| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0241/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/252 |
| Огноо | 2025-09-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/252
2025 09 26 2025/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****т холбогдох эрүүгийн 2539005260267 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч **** нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай “Ниссан Тида” маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч **** шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон асуудал гаргасан. ... Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна, ажиж ийм асуудал гаргахгүй, би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа...” гэжээ. (хх-ийн 31-32),
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр газрын даргын баталсан хуваарийн дагуу Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр багаас 5 дугаар багийн хооронд 10-14 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багт замын хөдөлгөөнд оролцож байсан **** улсын дугаартай “Nissan Tida” маркийн тээврийн хэрэгслийг “****” худалдааны төвийн үүдэнд зогсох үед нь шалгахад Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг **** 7-17 тоотод оршин суух **** овогтой **** нь эрхийн үнэмлэхгүй эрхээ хасуулсан байх үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явсан. ****ын ****ийг драгер багаж ашиглан шалгахад драгер багажийн хэмжээнээс хэтэрсэн дээшээ заасан 3 ширхэг сум гарсан...” гэжээ. (хх-ийн 18-19),
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн драгер багажийн хувьд согтуурлыг шалгах дээд хэмжээ нь 5.00% бүхэл хүртэл хэмждэг. 5.00% бүхлээс дээш согтолттой үед тухайн багаж дээш заасан 3 ширхэг сум гаргадаг...” гэжээ. (хх-ийн 22-23),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 14),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13, 15),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 36),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 34-35),
****ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 39),
****ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, жолоочийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар (хх-ийн 33, 37, 38), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч ****т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч **** овогт ****ын **** нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ниссан Тида” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч ****ийн “...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон асуудал гаргасан ... Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна, ажиж ийм асуудал гаргахгүй би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ийн “...Миний бие 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр газрын даргын баталсан хуваарийн дагуу Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр багаас 5 дугаар багийн хооронд 10-14 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багт замын хөдөлгөөнд оролцож байсан **** улсын дугаартай “Nissan Tida” маркийн тээврийн хэрэгслийг “****” худалдааны төвийн үүдэнд зогсох үед нь шалгахад Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг **** 7-17 тоотод оршин суух **** овогтой **** нь эрхийн үнэмлэхгүй эрхээ хасуулсан байх үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явсан. ****ын ****ийг драгер багаж ашиглан шалгахад драгер багажийн хэмжээнээс хэтэрсэн дээшээ заасан 3 ширхэг сум гарсан...” гэх, гэрч ****ын “...Тухайн драгер багажийн хувьд согтуурлыг шалгах дээд хэмжээ нь 5.00% бүхэл хүртэл хэмждэг. 5.00% бүхлээс дээш согтолттой үед тухайн багаж дээш заасан 3 ширхэг сум гаргадаг...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ****ийн амьсгал дахь спиртийн агууламж 5 хувиас дээш гарсан байх ба согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж,
Мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт -Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тус тус зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзлээ.
Шүүгдэгч ****т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ****ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын, шүүгдэгчийн өмгөөлөгч нь хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал тус тус гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ****ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч ****ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР