| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 2107000000044 |
| Дугаар | 2021/ДШМ/715 |
| Огноо | 2021-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2021/ДШМ/715
2021 8 3 2021/ДШМ/715
Д.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Аянагүл /томилолтоор/,
хохирогч Г.М,
шүүгдэгч Д.Б,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Бд холбогдох эрүүгийн 2107 00000 0044 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Дийн Б, ......... оны ... дугаар сарын ....-ны өдөр ........................... төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ....................... дүүргийн ... дүгээр хороо, ...................... дугаар гудамж, ....... тоот хаягт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.............................../;
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ............. дүүргийн ... дүгээр хороо, .................. дугаар гудамжны .... тоотод байрлах гэртээ эхнэр Г.Мтэй маргалдан улмаар боорцог хийх зориулалт бүхий төмөр шүүрээр хохирогч Г.Мийн дал мөр орчим руу нь 2 удаа цохиж, түүний нуруу мөрөнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Дийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихын мэдэгдэж, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайхан давж заалдах гомдолдоо: “...Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолынхоо гэм буруугийн талаар дүгнэсэн дүгнэлт хэсэгтээ “... шүүгдэгч Д.Быг бусдын бие махбодид халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй...” гэж дүгнэжээ. Би Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг хүлээн зөвшөөрөөгүй ба тухайн хэрэг явдал нь ахуйн хүрээнд үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.4 дэх заалтад “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ гэж үзэж өөрийн өмгөөллийн шүүмж, санал дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд танилцуулж оролцсон болно. Мөн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэсний дагуу дахин шинжээч томилуулах саналтай байгаа хүсэлтийг илэрхийлсэн болно. Учир нь, шинжээчийн дүгнэлт хэтэрхий нэг талыг баримталсан, үндэслэл бүхий биш, эргэлзээтэй, асуултад бүрэн гүйцэд хариулаагүй гэж үзсэн. Шүүх бүрэлдэхүүн шийтгэх тогтоолыг танилцуулахдаа “...шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж...” гэж танилцуулсан болно. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүхээс гардуулсан шийтгэх тогтоол нь уншиж сонсгосон шийтгэх тогтоолтой зөрүүтэй байсан.” гэв.
Хохирогч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдааны дараа танилцуулсан шийтгэх тогтоол нь бид хоёрт гардуулж өгсөн шийтгэх тогтоолтой зөрүүтэй байсан. Би Д.Бтай эвлэрсэн, гомдол, санал байхгүй.” гэв.
Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос шүүгдэгч Д.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаанд миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадаагүй. Томилолтоор Ц.Гэрэлчимэг гэх прокурор оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна. Анхан шатны шүүх хуралдаанд юу хэлэлцэгдсэн талаар би мэдэхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайханы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ............. дүүргийн ... дүгээр хороо, .................. дугаар гудамжны .... тоотод байрлах гэртээ эхнэр Г.Мтэй маргалдан улмаар боорцог хийх зориулалт бүхий төмөр шүүрээр хохирогч Г.Мийн дал мөр орчим руу нь 2 удаа цохиж, түүний нуруу мөрөнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Мийн “...гэрт чинь хүн орж ирээд хэрүүл хийж байхад боль гэж хэлээд гаргаад явуулахад яадаг юм гэж хэлсэн чинь над руу уурлаад боорцогийн шүүрээр миний дал мөр лүү 2 удаа цохисон.” /хх 9-10/,
шүүгдэгч Д.Бын “...зүс мэдэх эмэгтэй орж ирээд ...манай эхнэртэй маргалдаад хоорондоо үстэлцээд авахаар нь би гялс очоод голоор нь ороод салгаад гаргаад явуулаад буцаад гэртээ ороод иртэл манай эхнэр над руу дайраад чи муу банзал пизда, энэ хүүхнийг шаасан юм уу, намайг өмөөрсөнгүй гээд дайрахаар нь миний уур хүрээд ...боорцогийн төмөр шүүрээр ар нуруу руу нь 2 удаа цохисон нь үнэн.” /хх 36-37/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 129 дугаартай шинжээчийн “...Г.Мийн биед нуруу, баруун бугалга, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх 22-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн “...Г.Мийн биед учирсан нуруу, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх 27-28/ гэх дүгнэлтүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүхээс уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна.
Гэвч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг нээлттэй явуулсан бол шүүх хуралдаан даргалагч энэ хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4-т заасан асуудал тус бүрээр шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болох нь дуу-дүрсний бичлэгээр баталгаажсан байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон буюу уншиж сонсгосон шүүхийн шийдвэрээс зөрүүтэйгээр тусгагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол;” гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайханы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэдийгээр анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл болох боловч хэргийн оролцогч нарт чирэгдэл учруулахгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, шинээр батлагдан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой тул анхан шатны шүүхээр хэргийг дахин хянан хэлэлцүүлэхгүйгээр давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Бын үйлдсэн гэмт хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэсэн заалтад хамаарагдаж байх бөгөөд мөн хуулийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж заасны дагуу тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй болохоо илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайханы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
- “...Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овгийн Даваадоржийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,
- 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Б овгийн Дийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “...Шүүгдэгч Боржигон овгийн Даваадоржийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
- 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогтсайханы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ