Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 230

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар И.Буманбаяр,

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Н.Энхзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /№1280/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяуд овогт Нэргүйн Энхзаяад холбогдох 201625032186 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт иргэний үнэмлэхний хаяг Багануур дүүрэг, 5 дугаар хороо, Бага гүн 9 дүгээр гудамж 10 тоот, одоогоор Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн нарангийн 16-155 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Багануур дүүргийн Эрүүгийн шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 105 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 723 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж уг шийтгэх тогтоолыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, Баяуд овогт Нэргүйн Энхзаяа /РД- УЮ88081104/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Яллагдагч Н.Энхзаяа нь давтан үйлдлээр 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Од бүртгэл ерөнхий аудит" ХХК-ны байранд өөрийгөө Сүхбаатар дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн байцаагч ажилтай Оюунчимэг гэж танилцуулан "Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгийн зөвшөөрлийг гаргуулж өгнө" гэж У.Оюунаагаас 2.200.000 төгрөгийг,

2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр "Манай ээж Замын-Үүдэд цүнхтэй бичиг баримтаа алдчихлаа" мөнгө хэрэгтэй байна ломбарданд тавих зүйл байна уу гэж У.Солонгоос зүүж байсан 420.000 төгрөгний үнэ бүхий алтан ээмгийг нь,

2016   оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулдаг М.Мөнгөнтуяад өөрийгөө Дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсийн байцаагч Золзаяа гэж танилцуулан, зөвшөөрөл гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 300.000 төгрөг,

2017   оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун-овооны автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэг дотор Баянзүрх дүүргийн үйлдвэр үйлчилгээний ажилтан Лхамаа гэж өөрийгөө танилцуулан Д.Амарзаяагаас 300.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэх аргаар залилан авч бусдад нийт 3.220.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Энхзаяагийн мэдүүлэхдээ: Амарзаяа гэдэг хүнээс 100.000 төгрөг авсан таксины мөнгө гэж 5000 төгрөг өгсөн. Надаас илүү мөнгө нэхэж байна. Хохирогч Амарзаяа цагдаагийн газар намайг цохиж зодож байсан. Цагдаа Амарзаяаг явуулчихаад намайг үлдээгээд цагдаагийн газраас 20 цаг болж байхад гаргасан. Цагдаагийн газраас гараад явж байхад Амарзаяагийн хүүхэд над руу залгаад хохирол барагдуулчих юм бол гомдол саналгүй болно гэж хэлж байсан. Амарзаяа нь надад бичгийн цаасанд боосон 5 ширхэг 20000 төгрөгийн дэвсгэрт, таксинд суугаарай гээд 5000 төгрөг өгсөн. Оюунаа, Мөнгөнтуяа нараас мөнгө авсан нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч У.Оюунаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Од Бүртгэл Ерөнхий Аудит ХХК-ны ерөнхий захирлаар ажилладаг. Манай компани Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг. Миний төрсөн дүү Ч.Солоно нь тал харвачихсан хүн байдаг ба Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ТҮЦ ажиллуулдаг бөгөөд зөвшөөрлийг нь авч амжаагүй байсан юм. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай дүүгийн ТҮЦ-нд үл таних эмэгтэй орж ирээд өөрийгөө Сүхбаатар дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтэст байцаагч ажилтай Одончимэг гэж танилцуулан "танайх зөвшөөрөлгүй юм байна, Түцийг чинь ачина" гэхэд нь манай дүү сандраад тэр өдрөө тэр хүнийг дагуулаад манай ажил дээр ороод ирсэн. Тэгсэн Одончимэг нь "би өөрөө байцаагч юм чинь танай түцний зөвшөөрлийг аваад өгье, оронд нь та надад 7 хоногийн хугацаатай мөнгө зээлчих" гэсэн. Тэгэхээр нь би "зөвшөөрлийг нь яг авч өгч чадах уу" гэж асуутал чадна гээд байсан. Би чамд мөнгө зээлж болно харин яг хэлсэн үгэндээ 7 хоногийн дараа буцааж өгнө шүү гээд хоорондоо тохиролцоод салцгаасан. Тэгээд маргааш өдөр нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Одончимэг гэгч нь ганцаараа манай ажил дээр ирээд би машин авчихсан чинь өр нь нэхэгдээд байна, одоо цалингийн зээл хөөцөлдөж байгаа, бүтэхээр нь таны мөнгийг өгчихнө гээд бэлнээр 2.200.000 төгрөгийг аваад явсан. Мөнгө авахдаа ямар нэг гэрээ хэлцэл үйлдээгүй. Гэтэл үүнээс хэд хоногийн дараа манай дүү Солонго дээр очоод миний дүүдээ зүүлгэсэн байсан монетон хос ээмгийг хүүхэд өвдөөд байна, яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд аваад явчихсан байсан. Тэгээд огт утсаа авахгүй алга болчхоор нь 1 cap гаруй хүлээгээд холбогдохгүй болохоор нь Сүхбаатар дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтэст очиж асуухад тийм хүн огт ажилддаггүй болохыг мэдэж цагдаагийн байгууллагад хандахаар шийдсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

 

Хохирогч У.Солонгын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 11-р хороо Хүүхдийн 2-ын буудал дээр Түргэн үйлчилгээний цэг ажиллуулдаг. Би өөрөө хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа юм. Уг нь ТҮЦ-ээ ажиллуулах Тусгай зөвшөөрөлтэй бөгөөд 2016 оны 05 дугаар сарын эхээр лангуун доороосоо цүнхтэй эд зүйлээ хулгайд алдчихсан. Цүнхэн дотор манай ТҮЦ-ний Тусгай зөвшөөрөл миний бүх бичиг баримт байсан. Дахиж бичиг баримтаа авах гэхээр байршлын зөрчилтэй гээд Дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл өгдөггүй юм. Гэтэл 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай ТҮЦ-нд үл таних Сүхбаатар дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтэст ажилдаг Одончимэг гэж танилцуулсан эмэгтэй орж ирээд зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг ачих гэж байна, танай үйл ажиллагааг зогсоо гэж манай дарга явууллаа, бичиг нь миний цүнхэнд явж байна гэсэн. Би ч бичгийг нь үзье гээгүй юм. Тэгсэн одоо үйл ажиллагаагаа хаалгах юм уу, эсвэл бичиг баримтаа дахиж хөөцөлдөх юм уу, гэхэд нь надад зөвшөөрөл өгөхгүй байгаа тухайгаа хэлэхэд би хөөцөлдөж өгье, харин мөнгө төгрөг орно шүү дээ, 2-лаа Сүхбаатар дүүрэг оръё, би ямар ч гэсэн даргад таныг хэлээд үзье гээд хамт явцгаасан. Замд танд хэлж яриад тус болчихоор нь хүн байгаа юу, гээд асуугаад байхаар нь манай нэг эгч байдаг юмаа, би эгчтэйгээ ярьтал бид хоёрыг хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Оюунаа эгчийн ажлын байран дээр хамт орж уулзахад Солонго эгчийн ажиллуулдаг ТҮЦ-ийг ачих гэж байгаа юм, Солонго эгч даргатай муудалцчихсан юм байна, би дарга дээрээ очиж уулзажтус болох гэж байгаа юмаа, харин мөнгө төгрөг орно шүү дээ, гэхэд нь Оюунаа эгч бэлнээр 2.200.000 төгрөг өгөөд салцгаасан. Хэд хоногийн дараа надруу нөгөө эмэгтэй залгаж үйлчилгээ эрхлэх гэрчилгээ, галын дүгнэлт хоёр чинь гарсан, аваачиж өгнө гээд ирэхгүй байж байснаа нилээн хэд хоногийн дараа / cap өдрөө санахгүй байна / дахиж манай ажил дээр ирээд манай ээж замын үүдэд цүнхтэй бичиг баримтаа алдчихсан гэнээ, 100.000 төгрөг өгчих гэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй байна, байж байгаад ирээд авчих гэтэл яг одоо л хэрэгтэй байна, ломбардад тавьчихаар юм байвал өгчих гэхээр нь өөрийн зүүж байсан алтан ээмгээ өгөөд 100.000 төгрөгөөр ломбардад тавьчих, ломбардны бичгийг нь харин эгчдээ авчирч өгөөрэй гэхэд би таны юмыг өөрөө авч өгнө гэж хэлээд таг болчихсон юм. Энхзаяа нь ер их худалч удаа дараа надад хүүхдээ түлхчихсэн гэмтлийн түлэнхий тасагт байна, гэхэд нь итгээд эргэх гээд очиход наадах чинь биш за юу, хувийн эмнэлэг гээд уурлаж байсан. Тэгснээ зөвшөөрөл чинь гарсан мөн ээмгийг чинь аваачиж өгнө гэж удаа дараа худлаа хэлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48х/

 

Хохирогч М.Мөнгөнтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...худалдаа үйчилгээний хэлтсийн байцаагч Золзаяа байна гэж нэг жижиг биетэй эмэгтэй хүн орж ирсэн. Ингээд шалгалт хийж байна гээд хавтаст бичгээ ТҮЦ-н дотор тавиад танай зөвшөөрөл хасагдсан танай зөвшөөрөл байхгүй, 200 гаран зөвшөөрлөөс 28 нь л гарсан Цэнгүүн төвөөр танайх материалаа өгсөн байна чи уг Цэнгүүн төвийн нэрээр гаргахгүй, хувиараа чи өөрийн нэрээрээ гаргаж болно гэж хэлээд надад 5 зүйл жагсаалгаж бичсэн. Ингэж ярихда гар утсаар миний компьютер дээр суугаад хараад өгөөч гээд надад дүүрэгт ажилладаг гэдгээ итгэж үнэмшүүлээд явсан. Ийнхүү дээрх өдрийн маргааш буцалсан ус байна уу эм уух гэсэн юм гэж хэлээд орж ирсэн ба энэ хугацаандаа материалаа бүрдүүлсэн үү гэж хэлээд дараа нь Золоо байнаа гээд даргатайгаа яриад ярьж байна гээд манай найз сууж байна гэж утсаа чихэндээ барьж ярьчихаад би чамд тус болно харин чи надад мөнгө зээлээч гэж жхэлээд 300.000 төгрөг надаас зээлэх санал тавихаар нь би үгүй гэж хэлж чадалгүй зөвшөөрч Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 300.000 төгрөг авч өгсөн. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө миний утсаны дугаар руу одоо санахгүй байна 94...дугаараас залгасан байхаар нь би хороо дүүрэг орж материал брдүүлээд дүүрэг дээр иртэл байхгүй байсан ба эмнэлэг явсан гэхээр нь Золзаяа гэх мөн үү биш үү гэж гайхаад надруу залгасан дугаар руу залгахад огт холбогдохгүй байсан ба би хүлээж байгаад Золзаяа гэх хүүхэнтэй уулзаж ярихад би бас өөрөө өргөдөл гаргах гэж байна гэж хэлэхээр нь залилуулсан талаараа мэдэж цагдаагийн өргөдөл гарган хандах болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117х/

 

Хохирогч Д.Амарзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн орчимд ТҮЦ ажиллуулаад сууж байхад өөрийгөө Баянзүрх дүүргийн худалдаа үйлчилгээний мэргэжилтэн Лхамаа гэж танилцуулаад шар цэнхэр өнгийн худалдаа үйлчилгээний мэргэжилтэн гэсэн унэмлэх үзүүлсэн 25-30 орчим насны эмэгтэй ирээд та ТҮЦ ачиж байгаа үйл биздээ таньд үзүүлэх ямар нэгэн бичиг баримт байна уу гэхэд нь би би одоогоор үзүүлэх бичиг баримт байхгүй, гэхдээ өргөдөлөө бичээд дээд байгууллагад хандсан байгаа, чиг гартал үйл ажиллагаа явуулж бай гэсэн гэж тайлбар тавьсан. Тэр би тэгвэл маргааш 11 цагт таны ТҮЦ-ийг ачина таньд үзүүлэх бичиг баримт байхгүй байна гэж хэлсэн. Тэгтэл Лхамаагийн утас дуугарч нэг хүнтэй танайд мэйл хаягаар 5 машины тооцооны мөнгө төлөөд явуулсан 3 цагт Жуковын музейн 5 ТҮЦ ачих захиалга өгсөн байгаа яагаад ирэхгүй байгаа юм бэ, маргааш 11 цагт чулуун овооны урд байгаа 3 ТҮЦ ачуулна Золзаяа байцаагч мэдэж байгаа одоо данс руу чинь мөнгө шилжүүлнэ гэж ярьсан. Тэгэхэд нь би үнэхээр ачиж байгаа юм байна гэж итгэсэн. Тэгсэнээ тэр хүн таныг дүрэг авч явж өргөдөл түүх шалгана гэж хэлээд автобусны буудлаас такси бариад надтай хамт явж байхдаа утас нь дуугарч дахиад нэг хүнтэй ярьсан. Тэрээр Золзаяа эгчээ Чулуун овооны эгчийг өрөөндөө аваачих юмуу Тусгаар тогтнолын 8 давхарт Тогтмаа дарга дээр аваад очих юм уу гэж ярьсан. Тэгсэнээ Тогтмаа гэж хэн юм бэ гэхэд тэр бүх дүүргийн хариуцсан худалдаа үйлчилгээний дарга юмаа гэж хэлсэн. Тэгээд шууд тусгаар тогтнолын ордоны 8 давхарт хамт гарч намайг коридорт нь суулгаад ТҮЦ ажиллуулахад зөвшөөрөл олгож өгнө үү, ачуулахгүй арга хэмжээ авна уу гэж өргөдөл бичүүлээд би хамт орох уу гэхэд тэр таны байгаа байдлыг хараад итгэхгүй байх гэж хэлээд гаднаа вакум хаалгатай өрөө рүү яваад орсон. Ороод 10 минут болоод гарч ирсэнээ надад өө асуудалгүй юм байна ш дээ таны нэр ус чинь бүгд байна нэрийг чинь татаад авчихлаа гэж хэлэхэд нь өө баярлалаа гэж хэлсэн, ...би бэлнээр 300.000 төгрөг өгсөн, таксинд 20.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 139-140х/

 

Гэрч С.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тусгаар тогтнолын ордон ороод 8 давхарт гараад намайг хүлээгээд сууж бай Тогтмоо даргатай уулзчихаад гараад ирье гээд нэг шилэн хаалга руу ороод 10-д минут болоод гарч ирсэн. Тэгээд уулзчихлаа таныг юм уу намайг дуудах нь уу дуудна та надтай хамаатан гэж хэлээрэй гэсэн. Тэгээд удалгүй утас нь дуугараад ярьж байснаа намайг ороод ир гэж байна гээд буцаад орсон. Тэгээд буцаж гарч ирсэнээ ямар ч байсан 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ачуулахгүй боллоо. Одоо та энэ хүнд хэдэн төгрөг өг гэсэн, ...100.000 төгрөг болгоод өгсөн, ...тэгээд жоохон байж байгаад гарч ирээд болчихлоо мөнгөө өгчихсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 169-171х/,

 

Яллагдагч Н.Энхзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр би 100-н айлд байрлах түцрүү орсон юм. Уг түцрүү ороход нэг эмэгтэй сууж байсан ба би ороод өөрийгөө Сүхбаатар дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсээс явж байна намайг Одончимэг гэдэг зөвшөөрлөө гаргаад ир гэж хэлэхэд зөвшөөрлөө аваагүй байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би одоо тэгвэл түцийг чинь ачуулна гэж хэлтэл тухайн худалдагч эмэгтэй Оюунаа гэдэг эгчрүүгээ яриад болсон зүйлийн талаар утсаар хэлтэл Оюунаа гэх эгч нь бид 2-г Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэг байранд хүрээд ир гэж хэлсэн тэгэхээр нь би тухайн худалдагчийн хамтаар түүний эгч Оюун гэдэг эмэгтэй дээр очиж уулзсан. Энэ үед Оюун гэдэг эгч надад хэлэхдээ эгчдээ түцны зөвшөөрлийн бичгийг гаргуулаад өгөөч хүмүүсээр хөөцөлдүүлсэн чинь бүтэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би за би хөөцөлдөөд өгье гэж хэлсэн чинь надад бэлнээр надад 2,200,000 төгрөгийг өгсөн юм. Үүний дараагаар буюу 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тухайн 2016.09.15-ны өдөр сууж байсан худалдагч эмэгтэй надруу утсаар яриад түцэн дээр хүрээд ирэх боломж байна уу Оюунаа эгч гадагшаа явчихсан эгч нь юм аа хөөцөлдүүлж байж чамд юм өгч чадаагүй чи миний алтан ээмгийг 100,000 төгрөгт ломбардад тавиад ломбардынхаа бичгийг надад аваад ир гэж хэлэхээр нь би явж очоод тухайн ээмгийг нь аваад ломбардад 200,000 төгрөгөөр тавьсан.Үүнээс хойш дээрх хүмүүстэй уулзаагүй юм..., ...Би анхнаасаа л би залилан мэхлэх санаа зорилготой тухайн түц рүү орсон болохоор өөрийнхөө нэрийг худлаа хэлсэн мөн өөрийгөө Сүхбаатар дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст байцаагч хийдэг гэж худлаа хэлсэн юм..., тэгээд би худлаа яриад тусгаар тогтнолын ордон руу худалдагч эмэгтэйг дагуулж яваад дотор нь ороод давхарууд руу нь гараад нэг өрөө рүү орчихоод жоохон байж байгаад гараад ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53х, 173х/

 

Дүүргийн үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 82х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35х/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт

 

Шүүгдэгч Н.Энхзаяа нь давтан үйлдлээр 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Од бүртгэл ерөнхий аудит" ХХК-ны байранд өөрийгөө Сүхбаатар дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн байцаагч ажилтай Оюунчимэг гэж танилцуулан "Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгийн зөвшөөрлийг гаргуулж өгнө" гэж У.Оюунаагаас 2.200.000 төгрөгийг,

2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр "Манай ээж Замын-Үүдэд цүнхтэй бичиг баримтаа алдчихлаа" мөнгө хэрэгтэй байна ломбарданд тавих зүйл байна уу гэж У.Солонгоос зүүж байсан 420.000 төгрөгний үнэ бүхий алтан ээмгийг нь,

2016   оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулдаг М.Мөнгөнтуяад өөрийгөө Дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсийн байцаагч Золзаяа гэж танилцуулан, зөвшөөрөл гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 300.000 төгрөг,

2017   оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун-овооны автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг түргэн үйлчилгээний цэг дотор Баянзүрх дүүргийн үйлдвэр үйлчилгээний ажилтан Лхамаа гэж өөрийгөө танилцуулан Д.Амарзаяагаас 300.000 төгрөгийг тус тус хуурч мэхлэх аргаар залилан авч бусдад нийт 3.220.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 52-53х, 173х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч У.Оюунаа /хх-ийн 24-25х/, У.Солонго /хх-ийн 46-48х/,  М.Мөнгөнтуяа /хх-ийн 116-117х/, Д.Амарзаяа /хх-ийн 139-140х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, гэрч С.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 169-171х/,  Дүүргийн үнэлгээний комиссын эд зүйлд үнэлгээ хийсэн баримт /хх-ийн 82х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Н.Энхзаяаг давтан үйлдлээр хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

Хохирогч У.Солонго нь шүүгдэгч Н.Энхзаяагаас хохиролоо барагдуулж авсан нь тогтоогдож байна. Харин шүүгдэгч Н.Энхзаяагаас нийт 2.910.000 төгрөг гаргуулж, хохирогч У.Оюунаа, М.Мөнгөнтуяа, Д.Амарзаяа, иргэний нэхэмжлэгч С.Отгонцэцэг нарт оногдох хувиар нь олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Н.Энхзаяагийн урьд  2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 723 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаа нь 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт заасанд хамрагдаж өршөөгдөж байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүний ялтай байдлын хугацаа нь дуусч байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Энхзаяаг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 2015 оны 3 дугаар сарын 02-нд төрсөн С.Төгөлдөр гэх хүүхэдтэй зэргийг харгалзан түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг хойшлуулав.  

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Баяуд овогт Нэргүйн Энхзаяаг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар Н.Энхзаяад эд хөрөнгө хураахгүйгээр, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Энхзаяагийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Н.Энхзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энхзаяагаас нийт 2.910.0000 /хоёр сая есөн зуун арван/ төгрөгийг гаргуулж, хохирогч У.Оюунаа /РД:НИ64031507/-д 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийг, хохирогч М.Мөнгөнтуяа /РД:ГЮ84071363/-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг, хохирогч Д.Амарзаяа /РД:ХБ67082704/-д 300.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч С.Отгонцэцэг /РД:ИЖ78070106/-т 110.000 төгрөгийг  тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Н.Энхзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.  

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Энхзаяад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ