Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 127/ШШ2023/0004

 

 

Хэргийг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай

 

  Хэргийн индекс: 127/2023/0002/3

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн урьдчилсан хэлэлцүүлгээр,

Нэхэмжлэгч: “ЖО” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХАДСЗД-д холбогдох,

“...ДСЗД-ын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулахшаардлага бүхий захиргааны хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийв.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт: Хариуцагч ХАДСЗД- Ж.Э, гуравдагч этгээд “ХХТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ЖО” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...“ЖО” ХХК нь Уурхайн болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 09 дугаартай актаар Хэнтий аймгийн Дархан сумын газар нутагт байрлах Дөрвөлжингийн төмрийн хүдрийн ил уурхай, хүдэр баяжуулах үйлдвэрийг хүлээн авч, 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрсөн байдаг.

Гэтэл ХАДСЗД- 2022 оны 10 сарын 28-ны өдрийн А/83 тоот захирамж гарган “...газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж хаягдлын овоолго үүсгэж пүү, харуулын байр, албан өрөө, ажилчдын байр барьсан болох нь тогтоогдсон байх тул ... чөлөөлсүгэй” гэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан тул дараах үндэслэлүүдээр А/83 тоот захирамжийг хууль бус гэж үзэж байна.

1. Хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны актыг мэдэгдээгүй, захиргааны актыг хаяглагдсан этгээдэд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэх ажиллагааг захиргааны акт гаргасан байгууллага хариуцан Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан журмын дагуу мэдэгдэх үүрэгтэй байдаг.

ДСЗД-ын А/83 тоот захирамж 2022 оны 10 дугаар 28-ны өдөр гарсан. Тус захиргааны актаар “ЖО” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж буй нь илт байхад захирамж гарсан өдрөөс хойш утсаар мэдэгдэх, факс, шуудан гэх мэт хуульд заасан хэлбэрээр мэдэгдэх ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй бөгөөд манай компанийн удирдлагууд болон ажилчид ХАДС-д албан томилолттой ажиллаж байх үедээ уг захирамжийн тухай мэдэж, Засаг даргын Тамгын газарт өөрсдөө хандан захирамжийг гардан авсан. Хэрэв манай компаниас ДСЗД-ын Тамгын газарт очоогүй, бид хандаагүй байсан бол уг захирамж хэзээ гарсан, захирамжийн биелэлт хэзээ хангагдах байсан нь тодорхойгүй байгаа юм.

Захиргааны шийдвэр гарахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж сонсох ажиллагааг хийж ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгодог боловч Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан “оролцогчийг сонсох”, мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагааг явуулах” зэрэг ажиллагааг хуульд нийцүүлэн явуулаагүй болно.

Хэрэв сонсох ажиллагаа явуулсан бол манай компаниас тус асуудалтай холбоотойгоор өөрсдийн байр суурийг илэрхийлэх, нотлох боломжтой байсан. Тухайн газарт байрлах үйлдвэрийн барилга байгууламж нь манай компанийн хөрөнгөөр баригдсан, 2010 онд Уурхайн болон уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комисс хүлээж авсан байтал энэ бүх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр тус захирамжийг гаргасан үйл ажиллагаа нь хууль бус байна.

2. Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн:

Хэнтий аймгийн Дархан сумын газар нутагт төмрийн хүдрийг баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын дугаар 09 актаар “ЖО” ХХК-д Дөрвөлжингийн төмрийн хүдрийн ил уурхайд олборлолтын үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрч, хууль ёсны дагуу хүлээж авсан. Захирамжид дурдсан зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж барьсан гэх “...харуулын байр, албан өрөө, ажилчдын байр ...” зэрэг ахуйн барилга байгууламж нь улсын комиссын хүлээж авсан уурхай болон уулын үйлдвэрийн нэг хэсэг юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон комисс уурхайг хүлээн авсны дараа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг уурхайг ажиллуулж эхэлнэ” гэж зааснаар манай компани нь улсын комиссын шийдвэрийн 2 дугаар зүйлийн 2.1.2-т “...”ЖО” ХХК-д 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс... үйл ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрөв” гэж заасан хугацаанаас эхлэн манай компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан үйл баримт бий болоогүй 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн уулын үйлдвэрийг ашиглалтад хүлээн авах улсын комиссын дугаар 09 акт болон 2007 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн 6701А дугаартай гэрчилгээ хүчин төгөлдөр байсаар байтал “Газрыг чөлөөлөх тухай” захирамж гаргасан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

Хэнтий аймгийн ДСЗД-ын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 тоот “Газар чөлөөлөх тухай” захирамж нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 -д заасны дагуу ДСЗД-ын дээд шатны засаг дарга болох Хэнтий аймгийн Засаг даргад 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус захирамжийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Тус гомдлын хариуд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас “...захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариу ирүүлсэн байна.

Иймд Хэнтий аймгийн ДСЗД-ын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч ХАДСЗД- Ж.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж, хаягдлын овоолго үүсгэж, пүү, харуулын байр, албан өрөө, ажилчдын байр барьсан болох нь тогтоогдсон байх тул ... чөлөөлсүгэй” гэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан тул 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хууль бус гэж үзэж байна гэжээ. Энэхүү гаргасан үндэслэл нь өөрөө нэхэмжлэгчийн буруу ташаа ойлголтоос үүдэлтэй, хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь “ЖО” ХХК нь ашигт малтмал ашиглалтын 6701А тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ба энэхүү тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд нь “Газар ашиглуулах гэрээ сунгах тухай” захирамжийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гаргаж, 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар тохирсон юм. Одоо ‘ЖО” ХХК нь энэхүү гэрээний дагуу өөрт ашиглуулахаар гэрээ хийсэн газартаа хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Засаг даргын зүгээс энэхүү гэрээгээр ашиглуулсан газрыг хүчингүй болгох талаар ямар ч захирамж гаргаагүй болно.

Үүнээс үзэхэд “ЖО" ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын 6701А тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай, түүнд нийцүүлэн гаргасан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглуулах гэрээ сунгах тухай” захирамж хүчин төгөлдөр ба 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар “Газар чөлөөлүүлэх тухай” захирамж нь дээрх хууль зүйн дагуу гаргасан шийдвэрүүдтэй огт хамааралгүй юм.

Харин 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар “Газар чөлөөлүүлэх тухай” захирамж нь “ХХТ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 19836Х дугаартай талбайд “ЖО” ХХК нь зохих зөвшөөрөлгүй газар ашигласан болох нь Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтны Зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны хүрээнд нотлох баримтаар тогтоогдсон албан даалгаврын дагуу гаргасан, хууль зүйн үндэслэлтэй захирамж юм.

Түүнчлэн нэхэмжлэлийн 1 дэх заалтад Хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулаагүй, захиргааны актыг мэдэгдээгүй талаар дурдсан байна. “Газар чөлөөлүүлэх тухай” А/83 дугаар захирамжийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргаж, захирамжийн биелэлтийг хангаж ажиллахыг сумын цагдаа, дэд ахлагч Б.Ганжууржавт даалгаж, захирамжийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өгсний дагуу “ЖО” ХХК-ийн дэд захирал Б.Чд 99192981 дугаарын утсанд мэдэгдсэн. Мөн өөрийн биеэр ирж уулзаж, захирамжийн талаар мэдсэн. Ийм учраас Захиргааны актыг мэдээгүй гэх зэргээр бичсэн асуудал нь үндэслэлгүй юм.

Түүнчлэн "... Захиргааны шийдвэр гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлсон бол ... манай компаниас тус асуудалтай холбоотойгоор өөрсдийн байр суурийг илэрхийлэх, нотлох боломжтой байсан” гэжээ. Гэтэл “ЖО” ХХК-ийн дэд захирал гэх Б.Чд холбогдуулан Зөрчлийн 2240000107 дугаартай хэрэг үүсгэж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газраас хяналт тавьж, зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар “ХХТ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 19836Х дугаартай талбайд зохих зөвшөөрөлгүй газар ашигласан болохыг нотлох баримтаар тогтоон, дэд захирал Б.Чыг Зөрчлийн тухай хуулиар 5.000.000 төгрөгөөр торгож, хууль бусаар ашигласан газрын чөлөөлөх Эрх бүхий албан тушаалтны даалгавар 2022 оны 8 дугаар сарын 17-ний өдөр гарсан байсан.

Үүнээс үзэхэд “ЖО” ХХК-ийн дэд захирал Б.Чнь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болж, тодорхой эрх үүрэг хүлээн оролцож, өөрийн зүгээс холбогдох нотлох баримт гарган өгч, гэм буруугүй болохоо нотлохоор оролцож, хууль ёсны эрх ашгаа хамгаалан оролцсон байдаг.

Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа хүлээн, бусдын газрыг зохих зөвшөөрөлгүй ашигласнаа зөвшөөрч Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 8 дугаар сарын 17-ний өдөр газар чөлөөлөхөөр гаргасан даалгаварт гарын үсэг зурсан байдаг.

Тэгэхээр нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлдээ газар чөлөөлөх талаар огт мэдээгүй, өөрийн эрх ашгаа хамгаалах боломж олгоогүй талаар дурдсан нь худлаа болох нь харагдаж байна.

Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар “Газар чөлөөлүүлэх тухай” захирамж нь Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 8 дугаар сарын 17-ний өдөр гаргасан албан даалгаврыг биелүүлэх зорилгоор гарсан учраас дэд захирал Б.Чнь бүх асуудлыг нарийн сайн мэдэж байсан болох нь батлагдаж байна.

Нэхэмжлэлийн 2 дахь хэсэгт: ... “Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн, энэ хуулийн 53 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан үйл баримт бий болоогүй байхад “Газар чөлөөлөх тухай” захирамж гаргасан нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна” гэжээ. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар “Газар чөлөөлүүлэх тухай” захирамж нь “ХХТ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 19836Х дугаартай талбайд ‘ЖО” ХХК нь зохих зөвшөөрөлгүй ашигласан газрыг чөлөөлүүлэх тухай захирамж юм. Энэ захирамж нь “ЖО” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын 6701А тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай, түүнд нийцүүлэн гаргасан 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглуулах гэрээ сунгах тухай” захирамжтай огт хамааралгүй юм.

Иймд “ЖО” ХХК-аас Хэнтий аймгийн ДСЗД-ын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч ХАДСЗД- Ж.Э шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Улаанбаатар хотоос 330 километрийн зайд Хэнтий аймаг байдаг. Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас өөрийн биеэр шүүхэд ирж оролцож, тайлбараа хэлж, холбогдох бичиг баримтуудыг болон итгэмжлэлээ авчирч өгч болдоггүй юм уу” гэв.

Гуравдагч этгээд “ХХТ” ХХК-ийн захирал М.Төрмөнх шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...”ХХТ ХХК-ний зүгээс “ЖО” ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэнтий аймгийн ДСЗД-ын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/38 дугаартай захирамж нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр захирамж болно.

Манай компанийн ашигт малтмалын хайгуулын ХҮ-019836 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбай 6.5 га газарт БНХАУ-ын “ЖО” ХХК нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалт зөрчсөн болохыг Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тогтоож 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 5000 нэгжээр торгож, зохих зөвшөөрөлгүй ашигласан газрыг чөлөөлөхийг “ЖО” ХХК-нд даалгасан.

ХАДСЗД- 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай компанийн ХҮ-019836 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбай болох 6.5 га газрыг чөлөөлүүлэх тухай захирамж гарган тухайн захирамжийг “ЖО” ХХК-нд хуульд заасан хугацаанд танилцуулж мэдэгдсэн боловч тухайн газрыг “ЖО” ХХК нь чөлөөлж өгөхгүй байгаа болно.

Иймд Хэнтий аймгийн ДСЗД-ын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/38 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар “ЖО” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “ХХТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Үндсэн нэхэмжлэгч маань итгэмжлэлийг гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй гэж хориглосон байгаа. Бидний зүгээс хууль, шүүхийн байгууллагын дуудсан цагт ирдэг. Одоо онлайнаар оролцож байгаа Батчимэг гэх хүн “...“ЖО” ХХК-ийг төлөөлж шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцох эрхгүй, эрх бүхий этгээд биш учраас энэ хүнийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулах шаардлагагүй” гэв.

Гуравдагч этгээд “ХХТ” ХХК-ийн өмгөөлөгч Н.Ж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...“ЖО” ХХК-ийн гүйцэтгэх захирлаас дэд захирал Б.Чгэх хүнд итгэмжлэл 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 3 жилийн хугацаатайгаар олгосон. Энэхүү итгэмжлэлийн хугацаа дууссан байна. Итгэмжлэлийн 3 дахь хэсэгт “....итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж компанийн төлөөлөх эрх бүхий этгээд итгэмжлэлдээ тусгайлан заасан. “ЖО” ХХК-ний дэд захирал Б.Ч, иргэн Б.Батчимэгт итгэмжлэлийг шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бгэх хүнээс гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэх үндэслэлгүй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. “ЖО” ХХК-аас ХАДСЗД-д холбогдуулан “...ДСЗД-ын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 127/ШЗ2023/0011 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2. Уг нэхэмжлэлд “ЖО” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, дэд захирал Б.Ч гарын үсэг зуран шүүхэд нэхэмжлэлийг гаргасан.

2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “ХХТ” ХХК-аас тухайн маргаан бүхий хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт ирүүлсэн.

Шүүх хүсэлтийг хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гуравдагч этгээдээр татан оролцуулсан.

3. “ЖО” ХХК-ийн гз ЧВФ-с 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01 тоот албан бичгээр дэд захирал Б.Ч-д 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэлийн хугацаа 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр дууссан байна.

4. Уг итгэмжлэлийн 3 дахь хэсэгт “... тус итгэмжлэл нь олгосон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хүчинтэй. Энэ хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрхийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхийг хориглоно” гэж тусгайлан заасан байна.

5. “ЖО” ХХК-ийн дэд захирал Б.Ч нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот албан бичгээр иргэн Б.Батчимэгийг тухайн хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.7-д “... төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх” зохицуулалтыг тусгайлан заасан. Төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх эрхийг зөвхөн  итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд төлөөлөгч хэрэгжүүлэх боломжтой. Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд “..итгэмжлэлийг бусдад шилжүүлэх эрх”-ийг олгосон тохиолдолд энэ эрхийг эдэлнэ.

Итгэмжлэлийг бусдад шилжүүлэхдээ төлөөлүүлэгчид мэдэгдэж, түүний зөвшөөрлийг авсан байвал зохино. /Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол № 37/,

Төлөөлүүлэгч өөрийн олгосон итгэмжлэлийг шилжүүлэн авах гуравдагч этгээдийг хүлээн зөвшөөрөөгүй нь төлөөлөгчөөсөө татгалзсан байдалд хүргэх тул энэ тухай шүүхэд даруй мэдэгдэх ёстой.

Шүүхээс “ЖО” ХХК-ийн дэд захирал Б.Ч, түүний итгэмжлэл олгосон Б.Б нар нь хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна гэж дүгнэлээ.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан.

7. Иймд “ЖО” ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, “ЖО” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2-т тус тус заасныг баримтлан, “ЖО” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХАДСЗД-д холбогдох “...ДСЗД-ын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/83 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай 127/2023/0002/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч “ЖО” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар, энэхүү шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Г.БАЯСГАЛАН