Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 127/ШШ2023/0005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 127/2022/0006/3

 

            Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Балжмаа даргалж, шүүгч Х.Эрдэнэтуяа, Б.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Х.У-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: ХАНСЗД-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: НСЗД-ын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот захирамжийг хүчингүй болгуулж, НСЕБСЗ-ын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.У , түүний өмгөөлөгч Г.Э, хариуцагч ХАНСЗД А.М-ийн өмгөөлөгч Б.Ж , иргэдийн төлөөлөгч Э.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Х.У  нь ХАНСЗД-д холбогдуулан, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 тоот захирамжийг хүчингүй болгуулж, НСЕБСЗ-ын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

            2. Нэхэмжлэгч нь тухайн нэхэмжлэлийг анх 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан ба шүүх урьдчилан шийдвэрлүүлэх  шаардлагатай гэх үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

            3. Х.У  нь ХАЗД-д өргөдөл гаргаж, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4/589 тоот албан бичгээр “шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу авч, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч Х.У шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Норовлин сумын ЕБСЗ-аар 2015 оноос эхлэн ажиллаж байсан. Сумын Засаг дарга А.М нь намайг өөрийн хүсэлтээр ажлаа өг, өөр ажлын байраар хангана гэх мэт шахалт дарамт үзүүлсээр намайг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот захирамжаар ажлаас минь чөлөөлсөн.

Намайг ямар ч зөрчил гаргаагүй байхад гаргасан мэтээр, эсхүл хамааралгүй зүйлийг зориуд хамаатуулан захирамжид тусгасан. Надад хэзээ ямар үүрэг өгсөн, түүнийг нь хэрхэн биелүүлээгүй талаар урьд өмнө нь огт мэдэгдэж, эсхүл сануулсан удаа байхгүй. Мөн “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн ямар заалтыг зөрчсөний төлөө арга хэмжээ авсан нь тодорхойгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авна” гэж заасан байдаг. Үүний дагуу мэдэгдэж, тайлбар ч аваагүй.

Иймд НСЗД хууль зүйн ямар ч үндэслэлгүй шийдвэр гаргасан тул 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот захирамжийг хүчингүй болгож, намайг НСЕБСЗ-ын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү” гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч Х.У т сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжид,

1-д, Төсвийн ерөнхийлөн захирагчийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн. Ямар үүрэг даалгавар өгсөн нь тодорхойгүй байдаг.

2-д, Байгууллагын албан хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг гэжээ. Мөн илүү цаг ажиллуулж, илүү цагийн мөнгө олгодоггүй гэжээ. Үүний нотлох баримт нь сургуулийн багш, ажилчдаас авсан санал асуулга гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан. Хариуцагчаас ирүүлсэн эдгээр баримт нь жижиг цаасан дээр хэн, хэзээ бичсэн нь тодорхойгүй баримт тул нотлох баримтын шаардлага хангахгүй. Шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс захирамжид дурдсан үндэслэл байхгүй гэж мэдүүлсэн.

4-д, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг барьж ажиллаагүй” гэжээ. Уг дүрмийг хэрхэн зөрчсөн, аль заалтыг нь зөрчсөн болохыг заагаагүй.

5-д, Ажиллах хугацаанд нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэл 4 удаа гарч байсан гэжээ. Норовлин сумын ерөнхий боловсролын сургуульд Хүүхэд хамгааллын зөвлөл гэж ажилладаг. Уг зөвлөлөөс хийсэн ажиллагааны дүнд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа байдлыг илрүүлсэн. Уг хэрэг нь хуулийн дагуу шийдвэрлэгдээд явсан. Үүнд сургуулийн захирлыг яаж холбогдуулаад байгаа нь ойлгомжгүй байна. 

Хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлэхдээ захирамжид дурдаагүй асуудлаар тайлбар ирүүлсэн байдаг. Санхүүгийн зөрчил гаргаж, “хувь хүн болон компанид өртэй гарсныг 2021 оны жилийн эцсийн мэдээнд тусгаагүй, нуун дарагдуулсан” гэжээ. Тус сургууль нь нягтлан бодогчтой бөгөөд санхүүгийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг.

Сургуулийн актлагдсан барилгыг Эко зуслан барих компанид шилжүүлсэн гэх тайлбарыг хариуцагч гаргасан. Үүнд нэхэмжлэгчийг хэрхэн холбогдуулж байгаа нь тодорхойгүй. Прокурорын албан бичгээс үзэхэд сумын өмнөх Засаг дарга нь холбогдоод явж байгаа гэж ойлгосон.

Хариуцагч нь өөрийн хамаарал бүхий хүнийг ЕБСЗ-аар ажиллуулахын тулд нэхэмжлэгч Х.У ийг ажлаас нь чөлөөлсөн.

Иймд хариуцагчийн гаргасан захирамж хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

6. Хариуцагч НСЗД А.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ ...Багш нарын өрөөг тохижуулахад “Алтан Одгэрэл” ХХК-аас 1.935.000 төгрөгийн бараа материал, тавилга худалдан авч төлбөрийг захирал Х.У  хувиасаа төлсөн гэх тул Ерөнхий боловсролын сургууль Х.У т 1.935.000 төгрөгийн өртэй,

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Багшийн хөгжлийн цахим танхим” байгуулах төслийн санхүүжилт болох 19.500.000 төгрөгийн 9.500.000 төгрөгийг цалингийн санд шилжүүлж "СА” ХХК-ний дансанд, мөн хичээл үйлдвэрлэлийн зардлаас 5.000.000 төгрөгийг тус компанид шилжүүлж 4.500.000 төгрөгийн өртэй гарсан,

Хувь хүн болон “СА” ХХК-д нийт 6435000 төгрөгийн өртэй байна. Энэ өрийг 2021 оны жилийн эцсийн мэдээнд тусгаагүй нуун дарагдуулсан,

Байгууллагын үлдэх өртөгтэй актлагдсан барилгыг өмч хамгааллын зөвлөлийн хурлыг хийлгэж ямар нэг шийдвэр гаргалгүйгээр тус компанид өгсөн нь тухайн байгууллагын өмч хамгаалах зөвлөлийн хурлаар нотлогдож байгаа,

Эдгээр санхүүгийн олон удаагийн ноцтой зөрчлүүд нь Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43 дугаар тогтоол, Төсвийн тухай хуулийн 16.5.5 дахь заалтыг зөрчсөн нь маш ноцтой зөрчил болно“ гэжээ.

7. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж  шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Сумын Засаг дарга нь төсвийн ерөнхийлөн захирагч ба ерөнхий боловсролын сургуулийн захирал нь төсвийн шууд захирагч юм. Төсвийн тухай хуулийн дагуу тодорхой үүрэг хүлээдэг. Нэхэмжлэгч Х.У  нь хуульд заасан энэ үүргээ биелүүлээгүй. Түүний гаргасан зөрчлүүд нь өмнө нь илэрч мэдэгдсэн зөрчлүүд. Эдгээр зөрчлөө зас гэж сумын Засаг дарга хэлсэн боловч засахгүй болохоор нь албан тушаал бууруулсан.

Сургуулийн актлагдсан барилгыг Эко зуслан барих компанид шилжүүлэхдээ Өмч хамгааллын зөвлөлөөр хэлэлцүүлээгүй.

Байгууллагын албан хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг, илүү цагаар ажиллуулсан нь нууц санал хураалтын баримтаар тогтоогдсон. Эдгээр баримт нь хуурамч болохыг тогтоосон зүйл байхгүй.

Хүүхдийн бэлгийн хүчирхийлэл гарсан тухайд, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын үүргийг заасан. Мөн Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.4 дэх заалт.

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг барьж ажиллаагүй нь санхүүгийн зөрчлүүд, санхүүгийн акт, албан шаардлагаар нотлогдоно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Иргэдийн төлөөлөгч Э.Д  шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгч Х.У-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгч Х.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Х.У  нь Хэнтий аймгийн Норовлин сумын ЕБСЗ-аар 2015 оноос эхлэн ажиллаж байсан бөгөөд хариуцагч НСЗД-ын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 тоот захирамжаар уг албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.

3. Хариуцагчийн гаргасан энэхүү захирамжийг нэхэмжлэгч Х.У  нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, захирамжийг хүчингүй болгуулж, сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ, “ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан, сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэж, тайлбар аваагүй” гэжээ.

4. Хариуцагч НСЗД А.М нь нэхэмжлэгч Х.У т сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамждаа, “Төсвийн ерөнхийлөн захирагчаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, байгууллагын албан хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг, илүү цаг ажиллуулж илүү цагийн мөнгө олгодоггүй, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг барьж ажиллаагүй, ажиллах хугацаанд нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэл 4 удаа гарч байсан” гэх үндэслэлүүдийг дурджээ.

5. Гэвч  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа[1]: “...санхүүгийн зөрчил гаргасан талаарх тайлбарыг хүргүүлэв ... хувь хүн болон СА ХХК-д 6435000 төгрөгийн өртэй, энэ өрийг 2021 оны жилийн эцсийн мэдээнд тусгаагүй нуун дарагдуулсан, Засаг даргын Тамгын газрын бохир соруулсан хөлс нэрээр 1600000 төгрөг шилжүүлж, 1240000 төгрөгийг нягтлан бодогчийн хувийн дансаар буцаан авч хувьдаа авсан, байгууллагын үлдэх өртөгтэй актлагдсан барилгыг Өмч хамгааллын зөвлөлийн хурлыг хийлгэж ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр тус компанид өгсөн” гэжээ.

6. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа маргаан бүхий Б/01 тоот захирамжид заасан үндэслэл, түүний нотлох баримтын талаар огт дурдаагүй, захирамжид дурдагдаагүй “санхүүгийн” гэх зөрчлүүдийн талаар бичсэн байна.

7. Шүүх хариуцагчаас тухайн захиргааны актыг гаргах болсон үндэслэл, холбогдох нотлох баримтыг гаргуулахаар 2023 оны 01 дүгээр сарын 19[2]-ны өдрийн 09 тоот албан бичгийг хүргүүлсэн боловч хариуцагч ямар нэгэн тайлбар, нотлох баримт ирүүлээгүй болно.

8. Хариуцагчийн гаргасан маргаан бүхий Б/01 тоот захирамжаас үзэхэд хариуцагч нь Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 123.2.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Х.У т сахилгын шийтгэл ногдуулжээ.

9. Гэхдээ Х.У  нь ямар хуулийн ямар заалт, хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журмын ямар заалтыг хэзээ, хэрхэн зөрчсөн болохыг уг актад тусгаагүй ба энэ тухай нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна. Учир нь, Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж заасан байдаг.

10. Хариуцагч НСЗД нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллагын хувьд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан захиргааны акт гаргахдаа  Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хийж гүйцэтгэх үүрэгтэй.

11. Гэвч хариуцагч нь энэхүү шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй, тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлүүдэд заасан, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох зэрэг ажиллагааг хийж гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

12. Маргаан бүхий захиргааны актад хариуцагч нь “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг барьж ажиллаагүй” гэж тусгасан нь тодорхой бус байна.

13. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж  шүүх хуралдаанд, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийг барьж ажиллаагүй нь санхүүгийн зөрчлүүд, санхүүгийн акт, албан шаардлагаар нотлогдоно” гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй.  Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын Төлбөр барагдуулах тухай акт, Зөрчил арилгах тухай 2 албан шаардлагууд нь маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш  буюу 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр гарсан актууд болохыг дурдах нь зүйтэй.

14. Мөн “байгууллагын албан хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг, илүү цаг ажиллуулж илүү цагийн мөнгө олгодоггүй нь Норовлин сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын нууцаар гаргасан санал хүсэлтийн баримтаар нотлогдоно” гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагчаас хариу тайлбартаа хавсарган ирүүлсэн, жижиг цаасан дээр бичсэн 6 баримт[3] нь хэн, хэзээ, хэнд хандаж, хэний талаар бичсэн нь тодорхойгүй баримт тул хуульд заасан нотлох баримт биш, нотолгооны ач холбогдолгүй байна.

“Байгууллагын албан хаагч нарыг дарамталсан, хавчин гадуурхдаг, илүү цаг ажиллуулж илүү цагийн мөнгө олгодоггүй “ гэх үндэслэлүүдийг шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн багш, ажилтнууд[4] үгүйсгэсэн болно.

15. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”- ээр зохицуулдаг.

16. Энэ дүрмийн дагуу нэхэмжлэгч Х.У  нь ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөлөөс шалган тогтоож, хариуцлага хүлээлгэсэн баримт байхгүй байна.

17. Хариуцагч нь маргаан бүхий актдаа “ажиллах хугацаанд нь хүүхдийн бэлгийн хүчирхийлэл 4 удаа гарч байсан” гэх үндэслэл дурдсан ч энэ нь хэзээ, хаана гарсан хэрэг болох, үүнд сургуулийн захирал хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй, хариуцагч энэ талаар тайлбар өгөөгүй болно. 

18. Хариуцагчийн хариу тайлбартаа хавсарган ирүүлсэн, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой 2 баримт нь маргаан бүхий захиргааны акт гарснаас хойшхи баримтууд байна. Тухайлбал, хариуцагч НСЗД нь Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 100 тоот[5] албан бичгээр хандаж, хохирогч хүүхдүүдийн талаарх мэдээллийг гаргуулахаар хүссэний дагуу уг газраас хариуг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 144 тоот албан бичгээр[6] өгчээ.

 Уг албан бичигт, хохирогч хүүхдүүд нь 2020 онд хойд эцгийн зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай дурдсан ба тухайн хэргүүд нь сургуулийн орчинд гараагүй байна.

 Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын тус албан бичигт “Норовлин сумын Хамтарсан баг нь 2020 оны ажлаар аймагтаа тэргүүлсэн ба эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх чиглэлээр сайн ажилласан” гэснээс үзэхэд сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.У ийг буруутгах үндэслэлгүй байна.

19.Хариуцагчийн хариу тайлбарт дурдсан, бусдад төлөх өрийг 2021 оны жилийн эцсийн мэдээнд тусгаагүй, нуун дарагдуулсан гэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн Норовлин сумын ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогч М.Мөнхгэрэл[7] нь “сургууль “СА” ХХК-д 4400000 төгрөгийн өртэй байсан, энэ талаар 2021 оны жилийн эцсийн мэдээнд тусгасан” гэж мэдүүлсэн ба тус сургуулийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд[8] “Нийт өр төлбөр 4447,415.00” гэж тусгагджээ.  Уг үнийн дүнгээр төлбөр барагдуулах акт[9] тавигдсан болохыг дурдах нь зүйтэй.

20. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “Байгууллагын үлдэх өртөгтэй актлагдсан барилгыг Өмч хамгааллын зөвлөлийн хурлыг хийлгэж ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр тус компанид өгсөн нь тухайн байгууллагын Өмч хамгаалах зөвлөлийн хурлаар нотлогдож байна” гэжээ.

а/Сургуулийн актлагдсан барилгыг Эко зуслан барих компанид өгсөн тухай асуудлыг маргаан бүхий Б/01 тоот захирамжид тусгаагүй байна.

б/Норовлин сумын Өмч хамгаалах зөвлөлийн хурал маргаан бүхий акт гарснаас хойш буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр[10] болсон байна.

в/НСЗД-ын орлогч Д.Угтахбаяр нь сургуулийн үлдэх өртөгтэй актлагдсан 2 дугаар байрыг “Биндэр Алтай Оюу” ХХК буулган авч, Эко зуслан барих ажлыг гүйцэтгэхдээ  ашигласан асуудлаар Авлигатай тэмцэх газарт хүсэлт[11] гаргасны дагуу Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоол[12] 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гарсан.

Энэ хэрэгт нэхэмжлэгч Х.У ийг холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татаж шалгасан эсэх талаар шүүх Хэнтий аймгийн Прокурорын газраас лавлахад, П.Алтангэрэл гэгчийг  яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тухай[13], Х.У т холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг байхгүй гэсэн хариу ирсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

21. Хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж гаргахын өмнө нэхэмжлэгч Х.У т мэдэгдэж, тайлбар аваагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн уг заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1дэх заалтыг зөрчсөн байна.

22. Ийнхүү хариуцагч НСЗД 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Х.У т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/01 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан, хуульд үндэслэх, 4.2.5-д заасан, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д заасан, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тухай, захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг баримтлаагүй байна. 

23. Мөн хариуцагч Хэнтий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын саналыг аваагүй нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-д заасныг зөрчсөн байна.

24. Нэхэмжлэгч нь 2021 онд гүйцэтгэлийн төлөвлөгөөг улирал бүр 85 хувиас дээш үнэлгээтэйгээр дүгнүүлж байсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан ба хариуцагч талаас энэ талаар тайлбар гаргаагүй, маргасан зүйлгүй болно.

25. Эдгээр нөхцөл байдал болон хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар хариуцагч НСЗД-ын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр захирамж хууль бус болох нь тогтоогдож байгаа ба уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч Х.У-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэрлэв.

26. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Э.Д  нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3, 61 дүгээр зүйлийн 61.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1, 4.2.5, 4.2.6, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт  заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Х.У-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ХАНСЗД-ын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.У ийг НСЕБСЗ-ын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХАНСЗД А.М-аас 70200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Х.У т олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАЛЖМАА

ШҮҮГЧИД                                   Х.ЭРДЭНЭТУЯА

                    Б.ЦЭРЭНХАНД

 

[1] 45 хуудас

[2] 158  хуудас

[3] 52-57 хуудас

[4] 160-166 хуудас

[5] 64 хуудас

[6] 65 хуудас

[7] 163 хуудас

[8] 171 хуудас

[9] 59 хуудас

[10] 46 хуудас

[11] 63 хуудас

[12] 103 хуудас

[13] 203 хуудас