Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2023/00271

 

 

 

 

2023             03           20     

                        130/ШШ2023/00271

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулах, А ХХК /захирал Д.Д/

Хариуцагч: Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв /эрхлэгч Д.К/

Нэхэмжлэлийн шаардлага: 935,000 /есөн зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б нар оролцов.

Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Д.Кд шүүх хуралдааны товыг шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр /баримт №3/ мэдэгдсэн боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.К шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч байгууллагын төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.К-ы эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Б аймгийн Ө сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулах, А ХХК /захирал Д.Д/ нь хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төв /эрхлэгч Д.К/-д холбогдуулан 935,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвтэй манай компани нь 2013 оноос хойш хамтран ажиллаж түргэн тусламжийн машинуудад сэлбэг, засвар үйлчилгээ хийлгэдэг байсан. Тус төв нь эхний жилүүдэд төлбөрөө барагдуулж байсан. 2017 оноос үлдсэн өрийн авлага 5 жил ам дамжин ярьсаар төлж өгөхгүй өдий хүрсэн. Энэ өр авлагын талаар тус төвийн одоогийн нягтлан М.Е болон жолооч С.Б нар сайн мэдэж байгаа болно. Өр төлбөр нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 500,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 100,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 335,000 төгрөг болон нийт 935,000 төгрөг болж байна. Иймд Б сумын Эрүүл мэндийн төвөөс 935,000 /есөн зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Д.К хариу тайлбартаа: Манай Эрүүл мэндийн төв 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэлээр А ХХК-иас 335,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч тухайн үед манай эмнэлэгт 328,600 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 328,600 төгрөг шилжүүлсэн байна. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжилсэн 100,000 төгрөгийн орлого санхүүд авагдаагүй. Нэхэмжлэлийн баримтыг илгээгээгүй байна. 300,000 төгрөгийн үнэтэй нэхэмжлэлд 2017 онд цас ихээр орж, өвөлжилт хүндэрсэн үе байсан. Тэр үед аймгийн удирдлагууд ирэхэд Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нөхцөл байдлыг танилцуулж тусламж гуйсан. Энэ үед аймгийн удирдлагууд эхний ээлжид 2 ширхэг дугуй шийдэж өгсөн. Тэрний дагуу манай төвийн жолооч С.Болат хүлээж авсан. Орлогыг санхүүд үнэгүй ирсэн запас сэлбэг гэж бүртгэж авсан байна. Тухайн үед тус төвийн эрхлэгчээр ажиллаж байсан холбогдох хүмүүс хариуцах асуудал учраас миний бие 2022 онд тус төвийн эрхлэгчээр томилогдсон учраас хохирлыг барагдуулах боломжгүй байна гэжээ.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Нэхэмжлэх, 335000 төгрөгийн Зарлагын баримт, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Зарлагын баримт, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Зарлагын баримт 2 ширхэг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06/2023 дугаартай тайлбар, Б сумын Хүн эмнэлгийн 2017, 2018 оны сэлбэг, засварын зардлын тооцоо, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Нэхэмжлэх, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчөөс А.Ж-т олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

4. Хариуцагчаас 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн хуулбар, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Орлогын баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

6. Нэхэмжлэгч А ХХК /захирал Д.Д/ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

6.1. Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвтэй манай компани нь 2013 оноос хойш хамтран ажиллаж ирсэн ба өр төлбөр болох 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 500,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 100,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 335,000 төгрөг болон нийт 935,000 төгрөгийг Б сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж өгнө үү гэв.

7. Хариуцагч Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Д.К нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

7.1. Манай Эрүүл мэндийн төв 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэлээр А ХХК-иас 335,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч тухайн үед манай эмнэлэгт 328,600 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 328,600 төгрөг шилжүүлсэн байна. 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжилсэн 100,000 төгрөгийн орлого санхүүд авагдаагүй. Нэхэмжлэлийн баримтыг илгээгээгүй байна. 300,000 төгрөгийн үнэтэй нэхэмжлэлд 2017 онд цас ихээр орж, өвөлжилт хүндэрсэн үе байсан. Тэр үед аймгийн удирдлагууд ирэхэд Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нөхцөл байдлыг танилцуулж тусламж гуйсан. Энэ үед аймгийн удирдлагууд эхний ээлжид 2 ширхэг дугуй шийдэж өгсөн. Тухайн үед тус төвийн эрхлэгчээр ажиллаж байсан холбогдох хүмүүс хариуцах асуудал учраас миний бие 2022 онд тус төвийн эрхлэгчээр томилогдсон учраас хохирлыг барагдуулах боломжгүй байна гэжээ.

8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

8.1. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч А ХХК -ны гаргаж өгсөн 2022 оны 12 сарын 21-ний өдрийн нэхэмжлэх-т сэлбэг, дугуй 935,000 төгрөг, зарлагын баримт /2017.03.10. дугуй 215/85R/16LT/, 2ш, нэг бүрийн үнэ 250,000, нийт үнэ 500,000/, зарлагын баримт /2017.06.24. мотор тос 10л нэгжийн үнэ 6,500 нийт дүн 65,000 төгрөг, тэнүүлэгч 2ш, нэгжийн үнэ 5,000, нийт дүн 10,000 төгрөг, фильтр 1ш, нэгжийн үнэ 25,000, нийт дүн 25,000 төгрөг, дүн 100,000 төгрөг, 2018.06.02 зарлагын баримтад таван бул 1ш, нэгжийн үнэ 85,000, нийт дүн 85,000 төгрөг, яндан труб 1ш, 80,000, нийт дүн 80,000 төгрөг, тан шайба 1ш, нэгжийн үнэ 5,000, нийт дүн 5,000 төгрөг, сан шайба 1ш, нэгжийн дүн 5,000 төгрөг, нийт дүн 5,000 төгрөг, тан шайба 2ш, нэгжийн үнэ 5,000 төгрөг, нийт дүн 10,000 төгрөг, барабан солих 1ш, 15,000, нийт дүн 15,000 төгрөг, урд накладка 1ш, нэгжийн үнэ 55,000, нийт дүн 55,000 төгрөг, урт шарик 1ш, нэгжийн үнэ 45,000 төгрөг, нийт дүн 45,000 төгрөг, үзүүрт шарик 1ш, 35,000 төгрөг, нийт дүн 35,000 төгрөг, дүн 335,000 төгрөг гэжээ. 

8.2. Хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.К-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

9. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

9.1. Нэхэмжлэгч А ХХК, хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төв /Хүн эмнэлэг/ нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

9.2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэжээ. 

10. Хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төв нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгө буюу тоног төхөөрөмжийг шилжүүлэн авч, худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг хэсэгчлэн буюу тодорхой хугацааны туршид хэсэгчлэн өгөх үүргийг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь зохигч нарын тайлбараар нотлогдож байна.

11. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-дэх хэсэгт ”гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан боловч нэхэмжлэгч А ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч “удаа дараа төлөхийг шаардаж байсан,төвийн одоогийн нягтлан М.Е болон жолооч С.Б нар сайн мэдэж байгаа болно” гэж тайлбарлаж байсныг нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвөөс төлж өгөхийг шаардаж байсан байна гэж үзлээ.

12. Хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвийн /худалдан авагч/ нь нэхэмжлэгч А ХХК-наар засвар үйлчилгээ хийлгэсэн, сэлбэг авсан ба 2018 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн нэхэмжлэлийн дагуу 328600 төгрөгийг төлсөн, бусад холбогдох мэргэжилтнүүдийн хариуцах асуудал учраас миний бие хохирлыг барагдуулах боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй учир тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

13. Б сумын Хүн эмнэлгийн 2017,2018 оны сэлбэг, засварын зардлын тооцоо нэртэй тооцоо нийлүүлсэн А ХХК-ны ня-бо А.Ж гэсэн баримтыг нотлох баримтаар үнэлгээгүй болно. Учир нь, энэхүү тооцооны баримт нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу 935000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай харьцуулан үзэхэд үнийн дүн зөрүүтэй байх ба нэхэмжлэгч болон хариуцагч нар хоорондоо тооцоо нийлсэн баримт байна гэж үзэх боломжгүй байна.

14.  Хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төв нь нэхэмжлэлийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 328,600 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул 328,600 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас  хасаж үлдсэн мөнгийг гаргуулан олгох нь зүйтэй байна.     

15. Иймд хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвөөс сэлбэг, засвар үйлчилгээний мөнгө 606,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 328,600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

16. Нэхэмжлэгч А ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26990  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагчид хуваарилан хариуцуулна гэж заасны дагуу хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвөөс 19517 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасныг баримтлан хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвөөс 606400 /зургаан зуун зургаан мянга дөрвөн зуун / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 328600 /гурван зуун хорин найман мянга зургаан зуун / төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б сумын Эрүүл мэндийн төвөөс 19,517 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К.Б