Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 96

 

С.Н, С.Д, С.Да, Э.У нарын нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, нийслэлийн Засаг дарга,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт

холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                      Г.Банзрагч

                                     Д.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А... дүгээр захирамж, нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/9... дугаар захирамжийн Б.Г, Г.Н нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22010...., Г-220102....... дугаарт бүртгэгдсэн Ц.О-гийн газар өмчлөх эрхийн 000305....., 000341..... дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заагдсан эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох тухай.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0520 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0716 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А,

Гуравдагч этгээд Ц.О, Б.Г, Г.Н,

Гуравдагч этгээд Ц.О-гийн өмгөөлөгч Ч.Э,

Гуравдагч этгээд Б.Г, Г.Н нарын өмгөөлөгч П.О нар,

Гуравдагч этгээд Ц.О-гийн өмгөөлөгч Ч.Э, гуравдагч этгээд Б.Г, Г.Н, тэдний өмгөөлөгч П.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0520 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 31 дүгээр зүйлийн 31.3, 34 дүгээр зүйлийн 34.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А... дүгээр захирамжийн Б.Г, Г.Н нарт холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/9... дугаар захирамжийн Б.Г, Г.Н нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22010......, Г-220102........ дугаарт бүртгэгдсэн Ц.О-гийн газар өмчлөх эрхийн 00030...., 00034...... дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон Сонгинохайрхан дүүргийн Газрын алба нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заагдсан эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэгч С.Н, С.Д, Э.У, С.Да нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0716 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0520 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.7, 31 дүгээр зүйлийн 31.3, 60 дугаар зүйлийн 60.1.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А... дүгээр захирамжийн болон нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/9... дугаар захирамжийн Б.Г, Г.Н нарт холбогдох хэсэг, мөн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22010......., Г-220102........ дугаарт бүртгэгдсэн Ц.О-гийн газар өмчлөх эрхийн 00030....., 00034........ дугаар гэрчилгээг тус тус хариуцагчдаас дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

            Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гуравдагч этгээд Ц.О-гийн өмгөөлөгч Ч.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын “хянавал” хэсэгт “хэргийн нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох бус харин хариуцагчдаас дахин шинэ акт гартал маргаан бүхий захиргааны актыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй” гэжээ. Давж заалдах шатны шүүх “газар эзэмших эрх бодит байдлын хувьд ...зөрчилгүй байх тохиолдолд” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн.

4. Шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ бодит байдал, бодит үнэнийг харахыг биш зөвхөн хууль ёсны байдлыг харахыг шаарддаг, өмчлөгчөөс хууль ёсны дагуу өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Өмчлөгч өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь зөвхөн өөрт нь байдаг. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 284/ШШ2017/00107 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2017/00719 дүгээр тогтоолоор иргэн С.О-г маргаж буй газрын хууль ёсны өмчлөгчөөс шилжүүлэн авсан хууль ёсны өмчлөгч нь гэдгийг тогтоосон.

5. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0520 дугаар шийдвэр гарч байхад Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол бичгийн хэлбэрээр гарч амжаагүй байсан тул нотлох баримтаар гаргаж өгч амжаагүй юм. Энэ байдлаа анхан болон давж заалдах шатны шүүхэд хэлж, тайлбарлаж байсан. Улсын Дээд шүүхийн тогтоолыг давж заалдах шатны шүүх нь шүүхийн шийдвэрийн сангаас олж харах бүрэн боломжтой байсан хэдий ч үүнийг ойшоож үзээгүй, мөн гуравдагч этгээд нарыг өмчөө ашигласангүй гэдэг утгаар буруутгаж асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл газар дээрээ амьдрах, эс амьдрах нь өмчлөгчийн мэдэх асуудалд шүүх хөндлөнгөөс оролцож байгаа нь шийдвэр хууль ёсны болж чадаагүйг харуулж байна.

6. Магадлалд “хүсэлт болгосон газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байна гэсэн шаардлагад бүрэн нийцсэн эсэх нь эргэлзээтэй байна” гэжээ. Газар өмчлөх эрх тухайн газрыг заавал хашаалж эзэмшиж байсныг шаарддаггүй, иргэний хүсэлтээр тухайн газрыг өмчлөхийг хүссэн газар нь бусдын өмчлөлд очоогүй, бусдын газартай давхцаагүй байхыг шаарддаг. Энэ утгаараа уг газар бусдын өмчлөлд хууль ёсны дагуу байгаагүй учир эрх бүхий байгууллагууд Б.Г болон Г.Н нарт өмчлөх эрх олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

7. Нэхэмжлэгч нар газрыг 2001 оноос хойш эзэмшиж, ашиглаж ирсэн гэх боловч уг газраа эзэмших, өмчлөх талаар огт хүсэлт гаргаагүй, мөн газар эзэмших гэрээ хэлцэлгүй хууль бусаар ашиглаж байсан нь тогтоогдож байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Гуравдагч этгээд Б.Г, Г.Н болон тэдний өмгөөлөгч П.О нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...харин нэхэмжлэгчид үнэхээр Б.Ч-тэй хамтарч хашаалсан гэх газраа эзэмшихийг хүссэн тохиолдолд Б.Ч-гийн нэгэн адил 2012 онд, эсхүл гуравдагч этгээд нарт үлдсэн 900 м.кв газрыг 2014 онд хуваан эзэмшүүлэхээс өмнө эзэмших хүсэлтээ гаргаагүй нь гуравдагч этгээд Б.Г, Г.Н нарт тухайн газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх нөхцөлийг бий болгосон байх магадлалтай” гэж нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй талаар тодорхой дүгнэсэн атлаа хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл ...хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасанд нийцээгүй байна. Хуулийн агуулгаас харахад “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос xэтэрсэн” гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлэх ёстой байна.

9. Газар эзэмших эрх хуульд заасны дагуу үүсэх ёстой юу эсхүл Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо ... дугаар гудамжны .... тоот 07 га газрыг иргэн Б.Ч хуульд заасны дагуу эзэмшихдээ илүү хашаалж авснаар .... тоот, ...А тоот газрын эзэмшил үүсэх ёстой юм уу гэдэгт шүүх хуулийн хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй.

10. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар Газрын алба, Засаг даргад огт хүсэлт гаргаж байгаагүй, зөвхөн зохих зөвшөөрөлгүй илүү газрыг хашаалан эзэмшиж байсан нь уг хуулийг ноцтой зөрчсөн явдал бөгөөд ийнхүү хүсэлт гаргаж байгаагүй болохоо нэхэмжлэгч Э.У нь шүүх хурал дээр “би хүсэлт гаргаагүй, би маргааш ч хүсэлт гаргаж болно, би хашаа барьчихсан юм чинь Монгол Улсын иргэнийхээ хувьд хэзээ ч хүсэлт гаргах эрх надад байгаа гэж бодож байна” гэж тайлбар өгч байснаар нотлогдоно. Ийнхүү хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаагүй байхад Б.Г, Г.Н нар хүсэлт гарган газар эзэмшсэнийг буруутгах үндэслэлгүй юм.

11. Давж заалдах шатны шүүх магадлалдаа “...тухайн газрыг чухам хэн эзэмших эрхтэйг дурдсан бусад нөхцөл байдлыг нарийвчлан судалсны үндсэн дээр тогтоох, магадгүй нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эрх ашиг аль аль байх тохиолдолд тэдгээрийн эрх ашиг сонирхолд нийцсэн байдлаар шийдвэрлэх шаардлагатай” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй шууд утгаараа Б.Г, Г.Н нар хашаа бариагүй, амьдарч байгаагүй, харин нэхэмжлэгч нар хашаа, жорлон барьсан, нэхэмжлэгч нарт уг газрыг эрх ашигт нийцүүлж шийдвэрлэх шаардлагатай гэж хэт нэг талын эрх ашгийг хамгаалан дүгнэсэн. Шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий тодорхой байх ёстой бөгөөд “магадгүй” гэж дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй юм. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг шүүх хянан шийдвэрлэлгүй хашаа, жорлонгийн эзэмшигч, өмчлөгч нарын маргааныг шийдэж байгаа мэт дүгнэлт хийж, газрын хууль ёсны эзэмшил хэнд үүсэх талаар хууль зүйн дүгнэлт хийсэнгүйд гомдолтой байна.

12. Анхан шатны шүүх “гагцхүү хуулийн хүрээнд газар эзэмших эрх үүснэ, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх хуульд зааснаар үүсээгүй, газар эзэмших хүсэлт огт гаргаж байгаагүй тул хууль ёсны газар өмчлөгчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож зөв дүгнэсэн. Мөн уг маргаан бүхий актын үйл баримтыг өмнө нь шүүх шийдвэрлэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр хүчин төгөлдөр байсаар байтал анхан шатны шүүхийн үндэслэл бүхий шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б.Г, Г.Н нарт газар эзэмших эрх үүссэнээс улбаалж өмчлөх эрх үүссэн бөгөөд өмчлөгч уг газраа захиран зарцуулсан байхад өмчлөгчийн хууль ёсны эрх ашгийг шүүх хөндлөнгөөс үндэслэлгүйгээр өөрчлөн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 Хянавал:

13. Анхан шатны шүүх маргааны баримтуудад холбогдуулан хэрэглэвэл зохих Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг хянан шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй болсон байна.

14. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, .... тоот, 464 м.кв, 18... тоот, 464 м.кв газруудыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А... дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б.Г, Г.Н нарт тус тус амины хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон, нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А... дугаар захирамжаар уг газруудыг Б.Г, Г.Н нарт өмчлүүлсэн, эдгээр иргэд өмчилсөн газраа эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар гуравдагч этгээд Ц.О тус тус худалдсаныг үндэслэн нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь 2015 оны 3 дугаар сарын 16, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн бүртгэлээр ..... тоот 464 м.кв, .... тоот, 464 м.кв газруудын хууль ёсны өмчлөгчөөр Ц.О-г бүртгэж, газар өмчлөх эрхийн 00030..., 00034... дугаар гэрчилгээнүүдийг олгосон, нэхэмжлэгч С.Н, С.Д, С.Да, Э.У нар “...2001 оноос хойш ногоо тарьж, ашиглан амьдарч, нэгэнт хашаа хатгасан газрыг Б.Г, Г.Н нарт эзэмшүүлсэн, өмчлүүлсэн нь ...хууль бус” гэж, хариуцагч нар “...хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

15. Маргаан бүхий газрыг хамруулан хашаалсан газарт иргэн Б.Ч-гийн өмчлөлийн 700 м.кв газар, уг газар дээр амины байшин, саун, пин зэрэг, гуравдагч этгээдийн өмчилсөн газар дээр модон жорлон баригдсан, гуравдагч этгээдийн өмчлөх эрх бүхий уг газарт нэхэмжлэгч нар амьдран суудаггүй, сул чөлөөтэй газар болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогджээ. Мөн маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Б.Г, Г.Н нар нь бодитойгоор эзэмшээгүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна. Сул чөлөөтэй уг газрыг эзэмших ашиг сонирхол нэхэмжлэгчид болон гуравдагч этгээдийн хэн аль алинд байхыг үгүйсгээгүй, маргаан бүхий газарт тэдгээр иргэдийн аль аль нь бодитойгоор “суурьшиж амьдраагүй” уг тохиолдолд түрүүлж “эзэмших хүсэлт гаргасан” бөгөөд хууль ёсоор “эзэмших эрх” авсан этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хангагдах нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасан зарчимд нийцнэ.

16. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч С.Н, С.Д, С.Да, Э.У нар нь маргаан бүхий газрыг эзэмшихээр эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргаагүй нь тогтоогдсон байх тул уг газрыг эзэмшихээр 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүсэлт гаргасан Б.Г, Г.Н нарт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны А... дүгээр захирамж, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/9... дугаар захирамжаар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь нэхэмжлэгчдийн газар эзэмших хууль ёсны эрхийг зөрчөөгүй, хариуцагч нар маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

17. Давж заалдах шатны шүүх “...газрыг хэн эзэмших эрхтэй талаар нарийвчлан судалж, тогтоох, магадгүй нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эрх ашиг аль аль нь байх тохиолдолд тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн байдлаар дахин шинээр захиргааны акт гаргах шаардлагатай” гэж дүгнэж, маргаан бүхий захиргааны актуудыг шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасанд нийцэхгүй байна. Хэрэгт маргааны үйл баримтад холбогдох нотлох баримт хангалттай цугларсан, давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгч нарын маргаж буй үндэслэлд хамааралтай баримтуудыг дүгнэж, хэргийг шийдвэрлэх бүрэн эрхтэй, хуулийн дээрх зүйл, заалтыг хэрэглэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу.

18. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр гуравдагч этгээд Ц.О-гийн өмгөөлөгч Ч.Э, гуравдагч этгээд Б.Г, Г.Н, өмгөөлөгч П.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0716 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар гуравдагч этгээд нараас тэмдэгтийн хураамжид тус тус 70200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ