Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 102/шш2023/01215

 

 

  Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 0 дүгээр байранд байрлах, “ө-14” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байр, 0 тоот хаягт оршин оршин суух, С овогт Д-н Х /РД:НЙ000000 /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,404,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв,

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Р,

хариуцагч Д.Х ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус сууц өмчлөгчдийн холбоо нь 1999 оноос өнөөг хүртэл нийтийн зориулалттай орон сууцанд оршин суугчдын тав тухтай орчныг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирлээ. Одоо 8 байр 612 өрх 2300 орчим хүн амд ажил үйлчилгээ үзүүлж байна. ө-14” сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн .бүтэн байдлыг хариуцаж , түүнд засвар үйлчилгээ хийхээс гадна өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ хийж ажилтан ажилчдыг удирдлагаар ханган оршин суугч иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлж ажиллаж байна. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний хөлсөөр санхүүждэг билээ Д.Х болон түүний гэр бүлийнхэнд нь хөлс төлөх тухай сар бүр мэдээллийн самбар мэдэгдэл байр хариуцсан байцаагч, үйлчлэгчээр удаа дараа сануулж шаардлага тавихад төлнө гэсээр өнөөг хүрлээ. Д.Х нь "Монгол улсын иргэний хуулийн 147.1, 148.2.3. дэх заалт, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 13 2.3 13 2.4 дэх заалтуудыг зөрчиж 2018 оны 1-р сараас хойш сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хэвийн явуулахад саад учруулж засварын зардаг болох нийт 1,404,490 төгрөгийн төлбөр төлөөгүй бусад оршин суугчдыг хохироож байна. Иймд Д.Х гаас 1,404,490 төгрөгийг гаргуулан өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэв.

 

2.Хариуцагч Д.Х нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Шүүхийн байгууллага бол туслалцаа үзүүлдэг буяны  байгууллага биш. Би өнөөдрийг хүртэл маш их хохирч байгаа. Гадаах тохижилтын талаар ерөөсөө ярихгүй юм. СӨХ бол мөнгө л яриад байгаа,  орчин гэдэг талаар ерөөсөө ярихгүй байна. Гадаа 8 гарааш тойруулаад барьсан байгаа, тэр ойр орчим нь баас шээсээр дүүрсэн. Тийм орчинд би өөрийн эрүүл аюулгүй орчин хангахын тулд СӨХ-ийн мөнгийг өгөхгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч  6 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл 66 сарын дараа шүүхэд хандаж байна. Одоо тэр гараашууд бүгд байхгүй болсон. Тохижилт хийгдсэн байгаа. Одоо намайг нотлох зүйл байхгүй болсон гэж үзэж байгаа учраас одоо нэхэмжлэл гаргасан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан 16.2-т зааснаар миний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх бүрэн алдагдсан. Би цонхоо ч онгойлгож чаддаггүй байсан. Оршин суугч өмчлөгчид зориулагдсан ногоон байгуулавч, хүүхдийн талбай, сүүдрэвч, авто зогсоолтой адилтгах газруудыг бүгдийг хийнэ гэсэн зохицуулалт байдаг юм байна лээ. Би эрхээ хэрэгжүүлэхгүй өдийг хүрсэн. Нэг гарааш нь миний байрны баруун талыг хаагаад барьсан. Ядахдаа гараашийнхаа дээд талыг цэвэрлүүлээд өгөөч гэхэд би дээд талын цэвэрлэдэггүй доод талыг цэвэрлэдэг хүн гэж хэлж байсан. Иймд би мод, зүлэг хашаа барьж өөртөө тусалсан. Иймд нэмж хохирч СӨХ-ийн мөнгийг төлөх учиргүй гэж үзэж байна. Ер нь СӨХ байх ёстой эсэх талаар би УИХ-ийн гишүүдэд хандана гэв.

 

 3.Нэхэмжлэгч байгууллага нь гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-2/, бүх гишүүдийн хурлын тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, нэхэмжлэх /хх-6-16/, зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.

 

4. Хариуцагч нь хэрэгт нотлох баримтыг өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ө-14” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Д.Х д холбогдуулан 1,404,490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Д.Х нь "Монгол улсын иргэний хуулийн 147.1, 148.2.3. дэх заалт, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн тухай хуулийн 13 2.3 13 2.4 дэх заалтуудыг зөрчиж 2018 оны 1-р сараас хойш сууц өмчлөгчдийн холбооны төлбөр төлөөгүй сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хэвийн явуулахад саад учруулж байх тул 2018 оны 01 сараас хойшхи хугацааны СӨХ-ны төлбөрт 1,404,490 төгрөгийг гаргуулна гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ ...Б дүүрэг, 6 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байр, 2 тоот орон сууцны өмчлөгч бөгөөд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой төлбөрийг 2018 оноос хойш төлөөгүйгээ хүлээн зөвшөөрнө, надад төлөхгүй байх шалтгаан бий. СӨХ нь цэвэрлэгээ, үйлчилгээ муу хийдэг, гадна тохижилтдоо анхаардаггүй, бохир заваан орчинд амьдарснаар миний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна” гэж агуулгаар

 

3.Хэрэгт хариуцагч Д.Х г Б дүүрэг, 6 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байр, 2 тоот байрны өмчлөгч мөн болох талаар ямар нэгэн баримт авагдаагүй байх боловч хариуцагч нь уг байрны өмчлөгч мөн болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

 

4.Нэхэмжлэгч “Өргөө 14” СӨХ нь Б дүүргийн 5,6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9,10,11,13,14а,б, 15,30 дугаар байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг болох нь Б дүүргийн Засаг даргаас 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон 66 дугаартай гэрчилгээ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул “Өргөө 14” СӨХ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдон  гарах зардлыг шаардах эрхтэй байна.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ...төлнө гэжээ.

 

Иймд хариуцагч Д.Х нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг СӨХ-д төлөх үүрэгтэй байх ба хариуцагчийн ...СӨХ нь цэвэрлэгээ, үйлчилгээ муу хийдэг, гадна тохижилтдоо анхаардаггүй, бохир заваан орчинд амьдарснаар миний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэх тайлбар түүнийг дээрх хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

6.Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт  тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах  хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэжээ.

Сууц өмчлөгчийн өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөр  төлөх үүрэг нь тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгт хамаарна.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан  байх тул уг хугацаанаас өмнөх 3 жилийн хугацааны СӨХ-ны төлбөрийг хариуцагчаас шаардах нь хуульд нийцнэ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны  12 дугаар сарыг дуусталх хугацааны СӨХ-ны төлбөрийг шаардах эрхтэй байна.

 

7. Иймд хариуцагч Д.Х гаас нэхэмжлэл гаргахаас өмнөх 3 жилийн хугацааны буюу 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт 854,950 төгрөгийг гаргуулан,  нэхэмжлэгчид олгож, үлдэх 549,540 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 75.2.3, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Х гаас 854,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ө-14” сууц өмчлөгчдийн холбоонд олгож,  үлдэх 549,540 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,422 төгрөгийг, улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х гаас улсын тэмдэгтийн хураамжид 25,069 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ө-14” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ЭНХЗАЯА