Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 143/ШШ2023/00090

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 07 өдөр Дугаар 143/ШШ2023/00090 Даланзадгад сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүгч Р.Уранчимэг, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.М

 

Хариуцагч: С.М

 

Хариуцагч: Б.Б

 

Гэм хорын хохиролд 11 652 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******, хариуцагч С.М*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******, хариуцагч Б.Б*******, иргэдийн төлөөлөгч Д.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.М*******, Б.Б******* нар нь 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр архидан согтуурч иргэн Н. М******* миний эзэмшлийн ..................пургоон автомашиныг унаж явахдаа онхолдуулж хохирол учруулсан бөгөөд машины хохирлыг төлөлгүй цааргалаж элдэв шалтаг тоочин утсаа авахгүй байна. Иймд иргэн С.М*******, Б.Б******* нараас миний машины төлбөр болох 27 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Ч.М******* хамгийн анх шүүхэд хариуцагч нараас гэм хорын хохирол төлбөрт 27 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байсанг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнг багасган автомашины эвдрэлийг ******* ХХК-ний дүгнэлтээр тогтоогдсон 7 621 000 төгрөг, үүн дээр автомашиныг засварлахад гарсан ажлын хөлс 4 800 000 төгрөг, бусад зардалд 1 500 000 төгрөг буюу нийт 13 921 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан Ч.М*******д олгож өгнө үү.

27 000 000 төгрөгний үлдэх 14 079 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Н.М******* эхнэр, хүүхдүүдтэйгээ уулзахаар Улаанбаатар хор руу явахдаа С.М*******г дуудаж малаа харж байхыг гуйж, малчнаар ажиллуулж хөлс мөнгийг нь өгсөн. Ийнхүү ажиллуулж байх хугацаандаа гэр бариагүй машинаараа гэр хийж, машиндаа хонож, хооллож байсан. Н.М******* явах үедээ тухайн машинаа С.М*******д захиж үлдээсэн. Мотоциклоороо хониндоо явж байгаарай гэх байдлаар захиж үлдээсэн байдаг. 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос буцаж ирэхэд нь Б.Б******* болон С.М******* нар байхгүй болчихсон, пургоныг нь онхолдуулчихсан, эвдэрчихсэн, ашиглах боломжгүй, эд ангийн эвдрэл их байдалтай Улаанаа гэх айлын хашаанд нуугаад тавьчихсан байсан. Ийнхүү очиж пургон машинаа үзээд өөрт учирсан хохирлоо төл гэсэн боловч төлөөгүй учраас Цагдаагийн байгууллагад энэ тухай мэдэгдэж хандсанаар энэ асуудал яригдаж эхэлсэн.

Тухайн үед ******* ХХК нь автомашины эвдрэлийг 6 640 000 төгрөгөөр үнэлж тогтоосон. Өнөөдрийн байдлаар машин бүрэн засагдаагүй. Кабин буюу их бие, бусад эд ангиудыг хооронд нь холбоод тавьчихсан, унах боломжгүй байдалтай хөдөө бууцан дээр нь хучаатай байгаа. Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэж дууссаны дараа зарах эсвэл засах асуулдлаа шийдвэрлэнэ.

Анх 27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан итгэмжлэлээр нэхэмжлэлийг ихэсгэх, багасгах буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг надад бүрэн олгосон. Өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад материалуудтай танилцсаны үндсэн дээр 27 000 000 төгрөг нэхэмжлэх үндэслэлгүй байна гэдгийг Н.М*******д тайлбарлаж 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Ийнхүү гаргаснаас хойш мөн үнэлгээний зөрүүтэй байдал нэхэмжлэл дээр бичигдсэн байсан учраас дахин нэхэмжлэлийн шаардлагадаа өөрчлөлт оруулах магадлалтай талаар тайлбар гаргаж өгсөн.

Өнөөдөр эцсийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаасаа дахин тодорхой хэмжээний мөнгөн дүнг багасгаж байна. Багасгаж байгаа шалтгаан нь ******* ХК нь тухайн автомашинд учирсан хохирлыг 6 640 000 төгрөгөөр үнэлсэн. Үүн дээр кабин зэрэг зөвхөн эд ангиудыг худалдаж авах, угсруулах үйлчилгээ зэрэг нь 4 800 000 төгрөг. Мөн шил хагарсан тул худалдаж авахад 297 000 төгрөг болсон. Харин үнэлгээгээр 85 000 төгрөг гэж үнэлсэн. Үүний зөрүү 212 000 төгрөг болсон. Ийнхүү нийт 11 652 000 төгрөгийг хариуцагч С.М*******, Б.Б******* нарын хэн нь хариуцах ёстойг хуулийн хүрээнд шийдвэрлэж хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч Н.М*******д олгож, нэхэмжлэгчийг хохирол, гомдолгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлээ дэмжиж байна. 27 000 000 төгрөгөөсөө 11 652 000 төгрөгөө хасаад, илүү нэхэмжилсэн 15 348 000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Нэхэмжлэгч Н.М*******гийн зүгээс 2 хариуцагчаас хоёулангаас нь гаргуулж авмаар байна гэж тайлбарладаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцаас үзэхэд С.М******* нь тодорхой хэмжээний мөнгийг хариуцах ёстой гэж үзэж байна. Учир нь хариуцагч С.М*******гаас 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн хариу тайлбартаа энэ тухай хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэрэг болсон нөхцөл байдал, зөрчлийн арга хэмжээнээс харахад тухайн үед С.М*******, Б.Б******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Тухайн автомашин дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, Б.Б******* согтуугаар жолоо барьж, С.М******* хамт явсан байдаг. Үүнээс С.М*******д тодорхой хэмжээний буруутай үйлдэл байна гэж үзэж байна. С.М******* нь тухайн автомашиныг эзэмшиж байсан хүний хувьд хамгаалах, согтуу хүнээр унуулахгүй байх зэрэг тодорхой хэмжээний үүрэг хүлээж байсан. Гэтэл энэ хүн үүргээ биелүүлээгүйгээс болж машин онхолдох шалтгаан үүссэн гэж үзэж байна. Ийм учраас хамтран хариуцагч байх эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Б.Б*******ийн хувьд мөнгө байхгүй, өвчтэй, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, би ажил хийдэггүй, эхнэрээрээ тэжээлгэдэг зэрэг тайлбарыг хэлдэг. Эдгээр үндэслэл нь бусдад гэм хор учруулснаас үүсэх төлбөрөөс чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэл биш. Энэ хэргийн хүрээнд зөрчлийн арга хэмжээ авсан. Тухайн автомашиныг унаж явсан гэдэг нь тодорхой хэмжээнд нотлогдсон байна гэв.

 

2. Хариуцагч С.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Н.М*******гийнд 2019 он, 2020 онуудад ирэн очин малыг нь маллаж хөлсөөр ажиллаж байсан. Мал маллаж байх хугацаанд Н.М******* нь өөрийн эзэмшлийн 65-56 ӨМҮ улсын дугаартай автомашинаар мал хариулж, хонь малаа эргүүлж тойруулж бай гэж түлхүүрээ өгсөний дагуу пургон машиндаа хоол цайгаа хийж идээд, унтаж амраад гэрийнхээ бүх зүйлийг ачаад отор нүүдэл хийгээд явж байсан.

Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б******* нь өөрийн хариуцаж отроор тууж явсан малаа эргүүлж ирье гэж хэлсэн. Тэгээд би пургон автомашинаа унаад явах гэтэл би унаж явна гэж надтай булаацалдаж байгаад Б******* машин унаж явахаар болж би хажууд нь суугаад малд нь хамт явалцсан. Б******* нь машин унаж явж байгаад жалга руу орсон. Жалганаас гарах гээд Б******* нь хүчтэй хаазалсан чинь машин бүтэн хөрвөөгөөд босоод ирсэн. Тухайн үед бид отор нүүдэл хийгээд аймгаас 30 км-т ******* сумын нутаг дэвсгэрт явж байсан. Энэ талаар ******* сумын хэсгийн төлөөлөгч шалгасан. Тэгэхэд М******* намайг энэ хэрэгт чи хажууд нь хамт явж байсан болохоор хамааралгүй юм байна гэж хэлж байсан. Хэдийгээр би дур мэдэж Б*******т автомашины түлхүүр өгсөн ч гэлээ хажууд нь сууж явж байхдаа энэ машиныг унагааж өр төлбөрт оруулъя гэсэн санаа байгаагүй.

Нэхэмжлэгч Н.М******* нь тухайн пургон автомашиныг зарсан. Ингэж зарж мөнгөө авчихаад Б*******, М******* бид 2-оос автомашинаа бүхэлд нь нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн автомашины салхины шил, хажуу талын голын 1 шил, кабины гажилт үүссэн хэмхэрлийг Б******* төлж хариуцах ёстой гэж үзэж байна. Учир нь миний бие тухайн автомашиныг унаж яваагүй, Б******* унаж явж байгаад өөрийн санамсар болгоомжгүй байдлаасаа болж ийм үйлдэл гаргасан тул энэ асуудлыг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэгч Н.М******* нь надад малаа маллуулж отор нүүдэл хийж явсаны хөлс мөнгийг огт өгөөгүйд гомдолтой байна гэжээ.

 

Хариуцагч С.М*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* багасгасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчилж 13 921 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч С.М******* нь нэхэмжлэгч Н.М*******гийн малыг маллан ажиллаж байсан. Мал маллаж байх хугацаанд Н.М******* нь өөрийн эзэмшлийн 65-56 ӨМҮ улсын дугаартай автомашинаар мал хариулж, хонь малаа эргүүлж тойруулж бай гэж түлхүүрээ өгсөний дагуу пургон машиндаа хоол цайгаа хийж идээд, унтаж амраад гэрийнхээ бүх зүйлийг ачаад отор нүүдэл хийгээд явж байсан байдаг юм. Ингээд 2020 оны 9 сарын 19-ний өдөр Б******* нь өөрийн хариуцаж отроор тууж явсан малаа эргүүлж ирье гэж хэлсэн тэгээд машин унаж явж байгаад жалга руу орсон. Жалганаас гарах гээд Б******* нь хүчтэй хаазалсан чинь машин бүтэн хөрвөөгөөд босоод ирсэн талаараа өмнө тайлбартаа бичсэн байдаг.

Тухайн автомашиныг Б******* унаж явж эвдсэн тул Б******* төлж хариуцах ёстой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч С.М*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.М******* 2019, 2020 онуудад нэхэмжлэгч Н.М*******гийн малыг маллаж байсан ба тухайн үед машин дотроо гэрийнхээ бүх зүйлийг ачаад отроор явж байсан учраас машин дотроо хоолоо хийж идэж, унтаж амардаг байсан гэх зүйл яригддаг. С.М*******д түлхүүрээ үлдээж явсан үед 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.Б******* нь өөрийн хариулж байсан малаа эргүүлэх зорилготойгоор тухайн машиныг унаж явж байгаад жалга руу орж онхолдсон нөхцөл байдал үүссэн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Тухайн автомашиныг Б.Б******* унаж явж эвдсэн учраас Б.Б******* хариуцах ёстой гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Б.Б******* нь В ангиллын жолооны үнэмлэхтэй, хэрэг хариуцах чадвартай. Ийм этгээдэд машины түлхүүрийг түр хугацаанд шилжүүлэн өгсөн нь С.М*******г буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Тухайн тээврийн хэрэгслийг Б.Б******* унаж явсан эсэх дээр Б.Б*******ийн зүгээс маргадаггүй. Тиймээс тухайн машиныг унаж яваагүй хажууд нь сууж байсан хүн яагаад хариуцах ёстой вэ, үүнийг хуулийн дагуу шийдэж өгнө үү.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл С.М*******гаас хэдэн төгрөг, Б.Б*******ээс хэдэн төгрөг гаргуулах гээд байгаа нь нэхэмжлэл дээр тодорхойгүй. Н.М******* нь хөлсөөр ажиллах гэрээг С.М*******тай амаар тохиролцсон нөхцөл байдал харагддаг. Гэрээ байгуулаагүй боловч агуулгын хувь хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Яагаад гэвэл Монгол Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаарх зөвлөмж гарсан байдаг. Энэ зөвлөмжийн 1б дээр байнгын ажлын байр гэдэгт ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгогдсон багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгоно гэж тайлбарласан байдаг.

Үүнээс үзэхэд Н.М*******, С.М******* хоёр нь амаар хийсэн хэлцэл гэж ярьж байгаа харилцаа нь хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдана гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч энэ харилцааг хөдөлмөрийн хуулиар зохицуулж, талуудын эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хуульд зааснаар ойлгоно. Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, нэг хувийг ажилтанд нөгөө хувийг өөртөө хадгалж үлдэнэ гэж заасан байдаг ч гэсэн энэ нь зөвхөн ажил олгогчид олгосон үүргийн заалт. Тийм учраас энэ заалтыг хэрэгжүүлээгүй нь ажилтны буруу биш гэж үзэж байна. Хэрвээ байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч ажилтны эрх зүйн байдлыг хөдөлмөрийн гэрээнд заасан эрх зүйн байдлаар ойлгоно гэсэн зөвлөмжтэй уялдуулаад хөдөлмөрийн гэрээнд юу гэж заасан байдаг вэ гэвэл эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ гэх зүйл яригдана. Ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй болон ажилтантай байгуулсан гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж 1999 оны хүчингүй болсон Хөдөлмөрийн хууль дээр заасан байдаг. Энэ Хөдөлмөрийн хууль нь хариуцагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар заасан байдаг. Үүнийг үндэслэн талууд нь гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулаагүй учраас Б.Б*******ийн унаж явж байгаад эвдэлсэн машины төлбөрийг С.М******* төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн хэний буруутай байдлаас болж энэ машинд эвдрэл учирсан талаар зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол хавтаст хэрэгт авагдсан байгаа эдгээр үндэслэлүүдээр С.М*******гийн зүгээс ямар нэгэн төлбөр хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

3. Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Батсайхан овогтой Б******* надаас нэхэмжилсэн 7 сая төгрөгийг багасгаж өгөхийг хүсч байна. Учир нь би тогтсон ажилгүй байгаа учраас 7 сая төгрөг төлж чадахгүй. Иймд багасгаж өгөхийг хүсч байна гэжээ.

 

Хариуцагч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би тэр машиныг жолоодож явсан. Гэхдээ С.М******* хамт явсан. Машины дугуй хагарсан учраас тухайн осол гарсан. Бид 2 тухайн үед архи уусан байсан ч эрүүл болоод малаа эргүүлэхээр явж байгаад машинтайгаа осолд орсон. Тэгээд С.М******* холбоогүй алга болчихсон. Би цагдаад мэдүүлэг өгч байцаагдсан, явж болох уу гэхэд болно гэсэн учраас би явсан. Буцаж ирснийхээ дараа тухайн цагдаагаас болсон уу гэж асуухад ямар ч асуудалгүй болсон гэж хэлсэн. Н.М******* тухайн үед намайг яв гэсэн. Гэтэл 2 жилийн дараа 27 000 000 төгрөг төлүүлнэ гэсэн. Нэхэмжлэл ирэхэд надад 100 төгрөг ч байгаагүй.

Миний бие муудаж ажил хийх чадваргүй болчихсон. Би эхнэр хүүхдийн хамт ам бүл 4 амьдардаг. 13 000 000 төгрөг төлөх нь асуудалтай байна. Би өөрөө ажил хийж чадахгүй. Би эхнэрээрээ тэжээлгэдэг. Манай эхнэр 500 000 төгрөгийн цалин авдаг ийм нөхцөл байдалтай амьдарч байна. Ямартай ч өнөөдрийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлээд 2 тийшээ салах хүсэлтэй байна гэв.

 

4. Иргэдийн төлөөлөгч Д.Т******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч С.М*******, Б.Б******* нар нь Н.М*******гийн хохирлыг барагдуулж, хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, пургон автомашин засварлуулсны ажлын хөлс шилжүүлсэн талаарх Хаан банкны шилжүүлгийн баримт, сэлбэг авсан талаарх зарлагын баримт, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, зөрчилд холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, ******* ХХК-ийн үнэлгээний хуулбар, шийтгэлийн хуудас, хариуцагч С.М*******гаас: фургон автомашины онхолдсон үеийн гэрэл зураг, итгэмжлэл зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Х.Батсүрэнгээс гэрчийн мэдүүлэг авч, Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн инженерийн хяналтын дүгнэлт зэрэг нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н.М******* хариуцагч С.М*******, Б.Б******* нарт холбогдуулан 27 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг 13 921 000 төгрөг болгон, шүүх хуралдаанд 11 652 000 төгрөг гаргуулахаар тус тус багасгажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэлийг Хариуцагч С.М*******, Б.Б******* нар нь .................. автомашиныг унаж явахдаа онхолдуулж хохирол учруулсан тул тэднээс гэм хорын хохиролд нийт 11 652 000 төгрөг гаргуулна гэж тайлбарладаг.

 

3. Хариуцагч С.М******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Тухайн өдөр Б.Б******* машин жолоодоод би хажууд нь суугаад малд явж байгаад машин жалга руу унасан, жалганаас гарах гээд Б.Б******* хүчтэй хаазлахад машин бүтэн хөрвөөгөөд босоод ирсэн. Хэдийгээр би дур мэдэж Б.Б*******т автомашины түлхүүр өгсөн ч гэсэн тэрээр санамсар болгоомжгүй байдлаасаа болж эвдсэн тул би хариуцах үндэслэлгүй гэж тайлбар гаргасан ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* шүүх хуралдаанд Автомашиныг Б.Б******* унаж явж эвдсэн тул тэр хариуцах ёстой, мөн Н.М*******, С.М******* хоёрын амаар хийсэн хэлцэл, харилцаа нь хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах тул ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, түүнтэй байгуулсан гэрээнд тусгаагүй тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж маргадаг.

 

Хариуцагч Б.Б******* нь ...Тухайн үед би машиныг жолоодож, С.М*******гийн хамт явсан, машины дугуй хагарсан учраас осол гарсан. Би бие муутай, тогтсон ажилгүй учраас төлж чадахгүй гэж маргаж байна.

 

4. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зөрчлийн хэрэг нээх тогтоол, шийтгэлийн хуудас, ******* ХХК-ийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.М******* нь хариуцагч С.М*******гаар хөлсөөр мал маллуулж отор нүүдлээр явж байх үедээ өөрийн өмчлөлийн УАЗ-374195 маркийн 65-56 ӨМҮ улсын дугаартай автомашиныг түүнд ашиглуулж байсан ба 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр С.М******* нь Б.Б*******ээр автомашиныг жолоодуулан хамт зорчиж явахдаа зам тээврийн осол гарган автомашинд хохирол учруулжээ.

 

Энэ талаар тухайн үед нэхэмжлэгч Н.М******* нь Б.Б*******т холбогдуулан Цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргаснаар зөрчлийн хэрэг үүсгэж шалган шийтгэл ногдуулсан болох нь хэрэгт авагдсан Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас хуулбар үнэн болохыг баталсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Хариуцагч С.М******* нь нэхэмжлэгч Н.М*******гаас бүрэн эрх олгогдсоны дагуу тухайн үед тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ байлгаж, хөдөлгөөнд оруулж, ашиглаж байхдаа түүний зөвшөөрөлгүйгээр хариуцагч Б.Б*******т жолоог шилжүүлэн ашигласны улмаас зам тээврийн осол гарган нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь зохигч талуудын тайлбар, зөрчлийн хэрэг нээж шалгасан тогтоол, тухайн үеийн гэрч, холбогдогч нарын мэдүүлэг, хохирлын үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Н.М******* нь гэм буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй байна.

 

Хэдийгээр хариуцагч С.М******* нь жолоодож яваагүй тул хариуцах үндэслэлгүй гэж маргаж байх боловч тээврийн хэрэгслийг хариуцагч Б.Б*******т ашиглах бололцоо олгосноос бусдад гэм хор учруулсан үйлдэл, учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул тэрээр гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Н.М*******, хариуцагч С.М******* нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүдэлтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй тул хариуцахгүй гэх татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

 

6. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нараас гэм хорын хохиролд нийт 11 652 000 төгрөг гаргуулахаар шаардахдаа автомашины эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 6 640 000 төгрөг, кузов засварын ажлын хөлс 4 800 000 төгрөг, хагарсан шилний зөрүү үнэ 212 000 төгрөг /шилний үнэлгээ 85 000, худалдаж авсан баримтаар 297 000 төгрөг/ гэж дараах нотлох баримтуудыг үндэслэж тайлбарлаж байна.

 

******* ХХК-ийн 2020 оны 10 сарын 27-ны өдрийн №1039 дугаартай хохирлын үнэлгээгээр Н.М*******гийн эзэмшлийн ........................ автомашинд үзлэг хийх үеийн техникийн бодит байдал машины баруун урд хаалга хонхойж цөмөрсөн. Салхины шил хагарсан. Кабины хажуугийн шил хагарсан. 2 толь хугарсан. Зүүн урд хаалга хонхойсон. Багажны 2 хаалга хонхойж гажсан байв гэж, автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг 6 640 000 төгрөгөөр тогтоожээ.

 

Мөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн 2021 оны 06 сарын 25-ны өдрийн М******* машины сэлбэг гэсэн гүйлгээний утгатай 297 000 төгрөгийн худалдан авалт, 2021 оны 06 сарын 30-ны өдрийн М******* машины засварын үнэ гэсэн гүйлгээний утгатай 1 000 000 төгрөгийн баримт зэргийг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж нийт 7 852 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Харин 2021 оны 11 сарын 19-ний өдрийн 3 800 000 төгрөгийн Чулуунбаатараас машины засвар гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт нь нэхэмжлэгч Н.М*******гаас гарсан зардал гэж үзэхэд эргэлзээтэй, гэрчээр асуугдсан Х.Батсүрэн энэ талаар тодорхой мэдүүлээгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

7. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж зааснаар хариуцагч С.М*******, Б.Б******* нарын хамтын үүрэг хуульд зааснаар үүсэж байгаа бөгөөд мөн зүйлийн 242.11-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу хариуцагч нарт үүргийг тэнцүү хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

8. Иргэдийн төлөөлөгч Д.Т*******ийн ...Хариуцагч С.М*******, Б.Б******* нар нь Н.М*******гийн хохирлыг барагдуулж, хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж байна гэх дүгнэлт нь зөрчлийн улмаас үүсэх үүргийн эрх зүйн үндсэн зарчимд нийцэж байх тул дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.М*******гаас 77 766 төгрөг, хариуцагч Б.Б*******ээс 77 766 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.М*******д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.М*******гаас 3 926 000 төгрөг, хариуцагч Б.Б*******ээс 3 926 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.М*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 800 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.М*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.М*******гаас 77 766 төгрөг, хариуцагч Б.Б*******ээс 77 766 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.М*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.ОТГОНСҮРЭН

ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ

Л.УГТАХБАЯР