Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 144/ШШ2023/00067

 

 

  2023        03            22                                                        144/ШШ2023/00067

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Манлай сум, Өехий 1-р баг, 3-1 тоот хаягт оршин суух,  Ж**********Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Манлай сум, 4-р багт оршин суух,  Б********** А-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ж********Ц,

Хариуцагч Б*********А,

Гэрч Ц.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж*********Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ж*********Ц миний бие хариуцагч Б**********Ат 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг зээлүүлсэн. Б***********А нь машин авна гэж надаас 2,000,000 төгрөг зээлсэн ба цагаан өнгийн приус 20 маркийн машиныг лизингээр худалдан авсан ба урьдчилгаа 5,000,000 төлсөн.

Б**********А нь уг мөнгөнөөс 500,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хаан банкны 5591054910 гэсэн өөрийнхөө дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 1,500,000 төгрөгийг Б**********А нь өгнө өгнө гэсээр өгөлгүй өдийг хүргэлээ. Б**********А нь утсаа авахгүй, мессеж бичихээр хариу өгөхгүй, чатаар холбогдох гэсэн боловч намайг блоклочихсон таарахаараа уулзахгүй зугтаачихдаг юм. Тиймээс Б*********А 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү”  гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж*********Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж**********Ц нь 2 хүүхдэдээ нэмэр болъё гэж 2,000,000 төгрөгийг өгсөн гэж хэлсэн байсан. Тэр бол нэмэр биш. Би нэмэр болох үедээ хангалттай нэмэр болсон. Анх 2 хүүхдээ гэр бүл болоход нь хашаа газар авч өгөөд, бүрэн тавилгатай 5 ханатай шинэ гэр барьж өгөөд айл болгоод бүх байдлаар дэмжсэн. Би энэ хүүхдээр нэг ч халбага авхуулаагүй. Би энэ дэмжлэгээ хангалттай гэж үзсэн. Өөрөө өөртөө авсан ганц зүйл нь машин. Машин авахад урьдчилгаа хүрэхгүй байна мөнгө зээлээч гэхээр нь би хоршооныхоо данснаас 2,000,000 төгрөг зээлсэн юм. Би үүн дээр хүү, алданги тооцохгүй. Авсан мөнгөө буцаагаад өгчихөө гэж байгаа. Өөрт нь гээд утасдаад, уулзаж хэлэх гэхээр энэ хүн хол байдаг. Нэг удаа таарсан зугтаачихсан. Тийм учраас иргэний шүүхэд хандсан юм” гэв.

 

Хариуцагч Б********А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би приус машин авахдаа мөнгө зээлээч гэж энэ хүнтэй ганц ч удаа утсаар яриагүй. Охинтой нь хамт амьдарч байсан. Охин нь ээжээс 2,000,000 төгрөг авчихъя, боломжтой үедээ буцааж өгөөрэй гэж байна гэж хэлсэн. Бусдаар би энэ хүнтэй яриад 2,000,000 төгрөг зээлээч гэж яриагүй. Тэрнээс хойш 2019 оны 09 сарын 01-ний өдөр хүү болох Гантулга руу нь 500,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 09 сарын 02-ны өдөр Цогзолмаа руу 500,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 06 сарын 09-ний өдөр хотод байхдаа Ц******* охин болох Ганцэцэгт 650,000 төгрөг бэлнээр өгсөн. Тэр үед миний хажууд ээж рүүгээ утсаар ярьсан. Хуягаа 650,000 төгрөг өгсөн гэхэд цаанаас нь Цогзолмаа гуай “...бас яах вэ дээ” гэж дугарч байсан. Тэрнээс хойш хавар нь Ганцэцэгийн данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн. Ямар ч байсан авсан мөнгөө өгчихсөн гэж бодож байгаа” гэв.

 

Гэрч Ц.Ганцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэгтээ: “... Би Б********Ааас 650,000 төгрөг бэлнээр авч байгаагүй. 2019 онд 300,000 төгрөг бэлнээр авсан. Тэрийг хүүхдийн хэрэглээнд хэрэглэсэн” гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймаг, Манлай сумын Өехий багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 246 дугаартай тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд, хариуцагчийн хариу тайлбар, дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж********Ц нь хариуцагч Б**********Ат холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ж********Ц нь хариуцагч Б********А зээлийн гэрээний үүрэгт 1,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч Б**********А нь шаардлагыг эс зөвшөөрч бүрэн төлөөд дууссан гэж тайлбар гаргадаг.

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, гэрч Ц.Ганцэцэгийн мэдүүлэг, шинжлэн судалсан бусад нотлох баримтаас үзвэл 2,000,000 төгрөгийг Б*******А зээлүүлсэн,  хариуцагч Б**********А нь өөрийн ХААН банкны 5591054910 дугаартай данснаас 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ж********Ц данс руу 500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Ц.Ганцэцэгийн ХААН банкны 5591045699 данс руу 300,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Ц.Гантулгын ХААН банкны 5591048373 дугаартай дансанд 500,000 төгрөг тус тус  шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Б***********А нь зээлсэн 2,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж маргадаг.

Гэвч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу өөрийн дээрх тайлбарыг нотлоогүйн гадна, мөнгө зээлэх болсон шалтгаан нөхцөл, түүний дараах үйл баримтын талаар нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Ц.Ганцэцэгийн мэдүүлэгийг үгүйсгэж чадаагүй болно.

Шүүх хэргийн оролцогчоос шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбараа нотлох баримтаар нотлохыг шаардах боломжгүй юм.

            Дээрх байдлаас дүгнэвэл, нэхэмжлэгч Ж*******Ц, хариуцагч Б**********А  нарын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог.

                Зохигчид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгч Ж**********Ц хариуцагч Б**********А мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх байх ба амаар байгуулагдсан зээлийн гэрээний агуулгыг олгосон мөнгөн дүнгээр тодорхойлно.

            Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийн хугацааг харилцан тохиролцоогүй боловч Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ гэж заасан тул нэхэмжлэгч Ж***********Ц нь шилжүүлсэн 2,000,000 төгрөгөө хариуцагч Б***********Ааас  шаардах эрхтэй.

     Нэхэмжлэгч Ж***********Ц нь шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа 500,000 төгрөгөөр бууруулсныг дурьдах нь зүйтэй.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б***********Ааас 700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж************Ц олгож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б************А 38,950 төгрөгийг гаргуулан Ж************Ц олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б***********А   700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж*********Ц олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б***********А 38 950 төгрөгийг гаргуулан Ж************Ц олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрсний дараа  зохигчид  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА