Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 17

 

 

                                             

      *******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолтой *******д холбогдох эрүүгийн 1936003110254 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 06 дугаар сарын 25ы өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Уянга, прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нар оролцов. 

            Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг Их Монгол байрны 35-18 тоотод оршин суух, ПЮ84110482 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй, Халиун нударга овогт Гаасүрэнгийн Насанжаргал нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэлтэй “ Chongoing Hongli” маркын улаан өнгийн 2299000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг итгэмжлэн хариуцаж байхдаа 2018 оны 11 дүгээр сард иргэн Б.Хашжавт 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд  хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Халиуннудардага овогт Гаасүрэнгийн Насанжаргалыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Насажаргалыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2700000  төгрөгний  торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн 1936003110254 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч *******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримт мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно, мөн хуулийн 3-д бичмэл нотлох баримтыг эх хувиар нь хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна гэх хуулийг зөрчсөн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ. Хавтаст хэрэгт Ховд аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай 133 дугаартай тогтоол, болон тогтоолын хавсралтад Ховд аймаг дахь Цагдаагийн газрын тамга дарагджээ. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Ариунбилэгийн мэдүүлгээр улсын төсвөөр худалдан авалт хийсэн нь тогтоогдоогүй байна. Уг мотоцикль нь улсын дугаартай эсэх, эзэмшигч өмчлөгчийн бүртгэлийн талаарх лавлагааг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна.

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай 133 дугаартай тогтоолын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр данс хөтөлж Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дансанд бүртгэж орлогод хүлээн авсан гэх нотлох баримт нь эргэлзээтэй он сараас нь харахад тодорхой байна. Мөн хавтаст хэрэгт Сумдын Засаг даргын тамгын газрын блансад бүртгэх мотоциклын мэдээлэл, ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл зэрэг нотлох баримтуудыг нөхөж гарын үсэг зуруулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан түүнд ял оногдуулсан байх ба түүнчлэн шүүгдэгч *******д ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх мөн хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна.  Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх   хэсэгт  зааснаар  хэргийг  хянан  хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ. 

              ******* нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттай 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Сhongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багийн иргэн Б.Хашжавд 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

            Анхан шатны шүүх *******ыг бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн үйл баримт болон бодит байдалд нийцээгүй, шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших шууд санаатай, шунахай сэдэлттэй, уг эд хөрөнгийг буцааж өгөх буюу үнийг нь төлөх санаа зорилго байхгүй идэвхтэй үйлдлээр илэрнэ. Ийм учраас хууль тогтоогч хөрөнгө завших гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг буюу өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хуульчилсан байдаг.

            Гэтэл хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан нотлох баримтуудаар ******* нь БНХАУ-д үйлдвэрлэсэн “Сhongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг хариуцвал зохих субъект мөн боловч уг мотоциклыг өөртөө завших шунахай сэдэлттэйгээр худалдан борлуулсан, түүний үнийг буцааж төлөхгүй гэсэн санаа зорилготой байсан болох нь тогтоогдохгүй байна.

            Учир нь шүүгдэгч *******ын 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд “...Хурлын үеэр  эмэгтэй багийн дарга нар мотоцикл унахгүй юм чинь өөрт боломжтой унаа болгоод 4 жил томилогддог тул дараагийн багийн даргад мотоциклоо хүлээлгэн өгчих гэж байсан[1]. ...1,500,000 төгрөгийг 2019 онд машин авахдаа нэмэрлэсэн.[2] гэх тайлбарыг хохирогчийн хууль ёсны  төлөөлөгчийн Д.Ариунбилэгийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэхэд үнэн зөв бодит байдал нийцсэн гэж үнэлэх боломжтой байна. Тухайлбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ариунбилэг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанд “энэ мотоцикл анхнаасаа ирэхдээ хэл амтай ирсэн. Мотоциклын оронд 4 багийн дунд нэг приус юм уу машин өгсөн бол ээлжлээд асуудлаа зохицуулах байсан гэдэг талаар удирдлагын түвшинд ярьж байсан. Намайг байхгүй үед сонсгол мэдээллийн цаг дээр Ц.Ганданповрон даргын зүгээс тиймэрхүү зүйл ярьсан гэж хэлсэн[3] гэж мэдүүлсэн байна.

            Мөн *******д холбогдох хэрэг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Давж заалдах шатны шүүхээр хянагдаж “...Ховд аймгийн Жаргалант сумын 12 багийн Засаг даргад 12 ширхэг мотоциклыг албан хэрэгцээнд ашиглуулахаар хүлээлгэн өгсөн байх бөгөөд тус сумын багийн Засаг дарга нарын ихэнх нь эмэгтэй хүмүүс байдаг тул тэдний албан хэрэгцээнд мотоцикл ашиглаж, хэрэглэхэд хүндрэлтэй байгааг харгалзан өөр тээврийн хэрэгсэл болон тухайн албан тушаалтны албан хэрэгцээнд ашиглаж болох бусад техник хэрэгслээр солих талаар удирдлагын зүгээс ямар нэгэн зөвлөмж, чиглэл өгч байсан эсэхийг нарийвчлан тогтоох, энэ талаар холбогдох гэрчээс мэдүүлэг авах шаардлагатай байна[4].” гэх үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байхад нэмэлт мөрдөн байцаалтаар тухайн үеийн Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповронг гэрчээр асуусан атлаа “өглөөний сонсгол мэдээллийн цаг дээр мотоциклын талаар яригдсан эсэх, өөр техник хэрэгслээр сольж болох талаар зөвлөмж чиглэл өгсөн эсэх” талаар асууж тодруулаагүй байна.

Дээрх үйл баримтаар шүүгдэгч ******* нь өөрт нь хариуцуулан өгсөн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Сhongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклыг өөртөө завших гэсэн шунахай сэдэлт, зорилго, шууд санаа байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу худалдан борлуулсан, мотоциклын үнийг өөртөө завшаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мотоциклыг худалдан борлуулсан хүнээс буцаан авч, хүлээлгэн өгсөн байна.

            Иймд шүүгдэгч *******ын үйлдэлд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн шууд санаатай үйлдэл байхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинж байхгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/89 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг  цагаатгасугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.                                

                      

 

 

 

           ДАРГАЛАГЧ,

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА

 

                   ШҮҮГЧИД                                           Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                     

                                                                                         М.НЯМБАЯР

 

 

               

 

 

[1] Гуравдугаар хавтаст хэргийн 40 дүгээр хуудас

[2] Гуравдугаар хавтаст хэргийн 39 дүгээр хуудас

[3] Нэгдүгээр хавтаст хэргийн 179 дүгээр тал

[4] Хоёрдугаар хавтаст хэргийн 74 дүгээр тал