| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2022/00214/И |
| Дугаар | 144/ШШ2023/00028 |
| Огноо | 2023-01-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 144/ШШ2023/00028
2023 01 25 144/ШШ2023/00028
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, Нутгийн удирдлагын ордны баруун талд Шуудангийн үйлчилгээний газарт байрлах, “Д************” ББСБ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, Баян 4-р баг, Хөөврийн 6-611 тоот хаягт оршин суух, Д*********Алтангэрэл-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,331,705.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д*********” ББСБ ХХК-ийн захирал О**********Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Манай “Д**********” ББСБ ХХК нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт байрлан Банк Бус Санхүүгийн Байгууллагын үйл ажиллгааны тусгай зөвшөөрлийн дагуу зээл олгох үйл ажиллагаа эрхлэн явуулдаг ашгийн төлөө байгууллага юм.
Хариуцагч Д*************А хүсэлтийн дагуу 2021 оны 01 сарын 11-ний өдрийн №002101001 дугаартай зээлийн гэрээг байгуулж гэрээний дагуу “Д*************” ББСБ-с 14,000,000.00 төгрөгийн зээлийг олгосон.
Дээрх гэрээний дагуу зээлдэгч Д***********А нь зээлийг 30 хоногийн 3,8 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувь, зээлийг эргэн төлж дуусах хугацааг 2023 оны 01 сарын 25-ны өдөр байхаар гэрээний нөхцөлийг тохиролцож байгуулсан.
Зээлийг олгосон өдрөөс хойш 2022 оны 11 сарын 08-ны өдрийн байдлаар 9,930,651.00 төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд түүнээс 2,451,795.59 төгрөгийг нь зээл, 7,478,855.41 төгрөгийг нь зээлийн хүүнд тооцон суутгаж бүртгэсэн.
2022 оны 12 сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний төлбөрийн хуримтлагдсан үлдэгдэл доорх байдалтай байна. Үүнд:
Нэмэгдүүлсэн хүү: 666,433.30 төгрөг,
Хуримтлагдсан хүү: 3,117,067.57 төгрөг,
Зээлийн үлдэгдэл: 11,548,204.41 төгрөг,
Төлбөрийн нийт үлдэгдэл: 15,331,705.28 төгрөг,
Зээлийн гэрээний төлбөрийн үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлсэн тул хариуцагч Д******** А 15,331,705.28 төгрөгийг гаргуулж “Д*************” ББСБ ХХК-д олгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д************ ББСБ нь хариуцагч Д*********Атэй зээлийн гэрээ байгуулсан. Нийт 14 сая төгрөгийг сарын 3.8 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан байдаг. Зээлийн хугацаанд эргэн төлөлтийн хувиарын дагуу үндсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй байдаг. Зээлийн үлдэгдэл 11.548.204 төгрөг үлдэгдэлтэй байгаа. хуримтлагдсан хугацааны хүү 3.116.067 төгрөг болсон байна. Үүн дээр хугацаанд төлөөгүй нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээнд заасан байдаг. Нэмэгдүүлсэн хүү 666.443 төгрөгийн хуримтлагдсан байна. Нийт 15.331.705 төгрөгийг Д**********Аээс нэхэмжилж байгаа. Д***********Аийн хувьд нийт 9.930.651 төгрөгийн төлсөн. Үүнээс 2.451.795 төгрөг нь үндсэн зээлээс хасагдсан. 7.448.845 төгрөг нь зээлийн хүүнд төлөгдсөн байдаг. Хугацаанд төлөөгүйгээс болж зээлийн хүү нэмэгдээд явсан асуудал байгаа. Талууд хоорондоо гэрээний хүүг 3.8 дээр тохиролцоод гэрээ байгуулаад ББСБ-аас шуурхай зээл олгосон. Зээлийн гэрээнд зааснаар 15.331.705 төгрөгийг хариуцагчаар төлүүлж гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Үүнийгээ дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д***********А нь жолооч өөрөө том тэрэгтэй нүүрс тээвэр хийж байсан хүн байгаа. ББСБ-аас 14 сая төгрөгийн зээл аваад 9.9 сая төгрөг өөрөө төлсөн. Ковидын нөхцөл байдал шалтгаалаад бизнес зогссон. Дээр нь одоо бизнесээ эхлүүлье гэсэн боловч түлшний үнийн өсөлтөөс шалтгаалаад ажил хийхэд алдагдалтай болсон. Ийм учраас тээврээ хийж чадахгүй байгаа гэсэн үндэслэлээр мөнгөө төлж чадаагүй гэж хэлсэн. 14 сая төгрөгийн зээл аваад 9.9 сая бараг 10 сая төгрөгийн зээл төлчихөөд байхад 15 сая төгрөг нэхэж байгаа нь бол хүүний хувьд маш өндөр байна. Энэ хүн төлбөрийн чадвартай гэхдээ сүүлд суусан эхнэр нь саяхан хөлөө тайруулсан, ээж нь хүнд өвчтэй 70 гарсан аавтайгаа мөн амьдардаг байгаа. Энэ хүн хотод очиж шалгалт өгөөд цагаан хаданд ажилд орсон. Хүний мөнгө авчихаад төлөхгүй гэж зугтаагаагүй төлөх хүсэл эрмэлзэлтэй. Одоо байгаа зээлийн төлбөр 11.548.000 төгрөгийг төлүүлж өгөөч гэж хүсч байна. Нийт 14 сая төгрөг авчихаад 10 сая шахуу төгрөг төлчихөөд байхад ахиад 15 сая төгрөг төлж байгаа нь энэ хүнийг эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулж байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, хариу тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д************” ББСБ ХХК нь хариуцагч Д**********Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,331,705.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Д***********А нь “Д***********” ББСБ ХХК-аас 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №002101001 дугаартай зээлийн гэрээг байгуулан 14,000,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн 3,8 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувь, зээлийг эргэн төлж дуусах хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байхаар тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлд заасан бичгээр хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулах хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хариуцагч Д***********А нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн зээл эргэн төлөлтийн график, зээлийн дансны хуулга болон талуудын тайлбараар нотлогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “…Одоо байгаа зээлийн төлбөр 11.548.000 төгрөгийг төлүүлж өгөөч гэж хүсч байна. Нийт 14 сая төгрөг авчихаад 10 сая шахуу төгрөг төлчихөөд байхад ахиад 15 сая төгрөг төлж байгаа” гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дээрх заалтууд болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...” мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн үндсэн төлбөр 11,548,204.41 төгрөг, хуримтлагдсан хүү 3,117,067.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 666,433.30 төгрөг нийт 15,331,705.28 төгрөгийг хариуцагч Д*********Аээс гаргуулж, нэхэмжлэгч “Д**********” ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,609 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д***********Аээс 234,609 төгрөгийг гаргуулан “Д*************” ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д**********Аээс зээлийн гэрээний үүрэгт 15,331,705.28 төгрөгийг гаргуулж “Д************” ББСБ ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,609 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д************Аээс 234,609 төгрөгийг гаргуулан “Д************” ББСБ ХХК-д олгосугай.
3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрсний дараа зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА