Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 110/ШШ2023/0010

 

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хоорондын өндөр насны тэтгэвэр тогтоохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийг төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд “Б.Д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Б.Д өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг тус байгууллагад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч Б.Д нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл гаргасан боловч анх тус байгууллагаас түүнд малчин-даатгуулагчийн хувиар 2016 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн үед бүрдүүлсэн “А” дансны лавлагааны баримт нь засвартай гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоож олгохоос татгалзжээ.

3. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Б.Д өндөр насны тэтгэвэр тогтоож олгохоос татгалзсан асуудлаар нэхэмжлэгч тус байгууллагын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан боловч  тус зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу 2016 онд тэтгэврийн даатгалын шимтгэлд нөхөн төлсөн 504 000 төгрөгийг нийгмийн даатгалын сангаас нэхэмжлэгч Б.Д буцааж олгохоор шийдвэрлэж, гомдлыг хангаагүй байна.

4. Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн дээрх тогтоолтой танилцаад 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж маргасан. Үүнд:

5.1. Улсад 20-иос доошгүй жил ажиллаж, 55 нас хүрсэн тул өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Толбо сумын нийгмийн даатгалын байцаагчид хандсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг би  16 жил, 9 сар, 12 өдөрт төлсөн ба гурван хүүхэдтэй учраас хуульд зааснаар 4 жил, 6 сар нэмэгдсэнээр  тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаа 21 жил 5 сар, 12 өдөр болж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан болзол, шаардлагыг бүрэн хангасан. Гэтэл тэтгэвэр тогтоолгох тухай материалыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Х.М хянан үзээд надад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан нь хууль бус гэжээ.

6. Хариуцагчаас шүүхэд дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

6.1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг нийт 20-иос доошгүй жил төлсөн 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байдаг. Энэ хэсэгт 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар орсон нэмэлт өөрчлөлтөөр 1967 онд төрсөн эмэгтэй тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийт 21 жил 3 сараас доошгүй төлсөн бол 55 насандаа, хэрэв 21 жил 3 сар шимтгэл төлөөгүй бол 56 нас 3 сартайдаа хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх юм байгаа.

6.2. Иргэн Б.Д нь  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаанд төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.” гэж зааснаар гурван хүүхдийн 4 жил 6 сар, Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 11 жил, 1987-1990 онд ажилласнаар шүүхээр тогтоолгосон 2 жил 5 сар, сайн дурын даатгалын шимтгэл төлсөн 3 сар, нийт 18 жил 4 сар ажилласан жилтэй байгаа нь маргаангүй.

6.3. Б.Д нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу 2016, 2017, 2018 онуудыг малчнаар ажилласан гэж нөхөн даатгалд хамрагдсан. Гэтэл 2016 оны архиваас гарсан “А” дансны лавлагаанд  тус өрх нь “мал бүхий өрх” байсныг засаж,  “малчин өрх” болгон, мөн 2017, 2018 оны “А” дансанд өрхийн “малчдын тоо” байхгүй байхад манайд материал бүрдүүлж өгөхдөө малчдын тоог “2” гэж бичиж хуурамч материал бүрдүүлэн нөхөн даатгалд хууль бусаар хамрагдсан байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг “малчин” гэж ойлгоно гэсэн байдаг. Энэ тухай Үндэсний статистикийн хорооноос баталсан зааварт малыг аж амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрхийг “мал бүхий өрх” гэж тодорхойлсон.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 04 дүгээр сарын 17 өдрийн 1/730 дугаар албан бичгээр ирсэн “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх зөвлөмж”-д “А” дансанд “мал бүхий өрх”-өөр бүртгэгдсэн тохиолдолд зөвхөн өрхийн тэргүүн хүсэлт гаргасан бол тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ. Харин уг өрхийн тэргүүн малчнаас өөр ажил хөдөлмөр эрхэлсэн бол малчинд хамаарахгүй.

Тухайн малчин өрхийн малчдын тоо “А” дансны “малчдын тоо” хэсэгт бичигдсэнээр, харин малчнаар ажиллаж байгаа тухайн гэр бүлийн гишүүдийн мэдээллийг мөн дансны “малчдын мэдээлэл” хэсэгт бүртгэгдсэн хүний мэдээлэлтэй тулган шалгаж, хүсэлт гаргасан иргэний зөвхөн малчнаар ажилласан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ. Өөрөөр хэлбэл тухайн өрхийн малчдын мэдээлэлд бүртгэгдээгүй иргэнийг малчнаар ажилласнаар тооцон шимтгэл нөхөн төлүүлэхгүй гэсэн зөвлөмжийг мөрдөн ажиллаж байна.

Иймээс Б.Д Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандан гаргасан өргөдлийг 2022 оны 09 зүгээр сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэн бүх гишүүдийн саналаар анхнаасаа хуурамч материал бүрдүүлэн нөхөн даатгалд хамрагдсан байна гэж үзэн нөхөн даатгалд хамрагдаж, 2016 онд төлсөн шимтгэлийг нь буцаан олгохоор шийдвэрлэсэн.

6.4. Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 3.2-т зааснаар зөвлөл нь даатгуулагчийн 1995 оноос хойш тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нь малчнаар ажиллаж байсныг нотлох “А” данс үрэгдсэнээс олдохгүй болсон тохиолдолд мал маллаж байсныг холбогдох баримтуудыг үндэслэн нотолж тодорхойлохоор заасан. Иймд эдгээр тохиолдлоос бусад асуудлыг Зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхгүй” гэсэн чиглэлийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2018 оны 07 дугаар сарын 03-ны  өдрийн албан бичгээр ирүүлсэн.

Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар баталсан “Малчин-даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар”-т “А” дансны бүртгэл устсан, үрэгдсэн тохиолдолд малчнаар ажилласан хугацааг шүүхээр сэргээн тогтоолгож болно гэсэн байна. Харин Б.Д хувьд тус өрхийн мал тооллогын “А “данс бүрэн эхээрээ архивд байгаа болно.

6.5. Б.Д 2016 онд малчин байсан гэх шүүхийн шийдвэр байгаа боловч 1995 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй малчны шүүхээр сэргээн тогтоолгосон хугацааг малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохгүй гэсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

7.1. Хуулиар 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч улсад 21 жил 3 сараас доошгүй ажилласан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгож авах эрхтэй. Б.Д тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаа нь 21 жил 5 сар 12 өдөр байгаа.

Энэ хугацаанд 4 жил 6 сарын хугацаа нь  гурван  хүүхэдтэйн хувьд, бусад 16 жил  9 сар 12 өдөрт нийгмийн даатгалын шимтгэл төлсөн.

7.2. Б.Д 2022 оны  08 дугаар сарын 01-ний өдөр  Толбо сумын нийгмийн даатгалын байцаагч н.А хандаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өгсөн  хүсэлт, бичиг баримтуудыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагч Х.М хянан үзээд 2016 онд малчин даатгуулагчаар шимтгэл төлөх үед өгсөн 2016 оны “А” дансны баримт нь зөрчилтэй гэх агуулгаар тэтгэвэр тогтоохоос татгалзсан байдаг.

7.3. Б.Д нь 2016, 2017, 2018 онд малчны хувиар нийгмийн даатгалын шимтгэлийг  2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлсөн. Түүний 2016 онд малчнаар ажилласан жил нь маргаантай гэсэн асуудал гарсан тул 2016 онд малчнаар ажилласан жилийг шүүхээр тогтоолгосон байна.

7.4. Б.Д өрхийн 2017-2018 оны “А” дансны баримт нь  түүний нөхөр М.А нэрээр гарч ирсэн. Уг баримтад тус өрхийг “малчин өрх” гэж бүртгэсэн.

7.5. Иймд  Нийгмийн даатгалын хэлтсийн Б.Д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан татгалзал хууль бус бөгөөд Баян-Өлгий аймгийн архивын тасгаас ирүүлсэн баримтууд болон шүүхийн шийдвэрээр Б.Д нь 2016, 2017, 2018 онд мал маллаж малчин байсан гэдэг нь тогтоогдож байгаа.

7.6. Нийгмийн даатгалын байцаагч нар тухайн үед Б.Д нөхөн даатгалд хамруулсан. 2014 онд түүнд холбогдох газраас малчин мэргэжлийн үнэмлэх олгож байсан.

7.7. Иргэний хэргийн шүүхэд 14-15 хүн гэрчээр асуугдсан. Гэрчүүдийн мэдүүлгээр Б.Д сумын төвөөс холгүй газарт мал малладаг малчин гэсэн.

Хэдийгээр нөхөр нь сумын Засаг даргын Тамгын газарт ажилладаг боловч Б.Д хувиараа мал малладаг гэдгийг гэрчилсэн. Ийм учраас архивын газраас гарсан “А” дансны баримтууд, гэрч нарын мэдүүлэг, малчны үнэмлэх, Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

8.1. 2016 онд нэхэмжлэгч Б.Д нь  нөхөн даатгалд даатгуулах үед түүнийг мөн онд малчнаар ажилласныг тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байсан.  Архив дахь тус өрхийн “А” дансны маягтуудад тухайлбал  2016 онд “мал бүхий өрх” гэж бүртгэгдсэн, 2017, 2018 онд  “малчин өрх” гэж бүртгэгдсэн боловч малчдын тоог бүртгээгүй. Статистикийн газраас авсан мэдээлэл нь  мөн зөрж байна. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгийг харахад, багийн Засаг дарга нь шүүхэд малтай өрхийн бүртгэлийн цахим мэдээллийн санд  тухайн үед “малчин өрх” гэж оруулахад ажиллагаа их хийгддэг учраас “мал бүхий өрх” гэж оруулсан гэж мэдүүлэг өгсөн байна. Төрийн албан хаагч нар дээд боловсролтой, худал мэдээлэл оруулж болох юм уу гэдгийг харгалзах хэрэгтэй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Б.Д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Б.Д өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг тус байгууллагад даалгах” тухай нэхэмжлэл нь үндэслэлтэй байна.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.” гэж заасан.

3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох  нас  нь 1967 онд төрсөн бол  56 нас 3 сар байхаар,   61 дүгээр зүйлд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр ...эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ.” гэж тус тус заасан.

4. Нэхэмжлэгч Б.Д нь  гурван хүүхэдтэй, нийт 21 жил 5 сар 12 өдрийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 1967 онд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 55 насандаа  өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл гаргасан, өндөр насны тэтгэвэр тогтоох  хуульд заасан шаардлагыг хангасан гэж маргасан.

5. Харин хариуцагчаас Б.Д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан үндэслэлээ “1967 онд төрсөн эмэгтэй тэтгэврийн даатгалын шимтгэлийг 21 жил 3 сараас доошгүй төлсөн бол 55 насандаа, хэрэв 21 жил 3 сараас доошгүй хугацаанд шимтгэл төлөөгүй бол 56 нас 3 сартайдаа хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ. Нэхэмжлэгч Б.Д нь  Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу эмэгтэй малчин-даатгуулагчийн хувиар  2016, 2017, 2018 онд тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөх үед тус өрх нь 2016 оны “А” дансны маягтад “мал бүхий өрх”-өөр бүртгэгдсэнийг “малчин өрх” гэж зассан, 2017, 2018 оны “А” дансны маягтад өрхийнхөө малчдын тоо тусгагдаагүй байхад малчдын тоог  “2” гэж бичих зэргээр хуурамч материал бүрдүүлсэн.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг “малчин” гэж,  Үндэсний статистикийн хорооноос баталсан зааварт малыг аж амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрхийг “мал бүхий өрх” гэж тодорхойлсон.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/730 дугаартай албан бичгээр ирүүлсэн Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөх зөвлөмжид “А” дансны маягтад “мал бүхий өрх”-өөр бүртгэгдсэн тохиолдолд зөвхөн өрхийн тэргүүн хүсэлт гаргасан бол тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ.

Үндэсний статистикийн хорооноос баталсан “А” дансны маягтын “малчдын тоо” гэсэн хэсэгт тухайн өрхийн малчдын тоо бичигдсэнээр, харин “малчдын мэдээлэл” хэсэгт бүртгэгдээгүй иргэнийг малчнаар ажилласнаар тооцон шимтгэл нөхөн төлүүлэхгүй талаарх зөвлөмжийг мөрдөн ажиллаж байна.” гэж тайлбарлан, нэхэмжлэгч Б.Д эмэгтэй малчин-даатгуулагчийн хувиар 2016, 2017, 2018 онуудад  тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн 3 жилийн хугацааг түүний  шимтгэл төлсөн нийт хугацаанд хамаарахгүй гэж маргажээ.

6. Нэхэмжлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаа нь 16 жил 09 сар 12 өдөр болохыг хариуцагч нийгмийн даатгалын байгууллагаас тодорхойлж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 332 дугаартай албан бичгээр шүүхэд хариу ирүүлсэн. Уг хугацаанд нэхэмжлэгч Б.Д нь А.Ж, А.А, А.А нарын гурван хүүхэдтэй эхийн хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно.” гэж зааснаар  4 жил 6 сарын хугацааг нэмж тооцоход нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаа нь 21 жил 5 сар 12 өдөр байна.

7. Хариуцагчаас анх нэхэмжлэгч Б.Д өрх нь малчин биш мал бүхий өрх байхад малчин-даатгуулагчийн хувиар 2016 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн нь хууль бус гэж үзсэн байх ба  мөн онд шимтгэлд төлсөн 504 000 төгрөгийг буцааж олгохоор Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өрхийн 2017, 2018 онуудын “А” дансны маягтад малчдын тоо бүртгэгдээгүй байхад мөн онуудад малчин-даатгуулагчийн хувиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлснийг мөн хууль бус гэж маргажээ.

 

8. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д  “Энэ хуулийн зорилт нь нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны иргэн хамаарна.”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:”,7.1.3-т “иргэн малчин бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол Хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт;”, 8 дугаар зүйлийн 8.1.-д “Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.” гэж тус тус заасан байна.

9. Үндэсний статистикийн хорооны даргын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/103, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/185 дугаар тушаалаар тус тус баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 20..оны тооллого”-ын  МТ 1 маягт буюу “А” дансны бүртгэлд  малаа тоолуулж байгаа нийт өрхийг “малчин өрх”, “мал бүхий өрх”, “бусад өрх” ... зэргээр өрхийн төрлөөр нь  ялган бүртгэж, малчдын тоо, малчдын мэдээллийг тус тус тусгахаар байна.

10. Нийгмийн даатгалын   ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/730 дугаартай аймаг, дүүрэг/нийслэл/-ийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн  “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийн 1.1-д “...тухайн малчин өрхийн  малчдын тоог “А” дансны 11 дүгээр асуулгад тэмдэглэсэн “малчдын тоо” хэсэгт бичигдсэнээр, харин малчнаар ажиллаж байгаа тухайн гэр бүлийн гишүүдийн мэдээллийг мөн дансны 2 дугаар бүлэг дэх “малчдын мэдээлэл” хэсэгт бүртгэгдсэн  хүний мэдээлэлтэй тулган шалгаж, хүсэлт гаргасан иргэний зөвхөн малчнаар ажилласан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ. Өөрөөр хэлбэл ...тухайн өрхийн малчдын мэдээлэлд бүртгэгдээгүй иргэнийг малчнаар ажилласнаар тооцон шимтгэл нөхөн төлүүлэхгүй. Малчин өрхийн эхнэр /нөхөр/ малчнаар ажилласан бол хоёулаа тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж болно.” гэжээ.

11. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талуудын хоорондын маргаантай холбоотой дараах үйл баримт тогтоогдсон.Үүнд,

11.1. Нэхэмжлэгч Б.Д нь 1988 онд иргэн М.А гэрлэсэн байх ба Баян-Өлгий аймгийн архивын тасагт хадгалагдаж буй М.А өрхийн “А” дансны маягтуудад  өрхийн төрлийг мал тооллын комиссоос 2016 онд  “мал бүхий өрх” гэж, 2017 онд “малчин өрх” гэж, 2018 онд “малчин өрх” болон “мал бүхий өрх” гэсэн асуулгыг зэрэг тэмдэглэсэн, харин малчдын тоог дээрх 3 жилийн “А” дансны маягтад бүртгээгүй байна.

11.2. Үндэсний статистикийн хорооны даргын 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/103 дугаар тушаалаар баталсан “А” дансны маягтад “малчдын мэдээлэл”-ийг тусгах асуулга байхгүй бол эрх бүхий этгээдээс 2017 онд шинэчилж баталсан  “А” дансны  маягтын “II” гэсэн хэсэгт  тухайн өрхийн “малчдын мэдээлэл”-ийг бүртгэх болсноор холбогдох мал тооллогын комисс нь нэхэмжлэгч Б.Д /нөхөр М.А/ өрхийн 2017 болон 2018 оны “А” дансны маягтын “малчдын мэдээлэл” хэсэгт нэхэмжлэгч Б.Д, түүний нөхөр М.А нарыг малчны хувиар бүртгэж, холбогдох мэдээллийг тусгажээ.

11.3. Нэхэмжлэгч Б.Д нь нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргаж, малчин-даатгуулагчийн хувиар 2016, 2017, 2018 онуудын тэтгэврийн даатгалын шимтгэлд 1 512 000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нөхөн төлсөн үед бүрдүүлж өгсөн тус  өрхийн 2016-2018 онуудын  мал тооллогын “А” дансны маягтуудын хуулбар баримтуудад тус  өрхийн төрөл нь “малчин өрх” гэж,  малчдын тоог “2” гэж тус тус тэмдэглэгдсэн байна.

11.4. Мөн малтай өрхийн бүртгэлийн мэдээллийн цахим санд нэхэмжлэгч Б.Д /нөхөр М.А/ өрх нь 2016-2018 онуудад “Мал бүхий өрх”-өөр бүртгэгдсэн талаарх хариуг Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 31 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлжээ.

12. Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд холбогдох мал тооллогын комисс нь нэхэмжлэгч Б.Д өрхийг 2016 оны “А” дансны маягтад  “мал бүхий өрх”-өөр бүртгэсэн, 2016-2018 онуудад тус өрхийн малчдын тоог “А” дансны маягтад бүртгээгүй байхад нэхэмжлэгч дээрх хугацаанд малчин-даатгуулагчийн хувиар тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үед 2016 оны “А” дансны маягтын өрхийн төрлийн мэдээллийг “малчин өрх” гэж өөрчилсөн, 2016-2018 онуудын “А” дансны маягтад малчдын тоог “2” гэж тус тус тусгасан засвартай баримтыг нийгмийн даатгалын байгууллагад бүрдүүлж өгсөн гэх хариуцагч талын маргаан үндэслэлтэй байна.

13. Гэвч Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэгч Б.Д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж, Б.Д өрх нь 2016 онд малчин биш мал бүхий өрх байсан гэх үндэслэлээр түүний тэтгэврийн даатгалын шимтгэлд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр нөхөн төлсөн 504 000 төгрөгийг тус байгууллагын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн  2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор нийгмийн даатгалын сангаас нэхэмжлэгчид буцааж олгохоор шийдвэрлэхээс өмнө  Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолоор батлагдсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-д зааснаар  Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 07/08 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Б.Динарын өрхийг  2016 онд малчин өрх мөн байсныг тогтоосон байна.

14. Түүнчлэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2022/00661 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Д нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоож шийдвэрлэжээ.

15. Иймээс холбогдох мал тооллогын комиссоос нэхэмжлэгч Б.Д өрхийг 2016 оны “А” дансны маягтад “мал бүхий өрх” гэж бүртгэсэн боловч шүүхийн дээрх шийдвэрээр Б.Д тухайн онд малчин байсныг тогтоосон байхад нийгмийн даатгалын байгууллагаас 2016 онд Б.Д малчин биш гэж маргасан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

16. Мөн нэхэмжлэгч Б.Д /нөхөр М.А/ өрхийн нь  2017-2018 оны “А” дансны маягтуудад малчдын тоо бүртгэгдээгүй боловч уг баримтуудад тус өрх  тухайн онуудад “малчин өрх”-өөр, “малчдын мэдээлэл” хэсэгт нэхэмжлэгч Б.Д, түүний нөхөр М.А нар тус тус бүртгэгдсэн нь шүүхээс Баян-Өлгий аймгийн архивын тасагт хадгалагдаж буй тус өрхийн “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017, 2018 онуудын тооллого”-ын МТ 1 маягтад хийсэн үзлэгээр тогтоогдсон.

17. Тус баримтуудад  малчдын тоог бүртгээгүй асуудлаар, мөн малтай өрхийн  бүртгэлийн мэдээллийн цахим санд нэхэмжлэгч Б.Д /нөхөр М.А/ өрх нь 2017-2018 онуудад өрхийн төрлийн мэдээлэл нь “А” дансны маягтад бүртгэснээс өөрөөр буюу  “мал бүхий өрх”-өөр бүртгэгдсэн  талаар, мөн 2018 оны тус өрхийн төрлийг “А” дансны маягтад “малчин өрх”, “мал бүхий өрх” гэсэн ангилалд  зэрэг бүртгэсэн нөхцөл байдлын талаар  2017-2018 онд Толбо сумын 5 дугаар багт  мал тооллогын комиссын даргаар ажилласан тус багийн Засаг дарга А.Б, гишүүдээр ажилласан Ж.Б, М.Г нараас гэрчийн хувьд дараах мэдүүлгийг шүүхэд өгсөн. Үүнд: Гэрч Ж.Г-аас “...М.А нь өөрөө сумын Засаг даргын Тамгын газарт ажилладаг боловч эхнэр Б.Д нь ажилгүй, гэртээ мал аж ахуйгаа хариуцаж, малаа хардаг хүн байсан. М.А өрх нь мал малладаг малтай айл байсан нь үнэн. Тэр утгаар нь тус өрхийг “Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2017 оны тооллого”-ын баримтад “малчин өрх”-өөр бүртгэсэн.Тухайн үед яагаад маягтын “малчдын тоо” гэсэн хэсэгт тоон мэдээлэл оруулалгүй орхигдуулсныг сайн санахгүй байна. Гэхдээ баримтын “малчдын мэдээлэл” гэсэн хэсэг дээр тухайн өрхийн малчдын тоог бүртгэж өгсөн.” гэж, гэрч Ж.Б-ээс “М.А өрхийн 2018 оны мал тооллогыг хийсэн, тус өрх  нь сумын төвөөс зайдуу газарт оршин сууж, тодорхой тооны малаа маллаж амьдардаг хүмүүс байсан. Маягтын “малчин өрх”, “мал бүхий өрх” гэсэн хэсгийг яагаад давхар тэмдэглэснийг санахгүй байна. Магадгүй би анх “мал бүхий өрх” гэж буруу тэмдэглэснийг залруулж, дараа нь “малчин өрх” гэснийг дахин тэмдэглэсэн байж болно. Тухайн үед “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тухайн 2018 оны тооллого”-ын баримтыг үйлдэх зааврыг холбогдох хүмүүсээс бидэнд мэдэгдэж байгаагүй. “Малчдын тоо” гэсэн хэсэгт тэмдэглээгүй нь миний буруутай ажиллагаа байж болно. Тухайн өрхийн “Малчдын мэдээлэл” гэсэн хэсэгт малчдын мэдээллийг тусгаж өгсөн болохоор “малчдын тоо” гэсэн хэсэгт  тоон мэдээлэл оруулалгүй орхигдуулсан байна. Гол нь өрхийн тэргүүний ерөнхий мэдээлэл, малчдын мэдээлэл, өмнөх болон тухайн жилд тоолуулсан малын мэдээлэл зэргийг тусгах замаар маягтаа бөглөж байсан.” гэж, гэрч А.Б-аас “Мал тооллогын системд мэдээллийг би   оруулсан нь үнэн. Харин М.А өрхийн 2017 оны “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын баримтад өрхийн төрөл нь “малчин өрх”-өөр тэмдэглэгдсэн байхад  би системд өрхийн төрлийг “2” буюу “мал бүхий өрх”-өөр буруу мэдээлэл оруулсан байна. 2018 оны хувьд  “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын баримтыг харахаар өрхийн төрөл нь “малчин өрх” болон  “мал бүхий өрх” гэсэн хэсэг давхар тэмдэглэгдсэн байна. Тухайн үед би “Мал бүхий өрх” гэдэг тэмдэглэгээтэй хэсгийг сонгож мэдээллийн санд оруулсан байх боломжтой.

Толбо сумын 5 дугаар багийн 300 өрхийн “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын баримтыг  үндэслээд 300 өрхийн мэдээллийг системд оруулах ажил нь өөрөө ачаалалтай байдаг учраас “малчин өрх” гэдэг хэсгийг сонгохоор тухайн өрхийн малчдын мэдээлэл, регистрийн дугаар, малын тоо гэх мэт системийн олон асуумжууд гарч ирдэг, харин “мал бүхий өрх” гэсэн хэсгийг сонгохоор системд өөр нэмэлт мэдээлэл оруулахыг шаарддаггүй учраас ажлаа хөнгөвчлөх зорилгоор ихэнх тохиолдолд  “мал бүхий өрх” гэсэн хэсгийг системээс идэвхжүүлдэг байсан тохиолдол байсан.” гэжээ.

18. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхдөө дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:”, 7.1.2-т “малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тухай түүний оршин сууж байсан болон оршин сууж байгаа сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;”, 7.1.3-т “иргэн малчин бол энэ хуулийн үйлчлэлд хамаарах хугацааны мал тооллогын, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол Хувь хүний орлогын албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн баримт;” гэж зааснаас үзэхэд тухайн иргэн малчин байсныг оршин сууж байгаа сумын Засаг даргын тодорхойлолт болон тухайн өрхийн мал тооллогын “А” дансны лавлагаагаар тодорхойлохоор байна.

 19. Мал тооллогын комисс нь нэхэмжлэгч Б.Д өрхийг 2017-2018 онд “А” дансны маягтад малчин өрхийн ангиллаар, “малчдын мэдээлэл” хэсэгт нэхэмжлэгч Б.Д, түүний нөхөр М.А нарыг, мөн тус онд тоолуулсан тодорхой тооны малыг тус тус  бүртгэсэн нь тогтоогдсон ба харин гэрчүүдийн дээрх мэдүүлгээс үзэхэд маягтын “малчдын тоо” гэсэн хэсгийг бүртгээгүй нь, мөн “А” дансны маягтад тусгагдсан нэхэмжлэгчийн өрхийн төрлийн мэдээллийг малтай өрхийн бүртгэлийн мэдээллийн цахим санд “мал бүхий өрх”-өөр буруу бүртгэсэн нь тухайн 2017-2018 онд ажилласан мал тооллогын комиссын буруутай үйл ажиллагаа байна.

20. Түүнчлэн нэхэмжлэгч Б.Д-т 2014 онд Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд, Хөдөлмөрийн сайдаас хамтарч 8331580110 дугаартай “Малчин мэргэжлийн үнэмлэх” олгосон байх ба Толбо сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлөөс 2016 онд нэхэмжлэгчийн өрхийг малчин өрх болохыг мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2022/00661 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Д нь  Толбо сумын 5 дугаар багт 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоосон.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Х.Х, С.Н, Б.С, М.Е, А.Х, А.Б, Ж.Б, М.Г нарын мэдүүлгээр, мөн Толбо сумын 5 дугаар багийн Засаг даргаас нэхэмжлэгчийг мал маллаж амьдардаг малчин болохыг тус тус тодорхойлсон байна.

 

21. Дээрх байдлаар 2017-2018 оны “А” дансны лавлагаанд нэхэмжлэгчийн өрхийг малчин өрхийн ангиллаар, “Малчдын мэдээлэл” хэсэгт нэхэмжлэгч Б.Д, түүний нөхөр М.А нарыг, мөн тус онуудад тоолуулсан малын тоог тус тус бүртгэгдсэн байхад нийгмийн даатгалын байгууллагаас “А” дансны маягтын “малчдын тоо” гэсэн хэсгийг мал тооллогын комиссын буруутай үйл ажиллагаанаас болж бүртгэгдээгүй асуудлаар нэхэмжлэгчийг 2017-2018 онд малчин биш гэж үзэн маргасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл мал тооллогын тухайн онуудын комисс нь нэхэмжлэгчийн өрхийн 2017-2018 оны “А” дансны маягтад малчдын тоог бүртгээгүй нь нэхэмжлэгчийн дээрх хугацаанд малчнаар ажилласныг үгүйсгэх үндэслэл биш бөгөөд нэхэмжлэгчийг 2016, 2017, 2018 онуудад мал маллаж амьдарсан малчин биш гэж үзэх үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй болно.

 

22. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/730 дугаартай аймаг, дүүрэг/нийслэл/-ийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн  “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичгийн 1.1-д “...тухайн малчин өрхийн  малчдын тоог “А” дансны 11 дүгээр асуулгад тэмдэглэсэн “малчдын тоо” хэсэгт бичигдсэнээр, харин малчнаар ажиллаж байгаа тухайн гэр бүлийн гишүүдийн мэдээллийг мөн дансны 2 дугаар бүлэг дэх “малчдын мэдээлэл” хэсэгт бүртгэгдсэн  хүний мэдээлэлтэй тулган шалгаж, хүсэлт гаргасан иргэний зөвхөн малчнаар ажилласан хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ. Өөрөөр хэлбэл “А” дансанд ...тухайн өрхийн малчдын мэдээлэлд бүртгэгдээгүй иргэнийг малчнаар ажилласнаар тооцон шимтгэл нөхөн төлүүлэхгүй.” гэж дурдсан байх ба 2017-2018 оны “А”  дансны маягтад тус өрх нь “малчин өрх”-өөр, “малчдын мэдээлэл”-д нэхэмжлэгчийг  өрхийн малчнаар бүртгэсэн байхад  хариуцагчаас Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн  дээрх зөвлөмжийн агуулга болон нөхцөл байдалд бодит дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэгчийн малчин-даатгуулагчийн хувиар 2016-2018 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн 3 жилийн хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаанд хамаарахгүй гэж маргасныг хууль бус байна гэж дүгнэлээ.

23. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгч Б.Д нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2016-2018 онд хамаарах 3 жилийн хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх үед 2016 оны “А” дансны маягтын өрхийн төрлийн мэдээллийг “малчин өрх” гэж өөрчилсөн, 2016-2018 онуудын “А” дансны маягтад малчдын тоог “2” гэж тус тус тусгасан засвартай баримтыг нийгмийн даатгалын байгууллагад бүрдүүлж өгсөн нөхцөл байдлыг  шүүхээс зөвтгөөгүй бөгөөд дээрх хугацааны мал тооллогын “А” дансанд бүртгэгдсэн бусад мэдээлэл, нэхэмжлэгчийг малчнаар тогтоосон шүүхийн дээрх шийдвэрээр нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч талаас маргасан хугацаанд малчин байсан нь тогтоогдсон, уг 3 жилийн хугацааны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэгчээс нийгмийн даатгалын санд төлсөн, нийгмийн даатгалын байгууллагаас нэхэмжлэгчийн 2016 онд төлсөн 504 000 төгрөгийн шимтгэлийг буцааж олгохоор шийдвэрлэсэн боловч уг мөнгө нийгмийн даатгалын сангаас нэхэмжлэгчид олгогдоогүй гэх хариуцагч талын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

24. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 8 дугаар зүйлийн 1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж заасан ба  дээрх үндэслэлээр хариуцагчийн тайлбар, маргааныг хууль бус, нэхэмжлэгч хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагыг хангасан гэж үзээд  Б.Д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Б.Д-т өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг тус байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасныг тус тус  баримтлан  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Д-т өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Б.Д-т өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,  хариуцагчаас  70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

            

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.РИЗА