Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 145/ШШ2023/00130

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Богд сумын 06 дугаар баг, Ялаатай гэх газар оршин суух,  1986 онд төрсөн, 37 настай, ............. овгийн Б.Б,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Булган суманд оршин суух,  1984 онд төрсөн, 39 настай, ..... овгийн П.А нарт холбогдох    

Зээлийн гэрээний үүрэг 6414530.70 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******/цахим/, нарийн бичгийн дарга А.Ундрахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 6414530.70 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч нар татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2. Нэхэмжлэгч  “Хаан банк” ХХК-ийг төлөөлж Өвөрхангай салбарын захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нар нь тус банкны Богд тооцооны төвөөс 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 3Г/202146297051 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10000000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар малчны зээл авсан юм. Зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 4319952.44 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1689777.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5406.51 төгрөг нийт 6015136.25 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч *******, ******* нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч /64 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.7 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 5680047.56 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 719014.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 15468,54 төгрөг, нийт 6414530.70 төгрөгийг хариуцагч Б. Баярмөнх ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч *******, ******* нар*******наас малчны зээл авсан. Өнөөдрийн байдлаар үлдэгдэл нь 6414530.70 төгрөг байгаа. Уг мөнгөн дүнг *******, ******* нараас гаргуулах хүсэлттэй байна гэв.

4. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******наас уг зээлийг авсан нь үнэн. Уг мөнгийг 03 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлж барагдуулах хүсэлттэй байна гэв.

5. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: 2020 онд цаг үе муу байсан тул малаа бүгдийг нь зарж бүх мөнгийг ******* авсан. 2021 онд малчны зээл авна гээд намайг хамтран зээлдэгчээр авсан. Миний бие бичиг үсэг мэдэхгүй тул гарын үсгээ л бичиж чаддаг. Би зээл авах дургүй байсан боловч нөхөр болох ******* уурлаж зоддог байсан тул айгаад хамтран зээлдэгч болохыг зөвшөөрч банкнаас 10000000 төгрөгийг зээлж авсан. Мөн энэ мөнгийг ******* үрж дуусгасан. Би 8 сартай жирэмсэн. Эмчийн хяналтанд байдаг. Ажил хийх ямар ч боломж байхгүй орлогогүй тул зээл төлөх боломжгүй. Малчны зээлийг *******өөр төлүүлж өгнө үү гэжээ..

6. Нэхэмжлэгчээс*******ны улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн олгосон итгэмжлэлүүд, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн олгосон итгэмжлэл, *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ/202146297051, БГХ202146297051 дугаартай зээлийн болон барьцааны гэрээнүүд, зээлийн өргөдлүүд, *******, ******* нарын иргэний үнэмлэхний хуулбар, Мал, тэжээвэр амьтад, худгийн 2020 оны тооллого, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн *******, ******* нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

7. Хариуцагч *******, ******* нар нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагч Б.Баярмөнх, ******* нараас зээлийн гэрээний үүрэг болох 6414530.70 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5680047.56 төгрөг, зээлийн хүү 719014.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15468,54 төгрөг, нийт 6414530.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

            Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрсөн, харин ******* нь дээрхи зээлийг авсан нь үнэн. Уг мөнгийг ******* үрж дуусгасан тул төлөхгүй гэж маргажээ.

            3. Хариуцагч *******, ******* нар нь Өвөрхангай аймгийн*******ны Богд сумын тооцооны төвөөс 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10000000 төгрөгийг малчны зээлийн зориулалтаар, жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд 240 толгой хонь, 380 толгой ямаа барьцаалсан байна.

 

4. Хариуцагч *******, ******* нар нь дээрх зээлээ зээлийн хуваарийн дагуу төлөөгүй, доголдол үүсгэсэн болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч *******, ******* нараас шаардах эрхтэй байна.

            5.  .Хариуцагч Б.Баярмөнх нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн бөгөөд харин ******* нь “...зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч ашиглаагүй... гэх үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөхгүй гэж татгалзаж байгаа ч *******, ******* нар нь гэр бүлийн хүмүүс байх ба уг зээлийн зарцуулалт нь тэдний гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан байх тул зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурж, зээлдэгчийн үүрэг хүлээсэн тул зээлийн төлбөрөөс хариуцагч *******ыг чөлөөлөх үндэслэл байхгүй байна.

            Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүрэгт 6414530.70 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба талууд зээл олгосон эсэх, үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна.

6. Иймд зээлийн гэрээний үүрэг болох 6414530.70 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Хариуцагч *******ад шүүх хуралдааны товыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч *******ын эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч *******, ******* нараас 117582 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 117582 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг болох 6414530.70 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 117582 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 117582 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.                     

                 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА