Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 145/ШШ2023/00178

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 145/ШШ2023/00178

Өвөрхангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Хууль зүйн үйлчилгээний төвд байрлах, ......... ХХК-ны Өвөрхангай салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .. дугаар баг, .... тоотод оршин суух, 1973 онд төрсөн, 50 настай, ..... овгийн С.Н,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын .. дугаар багт оршин суух, 2002 онд төрсөн, 21настай, .... овгийн Ч.А нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 12349699.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, нарийн бичгийн дарга А.Ундрахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 12349699.04 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч нар татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2. Нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлж Өвөрхангай салбарын захирал ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******, ******* нар нь *******ны Өвөрхангай салбараас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 3Г6005117240 тоот зээлийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр БГ6005117240 барьцааны гэрээ зэргийг тус тус байгуулан, 2020 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогыг үндэслэсэн 12 адуу, 22 үхэр, 235 хонь, 60 ямаа, 17 төл малыг тус тус барьцаалж, 10000000 төгрөгийн дүнтэй, 30 сарын хугацаатай, жилийн 19.2%-ийн хүүтэй малчны зээл авсан. Зээлдэгч нарын ЗГ6005117240 тоот зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 251 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд Монгол банкны Актив ангилах журам зөрчин муу зээлийн ангилалд орж банкны эрх ашгийг ноцтой зорчиж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний 3.4.3-д заасны дагуу уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээл 10000000 төгрөг, хүү 2297983.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38715.62 төгрөг, нийт 12336699.04 төгрөг байна. ЗГ6005117240 тоот зээлийн гэрээний дагуу төлбөл зохих 12336699.04 нэхэмжлэлтэй холбоотой материал нотариатаар баталгаажуулсны төлбөр 13000 төгрөг нийт 12349699,04 төгрөгийг зээлдэгч *******, ******* нараас гаргуулан, хариуцагчид зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол 36005117240 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БГ-6005117240 барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгө болох 12 адуу, 22 үхэр, 235 хонь, 60 ямаа, 17 төл мал зэргээр үүргийн гүйцэтгэлийг хууль тогтоомжид заасны дагуу хангуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн *******ны салбараас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр *******, ******* нар 10,000,000 төгрөгийн малчны зээл авсан. Тухайн үед ******* ганцаараа зээл авах гэж байсан ч хамтран зээлдэгч заавал шаардлагатай. Хамтран зээлдэгчээр өөрийн хамаарал бүхий этгээд болох *******ыг дагуулж ирсэн. Хамтран зээлдэгчээр орж байгаа тохиолдолд үндсэн зээлдэгчийн адил зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг танилцуулж хариуцагч хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээгээ байгуулсан. Нэхэмжлэл гаргаснаас хойш малаа зарж борлуулсан гэдгийг мэдсэн. ******* нь Өмнөговь, Төв аймгуудын уурхайд ажиллаж байгаа гэж тухайн үед тайлбарлаж байсан. Хүү ******* холбогдоход цалингаасаа төлнө гэж тайлбар өгч байсан учир *******н орлогоос нь төлүүлэх хүсэлттэй байна. Барьцаа хөрөнгө байхгүй болсон учир зээлийн гэрээний үүрэг 12336699,04 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

4. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******наас 10000000 төгрөгийн малчны зээл авсан. Тухайн үед би умайн хүзүүний хорт хавдар туссан байсан. Энэ мөнгөө эмчилгээний зардалдаа зарцуулсан. ******* энэ мөнгийг аваагүй нь үнэн. Би ганцаараа төлж барагдуулна. Би ам бүл ганцаараа учир төрсөн ахын хүүгээрээ гарын үсэг зуруулсан нь үнэн. Тухайн үед олон мянган малтай байсан. Зуданд үхээд дууссан. Банкны зээл авснаас хойш ажилгүй байгаа. Одоо энэ 04 дүгээр сараас Чинмэнд эмнэлэгт ажилд орсон учир зээлээ төлөх боломжтой болсон. Зээлийн хүүгийн 2000000 төгрөгийг хасуулах хүсэлттэй байна гэв.

5. Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 08 дугаар сард ******* эгч манайхаас зээл авсан. 2021 оны 11 дүгээр сард намайг банкнаас зээл аваад өг гэхээр нь манай мөнгийг төлөх юм байна гэж бодоод хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. *******наас *******н зээлсэн үнийн дүнгээс ямар ч мөнгө аваагүй гэв.

6. Нэхэмжлэгч байгууллагаас 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаартай *******ны гүйцэтгэх захирлын тушаал, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 18/10/0245 дугаартай итгэмжлэл, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн н/502 дугаартай *******ны гүйцэтгэх захирлын тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10/003 дугаартай итгэмжлэл, 2005 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №9016001014 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нотариатын төлбөрийн хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ЗГ6005117240 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн БГ6005117240 дугаартай барьцааны гэрээ, *******н улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, мал, тэжээвэр амьтад хашаа, худгийн 2020 оны тооллогын баримт, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр *******наас *******д мэдэгдэл хүргүүлсэн тухай бичиг, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх *******н *******ны 6005117240 тоот дансны дугаартай зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

7. Хариуцагч *******, ******* нар нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* ХХК нь *******, ******* нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 12349699.04 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан боловч хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх зээлийн гэрээний үүрэг 12336699,04 төгрөг, нотариатын зардал 13000 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь шаардах эрхийн үндэслэлээ ...зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөлгүй 251 хоног хугацаа хэтэрсэн тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байна... гэж тодорхойлжээ.

Хариуцагч ******* ...зээлийн хүү 2000000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй..., хариуцагч ******* ...уг зээлийн би хэрэглээгүй, манайд төлөх өрөө төлөх юм байна гэж бодоод хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Уг мөнгийг ******* үрж дуусгасан тул төлөхгүй... тус тус маргажээ.

  3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч *******, ******* нар нь Өвөрхангай аймгийн *******ны тооцооны төвөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10000000 төгрөгийг малчны зээлийн зориулалтаар, жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд 12 толгой адуу, 22 толгой үхэр, 235 толгой хонь, 60 толгой ямаа, 17 төл малыг барьцаалсан байна.

4. Зохигчдийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч нараас зээлээ эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй учир Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Хариуцагч *******, ******* нар нь Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх гэж заасан тул гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, хүү төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч нь зээл буцаан төлөх хуваарийг зээлдэгч нар удаа дараа зөрчсөн, зөрчлөө арилгахыг шаардсан боловч арилгаагүй тул зээлийн гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй үндэслэлээр зээлийн үлдэгдэл 5956065,62 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлөхийг шаардсан шаардах хуудас хүргүүлжээ.

  5.  .Хариуцагч ******* ...зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч ашиглаагүй... гэх үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөхгүй гэж татгалзаж байгаа ч хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурж, зээлдэгчийн үүрэг хүлээсэн тул зээлийн төлбөрөөс хариуцагч *******ыг чөлөөлөх үндэслэл байхгүй байна.

6. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардал 13000 төгрөг төлсөн, хариуцагч нар үүнийг үгүйсгэж маргаагүй тул хариуцагч *******, ******* нараас гаргуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч нараас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлтийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг болох гэрээний үүрэг болох 12349699.04 төгрөг, нотариатын зардал 13000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* нь хэргийг хянан хэлэлцэх явцад барьцааны зүйл болсон 12 толгой адуу, 22 толгой үхэр, 235 толгой хонь, 60 толгой ямаа, 17 төл мал хариуцагч ******* захиран зарцуулсан гэх тайлбар гаргасны дагуу барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурьдах нь зүйтэй байна.

8. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч *******, ******* нараас 212545 төгрөг, орон нутгийн орлогын 1001000000941 тоот данснаас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282745 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг болох 12349699.04 төгрөг, нотариатын зардал 13000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *******, ******* нараас 212545 төгрөг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар орон нутгийн орлогын 1001000000941 тоот данснаас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282745 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА