| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/0249/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/263 |
| Огноо | 2025-10-07 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/263
2025 10 07 2025/ШЦТ/263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт **** ****т холбогдох эрүүгийн 2539000000284 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч **** нь 2025 оны 08 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар /3.31%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүгдэгч **** овогт **** **** нь 2025 оны 08 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, согтуугаар /3.31%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч ****ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2025 оны 08 дугаар сарын 08-ны орой 24 цагийн “****” зоогийн газарт хоол идэж байгаад тэнд утсаа гээсэн. Утсаа хаяснаа мэдээд гэртээ хариад аав **** утсаар утасныхаа байршлыг тогтоогоод байршлаар нь явахаар аавынхаа “Приус 41” маркийн **** тээврийн хэрэгслийг жолоодон ****ийн 32-1-6 тоотоос гараад явсан. Заасан байршлын дагуу явсаар үл таних айлын хашааны гадна очсон. Гэрээс хүн гарч ирэхээр нь би утсаа алга болгоод байршлаар нь хайсан чинь энэ хавьд заагаад алга болчихлоо гэж хэлтэл **** гэх залуу "Чи архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд жолоо бариад явж байгаа юм уу?" гэхээр нь би утсаа хаячихаад хайгаад аавынхаа машиныг бариад явж байгаа юм аа гэж хэлсэн. Тухайн өдөр би 15 цаг өнгөрч байхад 2 литрийн “Сэнгүр” нэртэй пиво 2 ширхгийг ганцаараа гэртээ уусан байсан. **** цагдаа намайг дагуулаад миний машиныг жолоодоод цагдаагийн газар луу явсан. Би 2025 оны 01 дүгээр сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар Хэнтий аймагт хасуулсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч М.****ын “...Би 2025 оны 08 дугаар сарын 08-ны шөнө Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг ****гийн 6б-2 тоотод байх гэртээ амарч байтал хашааны гадна машин дохиогоо дугаргасан. Хашаанаасаа гараад очиход үл таних залуу цагаан өнгийн “Приус 41” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн суудлаас бууж ирээд "Би ****д хоол идэж байгаад утсаа алга болгосон чинь байршил нь танай хашаанд заагаад байна" гэж хэлээд манай хашаа руу зөвшөөрөлгүй орсон. Тэгэхээр нь би "Манайд надаас өөр хүн алга. Чиний гар утас манай хашаанд байх боломжгүй" гэж хэлтэл хашаанаас гарахгүй зогсоод "Энд л заагаад байна” гэж хэлэхээр нь дөхөөд очтол архи согтууруулах ундааны зүйл үнэртсэн. Тэгэхээр нь би "Танаас согтууруулах ундааны зүйл үнэртээд байна. Та тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ аваад ир ээ” гэж хэлээд баримт бичгийг нь шалгатал жолоочийн үнэмлэхээс бусдыг нь надад үзүүлсэн. Тухайн үед тэр залуу тээврийн хэрэгсэл дотроо ганцаараа явж байсан болохоор би тээврийн хэрэгслийг нь жолоодоод цагдаагийн газарт ирж согтуурал хэмжих багажаар шалгахад ДР:3.31% зааж байсан. Замын байцаагчаа дуудаад хүлээлгэж өгөх гээд жолоодох эрхийг шалгатал 2025 оны 01 сарын орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 2-3),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч З.**** “...**** 19 цагийн үед гэртээ халамцуу ирсэн. Өөрөө бол пиво уусан гэж байсан. Тэгээд 23 цагийн үед харилцаатай байдаг эмэгтэйгийнх нь хүүхэд болох 3-4 орчим насны охиныг надад орхиод “Би утсаа алга болгочихжээ. Таны утсаар өөрийнхөө утсыг олоод ирье” гэж хэлээд миний утсыг аваад миний эзэмшлийн “Приус 41” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод гэрээс гарсан. Тэр өдөр хэнтэй, хаана нэмж уусныг нь би мэдэхгүй. Шөнө 01 цагийн үед **** цагдаад баригдаад машинаа журмын хашаанд оруулчихлаа гэсээр ирсэн. “Приус 41” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний хүүхдүүд надад урьдчилгааг төлөөд авч өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1), эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 14), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 11, 10), жолоочийн лавлагааны хуулбар (хх-ийн 17), шүүгдэгч ****ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 40) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч **** нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь жолоочийн лавлагааны хуулбараар (хх-ийн 17) тогтоогдож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч **** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлбөргүй нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч **** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч ****т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт **** ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** ****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА