| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0228/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/257 |
| Огноо | 2025-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,
Нарийн бичгийн дарга: Е.Туяадэлгэр,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Оюундариас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514004190287 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 16-ны шөнийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зуут” гэсэн нэртэй караокед хохирогч *******тай үл ялихгүй зүйлээр шалтаглан маргалдаж, түүний уруул болон шанаа хэсэгт гараараа тус тус нэг удаа цохиж, хохирогч *******ын эрүүл мэндэд баруун дээд 2 дугаар шүдний сулрал, эрүүний зулгаралт, уруулын салстын язрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан үйлдэлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх гэмтэл миний үйлдлийн улмаас учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч ******* надаас шүдний эмчилгээ F:\Эрүү\шийтгэх тогтоол\257.docxхийлгэсэн төлбөр болох 265.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ төлбөрийг бол төлж барагдуулна. Өөр бусад сонгино тарихаар авсан сонгиноны үр болон сонгино тариалахаар трактор түрээсэлсэн төлбөр зэргийг бол би төлөх боломжгүй. Тэр хүний шүд хөдөлсөн байхад эдгээр ажлуудыг бол хийх боломжтой гэж бодож байна....гэх мэдүүлэг / хх-ийн 78 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2025 оны 05 дугаар сарын 16- ны шөнийн 22 цагийн үед өөрийн найз тай уулзаад Зуут караоке орж 2 литрийн хэмжээтэй Сэрүүн нэртэй том савтай пиво хувааж уусны дараа дахин 0.5 литрийн хэмжээтэй пивоноос нэг, нэг ширхгийг уусан. Нийтийн караокед дуулаад тооцоо хийгээд гарах гэж байсан бөгөөд 3 дуу бичүүлчихсэн байсан болохоор дуугаа хүлээгээд байж байтал нөгөө талын ширээн дээр хэдэн залуу сууж байсан. Тэгээд дуу дуулах хуваариараа дуулахгүй байснаас болоод тэр залуустай маргалдсан. Бид хоёр текэн дээр зогсож байтал нэг саравчтай малгай дунд зэргийн нуруутай залуу ирээд манай найз ыг цохиод авсан. Текэн дээр ирээд чи тийм том юм уу гэдэг бил үү, ямар ч байсан хэрүүлийн шинжтэй зүйл ярьсан. Би бас одоо юу ярилцсаныг сайн мэдэхгүй байна. тэгээд цохиод авахаар нь найзынхаа урдуур нь ороод гараа алдаад хамгаалсан чинь манай найзыг цохисон залуу миний өөдөөс ирээд харц тулгараад намайг бас цохиод авсан. Нөгөө өндөр залуу нь хэл амаар л доромжилсон байдалтай байгаад байсан. Миний уруул болон зүүн талын шанаа руу цохисон. Нийтдээ 2 удаа цохисон бөгөөд амаа дараад үзтэл миний үүдэн талын дээд 4 шүдний хамгийн баруун талынх нь шүд цаашаа орчихсон байхаар нь би хэлээрээ түлхсэн чинь буцаад гараад ирсэн, одоо шүд хөдөлгөөнтэй, уруул дотроо язарчихсан байдалтай байна. Одоо миний шүд хөдөлсөн, уруул дотор талдаа хэгзэрсэн, зүүн шанаа хавдчихсан байсан. Одоо хавдар нь буугаад гайгүй болсон. Эрүүний дотор зулгарсан байсан. Шүд бол хөндүүрлээд юм идэж болохгүй байгаа. Үүнийг эмчлүүлмээр байна. Тухайн асуудал нь бид нар зүгээр байж байтал өөрсдөө ирж ийм асуудал үүсгэж, цохиж зодсон нь сэтгэл зүйд хүртэл их дарамт болсон.. гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 /,
..... Миний үүдэн талын дээд 4 шүдний баруун талынх нь 2 дахь шүд ганхаж хөдөлсөн байна. Би “Шигтгээ дент” шүдний эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний төлбөр 265,000 төгрөг болсон. Үүнийгээ өөрөө төлсөн. Надад учирсан шүдний гэмтлийн Б.******* гэх залуу учруулсан. Би газар тариалан эрхэлдэг бөгөөд тухайн үед 600,000 төгрөгийн сонгины үр авчихсан байсан боловч тухайн үрээ суулгаж авчихсан байсан. Тухайн үрийг тариалахад Өлзийт сумын Засаг даргын Тамгын газартай 5 сарын хугацаатай буюу 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 дугаар сарын 30-нын өдөр хүртэлх хугацаанд 1,000,000 төгрөгийн гэрээ хийчихсэн байсан. Тэр ажил хийгдээгүй учраас энэ мөнгийг нэхэмжилнэ. Мөн эмчилгээний зардал болох 265,000 төгрөгийг нэхэмжилнэ....гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
.... Би хохирлын баримт болгож шүдэндээ эмчилгээ хийлгэсэн төлбөр болох 265,000 төгрөгийн баримт, сонгино тариалахаар трактор түрээслэхээр хийсэн байсан түрээсийн гэрээ зэргийг баримт болгож гаргаж өгсөн. Түрээсийн гэрээний хувьд сард 200,000 төгрөг төлөхөөр хийсэн байсан учир 1,000,000 төгрөгийн гэрээ байгаа болно. Би Эрүүл мэндийн байгууллагаас ямар нэгэн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлтөнд хамрагдаагүй. Энэ ажлаа хийж чадаагүй учир гэрээний төлбөрийг нэхэмжилж байна. Мөн эмчилгээний зардал болох 265,000 төгрөг, нийт 1,265,000 төгрөгийг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Тухайн орой найзын хамт Зуут караокед үйлчлүүлж байсан. Тэгээд үйлчлүүлж дуусаад тек дээр тооцоо хийх гээд зогсож байгаад хамгийн сүүлийн дууг захиалж дуулуулах гээд хүлээж байх үедээ Б.*******ын хамт явж байсан хүмүүстэй манай найз маргалдсан. Тухайн үед би маргалдаж болохгүй гээд салгаж байхад Б.******* миний эрүү хэсэг рүү цохисон гэв.
5 Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би ажлынхаа газрынхаа 3 залуутай хамт 23 цаг 50 цагийн үед Зуут караоке ороход 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн байсан бөгөөд 2 эмэгтэй нь яваад 2 залуу нь үлдсэн. Тэр 2 текэн дээр зогсоод тэнд хүнтэй юм яриад байх байсан. Бид нарын дуулах ээлж болоод дуулах гээд караокены текэн дээр очоод дуугаа хийсэн юм уу гээд асуух гээд очтол нөгөө 2 залуу би энд хүнтэй юм ярьж байна гэсэн бөгөөд тэрнээс нь болж маргаан үүсээд сүүлдээ барилцаж авсан. Би тухайн үед нэг залуугийнх нь цээж рүү нь гараараа түлхчихсэн. Тэнд байсан бор цамцтай залуу нь бид нарыг хэл амаар доромжлоод хүний тэвчээр барсан үйлдлүүдийг гаргаж, элдвээр хэлж, учиргүй дайраад байсан. Наана нь байгаа гэх залуу бол гайгүй байсан. Тэгээд барилцаж авахад ******* гэх манай ажлын дүү ирээд намайг салгах гэж байгаад тэр ыг цохиод авсан. Тухайн үед аль хэсэг рүү нь цохисныг бол анзаараагүй. Тэгээд л караокены хүн цагдаа дуудаад л цагдаа ирсэн. ...Тэнд байсан хүмүүс ерөнхийдээ уучихсан хүмүүс байсан ба ******* бол гайгүй байсан. Цагдаа дээр ирээд согтуурал шалгах багаж үлээхэд согтуурлын зэрэг 1.05 хувь байсан. Хамгийн их согтуу байсан нь тэр бор цамцтай гэх залуу байсан. ...Хэрүүл хийгээд хоорондоо барилцаж аваад ганц нэг цохиод салсан. Тухайн үед бол нүүр ам нь хавдсан хөхөрсөн ямар ч хүн байгаагүй ба гэх залуу л шүд хөдөлчихсөн байна гэж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /,
6. Гэрч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Тэр орой би найз тай 22 цагийн үед Зуут караоке орсон бөгөөд 2 литрийн хэмжээтэй нэг пивыг гурвуулаа хувааж уугаад дараа нь бид хоёр үлдээд 0.5 литрийн хэмжээтэй пиво нэг, нэгийг уугаад дуу дуулсан. Тэгээд гарах гээд тооцоогоо хийх гээд текэн дээр байж байтал нөгөө ширээн дээр сууж байсан нэг залуу ирээд намайг тек рүү түлхээд мөргөсөн. Тэрний өмнө тэр хүмүүсийн дуу явахад нь микийг нь өгөхдөө найзтайгаа хоёулаа бол микгүй байсан ч дуулчихна даа гээд ярьж байсан. Тэрнээс л болж маргаан үүссэн байх. Тэндээс нэг хүн орилоод л байсан ба тухайн үедээ тоогоогүй өнгөрсөн. Намайг мөргөснийх нь дараа яаж байгаа юм гээд байж байтал найз нь гарч ирээд намайг цохиод авсан. Тэр хоёрын хэн нь цохисныг бол мэдэхгүй байна. Тэнд сайн харагдахгүй, зурагтны гэрэл л байсан болохоор аль нь цохисныг сайн мэдээгүй. ыг хэн цохисныг хараагүй, тэнд зодоон болоод бужигнаад байсан болохоор хараагүй. Манай найз Зуут караокед байхдаа шүд хөдөлчихлөө гээд надад харуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35/,
7. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би тухайн өдөр караокедоо ажиллаж байсан. Тэр өдөр манайхаар үйлчлүүлдэг байсан найзтайгаа орж ирээд гарах гээд текний хажууд зогсоод надтай юм яриад байж байсан чинь наана нь манайхаар үйлчлүүлж байсан залуучуудын нэг нь намайг мик аваад өгөөч гэсэн чинь тэр хоёрын нэг нь микгүй дуулж байхгүй юу даа, бид нар чинь дуучин хүмүүс гээд хэлсэн чинь нэг цагаан малгайтай өндөр залуу босож ирээд нөгөө хоёртой юм яриад байсан. Би тэр хооронд мик авч өгөөд наагуур явж байсан. Тухайн үед тэр гурав муудалцаад байсан ба яг юу ярьж, ямар үг хэлж муудалцсаныг бол мэдэхгүй байна. Тэгээд байж байтал ширээн дээрээс цагаан подволктой залуу босож ирээд дайраад байсан ба болон найзыг нь нэг, нэг удаа цохиод авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37/,
8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 364 дугаартай шинжээчийн:.... 1.*******ын биед баруун дээд 2 дугаар шүдний сулрал, эрүүний зулгаралт, уруулын салстын язрал гэмтэл тогтоогдлоо.
2. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
4. Шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоохгүй...гэх дүгнэлт /хх-ийн 40-41/ ,
9. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 362 дугаартай шинжээчийн:.... 1. Б.*******ын биед зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй...гэх дүгнэлт /хх-ийн 48-49/,
10. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 363 дугаартай шинжээчийн:.... 1.*******ы биед зүүн мөрөнд цус хуралт, баруун завжинд язрал гэмтэл тогтоогдлоо.
2. Учирсан гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй....гэх дүгнэлт /хх-ийн 55-56/ болон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 07-09/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 16-ны шөнийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Зуут” гэсэн нэртэй караокед хохирогч *******тай үл ялихгүй зүйлээр шалтаглан маргалдаж, түүний уруул болон шанаа хэсэгт гараараа тус тус нэг удаа цохиж, хохирогч *******ын эрүүл мэндэд баруун дээд 2 дугаар шүдний сулрал, эрүүний зулгаралт, уруулын салстын язрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан үйлдэлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, *******, ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 362, 363, 364 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд хохирогч ******* шүүгдэгч Б.******* нар нь согтууруулах ундаа хэрэглэж хувийн таарамжгүй харилцаанаас болж хохирогчтой маргалдаж зодож улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Иймд шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөн хохирогч ******* нь шүүгдэгч Б.*******т зодуулсны улмаас шүдэндээ гэмтэл авч шүдний эмнэлгээр үйлчлүүлж 265.000 төгрөгийг зардал гарсан талаарх нотлох баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн тул шүүгдэгч Б.*******аас 265.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Хохирогч *******ын хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн талаар илэрхийлсэн бөгөөд шүүх цаашид гарах зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар үйл баримтын СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.*******аас 265.000 төгрөг гаргуулж хохирогч *******д олгохыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******ын цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ