Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/шш2023/00562

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С дүүрэг, 00 дугаар хороо, Т-ны гудамж, 00 тоотод оршин суух, Г овогт Д-ийн Д /РД:ЧА000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, Е хотхон, 00-ийн 0 дугаар байр, 00 тоотод оршин суух, Ц овогт Ж-ийн А /РД:ОД0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Д.Д ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Ж.А ийн эзэмшиж байсан С дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 а байр, 00 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг нэг жилийн хугацаатай хөлслөхөөр харилцан тохиролцсон. Хөлслөхдөө 18,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай зээлүүлж, зээлийн гэрээний хүүд хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг хөлслөхөөр болсон. Ингээд тухайн байрыг хөлслөөд 8,9 сарын дараа Ж.А ийн эхнэр нь надтай холбогдож манайх байраа зарах гэж байгаа та нар суллаж өг гэсэн. Би танайд 18,000,000 төгрөг зээлсэн, хүүд нь энэ байранд амьдарч байгаа, мөн гэрээний хугацаа дуусах болоогүй зээлсэн мөнгөө буцааж аваагүй байгаа учраас байрыг суллаж өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл Ж.А болон эхнэр нь н.А гэдэг хүнд байраа зарж байгаа гэж 40,000,000 гаруй төгрөг авсан байсан. н.А нь манайд ирээд надтай уулзаж байрыг хөлсөлж байгааг мэдсэн. Сүүлдээ энэ асуудал явсаар байгаад манайхыг байрнаас гаргахын тулд Ж.А ийн надаас зээлсэн 18,000,000 төгрөгөөс 15,500,000 төгрөгийг нь н.А гэдэг хүн надад төлсөн. Тэгээд үлдэгдэл 2,500,000 төгрөгийг байрнаас гараад сарын дараа өгнө гэж Ж.А ийн эхнэр болон н.А бид 3 ярилцаж тохирсон учраас манайх байрнаас гарсан. Гэтэл одоог болтол миний мөнгийг өгөөгүй, би Ж.А тэй утсаар яриад хоорондоо тохиролцсон асуудал байгаа мөнгөө авъя гэхээр, тийм ээ мэдэж байгаа мөнгийг нь өгнө би хөдөө ажилтай байна гэж хэлдэг. Иймд үлдэгдэл 2,500,000 төгрөгийг Ж.А ээс гаргуулахаар шүүхэд хандсан гэв.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад түүнийг зөвшөөрч байгаа эсэх талаар тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй байна.

 

3.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, зээлийн гэрээ /хх-4/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Ж.А эд холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан.

1.1.Хариуцагч Ж.А тэй 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц хөлслөх болон зээлийн холимог зээлийн гэрээ байгуулж, 18,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлсэн

1.2.Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон хэдий ч Ж.А нь зээлийн төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй.

 

2. Хариуцагчид нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гардуулсан байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар тайлбар, нотлох баримтыг ирүүлээгүй байхаас гадна түүнд шүүх хуралдааны товыг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр түүний оршин суугаа хаягаар хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримт болох зээлийн гэрээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1 Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Ж.А тэй 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц хөлслөх болон зээлийн холимог зээлийн гэрээ байгуулж, 18,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулан, талууд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан байна.

 

4. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад түүнийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй тул түүнийг дээрх үйл баримттай маргаагүй гэж үзнэ.

 

5. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэжээ.

 

Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Ж.А нь 18,000,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Д.Д асс хүлээн авсан болох зээлийн гэрээний эхний нүүрт бичигдсэн гар бичвэрээр тогтоогдож байх бөгөөд уг зээлийг эргэн төлөх үүргээ биелүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэг шаардах эрхтэй.

 

6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж хуульчилсан.

 

7.Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.А ээс зээлийн гэрээний үндсэн төлбөрт 2,500,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Д д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.А ээс зээлийн гэрээний үүрэгт 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.А ээс улсын тэмдэгтийн хураамжид 265,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Х.ЭНХЗАЯА