| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0222/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/256 |
| Огноо | 2025-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Зулаа,
Нарийн бичгийн дарга: Е.Туяадэлгэр,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514001580278 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* ******* овогт *******ы ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр 9-7 дугаар гудамж, 2 тоотод 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ыг "гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэж биед халдаж гэрээс гаргасангүй" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн дух хэсэг рүү 2 удаа өөрийн дух хэсгээр мөргөх, гараараа үснээс нь зулгаах, баруун гар, зүүн гар, цээж хэвлий хэсэгт нь 4-5 удаа цохих, хөлөөрөө баруун хөл, зүүн хөл хэсэгт нь 3-4 удаа өшиглөж биед нь тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун сарвуу, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн 2-р хурууны 3-р үе, хэвлийн баруун, зүүн доод хэсэг, баруун хөх, баруун гуя, баруун өндөг, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Х.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлнэ..гэх мэдүүлэг / хх-ийн 113 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Манай нөхөр ******* 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст суманд байх Монурад уурхайд ажилд ороод явснаасаа хойш холбоо барихгүй байсан. Тэгээд би Улаанбаатар хотод ажил хийж байгаад 2024 оны 10 дугаар сард ирэхэд надаас хөндий байгаад байсан. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрт байж байгаад нөхөр *******ы гар утас байхаар нь утсыг нь аваад фейсбүүк орсон чинь нууц фейсбүүк хаяг нээчихсэн тухайн хаягаараа хүмүүстэй харилцсан байхаар нь би уурлаад хэлсэн чинь чи яасан хүнд гай болж ханадаггүй юм бэ гээд ор руу түлхэж унагаагаад хараалын үгээр хэлээд миний дух хэсэг рүү 1-2 удаа мөргөөд үснээс зулгаагаад тэгээд миний гар, хэвлий хэсэг рүү маш олон удаа цохиод гуя, шилбэ, өвдөг, хэсэг рүү маш олон удаа өшиглөсөн. Миний биед тархи доргилт, духны зөвлөн эдийн няцрал, баруун шуу баруун сарвуу, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн 2 дугаар хурууны 3 дугаар үе, хэвлийн баруун, зүүн доод хэсэг, баруун хөх, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөг зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдсон. Тухайн гэмтлийг манай нөхөр болох ******* толгой хэсгээрээ мөргөж, цохиж, өшиглөж учруулсан. Хэдэн удаа цохиж өшиглөсөн талаар бол мэдэхгүй байна. Маш олон удаа өшиглөж, цохиж, толгой хэсгээрээ мөргөсөн. Манай нөхөр ******* архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Тухайн үед хэрэглээгүй байсан. Манай нөхөр ******* өмнө нь намайг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 16-17 /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Үндсэн хуульд заасан эрхийн дагуу нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй гомдол санал байхгүй гэв.
5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..Би *******ы Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 40,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа.... гэх мэдүүлэг /хх-ийн 72-73/,
6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2025 оны 01 дүгээр сарын хэдэн өдөр байсныг сайн санахгүй байна, гийн дүү Энх-Оргил манайд байсан тэгсэн аниа боож уначхаад сэргэхгүй байна гээд уйлаад хэлсэн тэгэхээр нь би Энх-Оргилыг аваад гийн гэрт очихоор явж байхад шинэ суурьшлын ард гийн хадам ээжийн машин байна гэхээр нь би зогсоогоод уулзсан тэгсэн хадам ээж нь гийн хүүхдийг аваад явж байсан, хадам ээж нь надад хэлэхдээ г боож унагаачхаад би хүн амины хэрэгт орчихлоо гээд ээж рүүгээ залгахад ээж нь очиход ухаан орсон хэрүүл хийгээд байж байна тэгээд намайг гэрт нь орсон чинь гар утасны цэнэглэгч аваад боож үхнэ гээд зөрөөд гараад гүйсэн тэгээд олдоггүй, гар утсаа үлдээгээд явсан байна гэж надад хэлсэн. Тэгээд би гийн гэрт нь очиход нөхөр нь хаалгаа түгжээд гэрлээ унтраасан сууж байсан, би гийн үеэл нь байгаа юм, гийн нөхрийг сайн танихгүй болохоор ороод яасан талаар асуухад юу ч дугараагүй, дуугай суугаад байхаар нь би гарч эхнэрээ хайдаггүй юм уу гэж хэлчхээд гараад явсан. Манай хамаатан гийнхтай ойрхон байдаг юм, тэднийд очсон юм болов уу гээд тэр айлд ороход байхгүй байхаар нь аймгаас таньж мэддэг, очиж болох айл болгоноос асуухад ирээгүй, мэдэхгүй гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд хайж байхад би гийнд ойрхон байдаг айл болох ******* ахынд эргээд очиход тэднийд дөнгөж орж ирж байсан. Тэгэхэд харахад подволктой байсан ил харагдах хэсэг болох гар болон мөр хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан, бусад хэсгээр хөхөрсөн байгаа гэж хэлж байсан тэрийг нь би хараагүй. Тэгээд би цагдаа нар руу яриад энд байна гэж хэлсэн. Намайг гийнд ороход нөхөр нь уурласан байдалтай сууж байсан, цус толбо болсон зүйлийг хараагүй, анзаараагүй, гэрийн эд зүйл хэвийн байх шиг байсан. Би дараа нь гоос чи залуу хүн байж боож үхнэ гэж юу яриад байгаа талаар асуухад би тэгж хэлээгүй гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
7. Шинжээч эмч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 139 дугаартай *******гийн биед үзлэг хийхэд тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал баруун шуу, баруун сарвуу, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн 2-р хурууны 3-р үе хэвлий баруун хөх, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөг зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдсон байна. Дээрх тархи доргилт гэмтэл нь мэдрэлийн үзлэгт нүдний алимын чичирхийлэлтэй дагзны булчингийн хөшингө 1 хуруу, ромбергийн сорилт тэнцвэргүй гэх шинжүүдээр илэрсэн ба хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг, мөн духны зөөлөн эдийн няцрал болон бусад цус хуралтууд гэмтэл нь нийлээд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих, зодох, алгадах, өшиглөх, мохоо биетээр цохих гэх мэт үйлдлийн үед үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 139 дугаартай шинжээчийн:...1.*******гийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун сарвуу, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн 2-р хурууны 3-р үе, хэвлийн баруун, зүүн доод хэсэг, баруун хөх, баруун гуя, баруун өвдөг, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 36-37/ болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-12/ зэрэг нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр 9-7 дугаар гудамж, 2 тоотод гэртээ 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ыг "гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэж биед халдаж гэрээс гаргасангүй" гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн дух хэсэг рүү 2 удаа өөрийн дух хэсгээр мөргөх, гараараа үснээс нь зулгаах, баруун гар, зүүн гар, цээж хэвлий хэсэгт нь 4-5 удаа цохих, хөлөөрөө баруун хөл, зүүн хөл хэсэгт нь 3-4 удаа өшиглөж биед нь тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, баруун шуу, баруун сарвуу, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн 2-р хурууны 3-р үе, хэвлийн баруун, зүүн доод хэсэг, баруун хөх, баруун гуя, баруун өндөг, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
Энэ үйл баримт болсон нь хохирогч *******гийн мэдүүлэг, гэрч ******* мэдүүлэг, шинжээчийн 139 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр *******г хардалтаас шалтгаалж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан боловч уг үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй, буюу шүүгдэгч гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн гэж биед халдаж гэрээс гаргасангүй гэх шалтгаанаар зодсон нь гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй байна гэж дүгнэж түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч ******* энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын 40.000 төгрөгийн зардал гаргаж хохирогч ******* эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Х.*******аас 40.000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Х.*******д торгох ялыг шүүхээс оногдуулсан тул түүнийг цагдан хорих байрнаас суллаж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ы *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Х.*******ы энэ хэргийн учир цагдан хоригдсон хоёр хоногийг торгох ялын нэг өдрийн арван таван нэгжээр тооцож эдлэх ялаас нь хасаж түүний эдлэх ялыг дөрвөн зуун хорих /420/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун хорин мянган /420.000/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Х.*******ы энэ хэргийн учир цагдан хоригдсон хоёр хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасаж түүний торгох нийт ялыг дөрвөн зуун хорин / 420 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун хорин мянган / 420.000 / төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
7. Шүүгдэгч Х.******* энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Х.*******аас 40.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих байрнаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ