Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/01284

 

2000 оны 00 сарын 00 өдөр

Дугаар 102/ШШ2000/00000

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.... даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ..

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгтэй 9,890,000 /есөн сая найман зуун ерэн мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С....,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.... нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Д.... нь 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр О....тэй Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн .. тоотын 2 өрөө бүхий орон сууцыг нэг сарын 600,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Түрээслэгч О.... нь 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй орон сууцыг түрээслэн амьдарсан. О.... нь гэрээ байгуулагдах өдөр бэлнээр 600,000 төгрөг өгсөн бөгөөд түрээслүүлэгчийн Хаан банкны ... тоот дансанд орсон түрээсийн нийт төлбөрийг шүүж үзэхэд 19,400,000 төгрөг орсон байна. Нийт төлсөн төлбөр 20,000,000 төгрөг болж байна. Түрээслэгч нь нийт 49 сар орон сууцанд амьдарсан бөгөөд сарын 600,000 төгрөгөөр тооцон бодвол нийт төлвөл зохих түрээсийн төлбөр 29,400,000 төгрөг болж байна. Энэ хугацааны 49 сарын СӨХ-ны төлбөр 490,000 төгрөгийг мөн төлөөгүй нь нотлох баримтаар тогтоогдсон. Иймд хариуцагчаас түрээсийн төлбөрт 9,400,000 төгрөг, СӨХ-ны төлбөрт 490,000 төгрөг, нийт 9,890,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна...гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.... шүүхэд хариуцагчийг төлөөлөн бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хариуцагч О.... нь Сүхбаатар дүүргийн ... тоот байрыг түрээслэхээр 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг иргэн Д....тай байгуулсан бөгөөд гэрээний 1.3-т заасны дагуу сарын түрээсийн төлбөр 600,000 төгрөг байхаар байгуулж, түрээсийн төлбөрт нийт 24,700,000 төгрөг төлсөн. Түрээсийн зүйлийг бид 2021 оны 2 дугаар сарын сүүлээр гарсан, 4 дүгээр сарын 01-ний өдөр гарсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм. О.... нь миний аав бөгөөд аав минь хорт хавдар тусаад хагалгаанд ороод удаагүй байхад нэхэмжлэгч байрнаас хөөсөнд гомдолтой байдаг. Одоо түрээсийн төлбөрийн үлдэгдэл 3,500,000 төгрөг үлдсэн гэж үзэж байгаа. СӨХ-ны төлбөрийг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Орон сууцанд амьдарсан хугацааны СӨХ-ны төлбөрийг төлнө. Түрээсийн байрыг түрээслэх хугацаанд Д.... нь уг байрны эзэн гэх залуу, хүүхэн хоёр ирж уулзана, тэр үед байрыг 500,000 төгрөгөөр түрээслэж сууж байгаа гэж хэлээрэй гэж О....эд утсаар ярьж хэлсэн байдаг. Үүний дагуу байрны эздийг ирж уулзахад байрыг 500,000 төгрөгөөр түрээслэж байгаа гэж хэлсэн бөгөөд энэ талаар байрны эзэд мэдэж байгаа. Бид ингэж тус байрыг эзэд нь 500,000 төгрөгөөр түрээслэхээр байсныг олж мэдсэн...гэв.

3.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5-6/, Түрээсийн төлбөр төлөх тухай А....ын гар бичмэл баримтын эх хувь /хх-8/, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-9/, Төлөөлөгчид олгосон итгэмжлэл болон иргэн Я....гийн нас барсны гэрчилгээ, Ч....Д....нарын гэрлэлтийн гэрчилгээ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10-12/, Эрч хүч СӨХ-ны төлбөр төлсөн баримт /хх-13-19/, Д....гийн Хаан банк ХХК дахь харилцах дансны хуулга /хх-20-28, 49-56, 137/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

4.Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлохоор: Төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-68/, Хаан банк ХХК-ийн орлогын мэдүүлгийн эх хувь болон Автомат төлбөрийн машины мөнгөн шилжүүлгийн баримтуудын эх хувь /хх-72-76, 79-89/, Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний эх хувь /хх-77-78/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 0.. дугаар захирамж, мөн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0... дугаар захирамжуудаар Хаан банк ХХК-иас нэхэмжлэгч Д....гийн тус банк дахь ... тоот дансны хуулгыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /хх-101, 117/, Хаан банк ХХК-иас захирамжид заасан дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх-108-113, 120-121/

Зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэгч Д....гийн нэхэмжлэлээс 5,440,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 4,450,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхээ: ...хүчин төгөлдөр орон сууц хөлслөх гэрээний дагуу хариуцагч О.... түрээсийн төлбөрөө дутуу төлж, харилцан тохиролцсон нэмэлт зардал буюу СӨХ-ны төлбөрийг төлөөгүй учир эдгээр төлбөрийг тухайн орон сууцыг ашигласан 49 сарын хугацаагаар тооцож шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 3,500,000 төгрөг, СӨХ-ны төлбөрөөс орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрөө төлөхийг хүлээн зөвшөөрч, илүү шаардсан нэхэмжлэлийг төлөхөөс татгалзан, татгалзлын үндэслэлээ: түрээсийн төлбөрт нийт 24,700 төгрөг төлсөн, түрээсийн зүйлийн өмчлөгчтэй сар бүр 500,000 төгрөгийн түрээс төлөхөөр тохирсон. Байрнаас Ковид-19 цар цахлын хөл хорионы үед, мөн өвчтэй зовлонтой байхад хөөж гаргасанд гомдолтой байдаг гэж тайлбарлан маргасан.

4.Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан, хүчин төгөлдөр, орон сууц хөлслөх гэрээний харилцаа 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байна. Гэрээг талууд бичгээр байгуулж, түрээсийн хэмжээг сард 600,000 төгрөг байхаар тохирсон. Гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар гэрээнд заасан байх бөгөөд энэ хугацаа дууссанаас хойш талууд аман хэлбэрээр гэрээг байгуулсан байна. Ингэхдээ бичгээр байгуулсан гэрээний нөхцлөөр үнийг тохирсон байна. Тодруулбал: 2020 онд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А....ын түрээслүүлэгчид бичгээр гаргасан тайлбарт дурдсан байна.

5.Хөлслөгч тал орон сууцанд 2021 оны 4 дүгээр сар хүртэл байсан гэж нэхэмжлэгч тал, 2021 оны 2 дугаар сар хүртэл байсан гэж хариуцагч тал маргаж байна. Нэхэмжлэгч хариуцагчийг 2021 оны 4 дүгээр сар хүртэл нийт 49 сар ашигласан гэж тайлбарлан хөлс шаардаж, үүнийг хариуцагч үгүйсгэж байгаа учир шаардлагын үндэслэлээ нотлох үүргийг нэхэмжлэгч тал хүлээх бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төлбөр шилжүүлсэн нь дээрх хугацаанд амьдарсан гэдгийг нотлох баримт болохгүй учир нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлоогүй гэж үзэн хариуцагчийг 2021 оны 2 дугаар сар хүртэл буюу нийт 48 сар гэрээний зүйлийг ашигласан гэж үзлээ.

6.Ийнхүү хариуцагч нь нийт ашигласан 48 сарын хугацаанд 28,600,000 төгрөгийн хөлс төлөх үүрэг хүлээсэн байна. Хариуцагч тал нэг сарын хөлс 500,000 төгрөг байхаар тохиролцсон гэж тайлбарлах боловч гэрээний нөгөө талтай тохиролцоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Мөн сар бүр 600,000 төгрөгөөр тооцох тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гар бичмэл баримтаар уг татгалзал үгүйсгэгдэж байна.

7.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг 20,000,000 төгрөг төлсөн гэж, харин хариуцагч тал нийт 24,700,000 төгрөг төлсөн гэж тус тус маргасан. Зохигчдын нотлох баримтаар гаргасан дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтуудыг харьцуулан судалвал О.... нь орон сууцны хөлс 23,230,000 төгрөгийг дансаар төлсөн байна. Хариуцагч тал нийт 24,700,000 төгрөг төлсөн гэх боловч уг тайлбараа баримтаар хангалттай нотлоогүй, 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2,000,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцож төлсөн гэх боловч энэ нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна.

8.Харин 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1,500,000 төгрөгийн ... гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн төлбөрийг хариуцагч О.... нь орон сууцны хөлс, хариуцагчийн танилын данснаас шилжүүлсэн гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үүнийг эс зөвшөөрч, хариуцагчаас бус өөр хүнээс шилжүүлсэн гэх бөгөөд тухайн өдрийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1,500,000 төгрөгийн зарлагыг нотлох баримтаар судлуулсан боловч уг гүйлгээгээр хариуцагчийн тайлбар няцаагдахгүй, гүйлгээний утга ... гэснийг хариуцагч ... гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарласан тул төлбөрт тооцох нь зүйтэй гэж үзлээ.

9.Ингээд нийт 28,600,000 төгрөг төлөхөөс 23,230,000 төгрөг дансаар, зохигчдын тайлбарласнаар бэлэн 600,000 төгрөг, нийт 23,830,000 төгрөг төлж, 4,970,000 төгрөг төлөгдөөгүй байх тул хариуцагчаас энэ хэмжээгээр шаардах эрхтэй байна.

10.СӨХ-ны зардлыг хөлслөгч хариуцах талаар гэрээнд заасан бөгөөд хариуцагч тал энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаагүй. Харин илүү шаардсан хугацааны буюу 2021 оны 3, 4 дүгээр сарын 20,000 төгрөгийн төлбөрийг хассанаар хариуцагчаас ИРгэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт заасны дагуу СӨХ-ны төлбөр 470,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

11.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 188,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад тооцогдох тэмдэгтийн хураамж 101,990 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О....ээс 5,440,000 /таван сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д....д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,450,000 /дөрвөн сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 188,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А....