Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 217

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Ё.Цогтзандан, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэйгээр,

иргэдийн төлөөлөгч Ж.Оюунцэцэг,

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярмаа /¹1814/

нарийн бичгийн даргаар Г.Гантогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гөеөгийн Ягаанчулуунд холбогдох 201625030951 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 7 наснаас 15 насны 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо усан сангийн 2-9 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 67 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            2009 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1255 дугаар Прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэмт хэргийг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

            Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 938 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж,

            2015     оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 10 cap 11 хоногийн хорих ял нь өршөөлд хамрагдаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Гөеөгийн Ягаанчулуун /РД: ФБ73052664/

 

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Яллагдагч Г.Ягаанчулуун нь залилангийн гэмт хэрэгт шийтгүүлээд, ялтай байхдаа давтан үйлдлээр -Есүс христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмээр дамжуулж Солонгос улс руу явуулна, ажилд оруулж өгнө хэмээн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар сургуулийн гадна иргэн Д.Дэлгэрмаагаас бэлнээр 300.000 төгрөг,

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 100 айлын Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадна иргэн Д.Баатарсүрэнгээс бэлнээр 300.000 төгрөг,

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 100 айлын Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадна иргэн Д.Хишгээгээс бэлнээр 300.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7 буудлын Хаан банкин дотор иргэн Л.Эрдэнэчимэгээс бэлнээр 1.650.000 төгрөг,

мөн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Дедиш төвийн ойролцоо иргэн Л.Эрдэнэчимэгээс 1.500.000 төгрөг тус тус залилан мэхэлж авч бусдад нийт 4.050.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ягаанчулуун мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч Ц.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр найз Мөнхсайхан утсаар яриад сүмийн чиглэлээр Солонгос улс руу хүн явуулж байна. Гэр бүлээрээ явж болно гэж байна гээд утасны дугаарыг өгөөд би утсаар Ягаанчулуун гэх хүнтэй яриад 14 цагт Солонгос улсын элчин сайдын газар дээр уулзсан. гэр бүлээр нь сүмийн чиглэлээр Солонгос улс руу гаргуулна. Тухайн сүмээ хожмын гэгээнтнүүдийн сүм та нар Солонгос улсад очиж Монгол хүмүүст туслах ажил хийнэ гэж байсан. 2016 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-ны хооронд явуулна, одоо материалыг чинь өгеед явуулна. Солонгос явуулах ажил хөөцөлдөх болон онгоцны билет нь ороод нэг хүний 1.500.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь тийм мөнгө байхгүй гэсэн чинь Ягаанчулуун нь энэ хүний мөнгө нь дутчихлаа 1.500.000 төгрөг шилжүүлчих гэж яриад надад мөнгө чинь бүтчихлээ чи ядаж 300.000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд дүүгийн ажил дээр очиж дүүгээс 300.000 төгрөг аваад Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн урд талд өөрийн машин дотроо өгсөн. Ягаанчулуун нь битүүний өдөр яриад Солонгос улсын элчин дээр уулзъя гэж байгаад залгаад хаачихлаа, цагаан сарын дараа уулзъя гэсэн. Тэгээд утсаар яриад бүтэж байна гэдэг байсан. 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр утсаар яриад би завтай болчихлоо гэж хэлсэн. 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 100 айлын Иргэний бүртгэлийн төвийн гадаа Ягаанчулуун нь манай найз Хишиг, Баатарсүрэн нараас Солонгос улс явуулна гэж тус бүрээс 300.000 төгрөг авсан. Тэгээд бид нарыг дагуулаад Бөхийн өргөөний хойд талд байдаг хожмын үеийн гэгээнтэнүүдийн сүмд буугаад манай ажил гэж хэлж байсан. Тэрнээс утсаар ярихаар юм чинь бүтэж байна, удахгүй болно машин тэргээ зарсан уу явахад бэлдэж байгаарай гэдэг байсан. утсаар яриад болно гэсээр байгаад өдийг хүрсэн. Би Ягаанчулуунд 300.000 төгрөг өгсөн. Хишиг нь 300.000 төгрөг, Баатарсүрэн 350.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/

 

Хохирогч Д.Хишгээгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...2016 оны 01 дүгээр сард манай найз Дэлгэрмаа надад Солонгос улс руу Сүмийн шугамаар гаргаж байна, би нэг хүнтэй танилцсан юм гээд цагаан сарын өмнө 100 айлын тэнд анх Г.Ягаанчулуун гэх хүнтэй уулзаж танилцсан. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нөхрийг чинь Солонгос улс руу явуулж өгье гээд 100 айлын иргэний бүртгэлийн төвийн хажууд 300.000 төгрөгийг бэлнээр, нөхөр Д.Бадамдоржийн гадаад паспортын хамт өгсөн. Тэрнээс хойш Дэлгэрмаагаар дамжуулж юу болсон талаар асуухад 4 дүгээр сарын 24-нд Солонгос улс явуулна, билетийг чинь Эйр транст захиалсан гээд утсыг нь надад өгсөн. Тэгээд утсаар билетийг асуусан чинь захиалаад цуцлагдсан байсан. Тэгэхээр нь бид нар худлаа юм байна гэж бодоод хичнээн олон хүнийг залилаж байгааг таслан зогсоохоор цагдаагийн байгууллагад хандсан. Анх 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр мөнгөө 100 айлын иргэний бүртгэл мэдээллийн төвийн хажууд өгсөн. Тухайн үед дансаар хийе гэсэн чинь Г.Ягаанчулуун нь Солонгосын элчинд мөнгө байршуулж байгаа данснаас мөнгө шууд аваачиж байгаа гээд бэлнээр мөнгө авсан ямар нэг баримт үйлдээгүй. Хожмын гэгээнтэнүүдийн сүмээр дамжуулж Солонгос улсад очиж сүмийн номлогч хийнэ сарын цалин 1.300.000 төгрөгнөөс дээш нэг жилийн хугацаатай явуулна. Хамгийн сүүлийн хугацаа 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэхэд явуулна гэж байсан...Ягаанчулуун нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний хойд талд байдаг хожмын гэгээнтэнүүдийн сүмд ажилладаг учиргүй том ажил хийдэг номлогч хийдэг надгүйгээр сүмийн ажил явдаггүй гэж хэлсэн сүмийн чиглэлээр Солонгос улс руу жилийн хугацаатай гаргаж өгнө Солонгос улсад очоод 1.500.000 төгрөгнөөс дээш цалин авна гэж хэлсэн мөнгөө өгсөнөөс хойш одоог хүртэл бид нарыг залилан мэхэлсэн юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/

 

Хохирогч Д.Баатарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 02 дугаар сард Дэлгэрмаа утсаар яриад Солонгос улс руу Сүмийн чиглэлээр явуулна гэсэн хүн байна гэхээр нь би тэр хүнтэй чинь уулзъя гээд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 100 айлын Иргэний бүртгэл мэдээллийн төвийн хажууд хамт Хишгээ, Дэлгэрмаа бид нар Г.Ягаанчулуунтай уулзаад 2016 оны 3 дугаар сарын 20-ноос 25-ны хооронд хэдэн хүн явуулна тэр дунд оруулж өгье гээд надаас 300.000 төгрөг авсан. Хишгээгээс 300.000 төгрөг авсан. Дараа нь 2016 оны 3 дугаар сарын эхээр Ягаанчулуун нь 25.000 төгрөгөө хурдан өг гэж байна гэж Дэлгэрмаа надад хэлээд мөнгийг нь өгсөн. Би тэрнээс хойш уулзаагүй Дэлгэрмаагаар дамжуулж яасан талаар асуулгаж байсан. Дэлгэрмаа нь миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Ягаанчулуун нь хаана байгааг одоо мэдэхгүй байна. Христийн сүмээр дамжуулж Солонгос улс руу явуулж Солонгос улсад байдаг Монгол Улсын иргэдэд туслах ажил хийнэ гэж байсан. Есүс христийн шугамаар манай сүм дээр Солонгос улс руу гаргаж байгаа тэрэнд явуулна 300.000 төгрөг хэрэгтэй визний материалд зарцуулагдана гэхээр нь өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/

 

Хохирогч Г.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 01 дүгээр сард би Г.Ягаанчулуун гэж эмэгтэйтэй найзынхаа бааранд танилцсан. Тэр эмэгтэй өөрийгөө танилцуулахдаа Есүсийн сүмд ажилладаг, сүмийн шугамаар Солонгос улсруу явахаар тохиролцсон. Тухайн үед гэр бүлээрээ явахаар тохиролцсон. Ягаанчулуун бичиг баримтаа бэлдээрэй гэж хэлсэн бөгөөд би нөхөр хүүхдүүдийнхээ гадаад паспорт өөрийнхөө паспортыг гаргуулаад 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 7-н буудлын Хаан банкинд данснаасаа мөнгө аваад 1.650.000 төгрөгийг өгсөн. Би Ягаанчулуунд мөнгө өгөхдөө өөрийн үнэт эдлэлүүдээ ломбарданд тавьж хүнээс хүүтэй мөнгө зээлж өгсөн. Эдгээрийн хүү одоогийн байдлаар нийт 2.000.000 гаран төгрөг болж байгаа. Энэ мөнгөө шүүхээр Ягаанчулуунаас нэхэмжилж авах болно. найзынхаа бааранд явж байгаад танилцсан. Би Ягаанчулуунд мөнгө өгөхдөө гэрээ байгуулаагүй. Ягаанчулуун надаас мөнгө авч байхдаа 805-н ард нийтийн байранд амьдарч байсан. Дараа нь тэндээсээ гарчихсан байсан. Надад хэлэхдээ 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр явна гэсэн. Хожмын гэгээнтнүүдийн сүм гээд 13 дугаар хороолол Хөдөө аж ахуйн ард нэг сүмд аваачдаг байсан. Дараа нь тэр сүмээс асуухад Ягаанчулуун тэнд ажилладаггүй, зүгээр цуглаанд нь хальт очдог юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 90х/

 

Гэрч Ш.Мөнхсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Г.Ягаанчулуун гэх хүнтэй төрөл садангийн холбоо байхгүй таксинд явж байхад үйлчлүүлж байсан тэгээд танилцаж байсан юм. Тухайн үед надад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар 805 дугаар ангийн харалдаа буусан сүмд ажилладаг гэж байсан юу хийдэг юм гэсэн чинь менежер хийдэг гэж байсан. Солонгос улсад манай сүмийн төв нь байдаг би Монгол талыг хариуцсан менежер юм аа Солонгос улс руу сүмийн чиглэлээр хүн гаргадаг одоо 10-аад хүн гаргана гэж хэлж байсан. Тэгэхээр нь ганц хоёр гаргуулах хүн байна гэсэн чинь миний утсыг аваад буусан. Би хэзээ залгасан гэдгийг нь мэдэхгүй байна хэд хоногийн дараа Ягаанчулуун над руу утсаар залгаад Солонгос руу 7 хоногийн дотор хүн гаргах гэж байна та нөгеө хүмүүстэйгээ холбогдсон уу бичиг баримтыг нь өгчих юм бол 7-10 хоногийн дотор гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгээд би нутгийн хүүхэн болох Дэлгэрмаа надад өмнө нь Солонгос улс руу явчих юмсан гэж хэлж байсан учраас би Дэлгэрмаа руу залгаад Ягаанчулууны утсыг өгөөд та хоёр хоорондоо уулз сүмийн чиглэлээр Солонгос руу хүн гаргана гэж байна гэж хэлсэн тэр хоёр Солонгос элчингийн гадаа уулзсан гэж байсан. Надад 1 200.000-аас 1.400.000 төгрөгийн хооронд гаргадаг гэж байсан. Би хүн гаргаж байсан талаар нь мэдэхгүй байна, сая 10-аад хоногийн өмнө 7 хүн гаргасан одоо дахиад хүн гаргах гэж байна гэж хэлсэн би Ягаанчулууныг сүмд менежер хийдэг гэдгийг нь мэдэхгүй амаараа тэгж хэлж байсан сүүлд нь сонсоход худлаа тийм ажил хийдэггүй байсан юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28х/

 

Гэрч Д.Одсэржмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Гөеө овогтой Ягаанчулуун гэх хүнийг танихгүй урьд өмнө харж байгаагүй. Г.Ягаанчулуун гэх хүн манай байгууллагад ажилладаггүй. Манай байгууллага нь шашин хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус байгууллага байгаа юм. Солонгос улс руу ашиглах хүч явуулдаггүй. Солонгос улстай ямар нэгэн холбоо хамааралгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29х/

 

Яллагдагч Г.Ягаанчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Усан сангийн 02-09 тоотод 4 хүүхдийн хамтаар өрх толгойлж амьдардаг юм. мөнгөний хэрэг гараад байсан учраас 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ц.Дэлгэрмаагаас 300.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын худалдааны тевийн "Хаан" банкны АТМ-ны хажуу талд Д.Хишгээгээс 300.000 төгрөг. Д.Баатарсүрэнгээс 300.000 төгрөг тус тус аваад хувьдаа хэрэглэсэн юм. Мөн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хаан" банкны гадаа иргэн Л.Эрдэнэчимэг гэх хүнээс 1.650.000 төгрөг авсан гэмт хэрэг үйлдсэн, тухайн үед мөнгөний хэрэг гараад байсан учраас худлаа хэлээд авчихсан юм. Би өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй амьдралд маань мөнгөний хэрэг гараад байсан учраас энэ гэмт хэргийг үйлдсэн юм. Би одоогоор хувийн мах бэлтгэлийн газарт малын гэдэс цэвэрлэдэг ажил хийж амьдарч байна. Би он сарыг нь мэдэхгүй байна. Таксинд үйлчлүүлж байгаад Мөнхсайхан гэх хүнтэй анх танилцаж байсан тухайн үед Есүс христийн сүмийн чиглэлээр Солонгос улс руу хүн гаргаж өгдөг гэж хэлсэн тэгсэн намайг Солонгос улс руу явах хүн байгаа ш дээ гэж хэлж байсан тэгээд Мөнхсайханы танил Дэлгэрмаа гэх эмэгтэйтэй танилцаж Дэлгэрмаагаар дамжуулж Хишгээ, Баатарсүрэн гэх хоёр хүнтэй танилцсан. Эрдэнэчимэгтэй яаж танилцсанаа мэдэхгүй байна, бас ингэж яваад танилцсан байх. Би хожмын гэгээнтнүүдийн сүмд ажиллаж байгаагүй Солонгос улс руу ажилтан гаргаж өгч байсан эсэх талаар мэдэхгүй байна. Эдгээр хүмүүст сүмийн чиглэлээр гаргаж өгнө гээд худлаа хэлчихсэн юм. Би өөрөө ганцаараа ирж авдаг байсан мөнгөө бэлнээр авсан ямар нэгэн бичиг баримт үйлдсэн зүйл байхгүй надтай хамт гэмт хэрэг үйлдсэн хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35х/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 87х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 120х/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт

 

Шүүгдэгч Г.Ягаанчулуун нь залилангийн гэмт хэрэгт шийтгүүлээд, ялтай байхдаа давтан үйлдлээр -Есүс христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмээр дамжуулж Солонгос улс руу явуулна, ажилд оруулж өгнө хэмээн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар сургуулийн гадна иргэн Д.Дэлгэрмаагаас бэлнээр 300.000 төгрөг,

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 100 айлын Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадна иргэн Д.Баатарсүрэнгээс бэлнээр 300.000 төгрөг,

2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 100 айлын Иргэний бүртгэл мэдээллийн төвийн гадна иргэн Д.Хишгээгээс бэлнээр 300.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7 буудлын Хаан банкин дотор иргэн Л.Эрдэнэчимэгээс бэлнээр 1.650.000 төгрөг,

мөн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Дедиш төвийн ойролцоо иргэн Л.Эрдэнэчимэгээс 1.500.000 төгрөг тус тус залилан мэхэлж авч бусдад нийт 4.050.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 34-35х/

хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Дэлгэрмаа /хх-ийн 19-20х/, Д.Хишгээ /хх-ийн 22-23х/, Д.Баатарсүрэн /хх-ийн 25-26х/, Л.Эрдэнэчимэг /хх-ийн 90х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, гэрч Ш.Мөнхсайхан /хх-ийн 28х/, Д.Одсэржамаа /хх-ийн 29х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 87х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

 Иймд шүүгдэгч Г.Ягаанчулууныг урьд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэгт шийтгүүлэн ялтай байхдаа, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар, давтан үйлдлээр залилан мэхлэн авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Төрийн банкны 100900005406 дугаартай БЗД, СБД, ЧД ЭХАШШТГ-ын дансанд Г.Ягаанчулуун нь хохиролын мөнгө гэж нийт 900.000 төгрөг тушааснаас хохирогч Д.Дэлгэрмаад 300.000 төгрөг, хохирогч Д.Баатарсүрэнд 300.000 төгрөг, хохирогч Д.Хишгээд 300.000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Харин хохирогч Л.Эрдэнэчимэгээс нийт 3.150.000 төгрөгийг хуурч мэхлэн залилан авсан байх ба үүнээс 1.500.000 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 87х/, үлдэх 1.650.000 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 180х/ хавтас хэрэгт тус тус авагдсан байх тул шүүгдэгч Г.Ягаанчулууныг хохирогч Л.Эрдэнэчимэгт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Ягаанчулуунд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохиролоо сайн дураараа зарим хэсгийн төлж барагдуулсан, түүний 7 сартай жирэмсэн болох хувийн байдлуудыг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулав. 

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Гөеөгийн Ягаанчулууныг урьд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэгт шийтгүүлэн ялтай байхдаа, бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар, давтан үйлдлээр залилан мэхлэн авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ягаанчулуунд 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192.000 /нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг хоёр зуун тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 48.192.000 /дөчин найман сая нэг зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ягаанчулууныг торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Г.Ягаанчулуун нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Төрийн банкны 100900005406 дугаартай БЗД, СБД, ЧД ЭХАШШТГ-ын дансанд Г.Ягаанчулуун нь хохиролын мөнгө гэж нийт 900.000 төгрөг тушааснаас хохирогч Д.Дэлгэрмаа /РД:ИЮ80102209/-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Баатарсүрэн /РД:ИЭ68120811/-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, хохирогч Д.Хишгээ /РД:ИХ79030509/-д 300.000 /гурван зуун мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Ягаанчулуунд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.БАТГЭРЭЛ

 

                                    

                                                 ШҮҮГЧИД                         Ё.ЦОГТЗАНДАН

           

 

                                                                                            Б.ХАЛИУН