Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 256

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар И.Буманбаяр,

улсын яллагч Н.Булганчимэг,

шүүгдэгч М.Түмэн-Өлзий,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /№1280/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Мягмардоржийн Түмэн-Өлзийд холбогдох 201625031899 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн системийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо 50 мянгат 17 байр 49 тоотод оршин суух , улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Мягмардоржийн Түмэн-Өлзий /РД- ЧТ87072811/

 

Холбогдсон хэргийн талаар: М.Түмэн-Өлзий нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Түмэн-Өлзий нь 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд хохирогч Д.Адъяасүрэнгийн хүүг "БНХАУ-д магистрт суралцуулж өгнө" гэж хэлж, 280.000 төгрөгийг бэлнээр, 1.320.000 төгрөгийг Хаан банкны 5041072889 дугаартай дансаар нийт 1.600.000 төгрөгийг,

2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Саппоро" төвийн "Хаан" банкинд хохирогч Б.Болортуяагийн дүүг "БНХАУ-д сургуульд оруулж өгнө" гэж хэлж, 1.000.000 төгрөгийг бэлнээр, 4.000.000 төгрөгийг "Хаан" банкны 5041072889 дугаартай дансаар нийт 5.000.000 төгрөгийг,

2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Теди" төвийн зүүн талд хохирогч Г.Мөнгөнсарнайг "Хятад улсад магистрт суралцуулж өгнө" гэж хэлж, 2.000.000 төгрөгийг бэлнээр,

2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Ц.Ганбатын хүүг "Хятад улсад магистрт суралцуулж өгнө" гэж хэлж, хохирогч Б.Наранцэцэгээс 6.500.000 төгрөгийг "Хаан" банкны 5041072889 дугаартай дансаар,

2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Оросын элчин сайдын яамны баруун талд байх нотариатын газарт, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг Барилгачдын талбайн хажууд байх нотариатын газарт тус тус Б.Энхболдын хүү Д.Итгэлийг "БНХАУ руу тэтгэлэгт сургуульд сургаж өгнө" гэж хэлж, 1.012.500 төгрөг, 2000 ам.доллар /2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн "Монгол банк"-ны ханшаар 4.030.820 төгрөг/-ыг бэлнээр, нийт 5.043.320 төгрөгийг тус тус хууран мэхэлж, итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад нийт 20.143.320 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Г.Мөнгөнсарнайн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2016 оны 3 дугаар сарын 25-нд БНХАУ руу мастерт сурахаар сургууль хөөцөлдүүлэхээр М.Түмэн-Өлзий гэгчтэй уулзаад бүтээж өгнө сургууль авч өгнө 2500 доллараар бүтнэ гэсэн тэгээд урьдчилгаа талыг нь авна гэхээр нь 2 сая төгрөгөө Теди худалдааны төвийн замын зүүн талд бэлнээр өгсөн. Тэгээд бичиг баримтуудаа бас бүрдүүлчихсэн цуг өгсөн. Урьдчилсан хариу нь 2016 оны 05 дугаар сарын сүүлээр ирнэ гэж хэлсэн. Би 6 сарын эхээр залгаад асуусан чинь хариу ирсэн сургууль чинь бүтсэн БНХАУ улсын Дайлан хотод сургуульд сурахаар болсон урилга чинь 8 сард ирнэ гэж хэлсэн. 8 сард үлдэгдэл мөнгөө өгөөд урилгаа авна гэж тохирсон юм. Тэгээд түүнээс хойш утсаа авахаа байсан. ...Би өгсөн 2 сая төгрөгөө юм орчуулсан 100000 төгрөгөө авмаар байна...." гэх мэдүүлэг /1хх-ийн 19-20х/

Хохирогч Д.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний төрсөн хүү Хасу нь 2015 оны 12 дугаар сарын үед БНХАУлсын Хөх хотод ажиллаж амьдарч байсан юм. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын сүүлээр надтай холбоо барихдаа Түмэн-Өлзий гэж хүн Хөх хотод хүүхдийг тэтгэлэгийн сургалтанд оруулж өгдөг юм байна гээд 99222747 гэсэн дугаар өгөөд очоод уулзаад холбогдоодох гэж хэлсэн юм. Тэгээд байж байгаад 2016 оны 01 дүгээр сарын эхээр Түмэн-Өлзийгийн 99222747 дугаарын утсаар холбогдоод миний хүүг Өвөрмонголын их сургуулийн магистрт оруулж өгч чадах уу? гэж асуусан тэгсэн чинь болноо би чаднаа 3500 ам доллараар оруулна гэж хэлж байсан. Тэгээд 2016 оны намраас оруулж өгөхөөр болоод би бага багаар мөнгийг нь чам руу өгөөд 2016 оны 08 cap гэхэд наад мөнгийг чинь төлөөд дуусгачихъя гэж хэлсэн чинь болно гэж хэлж байсан. Тэгээд би Түмэн-Өлзийгийн дансыг утсаар аваад данс руу нь 2016 оны 01 дүгээр сарын 16-нд 400.000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 20-нд 400.000 төгрөг, 2016 оны 03 сард 400000 төгрөг өгсөн. Тэгээд 2016 оны 4 дүгээр сарын дундуур би Түмэн-Өлзийтэй Улаанбаатар их дэлгүүрийн 2 давхарт уулзаж 280.000 төгрөг бэлнээр хүүхдийнхээ 2 хувь цээж зурагтай өгч байсан. Дараа нь 7 хоногийн дараа дансаар 120000 төгрөг шилжүүлж байсан юм. Тэгээд 2016 оны 05 дугаар сард манай хүүхэд Хөх хотоос над руу утасдаад ээжээ наадах чинь худлаа юм шиг байна шүү хүн хулхидчихсан юм шиг байна битгий мөнгө өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш би мөнгө өгөөгүй. Түмэн-Өлзийгийн данс нь 5041072889 гэсэн Хаан банкины данс байгаа. Гомдол санал байхгүй.." гэх мэдүүлэг /1хх-ийн 21-22х, 26х/

Хохирогч Б.Болортуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын үеэр би төрсөн дүү Нямсүрэнг БНХАУ-ын Шанхай хотод суралцуулахаар хөөцөлдөж эхэлсэн. Тэгээд эгчийнхээ хадам эгч Адъяа гэж хүнээс таньдаг мэддэг Хятад улс руу сургуульд оруулж өгдөг хүн байна уу? Гэсэн чинь надад энэ хүнтэй очоод уулз гээд 99222747 гэсэн дугаар өгсөн юм. Тэр хүнтэй би яриад Шанхай руу дүүгээ сургуульд оруулах гэсэн юмаа таньдаг мэддэг хүн сургууль байна уу? Гэсэн чинь хоёулаа уулзаж байгаад болъё гээд бид хоёр их дэлгүүрийн зүүн талын нэрийг нь санахгүй байна кофе шоп-д уулзсан юм. Тэгээд тэр Түмэн-Өлзий надад Шанхайд орох боломжтой 3-4 сургуулийн нэр танилцуулга өгсөн. Би дүүтэйгээ очиж ярилцаад Шанхай хотод Олон улсын эдийн засаг худалдаа бизнесийн нэг сургуульд орохоор болсон. Тэгээд би Түмэн-Өлзийд утсаар сургуулиа сонгоод хэлсэн чинь бүрдүүлэх материалыг нь мессинжерээр явуулсан юм. Тэгээд бид нар материалаа хөөцөлдөөд бүгдийг нь бүрдүүлээд 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг дэх саппорогийн хаан банкин дотор уулзаад 1 сая төгрөгийн урьдчилгааг бүрдүүлсэн материалын хамт өгсөн. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр мөн нөгөөх газартаа 4 сая төгрөгийг дансаар нь шилжүүлсэн юм. Тэгээд за одоо санаа зовох юм байгаа юу манай талаас өөр бүрдүүлэх юм байгаа юу? Гэж асуусан чинь за одоо танай зүгээс шалтгаалах зүйл байхгүй хариу нь 2016 оны 07 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 10-ны үеэр ирнэ тэр болтол хүлээ гэж хэлсэн. ...би өөрөө хаан банкины 5006275576 гэсэн данснаас Түмэн-Өлзийгийн 5041072889 дугаарын дансанд хийж байсан, 5.000.000 төгрөгнөөс 2.5 сая төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 23-25х/

Гэрч Д.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...найзуудаараа уулзах үед Түмэн-Өлзий би 2015 онд 3 хүн сургуульд оруулж өгч байсан гэж өөрөө ярьж байхыг нь сонссон. Мөнгөнсарнай, Адъяасүрэн нарт Түмэн-Өлзийгийн утсыг өгсөн өөр хүнд өгөөгүй мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/

Хохирогч Б.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2010-2011 онд БНХАУ-д М.Түмэн-Өлзийтэй магистрийн хэлний бэлтгэлд хамт сурч байгаад танилцсан. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын эхээр нөхөр Ц.Ганбатын том хүү болох Г.Билэгтийг Бээжин хотод магистрийн тэтгэлэгт суралцуулахаар тохиролцоод М.Түмэн-Өлзийгийн 5041072889 данс руу интернэт банкаар 6.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш Түмэн-Өлзий утсаа авахгүй уулзах гээд түрээслэж байсан оффис дээр нь очихоор ажил дээрээ ирэхгүй байсан. Түмэн-Өлзий надад хэлэхдээ БНХАУ-д би Хятадын тэтгэлэгт оруулж өгч чадах хүнтэй танилцсан түүгээрээ дамжуулан би танай хүүхдийг Бээжингийн сургуульд магистрт оруулж өгнө чадна гэж хэлэхээр нь итгээд мөнгөө өгчихсөн. Улаанбаатар их дэлгүүрийн баруун талд байх Хатан ижий гэх нэртэй төвийн 3 давхарын 302 тоотод сууж байгаа гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 140-141х/

Хохирогч Б.Энхболдийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2016 оны 4 дүгээр сарын эхээр төрсөн хүү Д.Итгэлийг БНХАУ руу тэтгэлэгт сургалтанд хамруулахаар М.Түмэн-Өлзий гэж хүнтэй 99222747 дугаарын утсаар холбоо барьж 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бэлэн 1.012.500 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 2000 доллар буюу 4 сая 14 мянган төгрөг өгч залилуулсан..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 234-235х/

Гэрч Д.Алтанзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 4 дүгээр сарын эхээр би хүү Итгэлийг БНХАУ руу сургах санаатай байтал манай хүү Итгэл надад БНХАУ руу найдвартай тэтгэлэгээр гаргадаг хүн байна одоо яг хүмүүсийнхээ материалыг цуглуулж байна гээд 99222747 гэсэн утасны дугаар өгсөн юм. Тэгээд тэр дугаараар холбогдоод БНХАУ руу хүүхэд тэтгэлэгээр явуулах уу гэсэн чинь явуулна одоо явахаар бол яаралтай материалаа өгөхгүй бол хугацаа хожимдчих гээд байна гэж байсан. Тэгээд 7 хоногийн дотор хүүхдийнхээ 3 багшийн тодорхойлолт сургуулийн тодорхойлолт, дүнгийн хавсралт иргэний үлнэмлэх гадаад паспорттын хуулбар гэх мэт зүйлсийг нотариатаар батлуулаад англи хэл дээр орчуулаад өгсөн. Тэгээд 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Орос улсын элчин сайдын яамны ертөнцийн зүгээр баруун талд байх нотариатын газрын үүдэнд хүү Итгэл нөхөр Энхболд нартай цуг Түмэн-Өлзийтэй уулзаад ярилцсан чинь материалыг чинь яг одоо шуудангаар БНХАУ-руу явуулах гэж байна урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэсэн. Тэгээд нийт 2500 доллараар БНХАУ руу тэтгэлэгт хамруулж өгнө гэж байсан ба урьдчилгаа 1.012.500 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд БНХАУ руу мөнгөө материалаа дансаар шилжүүлчихнэ гээд л маш их яаруулаад байсан юм. Одоо тэгээд яах вэ? гэсэн чинь БНХАУ-аас ямар нэгэн шийд ирэхээр нь үлдэгдэл мөнгөө авъя гэсэн. Тэгээд 10 орчим хоногийн дараа материал нь болчихсон цаанаа хүлээгээд авчихлаа гэж байна одоо үлдэгдэл мөнгөө өг гэж байна гэж манай хүү аав руугаа ярьсан байсан тэгээд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр манай хүү Итгэл бид хоёр Түмэн-Өлзийтэй барилгачдын талбай дээр уулзаад замын урд талд байх нотариатын газар орж зээлийн гэрээ байгуулаад 4 сая 14 мянган төгрөг буюу 2000 доллар бэлнээр өгсөн юм... Түмэн-Өлзийд мөнгөө өгөөд яаж чамд итгэх вэ гэсэн чинь асуудалгүй явуулж чадахгүй бол мөнгийг чинь буцаагаад өгнө итгэхгүй бол зээлийн гэрээ байгуулъя гэж хэлээд зээлийн гэрээ байгуулж байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 237х/

Яллагдагч М.Түмэн-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 онд БНХАУ-руу сургалтанд сургахаар нь Г.Мөнгөнсарнай, Д.Адъяасүрэн, Б.Болортуяа, Наранцэцэг нарын 4 хүнээс Хятад руу сургуульд тэтгэлэгт оруулж өгнө гэж хэлээд нийт 15 сая 100 мянган төгрөг авчихсан юм. Би хэзээ гэдгээ яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 10-ны хооронд Г.Мөнгөнсарнайгаас 2 сая төгрөг, Д.Адъяасүрэнгээс 1.6 төгрөг, Б.Болортуяагаас 5 сая төгрөг, Наранцэцэгээс 6.5 сая төгрөг авсан юм. Би бэлнээр болон дансаар, нотариатаар гэрээ хийж авсан. Мөнгөнсарнайгаас 1 удаа уулзаад 2 сая төгрөг, Д.Адъяасүрэнгээс 1.6 сая төгрөг 4 удаагийн давтан үйлдлээр, Б.Болортуяагаас 1 сая төгрөгөөр 1 удаа, 4 сая төгрөгийг 1 удаа 2 удаагийн давтан үйлдлээр авсан. Наранцэцэгээс 1 удаа 6.5 сая төгрөг авсан. Би элгээр хүмүүст БНХАУ руу магистрын тэтгэлэгт сургаж өгнө гэж хэлсэн. Залилж мэхэлсэн асуудал бол байхгүй. Би 2.600.000 төгрөгийг нь өөртөө хувьдаа зарцуулсан ба үлдсэн 12 сая 500 мянган төгрөгийг БНХАУ руу Буянт гэдэг Өвөрмонгол хүн рүү шилжүүлсэн юм. Би Найман шарга худалдааны төвийн эсрэг талд байрлах Их монгол кредит банк бус байгууллагаар 2016 оны 4 сард Юаний гуйвуулгаар шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч М.Түмэн-Өлзийгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл хэсгүүдэд хамаарч ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэгдэн шүүхэд ирсэн хэдий ч 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн түүний үйлдсэн дээрх гэмт хэргийг одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгүүдэд нийцүүлэн зүйлчилж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч М.Түмэн-Өлзийг залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд тохирох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Түмэн-Өлзийд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 45х// хувийн байдал, гэм буруугаа хүлээсэн, учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэхээр шийпвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Мягмардоржийн Түмэн-Өлзийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Түмэн-Өлзийд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар М.Түмэн-Өлзийг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай. 

 

4. Г.Уламбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ