Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 382

 

Д.А, Г.Б, Ц.Т нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, цагаатгагдсан этгээд Ц.Т-ийн өмгөөлөгч Ц.Одончимэг, цагаатгагдсан этгээд Г.Б-ийн өмгөөлөгч Г.Нарантуяа, цагаатгагдсан этгээд Д.А-ын өмгөөлөгч К.Султанбек, хохирогч Г.Д-ний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 108 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 462 дугаар магадлалтай, Д.А, Г.Б, Ц.Т нарт холбогдох 201625032378 дугаартай эрүүгийн хэргийг цагаатгагдсан этгээд Ц.Т-ийн өмгөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ч овогт Д-ын А,

2. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Г-ийн Б,

3. Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, З овогт Ц-ийн Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.А, Г.Б, Ц.Т нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Д.А, Г.Б, Ц.Т нарт холбогдох эрүүгийн хэрэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулуулахаар буцааж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд цагаатгагдсан этгээд Ц.Т-ийн өмгөөлөгч Ц.Одончимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Прокуророос осол болох үед шүүгдэгч тус бүр ямар үүрэг оролцоотой ажиллаж байсан, тэд юуг, хэрхэн хариуцаж ажиллах байсныг, мөн хохирогч юунаас, хэний буруутай үйлдлээс хохирсон гэх мэт нотолбол зохих асуудлыг хуульд заасан журмаар нотлолгүйгээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд ч, гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед ч шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй хэмээн мэтгэлцсэн. Анхан шатны шүүх яллах, өмгөөлөх талын мэтгэлцээн болон дээр дурдсанчлан шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэл баримтаар нотлогдоогүй тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэл заан шүүгдэгч нарыг цагаатгасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Гэтэл шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай хэмээн мэтгэлцэж байсан прокурор, хохирогчийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг “нотлогдоогүй байхад цагаатгасан, дутуу хийсэн ажиллагааг нэмэлт ажиллагаагаар гүйцэтгэх тул хэргийг анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй” хэмээн гомдол, эсэргүүцэл гаргасан. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаагүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6-д заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүй байхад шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж дүгнэн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар буцаан шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл, 34.19 дүгээр зүйлийн “Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг нотлоогүй бол хэрэгсэхгүй болгох” гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн, прокурорын толгойг илж, нотлоогүй асуудлаа дахин нотолж ирүүлье гэх хүсэлтийг нь хүлээн авсан шинжтэй илт хууль бус, үндэслэлгүй шийдвэр болсон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээд Г.Б-ийн өмгөөлөгч Г.Нарантуяа хэлсэн саналдаа “...Өмгөөлөгч Ц.Одончимэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй байна. Миний үйлчлүүлэгч шөнө гэртээ амарч байхад нь осол гарсан, бригад цуглуул гэсэн үүрэг даалгавар өгснийг биелүүлж, цуглуулсан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээд Д.А-ын өмгөөлөгч К.Султанбек хэлсэн саналдаа “...Өмгөөлөгчдийн гомдол, саналыг дэмжиж байна. Хохирогч ажил үүргийн хувьд аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой хүн юм. Осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл байсан. Үүнд заавал хэн нэгнийг буруутгах шаардлага байхгүй, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй учраас цагаатгасан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогч Г.Д-ий өмгөөлөгч Б.Оюунгэрэл хэлсэн саналдаа “...Миний үйлчлүүлэгч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа биедээ хүнд гэмтэл авсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хууль буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүгдэгч нарыг яллах талын нотлох баримтыг ямар үндэслэлээр үгүйсгэж байгаагаа цагаатгах тогтоолдоо тодорхой дурдаагүй. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Ажил олгогчийг шалгах байсан боловч шалгаагүй. Энэ талаар прокурорт хүсэлт удаа дараа гаргасан боловч хүлээж аваагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн байх хуулийн шаардлага хангасан байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Давж заалдах шатны шүүх хэн хэний ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүй, уг асуудалд хэн хэн ямар үүрэгтэй байсан нь тодорхойгүй байна гэсэн үндэслэл дурдсан. Энэ талаар яллах дүгнэлт болон цагаатгах тогтоолд тодорхой дурдаагүй. Яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд энэ талаар дурдаагүй байгаа нь шүүгдэгчийн ямар хэрэгт яллагдагчаар татагдаж байгаагаа мэдэх эрхийг нь зөрчсөн байна. Нотлогдсон үйл баримтад зөв дүгнэлт хийлгүй тодорхой бус дүгнэлтийг үндэслэн анхан шатны шүүх шийдвэр гаргасан нь хуульд нийцсэнгүй. Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актад хувь хүн, тодорхой албан тушаалтнуудыг ямар чиг үүргүүдийг зөрчсөн талаар тодорхойлж, дүгнэсэн. Дээрх нотлох баримтад үнэлэлт өгөлгүй хэргийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт хангагдахгүй үлдэж, хохирогчийн эрх зөрчигдөх гээд байгаа учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Цагаатгагдсан этгээд Ц.Т-ийн өмгөөлөгч Ц.Одончимэгийн гаргасан гомдлыг үндэслэн Д.А, Г.Б, Ц.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Давж заалдах шатны шүүх “өндөр хүчдэлийн шугамд гэмтэл гарсан гэх дуудлагын дагуу очиж ажил үүргээ гүйцэтгэж байсан Г.Д-ний бие махбодид хүнд гэмтэл учирсан үйл явдалд хэний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, Г.Д мар байдалтай байхдаа юунд, яагаад дарагдсан, дарсан зүйл нь тавцан, эсхүл трансформатор байсан уу, дарагдах болсон шалтгаан зэрэг нь бүрэн тогтоогдоогүй, Д.А, Г.Б, Ц.Т нарын хэн нь холбогдох хууль, дүрэм, журмын ямар заалтыг биелүүлээгүй буруутай талаар зааглан ялгах мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, мөн тэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлийн аль аль заалтыг зөрчсөн болохыг ямар нотлох баримтыг үндэслэн яллаж байгаа нь тодорхой бус, яллагдагчаар татах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай” гэсэн дүгнэлт хийж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хязгаарлагдах бөгөөд анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Д.А, Г.Б, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүх хуралдааныг явуулжээ.

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 37 дугаар гудамжинд байрлах өндөр хүчдэлийн шугамд байрлуулсан трансформаторын давцан дээрээс нь гулсан дарж монтёр Г.Д-ний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл явдал болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.А, Г.Б, Ц.Т нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, Эрчим хүчний сайдын 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 101 дүгээр тушаалаар баталсан “Цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм”-ийн 78, 175 дугаар заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүйн дээр эдгээр хууль, дүрмийг биелүүлэх эрх бүхий албан тушаалтанд хамаарахгүй тул дээрх үйлдвэрлэлийн осолд нэр бүхий шүүгдэгч нар гэм буруугүй гэж дүгнэн Д.А, Г.Б, Ц.Т нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Өөрөөр хэлбэл, прокуророос ялласан нотлох баримтаар шүүгдэгч нарын гэм буруу тогтоогдоогүй ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд цагаатгагдсан этгээд Ц.Т-ийн өмгөөлөгч Ц.Одончимэгийн гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 462 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 108 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН