Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 328

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж

Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа

Улсын яллагч Д.Оюунгэрэл

Хохирогч А.Анхбаяр түүний өмгөөлөгч С.Энхбуйр

Шүүгдэгч Ц.Баярцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар бургуйд овогт Цэцгээгийн Баярцогтод холбогдох эрүүгийн 201725030792 тоот хэргийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт         

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 06 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид хороолол 24-91 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хар бургуйд овогт Цэцгээгийн Баярцогт регистрийн дугаар /РД:У388062959/

Холбогдсон хэргийн талаар   

Шүүгдэгч Ц.Баярцогт нь 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ард" кинотеатрын автобусны буудлаас “Голомт" банкны зүг рүү байх явган хүний гарцан дээр Тоёота Ландкруйзер загварын 17-93УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, иргэн А.Анхбаярыг "гарцаар гарч байна зайгаа хараач гэж хэлж машиныг тогшсон" гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь мөргөж, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэт холбогджээ.

Шүүх хуралдаанаар яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:      

 

Шүүгдэгч Ц.Баярцогт шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг.

Хохирогч А.Анхбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2 найзтайгаа явж байсан. Зам гарч байхад хар өнгийн Ланд Круйзер маркийн автомшин хойш ухарсан. Би хүн явж байна гэж хэлэхэд жолооч нь мэдэж байна гэсэн. Энэ ах бухимдалтай байсан. Нэг мэдэхэд би шоконд орчихсон байсан ба манай найзууд дух чинь цөмөрчихсөн байна гэсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаа дээр очоод дараа нь Гэмтлийн эмнэлэг орсон. Тэр өдрөө эмнэлэгт хэвтээд 7 хоносон. Дараа нь гэмтлийн эмнэлгээс намайг нарийн мэргэжлийн эмчид үзүүл гэсэн ба мэдрэлийн эмчид үзүүлэхэд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн тул хэвтсэн. Шалгалт эхэлчихсэн байсан тул би эмнэлэгт хэвтээд шалгалтандаа бэлдсэн гэсэн мэдүүлэг.

 

Гэрч О.Жамъяннацаг мөрдөн байцаалтанд өгсөн:  2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 14 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Ард кинотеатрын автобусны /буудлын/ хойд талд найз Анхбаяр, Билгүүнтөгс нарын хамт явган хүний гарцаар гарах гээд алхаж байхад явган хүний гарцан дээр хар өнгийн Ландкруйзер200 маркын тээврийн хэрэгсэл зам хаагаад зогссон байхаар нь машины ардуур нь алхаж явахад уг машин гэнэт хойшоо ухарсан. Билгүүнтөгс бид хоёр урд нь алхаж явсан болохоор түрүүлээд гүйгээд гарчихсан юм. Тэр үед Анхбаяр хойно явж байсан болохоор уг машинд шүргүүлэнгээ алдсан. Анхбаяр машиныг тогшоод ард чинь хүн байна гэдгийг хэлсэн. Тэгтэл жолооч нь болох залуу мэдэж байна гээд уурласан. Тэгтэл Анхбаяр явган хүн явж байна зайгаа хараач гээд уурласан. Тэгтэл тэр машины жолооч нь бууж ирээд үгийн зөрүүгүй олон үгтэй бацаан бэ гэж хэлээд толгой хэсэг рүү нь толгойгоороо мөргөөд гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь Билгүүнтөгс бид хоёр гүйж очоод "та болиоч насанд хүрээгүй хүүхэд ингэж болохгүйшдээ" гэж хэлэхэд "ална шүү гурван бацаанаа" гэж хэлсэн. Тэгснээ шууд машиндаа суугаад яваад өгсөн... Тэр жолооч ганцаараа явж байсан. Миний санаж байгаагаар улсын дугаар нь 17-93 билүү 17-53 хоёрын аль нэг нь байх Ланд200 маркын хар өнгийн дээрээ цэнхэр өнгийн маяак тавьсан машин байсан... Анхбаярын дух хэсэгт нь хавдсан байсан. /Анхбаяр нь уг Ланд 200 маркын тээврийн хэрэгслийн ард/ цохиж хонхойлгож гэмтэл учруулаагүй гэсэн мэдүүлэг. / хх-27-28 /

 

Гэрч Н.Билгүүнтөгс мөрдөн байцаалтанд өгсөн: Бид гурав тэр машины ардуур гараад явсан тэр үед жолооч нь өөрөө хойшоо ухарсан тэгэхдээ Анхбаярыг яг мөргөх гэж байсан тэр үйлдлийг нь Анхбаяр машин руу нь тогшиж хүн байна гэж дохио өгсөн тэр үед жолооч нь машинд гар хүрлээ гэх зүйлээр шалтаглаад л мөргөх болсон юм гэсэн мэдүүлэг./хх-29-30/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹5091 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1.А.Анхбаярын биед баруун духны хөндийн гадна ялтас духны хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.хх-33, ял шалгах хуудас хх-47, иргэний үнэмлэхний лавлагаа хх-49, компьютерт томографийн шинжилгээ хх-59-60, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ц.Баярцогт нь 2017 оны 04 сарын 13-ны өдрийн 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ард" кинотеатрын автобусны буудлаас “Голомт" банкны зүг рүү байх явган хүний гарцан дээр Тоёота Ландкруйзер загварын 17-93УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, иргэн А.Анхбаярыг "гарцаар гарч байна зайгаа хараач гэж хэлж машиныг тогшисон" гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь мөргөж, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч А.Анхбаярын өгсөн…2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 2 найзтайгаа явж байсан…зам гарч байхад хар өнгийн Ланд Круйзер маркийн автомашин хойш ухарсан…би хүн явж байна гэж хэлэхэд жолооч нь мэдэж байна гэсэн…энэ ах бухимдалтай байсан…нэг мэдэхэд би шоконд орчихсон байсан ба манай найзууд дух чинь цөмөрчихсөн байна гэсэн… тэгээд Чингэлтэй дүүргийн цагдаа дээр очоод дараа нь гэмтлийн эмнэлэг орсон… тэр өдрөө эмнэлэгт хэвтээд 7 хоносон гэсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг хх-27-30, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн…А.Анхбаярын биед баруун духны хөндийн гадна ялтас духны хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо…дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ…шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 5091 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хэрэгт ач холбогдол бүхий хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, хэлбэрээр цугларсан уг хэрэгт шууд хамааралтай байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт…Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно,

            2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт…үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

Хэдийгээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн                  1 дэх хэсэгт оногдуулах ялын хэмжээ хөнгөрсөн гэж үзэхээр боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нь тогтоогдсон бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг буцаан өөрчлөх нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн заасан 71.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үр дагаварыг бий болгохоос гадна шүүгдэгчийн эрх байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.

Прокуророоос шүүгдэгч Ц.Баярцогтод холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу эрх байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан...” гэсэн хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь хууль зүйн үр дагаварын хувьд шүүгдэгчид илүү ашигтай болно.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй дислозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

Иймд шүүгдэгч Ц.Баярцогтод холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан...” гэсэн хуулийн шаардлагыг бүрэн хангаж байгаа учир эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нар /мөн хохирогч/ нь харилцан сайн дураар эвлэрсэн, гэмт хэргийн улмаас учирсан  хохиролд 4,000,000 төгрөг төлсөн, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлөхөө илэрхийлэн хохирол барагдуулах гэрээ байгуулсан тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Баярцогт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг хохирогч Анхбаяр гомдол саналгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.