Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/01128

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 06 101/ШШ2023/01128

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: хххххххххххххххххххххххххххх хаягт оршин суух, Б,н Сийн /РД: хххххххххххххххх/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: хххххххххххххх тоот хаягт оршин суух, М,н Гд /РД: хххххххххххххххххх/ холбогдох

18,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.С миний бие 2021 оны 06 сарын 23-ны өдөр М.Гд 7,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож түүний Хаан банк дахь 0000000000 тоот дансанд өөрийн 00000000000000тоот данснаас 2021 оны 06 сарын 23-ны өдөр 3 удаагийн шилжүүлгээр 3,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

М.Г нь мөнгө зээлж авснаас хойш төлөлт хийгээгүй ба 2022 оны 03 сарын 06-ны өдөр уулзаад 2022 оны 04 сарын 05-ны өдрийн дотор миний мөнгийг хүүгийн хамт төлнө гэсэн боловч төлөөгүй.

Иймд анх М.Гд мөнгө зээлүүлсэн 2021 оны 06 сарын 23-ны өдрөөс хойш 16 сарын 10 хувийн хүү 11,200,000 төгрөг, үндсэн зээл 7,000,000 төгрөг, нийт 18,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

2021 оны 08 сарын 26-ны өдөр 1,700,000 төгрөг төлсөн ба үүнийг нэхэмжлэлийн дүнгээс хасч 16,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч М.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

М.Г миний бие иргэн Б.Сээс 2021 оны 06 сарын 23-ны өдөр харилцан тохирч 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, 7,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн болно.

Миний бие уг мөнгийг ажил төрлийн хамаарал бүхий хүмүүстэй зөвлөлдөж байж бизнест хэрэглэх зорилгоор богино хугацаатай, өндөр хүүтэй авсан боловч 1-3 сарын хүүг төлж явсаар 1,700,000 төгрөг өгч үндсэн зээлээс 1,000,000 төгрөг, хүүнд 700,000 төгрөг, өгснөөс хойш төлбөр хийж чадаагүй нь үнэн болно.

Миний бие учир байдлаа хэлж уулзан үлдэгдэл 6,000,000 төгрөгөө зохих хүүтэй нь өгье гэж тохирсон боловч тухайн үеийн бизнесийн нөхцөл байдал ковидтой холбоотой үүссэн байдлуудаас хамааран өгч чадаагүй.

Манай ажил 3 сард багтаан бараагаа татан авч үйл ажиллагаа хэвийн болох тул надад уг төлбөрийг 2-3 хуваан төлөх хугацаа өгнө үү.

Нэхэмжилсэн дүн дээр төлсөн төлбөрийг бодож мөн 16 сарын турш 10 хувийн хүү төлөх боломжгүй тул төлбөрийн дүнг багасгаж өгнө үү. Миний бие бодитой гаргасан дүнтэй төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Б.С нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны 03 сарын 06-ны өдөр М.Ггийн мөнгө төлөх тухайгаа бичсэн бичвэр, Б.Сийн Хаан банк дахь00000000000000тоот дансны хуулга зэрэг баримтыг,

Хариуцагч М.Г нь хариу тайлбар, Хаан банк дахь 0000000000 тоот дансны хуулга зэрэг баримтыг тус тус ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч М.Гд холбогдуулан 18,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2021.06.23-ны өдөр зээлсэн гэх 7,000,000 төгрөг,

2021.06.23-ны өдрөөс хойш 16 сарын хүү 11,200,000 төгрөг

Нийт 18,200,000 төгрөг/

 

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгч Б.С нь нэхэмжлэлийн шаардлага 18,200,000 төгрөгөөс хариуцагч М.Ггийн 2021 оны 08 сарын 26-ны өдөр төлсөн 1,700,000 төгрөгийг хасч 16,500,000 төгрөгийг нэхэмжилсэн болно.

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч М.Гд 2021 оны 06 сарын 23-ны өдөр 7,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн гэх ба нэхэмжлэгч Б.С нь Хаан банк дахь 00000000000000тоот данснаасаа хариуцагч М.Ггийн мөн банк дахь 0000000000 тоот дансанд 2021 оны 06 сарын 23-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр нийт 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь талуудын тайлбар болон дансны хуулгаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 5 дугаар тал/

 

Хариуцагч М.Г нь гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй ба тэрээр 2021 оны 08 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б.Сийн Хаан банк дахь 00000000000000тоот дансанд 1,700,000 төгрөгийг төлбөр гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн ба Б.С нь энэ талаар маргаагүй болно.

/ХХ-ийн 15 дугаар тал/

 

Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд хариуцагч М.Г 7,000,000 төгрөгийг хүлээн авсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

2021 оны 06 сарын 23-ны өдрийн гэрээний үүрэгтэй холбоотой хариуцагч М.Г нь 2022 оны 03 сарын 06-ны өдөр Б.Сээс 6,000,000 төгрөг сарын 10 хувийн хүүтэй авсан болно. Уг зээлээ төлөлгүй 6 сар болж байгаа бөгөөд 2022 оны 04 сарын 05-ны дотор үндсэн зээл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 3,600,000 төгрөг, нийт 9,600,000 төгрөг бүрэн төлж барагдуулна гэх тайлбарыг гаргаж байсан байна.

/ХХ-ийн 3 дугаар тал/

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зааснаар талууд хэлэлцэн тохирч хүү тогтоож болох ба зээл авсны дараагаар уг зээлийг бичгийн хэлбэрт оруулан төлөхөө баталгаажуулсан нь талуудын хүсэл зориг, гэрээний чөлөөт байдлыг үгүйсгэхгүй байгаагаас гадна хожим зээлийн нөхцлийг бичгийн хэлбэрт оруулсан нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээс буюу хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн төлөхөөр зөвшөөрсөн хугацаагаар буюу 2022 оны 04 сарын 05-ны өдөр хүртэл хугацаагаар зээлийн хүүг тооцох үндэслэлтэй гэж үзэв.

/ХХ-ийн 80-81 дүгээр тал/

 

2021 оны 06 сарын 23-ны өдрөөс 2021 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэл хуацааны зээлийн хүү нийт 1,400,000 төгрөг.

2021 оны 08 сарын 26-ны өдөр төлсөн 1,700,000 төгрөг-1,400,000 төгрөг=300,000 төгрөг,

7,000,000 төгрөг-300,000 төгрөг=6,700,000 төгрөг.

670,000 төгрөг*10 хувь=4,949,356 төгрөг /2021.08.23-2022.04.05-ны өдөр хүртэл хүү/

Нийт 11,649,356 төгрөг.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч М.Ггээс 11,649,356 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ст олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,850,644 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч М.Г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба ирэх боломжгүй тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэрэг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан хариуцагч М.Ггээс 11,649,356 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ст олгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,850,644 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Сийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ггээс 201,339.70 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ст олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН