм зөөгөөд ачиж байсан ба би тухайн үед барилгын дотор талыг хянаж байсан болохоор камерыг үе үе л харж байсан. Яг нарийн сайн хэдэн юм яаж ачиж байсныг нь сайн ажиглаагүй. 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн гараан дээр гарчихаад маргааш өглөө нь Бөхбат ах хоцорч ирсэн юм. Өглөө 09:18 цагт Одгэрэл ганцаараа харуулын цэг рүү хүрч ирээд, одоо машинтай хүн ирнэ гээд надтай хэсэг зуур юм ярьсан. 5-10 минутын дараа 76-06 УБЧ улсын дугаартай, суудлын, саарал өнгийн жижиг машин грашийн хаалган дээр ирсэн чинь Одгэрэл нөгөө машин мөн байна, оруулчих гэхээр нь би оруулсан. Одгэрэл тухайн үедээ кабель утас ачна гэж ирсэн юм. Энэ үед агуулах руу харсан камер ажиллахаа больчихсон байсан. Тэгээд Одгэрэл доошоо ороод хичнээн хэмжээний бараа машинд ачсаныг нь мэдэхгүй.

2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн буюу хамгийн сүүлчийн гараан дээр 13:05 цагт Одгэрэл харуулын цэг дээр ганцаараа ирээд грашийн хаалгаа нээчих, агуулахаас бараа авна гэхээр нь би грашийн хаалга нээж өгөхөд 00-27 УБС улсын дугаартай, суудлын машин орж ирсэн. Тухайн үед бас л камергүй байсан юм. Тэгээд би Одгэрэлийн гарч ирэхээр нь юу ачсан юм бэ гэсэн чинь өөрөө надад 3 боодол утас ачсан гэж хэлэхээр нь рапортандаа тусгасан юм. Гэхдээ би өөрийн нүдээр хараагүй Одгэрэлийн хэлснээр л рапортанд тусгасан юм. Би ээлжний хүмүүсээс ямар ямар хүн байгууллага руу нэвтэрдэг талаар асуухад Хятадын барилгын материалын дэлгүүрийн Одгэрэл гэдэг залуу агуулах руу орж юм авдаг юм, наадхаа оруулж байгаарай, наадах чинь хариуцаж байгаа гэж Одгэрэл өөрөө хэлсэн юм гэсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 65-67х/

 

Гэрч Б.Бөхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр өглөө намайг ээлжнээс буугаагүй байхад 08 цагт Одгэрэл харуулын цэг дээр ирээд агуулахаас бараа авах гэж байгаа юм, дарга нар намайг юмаа зарж байгаарай гээд, агуулахын түлхүүр машины түлхүүртэй үлдээсэн юм, одоо гаднаас машин оруулах хэрэгтэй байна, грашийн хаалга нээж өгөөч гэхээр нь би грашийн хаалгыг алсын удирдлагаар нээж өгсөн чинь гаднаас улаан өнгийн приус 20 маркийн автомашин орж ирээд агуулахын хаалганы өмнө зогссон бөгөөд Одгэрэл доошоо Б-1 давхарын агуулах руу буугаад агуулахын хаалгыг түлхүүрээр нь нээгээд дотогшоо ороод л дугуй том цагаан кабельнуудыг машин руу ачаад л байсан. Би энэ бүхнийг камераар л харж байсан бөгөөд яг хэдэн ширхэгийг ачсаныг нь мэдэхгүй байна. Жолооч нь машин дотроо л байсан бөгөөд машинаасаа огт буугаагүй. Тэгээд юмаа ачиж дууссан бололтой гараад явсан. Машины дугаарыг тухайн үед камераар сайн харж чадаагүйн улмаас улсын дугаарыг нь бичиж чадаагүй. Мөн хоногийн мэдээний дэвтэртээ Одгэрэл бараа аваад явсан талаар бичээгүй учир гэвэл, ажил цуглаж байсан болохоор хэн нь ирж явж байна гэдгийг харж байгаад мартчихсан байна.

2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр намайг ээлж хүлээн авсны дараа Одгэрэл 09 цаг өнгөрч байхад ирээд дахиад бараа авна гээд грашийн хаалга нээлгүүлсэн бөгөөд дахиад нөгөө улаан өнгийн приус 20 маркын автомашин орж ирсэн. Тэгээд агуулахаас ахиад л кабель утас ачиж байгаа нь камераар харагдсан. Яг хэдэн ширхэг, ямар маркийнхыг ачиж байгааг мэдээгүй. Тэгээд гараад явсан. 2016 оны 3 дугаар сарын 08-ны шөнө Одгэрэл эхнэрийнхээ хамтаар ирээд 4-н давхарын өрөөнд хоночихоод явсан. Тэгэж ирэхдээ Тэнгист юм үзээд оройтоод явж байна гэсэн. Би Одгэрэлийн эхнэрийг зүс танина, яагаад гэвэл 2015 оны намар Одгэрэл ажиллаж байхдаа эхнэр гээд нэг хүүхнийг дагуулж ирж байсан. Үүнийг би хоногийн мэдээний дэвтэрт бичээгүй юм байна. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед Одгэрэл ганцаараа ирээд граш руу ороод 53-51 УН улсын дугаартай, саарал өнгийн, митцүбуши маркийн автомашиндаа агуулахаас бараа ачаад машинтай гарсан. Би энэ талаар хоногийн мэдээндээ тодорхой бичээгүй байна. Энэ бүхний би сайн санаж байна. Үйл явдалд болоод удаагүй байгаа болохоор санаж байна. Энэ ачилтандаа кабель ачиж байгаа нь камераар харагдаж байсан ба хичнээн хэмжээний зүйл ачиж байгааг сайн анзаарч хараагүй. Тэгээд удаагүй машинаа авчирч тавьсан юм. Одгэрэл ирж бараа авахдаа дарга нар бараагаа зар гэсэн, хүнд бараагаа үзүүл гэсэн гээд л агуулахын хаалгыг түлхүүрээр нээгээд ордог байсан юм. Мөн машины түлхүүр нь өөрт нь байдаг байсан болохоор ямар нэгэн сэжиг төрөлгүй нэвтрүүлдэг байсан. Мөн дэлгүүрийн хятад эздүүд нь манай компанитай харуул хамгаалалтын гэрээ байгуулаагүй юм...” гэх мэдүүлэг. /хх-ийн 72-75х/

 

Гэрч Н.Ууганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн өглөө 09 цагт Бөхбатаас хүлээж авахад хятад дэлгүүрийн орчуулагч залуу 53-51 пажеро маркын машинаа авч гардаг мөн агуулахаас юм авдаг, мөн 4-н давхарын өрөөнд ордог гэж надад хэлж байсан юм. Эхний өдрөө ажиллаж байхад 11 цаг өнгөрч байхад дэлгүүрийн орчуулагч гээд дунд зэргийн нуруутай ах хүрч ирээд, аялгатай яриагаар агуулахаас бараа авна, грашийн хаалга нээж өгөөч гэхээр нь хяналтын камераар харж байгаад цагаан өнгийн, тоёото стима маркын машиныг дотогш нь оруулахад тэр машин агуулахын хаалган дээр очиж зогсоход нөгөө орчуулагч залуу агуулахын хаалгыг нээгээд юм ачиж байгаа харагдсан. Нөгөө машины дугаар нь сайн харагдахгүй болохоор нь доошоо буугаад машины улсын дугаарыг нь харахад 47-04 гэсэн дугаар байсан ба үүнийгээ хоногийн мэдээний дэвтэрт бичсэн… 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Нандин бизнес төвийн харуулаар ажиллаж байхад дэлгүүрийн орчуулагч ах 10 цагийн үед ирээд компанийхаа 53-51 дугаартай, пажеро маркын автомашинаа аваад гарч яваад 20-иод минут болоод буцаад ирсэн. Ингэж гарч явахдаа агуулахаас юм ачсан эсэхийг нь санахгүй байна. Би тэр дэлгүүрийн орчуулагч залууг урьд нь огт таниж мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85х/

 

Гэрч Л.Санчирын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Нандин бизнес төвийн харуулаар ажиллах болсон. Барилгын орчуулагч залуу 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шиг санаж байна. Өдрийн цагаар байх доор грашийн тэр хавийг эргэж байхад цагаан өнгийн жижиг машин орчихсон. Нөгөө орчуулагч залуу агуулахын хаалгыг нээгээд 2 ширхэг цагаан цоохор өнгийн цаасан хайрцагтай юм ачиж байхыг хараад дээшээ гарсан. Намайг очихоос өмнө юу ачсаныг нь мэдэхгүй байна. Тэгээд би хоногийн мэдээний дэвтэрт бичсэн юм. Яг хоногийн мэдээн дээр юу бичсэнийг нь сайн санахгүй байна..” гэх мэдүүлэг. /хх-ийн 97-98х/

 

Гэрч Г.Мянганбанзрагчийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний санаж байгаагаар миний ээлжин дээр орчуулагч 4-5 удаа ирж дээрх байдлаар бараа материал зөөдөг байсан. 2 удаад нь манай компаний Хятадууд байрладаг оффист нь хоол унд идэж усанд ороод хонож байсан. Нэг хонолт нь цагаан сарын шинийн нэгний өмнөх орой битүүний өдөр гэр бүлээрээ ирж хоносон юм. Цахилгааны кабел утаснууд ихэвчлэн авч гарч хамт ирсэн таксиндаа ачаад аваад явдаг байсан. Мөн хайрцаг савтай зүйл зөөдөг байсан. Миний сонссоноор разетка гэх мэт зүйл байсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 107х/

 

Гэрч Н.Цэгмэдийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Гурвалжингийн гүүрний урд талд BIG худалдааны төвд байх салбартаа байж байтал Одгэрэл өдөр ганцаараа ирээд кабель утас авчихаач гээд надаас гуйгаад байсан ба би тухайн үед мөнгө төгрөггүй гэдгээ хэлж байсан. Тэгээд Одгэрэл гаднаас 2,5 маркийн шар өнгийн кабель утас 10 ширхэг, 4 маркийнхаас улаан, ногоон өнгийнх 10 ширхэг, 6 маркынх улаан, ногоон өнгийн 10 ширхэг нийтдээ 30 ширхэгийг авсан. Нэг ширхэг гэдэг маань нэг хуйлсан цагирагийг хэлж байгаа юм. Нэг цагирагандаа 100 метр байдаг юмаа. Одгэрэл задгайгаар над руу оруулж өгсөн юм. Нийтдээ 450.000 төгрөгөөр надад худалдсан бөгөөд тухайн үед мөнгө байхгүй байсан учир охин Сарантуяагийн утасны дугаар 88033393 гэсэн. Сарантуяа мөнгө шилжүүлснээс өөр юм мэдэхгүй. Монголын зах зээлд 2.5 маркийн 100 метр 250.000-300.000 төгрөг болдог юм. Сүүлд нь 10-аад хоногийн дараа Одгэрэл надаас 200.000 төгрөг бэлнээр ирж аваад явсан. Би тухайн үед компанийхаа хятадууд хямдхан бараа нийлүүлнэ гэж хэлж байхаар нь л хэлснээр нь бараагаа өгч байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 70-71х/ -

 

Гэрч П.Алтанбаганы мөрдөн байцаалтад өгсөн: “…Би 100 айлд Оч дэлгүүрийн дотор кабель утасны лангуу 2009 оноос хойш ажиллуулж байна. 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэрийг нь мэдэхгүй байна,  урьд нь зуун айлд кабель утас зардаг байсан хятад залуу над дээр хүрч ирээд кабель утас хямдхан зарна авах уу гээд надад 2.5-тай, 4-тэй шар, ногоон, улаан өнгийн утаснууд үзүүлсэн бөгөөд түүнээс хямдхан авахаар болоод багцаагаар 23 боодлыг 570.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэр залуу надад өөрөө оруулж ирсэн гэж л бодож байсан бөгөөд өөрөө хятадаас урьд нь цахилгааны утас оруулж ирдэг гэж ойлгодог байсан юм…” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77х/

 

Гэрч Л.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “..Тэгээд Одгэрэл халааснаасаа түлхүүр гаргаж ирээд агуулахын хаалгыг нээгээд дотогшоо ороод 2X2.5 маркийн кабель утас, 2X1.5 маркийнхаас авна гэж заахад намайг машинаа оруулаад ир гэсэн. Тэгээд Одгэрэл надтай цуг дээшээ гараад хамгаалагч залууд нь миний машиныг оруулаарай гэж хэлсэн бөгөөд би машиндаа очоод барилгын урд хэсгээр граш руу машинтайгаа ухарч ороод зогсоод Одгэрэл хамт 2X2.5 маркийн кабель утаснаас /хар кабель/ 5 боодол /1 боодолдоо 100метртэй/, 2X1.5 маркийн кабель утаснаас /хар кабель/ 5 боодлуудыг аваад машины ард талд ачсан. Тухайн үед бэлнээр Одгэрэлд 800.000 орчим төгрөг өгсөн. Яг хэдэн төгрөг бэлнээр өгснөө санахгүй байна. Тухайн үед бэлэн мөнгө байхгүй байсан учир Одгэрэлийг машиндаа суулгаад 100 айлын тэнд байх Хаан банкны АТМ-ээс мөнга авч өгч байсан юм байна. Намайг тэр үед Одгэрэлээс кабель утаснууд авч байхад нөгөө хятадууд нь огт байгаагүй. Би бодохдоо компанийхаа кабель утсыг зарж байгаа л гэж бодож байсан юм. 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өглөө эрт шиг санаж байна, Одгэрэл над руу утсаар залгаад та кабель утас авах уу гэхээр нь би авнаа гэсэн чинь Нарантуул захын хойд хаалган дээр хүлээж байя гэсэн бөгөөд би удаагүй өөрийнхөө машинтай яваад очтол саарал өнгийн, приус 20 маркийн автомашинаас /улсын дугаарыг нь мэдэхгүй гэх/ Одгэрэл гарч ирээд ирээд машиныхаа багажийг онгойлгоод 2X2.5, 2X1.5 маркийн утаснаас тус бүр 6 ширхэг байсан бөгөөд надад анх өгч байсан үнээрээ өгөх гэж байхаар нь би цагаан сар болох гэж байна, наймаа олигтой байхгүй байна, надад 580.000 төгрөг л байгаа илүү мөнгө байхгүй, үлдэгдэл мөнгийг нь сүүлд нь авбал ав гэсэн чинь Одгэрэл хамаагүй гээд 12 боодол утсыг миний машинд ачсан юм. Тэгээд би эхнэрийнхээ данснаас мобайл банкаар 5072086749 дугаарын Одгэрэлийн Хаан банкны данс руу 580.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд л Одгэрэл яваад өгсөн. Үүнээс хойш удаагүй шиг санаж байна Одгэрэл намайг зах дээр зогсож байхад үлдэгдэл мөнгө авна гэхээр нь би 200.000 төгрөг бэлнээр өгч явуулсан. Дээр кабель утаснууд бүгд зарагдчихсан. Одгэрэл тэр хятад компанид ажиллаж байхаар нь би компанийхаа юмыг зарж байна л гэж ойлгосон…” гэх мэдүүлэг /хх-ийн 81-83х/

 

Яллагдагч ХУА ЖИАН ДУН /HUO JIAN DONG/-ын мөрдөн байцаалтад өгсөн: “…2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай компаний захирал Лиу Жин Янг БНХАУ-руу явсан юм. 2015 оны 12 сарын 18-19-ний өдөрүүдийн үед компаний агуулах руу такси хөлслөөд очиход Нандин бизнес төвийн хамгаалагч залуу байхаар нь агуулахаас юм авах гэсэн юм гээд доошоо агуулах руу ороод машинаа граш руу оруулсан. Тэр машин маань приус-20 маркийн, саарал өнгийнх бөгөөд дугаарыг нь сайн санахгүй байна. Тэгээд би агуулахын хаалгыг түлхүүрээр нь нээгээд дотогшоо ороод 1.5 маркийн монтажны цахилгааны утас 7 шуудайг аваад машинд ачаад гарч яваад Баянбүрдийн тойргийн хойд талын түүхий эд авдга газар аваачаад 400 гаран мянган төгрөгөөр зарсан. Тэгээд таксигаа явуулаад л би гэртээ харьсан. Энэ мөнгөө тэр орондоо зарцуулаад дууссан. 2016 оны цагаан сарын өмнөхөн яг хэдэнд гэдгийг санахгүй байна, такси хөлслөөд 5-6 шуудай 2.5 маркийн цахилгааны монтаж утас агуулахас аваад анх өгсөн байсан газраасаа арай жоохон дээшээ байдаг түүхий эд авдаг газар очоод 300.000 гаран төгрөгөөр тушаасан юм. Тухайн үед сайн танихгүй хамгаалагч Нандин бизнес төвд байсан юм. Намайг хамгаалагч нар нь тэр хятад компанид ажилладаг байсан болохоор намайг мэддэг байсан байх. Би агуулахаас бараа авнаа гээд л ордог байсан юм. 2016 оны цагаан сарын дараа буюу 02 дугаар сарын 20-оор өглөө эрт буюу 9-11 цагийн хооронд такси бариад Нандин бизнес төвд байх компанийхаа агуулах руу очсон бөгөөд хамгаалагчид нь агуулахаас юм авах гэж байгаа гээд грашийн хаалхга нээлгүүлээд машинаа оруулаад агуулах руу ороод 1.5 маркийнхаас 4 ширхэг, 2.5 маркийнхаас 6 ширхэгийг аваад Нарантуул зах дээр очоод хойд талын хаалгаар ороод Тулгаа гэдэг кабель утас зардаг хүн 500-600 мянган төгрөгөөр зарсан. Үүнээс 15 хоногийн дараа бас такси барьж агуулах дээр очоод 2.5 маркийн 6 шуудай утас аваад Баянбүрдийн хойд талын Цагаан байрны тэнд байх түүхий эд авдаг цэгт аваачиж 400.000 гаран төгрөгөөр тушаасан. Дараагийн удаа нь дахин такси барьж очоод 4X10 маркийн кабель утаснаас нэг боодол 2.5 маркаас 2 шуудайг аваад Баянбүрдийн тойргийн тэнд очоод өгөх гэсэн чинь үнэ мөнгөн дээрээ тохирохгүй байсан чинь хажууд нь байсан 4 залуу шатаагаад зэс болгоод өгье гээд өөрсдийнхөө машин дээр ачаад алга болчихсон. Би тэрийг олоогүй алдчихсан. Хамгийн сүүлд 2016 оны 3 сарын 10-ны өдөр өглөө такси бариад Нандин бизнес төв рүү очоод агуулахаас 2.5 маркийнхаас 5 шуудайг авч Цагаан байр, Баянбүрдийн тойргийн голд байх түүхий эд тушаадаг газар 300.000 гаран төгрөгөөр зарсан. Би дээрх эд зүйл зарсан хүмүүсээ харвал танина.

...Миний авсан бараа дээд тал нь 20 сая төгрөг хүрнэ, харин миний зарсан үнэ гэвэл 5сая орчим төгрөг болсон байхаа. Үүнийг нарийн хэлж мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг/

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 47-48х/, хохиролын тооцоо хийсэн баримт /2хх-ийн 20-21х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 147х/, хохирол төлсөн баримт зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт

 

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн ХУА ЖИАН ДУН /HUO JIAN DONG/ нь  Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин бизнес” төвд байрлах “Сан Ёо Лин Хо” ХХК-ны B1 давхарын агуулахад хууль бусаар нэвтэрч, тус компаний захирал Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн ЛИУ ЖИН ЯНГ нь /LIU JINY UANG/ 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 3 сарын хугацагаар Бүгд Найрамдах Хятад Ард улс руу явсан байх үед нь давтан үйлдлээр цахилгааны утас, монтаж зэрэг барилгын материал хулгайлж, нийт 9.881.600 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 124-137х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч LIU JIN YANG /Лиү Жин Янг/-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-53х/, хохирогч L.QIANG /Лиү Чанг/-н мөрдөн байцаалтад өгсөн  гэх мэдүүлэг. /2хх-ийн, 37-38х/, гэрч LIU QIANG /ЛИҮ ЧАНГ/-ийн /хх-ийн 54-57х/, /хх-ийн 244-245х/, Г.Анхбаяр /хх-ийн 60-61х/, А.Бөхбаатар /хх-ийн 62-64х/, Б.Оргодол /хх-ийн 65-67х/, Б.Бөхбат /хх-ийн 72-75х/, Н.Ууганбаатар /хх-ийн 84-85х/, Л.Санчир /хх-ийн 97-98х/, Г.Мянганбанзрагч /хх-ийн 107х/,  Н.Цэгмэд /хх-ийн 70-71х/, П.Алтанбагана /хх-ийн 76-77х/, Л.Гантулга /хх-ийн 81-83х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 47-48х/, хохиролын тооцоо хийсэн баримт /2хх-ийн 20-21х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд БНХАУ-ын иргэн ХУА ЖИАН ДУН /HUO JIAN DONG/-ийг бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлан, үлэмж хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч байгууллага болох “Сан Ёо Лин Хо” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хүсэлттээ: “... Хуа Жиан Дун компанид учирсан хохиролоо бэлнээр төлж барагдуулсан болно. Цаашид гомдол саналгүй болно.” /2хх-ийн 157х/ гэсэн. Мөн хохирогчийн өмгөөлөгч С.Болдбаатар /¹1873/  нь шүүхийн хэлэлцүүлэгт дээрх хүсэлтийг гаргаж өгч “шүүгдэгчид гомдол, саналгүй” гэж байх тул шүүгдэгч ХУА ЖИАН ДУН /HUO JIAN DONG/-ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн ХУА ЖИАН ДУН /HUO JIAN DONG/-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо сайн дураараа бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр, тэнсэж хянан харгалзав.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297  298, 299 дүгээр зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн ХУА ЖИАН ДУН /HUO JIAN DONG/ нь бусдын агуулах саванд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлан, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ХУА ЖИАН ДУН /HUO JIAN DONG/ эд хөрөнгө хураахгүйгээр  3 /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ХУА ЖИАН ДУН-ны /HUO JIAN DONG/ эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. ХУА ЖИАН ДУН /HUO JIAN DONG/ нь 118 хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ХУА ЖИАН ДУН /HUO JIAN DONG/ нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан ХУА ЖИАН ДУН /HUO JIAN DONG/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ХУА ЖИАН ДУН /HUO JIAN DONG/-ны урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ