Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/240

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.З,

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2519003050257 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: М

Холбогдсон хэргийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын *** тоот хашаанд Ж.Тыг “манай хоёр хүүхдийг хөөсөн” гэх шалтгааны улмаас түүний эзэмшлийн Тоёота аллион маркийн 71-13 ДГО улсын дугаартай авто машины салхины шил, зүүн урд талын хаалга, капутыг гараараа болон чулуугаар цохиж гэмтээж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 830,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 хуудас),

Хохирогч Ж.Тын “Би 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймаг Зүүнбаян суманд 5-р баг хойд гэр байранд ээжийнхээ гэрийн гадаа машинаа тавьсан. Намайг ээжийндээ унтаж байхад М гээд хөрш айлын залуу согтуу манай хашаанд орж ирсэн тэгээд гэрт орж ирэнгүүтээ миний гарыг татаж чангаагаад байхаар нь би гэрээсээ гаргаад хаалгаа түгжээд унтсан. Өглөө нь гэрээсээ гараад иртэл машины урд шилийг хагалчихсан байсан. Тэгэхээр нь би хэн хагалсан бэ гээд Чинзоригоос асуутал өчигдөр М хагалчихсан гэхээр нь би цагдаа дуудсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 хуудас)

Гэрч Н.Чинзоригийн ... Би Дорноговь аймгийн Зүүнбаян сумд гэртээ байж байхад манай хашаанд М гэх хүн согтуу орж ирээд машины копут руу цохиод байхаар нь би цагдаа дуудах гээд явсан. Цагдаа дуудаад ирсэн чинь Түмэнбаярын машины шилийг хагалчихсан, зүүн урд талын хаалгыг чулуугаар цохичихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 хуудас)

“Ашид билгүүн ХХК”-ийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1438 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 12-14 хуудас)

Яллагдагч Мын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “... Би тухайн өдөр гэртээ хоёр гурван пиво ууж байгаад халамцуу хөрш айлынхаа Түмэнбаярынд орсон. Бид хоёр юм ярьж байгаад гэнэт манай хүүхдийг хашааныхаа гадаа тоглож байхад нь мөргөх шахсан болохоор уур хүрээд ам мурийсан. Тэгээд гэрээс нь гараад уурандаа машиных нь салхивчны шилийг нь чулуугаар цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Түмэнбаяр нь шүүгдэгч Моос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М нь тогтоол гарахаас өмнө баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь оногдуулсан 700,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4.Шүүгдэгч Мт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5.Шүүгдэгч М нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ц.АРИУНЗУЛ