Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 221/MA2017/0165

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 23 өдөр         Дугаар 221/МА2017/0165         Улаанбаатар хот

“Бакунатур” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                          захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.Шажинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дашдаржаа, гуравдагч этгээд “Ихмонголын орд” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Эрхэсхулан, гуравдагч этгээд “Геомандал солюшн” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батрагчаа, өмгөөлөгч А.Мөнх-Өлзий нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1032 дугаар шийдвэртэй “Бакунатур” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэсд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1032 дугаар шийдвэрээр:  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3, 19.1.4, 19.5, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Бакунатур” ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/757 дугаар “Бакунатур” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумдын нутагт байрлах Тайшир нэртэй газарт 25729.22 гектор талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд гаргаж бүртгүүлсэн этгээд нь “Бакунатур” ХХК болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтэст “Бакунатур” ХХК-ийн NE-025139 дугаар бүртгэлтэй өргөдлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэгт заасан ажиллагааг дахин хийж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1187 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрийн “Универсалнобле машинери” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” шийдвэрийн “Ихмонголын орд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч төлөөлөгч Г.Баярсайхан давж заалдах гомдолдоо: Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1032 дугаар Шийдвэрээр “Бакунатур” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн билээ. Анхан шатны шүүхийн 1032 дугаар Шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргаанд ач холбогдол бүхий хууль, эрх зүйн үндэслэлийг анхаарч үзээгүй гэж үзэж шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дугаар тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцолыг тогтоосон. Уг тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрийн 40 орчим хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор солбилцол тогтоосон тул Ашигт малтмалын газраас Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхдээ өөрсдийн нөөц бололцоог харгалзан аж ахуй нэгжүүдээс өргөдлийг шууд хүлээн авах бус харин цахим системд VPN төхөөрөмжийн үндсэн дээр нэвтэрч, зарласан цахим сонгон шалгаруулалтанд оролцсоны үндсэн дээр хамгийн түрүүнд тухайн талбарт мэдээллээ ирүүлсэн этгээд нь Ашигт малтмалын газарт өргөдөл гаргах дугаар авах байдлаар зохицуулж байгаа талаар олон нийтэд мэдээлж холбогдох заавар, гарын авлагыг танилцуулсан юм. “Бакунатур” ХХК нь Ашигт малтмалын газраас тавьсан шаардлагыг ханган VPN төхөөрөмж, цахим шалгаруулалтын системд нэвтрэх эрхийг тус тус худалдан авсны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн цахим шалгаруулалтанд бусад аж ахуй нэгжүүдтэй шударгаар өрсөлдөн оролцож Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумдын нутагт байрлах Тайшир нэртэй газарт 25729.22 гектор талбайд хамгийн түрүүнд мэдээллээ баталгаажуулж оруулсан тул тус талбарт өргөдөл гаргах эрхийг олгосон. Ингээд Ашигт малтмалын газраас тогтоосон хугацаа болох 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумдын нутагт байрлах Тайшир нэртэй газарт 25729.22 гектор талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргаж NE-025139 дугаарт бүртгэгдсэн юм. Ашигт малтмалын газраас манай ирүүлсэн өргөдлийг тус талбарт хамгийн түрүүнд ирүүлсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 7.1, 17.2 дах хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан өргөдөл гэж үзээд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дах хэсэгт заасны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл “Бакунатур” ХХК-ийн NE-025139 дугаарт бүртгэлтэй өргөдөл нь тус талбарт хамгийн түрүүнд бүртгэгдсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 7.1, 17.2 дах хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан өргөдөл тул Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг авах эрх үүссэн этгээд байхад шүүх  хуулийн уг зохицуулалтыг хэрэглэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь  үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь өргөдөл гаргах эрхийг олж авахын тулд Ашигт малтмалын газраас шаардсан төхөөрөмж, нэвтрэх эрх зэргийг худалдан авч тодорхой шаардлагыг хангасны үндсэн дээр шалгаруулалтанд оролцсон, цахим шалгаруулалтанд бусад аж ахуй нэгжтэй шударгаар өрсөлдөж өргөдөл гаргах эрхийг олж авсан, гуравдагч этгээдүүд нь шалгаруулалтанд оролцоогүй, бусадтай ижил тэгш өрсөлдөөгүй, өргөдлөө ашигт малтмалын газарт шууд гаргаж хайгуулын тусгай зөвшөөрөл авсан үйл баримтыг анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд 2016 оны 08-р сарын 08-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, хэмжээг ихэсгэх тухай хүсэлтэд "...цахим шалгаруулалтанд оролцоогүй, бусадтай ижил тэгш өрсөлдөж эрх олж аваагүй этгээдүүдийн өргөдлийг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгосон нь хууль бус хэмээн маргасан, энэ талаар хариуцагч, гуравдагч этгээд нарын зүгээс цахим шалгаруулалтанд оролцсон болохыг нотлох ямар ч баримт ирүүлээгүй, энэ талаар тайлбар гаргаж маргаагүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу Ашигт малтмалын газраас гуравдагч этгээд нарын цахим шалгаруулалтанд оролцсон  эсэх талаарх баримтыг гаргуулахад зөвхөн өргөдлөө бичгээр гаргасныг хүлээн авсан тухай баримтыг шүүхэд ирүүлсэн болно.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар 2015.03.18-ны өдрийн 31 дугаар Саналаар 1-рт, Сумын иргэдийн санал, 2-рт Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн санал, 3-рт Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн саналыг тус тус үндэслэн тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй хэмээн үндэслэсэн байх бөгөөд аймгийн засаг даргын татгалзах саналын үндэслэлүүд нь бүгд үндэслэлгүй, худал, хуульд нийцэхгүй байгаа, үүнийг ашигт малтмалын газар анхаарч үзэлгүйгээр “Бакунатур” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, гуравдагч этгээдэд дахин олгосон нь үндэслэлгүй хэмээн нэхэмжлэгч нь маргаж байхад энэхүү үйл баримтыг шүүх хянаж дүгнээгүй нь үндэслэлгүй юм.

Тухайлбал Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  нь хайгуулын тусгай зөвшөөрөл “Бакунатур” ХХК-д олгох эсэх асуудлаар хуралдсан, татгалзсан, татгалзсан санал өгсөн талаар баримт байхгүй, хуралдсан, санал өгсөн гэж үзэх боломжгүй, зөвхөн сумын иргэдийн саналыг Аймгийн Засаг даргад авч хүргүүлсэн байхад Говь-Алтай аймгийн Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн татгалзсан санал хэмээн үндэслэж татгалзсан нь  үндэслэлгүй.

Мөн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Тэргүүлэгчдийн 2015 оны 03-р сарын 10-ны өдрийн 31 дугаар Хурлын тэмдэглэлээс үзвэл "түүхийн болон одоо үеийн өвөг дээдсийн булш, бунхан бүхий газрууд, хадлангийн талбай, отрын бүс нутаг, мөн орон нутгийн тусгай хамгаалалттай байгаа учраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй юм хэмээн татгалзсан байх бөгөөд уг үндэслэлүүд нь бодит байдалтай нийцэхгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байхад Засаг дарга уг тогтоолыг үндэслэн татгалзсан, үүнийг Ашигт малтмалын газраас нь нягталж үзэлгүйгээр,  Аймгийн Засаг даргын татгалзал хуульд нийцэж буй эсэхэд үнэн зөв дүгнэлт өгөлгүйгээр “Бакунатур” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус юм.

Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 01-р сарын 23-ны өдрийн тушаалаар баталсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод зааврын 4.5 дах хэсэгт "Аймагт Нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй дэмжээгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргана.

Дээрх шийдвэрийн талаар аймаг, Нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ" хэмээн тодорхой заасан байх бөгөөд “Бакунатур” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэх нь хууль, эрх зүйн хэм хэмжээнд нийцэхээр байгаа юм.

Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудасны 2 дах талд  Аймгийн Засаг даргын санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дах хэсэгт заасныг хангаж байна хэмээн холбогдох мэргэжилтэн эрх зүйн шүүлт хийсэн байх бөгөөд аймгийн Засаг даргын татгалзсан саналыг хууль зүйн үндэслэлтэй, орон  нутгийн тусгай хэрэгцээний газар, өвөг дээдсийн булш бунхан байрлаж байгаа нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болно гэж үзсэн мөртлөө дахин уг талбарт өөр этгээдүүдээс өргөдөл шууд хүлээн авч олгохоор шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Говь-Алтай аймгийн Засаг дарга нь “Бакунатур” ХХК-ийн өргөдөлд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  Тэргүүлэгч, сумын иргэд зөвшөөрөхгүй гэх саналыг үндэслэн татгалзсан мөртлөө 2015 оны 12-р сарын 24-ны өдрийн “Универсалнобле машинери” ХХК-д олгохыг дэмжиж байна гэх саналдаа Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг огт авалгүйгээр дур мэдэн дангаар зөвшөөрсөн санал өгсөн байхад Ашигт малтмалын газар үүнийг анхаарч үзлэггүй тусгай зөвшөөрлийг тус компанид олгохоор шийдвэрлэсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон бөгөөд шүүх дээрх бүх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр шийдвэрээ гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 7.1, 17.2 -т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно" хэмээн тодорхой заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн бусад аж ахуй нэгжтэй эрх тэгш өрсөлдөн хамгийн түрүүнд өргөдөл гаргах эрхийг олж авсан, өргөдөл гаргасан “Бакунатур” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхтэй этгээд байхад шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 18.1, 19.5 дах хэсэгт заасныг хэрэглэлгүй, хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1032 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгчээс “...манай компани Говь-Алтай аймгийн Тайшир нэртэй газарт 25729.22 гектор  талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд гаргасан. ... аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэх саналын дагуу Ашигт малтмалын газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх хариу өгсөн ...дараа нь бид Говь-Алтай аймгийн Засаг даргад хандахад олгох боломжтой гэсэн тул дахин Ашигт малтмалын газарт хүсэлт гаргахад өргөдөл бүртгэлээс хасагдсан байх тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хууль бус хариу өгсөн. ...манай компани маргаан бүхий талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгож болно хэмээн зөвшөөрсөн хариу ирүүлсээр байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. ... Засаг даргын манай компанид татгалзсан үндэслэл арилаагүй байхад, мөн цахим сонгон шалгаруулалтанд ороогүй этгээдүүдэд маргаан бүхий талбайд тусгай зөвшөөрөл олгосон нь хариуцагчийн хууль зөрчсөн үйл ажиллагаа ... Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 6/756 дугаар шийдвэрийг хүчингүй болгох, маргаан бүхий газарт хамгийн түрүүнд өргөдөл гаргасан гэж хүлээн зөвшөөрүүлэх, журмын дагуу дахин шийдвэрлэхийг хариуцагчид даалгах, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1187 дугаар шийдвэрийн “Универсалнобле машинери” ХХК, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрийн “Их монголын орд” ХХК-д тус тус холбогдох хэсгийг тус  тус хүчингүй болгох...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Харин хариуцагчаас “...“Бакунатур” ХХК-аас гаргасан өргөдлийн дагуу хуульд заасан ажиллагаа хийж  Засаг даргаас санал асуухад татгалзсан хариу өгсөн. ... Говь-Алтай аймгийн Засаг даргын ирүүлсэн саналыг үндэслэн маргаан бүхий талбайд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийн дагуу гаргасан үндэслэл бүхий шийдвэр. ...уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул тус өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан үйл ажиллагааг дахин явуулах хууль зүйн үндэслэлгүй. ...Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумдын нутагт байрлах “Тайшир” нэртэй газарт 26267.9 га талбайг “Универсалнобле машинери” ХХК-д, 910.05 га талбайг “Их Монголын орд” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 6/756 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүх  “...тус 6/756 дугаар шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөөгүй...” гэж дүгнэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 6/756 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж зааснаар аливаа захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл нь нэгд тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын хууль бус, хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа тогтоогдох, хоёрт тухайн маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавартай байх учиртай. 

Хавтаст хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 6/756 дугаар “...зөвшөөрөхгүй гэсэн ... Засаг даргын саналыг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Кадастрын хэлтсийн даргын 349 дүгээр шийдвэрээр уг өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. ...Иймд өргөдлийн бүртгэлээс хасагдсан ... өргөдөлд өгсөн Засаг даргын саналыг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг мэдэгдье” гэснээс үзвэл тус албан бичиг нь нэхэмжлэгчид эрх, үүрэг үүсгэсэн, өөрчилсөн, шилжүүлж, дуусгавар болгосон шинжгүй, харин хүсэлтэд хариу өгсөн, өргөдлийн бүртгэлээс хасагдсан өргөдлийг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар мэдэгдсэн шинжтэй байхаас гадна тусгай зөвшөөрөл хүсч анх гаргасан өргөдлийг Ашигт малтмалын газар хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дууссан, тус талбайд өөр этгээдүүдэд тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа өөрийн санаачилгаар аймгийн Засаг даргаас зөвшөөрсөн санал дахин авсан гэх үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, “Бакунатур” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир, Дэлгэр сумуудад байрлах 25729 га талбай бүхий “Тайшир” нэртэй газарт хамгийн түрүүнд ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл[1] гаргаж, өргөдлийн NE-025139 дугаар авчээ. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тус өргөдлийг хүлээн авч, анхан шатны шүүлт хийн тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Б/1006 дугаар албан бичиг[2]-ийг хүргүүлжээ.

Харин Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр албан бичгээр “зөвшөөрөхгүй” гэсэн санал ирүүлснээр Ашигт малтмал газрын Кадастрын хэлтэс даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 349 дүгээр шийдвэр[3]-ээр “Бакунатур” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн NE-025139, XA-017818 дугаар бүхий өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэснээс хойно буюу 8 сарын дараа, түүнчлэн  нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн талбайд тус хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан “Универсалнобле машинери” ХХК, “Их монголын орд” ХХК-уудад тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот хүсэлтээр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт хандсанаар тус аймгийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 291 дүгээр албан бичиг[4]-ээр “…NE-025139 дугаартай өргөдлийг...дэмжиж байна...” гэх санал авсан гэх үндэслэлээр буюу анх гаргасан өргөдлийн бүртгэлийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авах хүссэн гэж үзэж Ашигт малтмалын газрын “тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан” 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 6/756 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахаар маргасан нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн “...өргөдлийн бүртгэлээс хасагдсан ...өргөдөлд өгсөн Засаг даргын саналыг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох боломжгүй...” гэж 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 6/756 дугаар албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, хязгаарлагдсан гэх нөхцөл байдал, түүнчлэн нэхэмжлэгчийн “...2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 291 дүгээр албан бичгээр Засаг даргаас дэмжсэн санал авсан байхад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс журмын дагуу шийдвэрлээгүй, хууль бус шийдвэр гаргасан...” гэх тайлбараар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийг буруутгах үндэслэл тус тус- тогтоогдохгүй байна.

Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумдын нутагт байрлах Тайшир нэртэй газарт 25729.22 гектор талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд гаргаж бүртгүүлсэн этгээд нь “Бакунатур” ХХК болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Кадастрын хэлтэст “Бакунатур” ХХК-ийн NE-025139 дугаар бүртгэлтэй өргөдлийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан ажиллагааг дахин хийж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “... хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно”, 19 дүгээр зүйлийн  19.1.3-т “бүртгэсэн даруйд нь өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.1, 17.2, 18.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, 19.3-т “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх...”,  19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц ... 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ”, 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...” гэж тус тус хуульчилжээ. 

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл өргөдлийг хамгийн түрүүнд гаргаж, бүртгүүлсэн этгээдэд тусгай зөвшөөрлийг олгох бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь өргөдлийг хүлээн авч бүртгэсний дараа өргөдөл хуульд заасан шаардлага хангасан эсэх хүссэн талбайд нь тусгай зөвшөөрөл олгож болох эсэх талаар анхан шатны шүүлтийг хийж тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзвэл талбай байрлах аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэж санал авах бөгөөд хэрэв дэмжсэн санал ирүүлсэн болон хуулийн хугацаанд хариу ирээгүй бол дэмжсэнд тооцон тусгай зөвшөөрөл олгохоор зохицуулжээ.

            “Бакунатур” ХХК нь 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир, Дэлгэр сумуудад байрлах 25729 га талбай бүхий “Тайшир” нэртэй газарт хамгийн түрүүнд ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл[5] гаргасан. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тус өргөдлийг хүлээн авч, анхан шатны шүүлт хийн Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан[6] гэж үзэн Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Б/1006 дугаар албан бичиг[7]-ийг хүргүүлсэн, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр албан бичгийн “зөвшөөрөхгүй” гэсэн саналыг үндэслэн Ашигт малтмал газрын Кадастрын хэлтэс даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны 349 дүгээр албан бичгээр “Бакунатур” ХХК-гийн Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумуудад байрлах талбайд тусгай зөвшөөрөл хүссэн NE-025139, XA-017818 дугаар өргөдөл бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, уг өргөдөлд дурдсан талбайг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхийг Өргөдөл, зураг зүйн бүртгэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд үүрэг болгож шийдвэрлэсэн зэрэг үйл баримтууд тогтоогджээ.

            Дээрх үйл баримтаас үзвэл “Бакунатур” ХХК нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хамгийн түрүүнд гаргасан этгээдийнхээ хувьд хуульд заасан эрхээ эдэлсэн буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зохих ёсоор шийдвэрлэсэн байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь маргаан бүхий талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд нь “Бакунатур” ХХК мөн гэдэгтэй маргаагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан нөхцөл байдал бий болсон гэж үзэх буюу нэхэмжлэгч “Бакунатур” ХХК-ийн өргөдлийг хариуцагч шийдвэрлээгүй, хуульд заасан хугацаанд ямар нэгэн хариу өгөөгүй буюу өргөдлийг шийдвэрлэх талаар аливаа үйлдэл, үйл ажиллагаа хийгээгүй “эс үйлдэхүй” гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул “хамгийн түрүүнд өргөдлийн дугаар авсан гэж хүлээн зөвшөөрүүлэх, журмын дагуу дахин шийдвэрлэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1187 дугаар шийдвэрийн “Универсалнобле машинери” ХХК, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрийн “Их монголын орд” ХХК-д тус тус холбогдох хэсгийг тус  тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Бакунатур” ХХК-ийн гаргасан өргөдлийг Ашигт малтмал газрын Кадастрын хэлтэс даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 349 дүгээр шийдвэрээр “Бакунатур” ХХК-гийн Говь-Алтай аймгийн Дэлгэр, Тайшир сумуудад байрлах талбайд тусгай зөвшөөрөл хүссэн NE-025139, XA-017818 дугаар өргөдөл бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, уг өргөдөлд дурдсан талбайг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэхийг Өргөдөл, зураг зүйн бүртгэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд үүрэг болгож шийдвэрлэсний дагуу тус талбайд дахин өөр этгээдүүд өргөдөл гаргах боломжтой болсон байна.

Улмаар “Универсалнобле машинери” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын 26200 га талбай бүхий “Тайшир” нэртэй газарт ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл[8]-ийг гаргаж,   Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийж[9], Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 286 дугаар албан бичгээр “дэмжиж байна” гэх санал[10] өгснөөр Ашигт малтмал газрын Кадастрын хэлтэс даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1187 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн, түүнчлэн “Их монголын орд” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын 910 га талбайн бүхий “Баян зэс” нэртэй газарт ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл[11]-ийг гаргаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Говь-Алтай аймгийн Засаг даргад хандан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 6/9181 дүгээр албан бичгээр санал авах талаар мэдэгдэл хүргүүлсэн, харин аймгийн Засаг даргаас хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул дэмжсэнд тооцон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч “Бакунатур” ХХК өөрт нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 349 дүгээр шийдвэртэй маргаагүй буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн сэргэх талаар тодорхойлоогүй атлаа гуравдагч этгээдүүдэд болох “Их монголын орд” ХХК, “Универсалнобле машинери” ХХК нарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэртэй маргасан нь үндэслэлгүй байна.  

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, зөрчигдөх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн гуравдагч этгээдүүдэд тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1187, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 33 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.   

Түүнчлэн нэхэмжлэгч “Бакунатур” ХХК-ийн “...Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын ... татгалзах саналын үндэслэлүүд нь бүгд үндэслэлгүй, худал, хуульд нийцэхгүй байгаа, үүнийг ашигт малтмалын газар анхаарч үзэлгүйгээр тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан, гуравдагч этгээдэд дахин олгосон нь үндэслэлгүй хэмээн маргаж байхад энэхүү үйл баримтыг шүүх хянаж дүгнээгүй, ... Засаг дарга нь “Универсалнобле машинери” ХХК-д олгохыг дэмжиж байна гэх саналдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг огт авалгүйгээр дур мэдэн зөвшөөрсөн санал өгсөн... ” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан байна.

Нэхэмжлэгч “Бакунатур” ХХК нь Ашигт малтмал газрын Кадастрын хэлтэс даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 349 дүгээр шийдвэр, аймгийн Засаг даргын саналтай маргаагүй байх тул уг тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр, түүний үндэслэл, Говь-Алтай аймгийн Засаг даргын санал, мөн  гуравдагч этгээдүүдэд тусгай зөвшөөрөл олгох үед аймгийн Засаг даргын өмнө гаргасан татгалзсан саналын үндэслэл арилсан эсэхэд дүгнэлт хийгээгүй гэж анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Хавтаст хэрэгт “Универсалнобле машинери” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын 26200 га талбайн бүхий Тайшир нэртэй газарт ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл[12], “Их монголын орд” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын 910 га талбайн бүхий “Баян зэс” нэртэй газарт ердийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл[13] зэрэг нотлох баримт авагдсан байх тул нэхэмжлэгчийн “...гуравдагч этгээдүүдийн зүгээс цахим шалгаруулалтанд оролцсон болохыг нотлох ямар ч баримт ирүүлээгүй...” гэх гомдлыг мөн хүлээн авах үндэслэлгүй байна.  

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Бакунатур” ХХК-ийн төлөөлөгч Г.Баярсайханы гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Бакунатур” ХХК-ийн төлөөлөгч Г.Баярсайханы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                  ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

                  ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

                  ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ