| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Будын Отгонсүрэн |
| Хэргийн индекс | 143/2023/00078/И |
| Дугаар | 143/ШШ2023/00173 |
| Огноо | 2023-04-03 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 143/ШШ2023/00173
2023 оны 04 сарын 03 өдөр Дугаар 143/ШШ2023/00173 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Б
Хариуцагч: Э.М
Нэхэмжлэлийн шаардлага: 171 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Бямбаа, хариуцагчийн төлөөлөгч Э.Мөнгөншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2022 оны 06 дугаар сард Энхтуяа овогтой Мөнгөншагай захиралтай Сүүн дэгжих ХХК-д үйлчлэгчээр ажилд орж, тухайн сардаа нийт 10 хоног ажилласан боловч 10 хоног ажилласан ажлын хөлс болох 300 000 төгрөгийг бүрэн өгөөгүйн дээр тус компанийн захирал Э.Мөнгөншагай нь 2022 оны 06 дугаар сард ажлын хөлс гэж миний Хаан банкны харилцах дансанд 129 000 төгрөгийг нэхүүлэн гуйлгуулан байж 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 13 цаг 47 минутад шилжүүлсэн болно. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Аргалантын 2-38 тоотод байрлах Сүүн дэгжих ХХК дээр өөрийн биеэр очиж захирал Э.Мөнгөншагай болон түүний ээж Б.Энхтуяа нартай уулзаж, ажилласан 10 хоногийнхоо цалин мөнгийг авах талаар ярьж уулзахад захирал Э.Мөнгөншагай, ээж Б.Энхтуяа нар нь элдвээр хэлж загнасан.
Миний бие уг компанид тууштай ажиллах зорилготой байсан боловч биеийн эрүүл мэнд, ажлын хэт их ачааллаас болж биеийн эрүүл мэнд муудсан учир шалтгаанаа Сүүн дэгжих ХХК-ийн захирал Э.Мөнгөншагай болон тухайн үед уг компанийн дотоод үйл ажиллагааг зохицуулан ажиллаж байсан түүний ээж Б.Энхтуяа нарт утсаар хэлж байсан. Тус компанийн захирал Э.Мөнгөншагай нь анх ажилд ороход сарын цалин 600 000 төгрөг гэж өөрөө хэлж, аман гэрээ хийсэн ба бичгээр гэрээ байгуулж ажиллая гэсэн боловч иргэн надтай бичгээр гэрээ байгуулаагүй ажиллуулж байсан болно.
Иймд тус компанид ажилласан 10 хоногийн мөнгө болох 300 000 төгрөгийн үлдэгдэл 171 000 төгрөгийг надад олгохгүй байгаа тул Сүүн дэгжих ХХК-ийн захирал Энхтуяа овогтой Мөнгөншагайгаас гаргуулан иргэн надад олгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Бямбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар сайхан хамтарч ажиллаж байсан. Гэтэл миний аваагүй зүйлийг авсан гээд жагсаагаад биччихсэн байсан. Жишээлбэл, хурууд 3 килограмм 280 грамм, сүү 2 литр, тараг 3 литр, ямар хэмжээтэй авсныг нь мэдэхгүй 17 500 төгрөгийн шар тос авсан гэж бичсэн байсан. Би энэ зүйлүүдийг аваагүй. Би энэ компанид ажиллаж байх хугацаандаа цагаан идээ авч байсан. Нэг удаа 0.5 грамм сүү авсан, 25 000 төгрөгөөр зардаг гээд савтай өрөм авч байсан. Хэрвээ эдгээр зүйлсийг намайг авсан гэж үзэж байгаа бол үүнийг нотлох баримт байх ёстой. Баримт нотолгоо чухал. Жишээлбэл тэдэн сарын тэдний өдөр хурууд авсан, тэдний өдөр 2 литр сүү авсан, тэдэн сарын тэдний өдөр чи шар тос авсан гэх жишээний өгсөн авсан хүмүүсийн гарын үсэг байх ёстой. Анх сарын цалин 600 000 төгрөг гэж тохиролцсон, 2022 оны 06 дугаар сар нь ажлын 20 хоногтой байсан. Би 10 хоног ажилласан, 300 000 төгрөг авна гэж тооцсон. Тэгээд 300 000 төгрөгөөс 129 000 төгрөгийг Э.Мөнгөншагай захирал миний дансанд шилжүүлсэн. Үүнтэй би маргаагүй. Үлдэгдэл 171 000 төгрөгийн тухайд би зээлээр бараа аваагүй. Аваагүй зүйлээ авсан, суутгачих гэж хэлж чадахгүй гэв.
2. Хариуцагч Э.Мөнгөншагай шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Сүүн дэгжих ХХК нь үхрийн фермийн аж ахуй эрхэлж, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэн Даланзадгад сумын сургууль, цэцэрлэгт нийлүүлэхээс гадна иргэдийг хангадаг, зорилтот бүлгийн хүүхдэд сүү тараг нийлүүлж ажилладаг. 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Иргэн Ц.Бямбаа нь манай компанийн зараар ирж үйлчлэгчийн ажлыг түр туршилтаар гүйцэтгэж байсан. 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 40 минутаас эхлэн 5 дугаар сард ажлын 7 хоног, 6 дугаар сард ажлын 9 хоног ажилласан байна. Эдгээр хоногт Бямбаа нь нэг ч өдөр илүү цаг ажиллаагүй бөгөөд харин ч ачаалал багатай үе байсан учраас аажуу ирж, эрт явж байсныг манай цагийн бүртгэлээс харж болно. Цагийн бүртгэлийн хуулбарыг хавсаргав. Бүтэн 8 цаг ажиллаагүй ч бид хөлсийг бүтэн ажилласнаар тооцож байсныг дараах тооцооноос харж болно. Ц.Бямбаа нь нийт календарийн хоногоор тооцоход 28 хоног манайд бүртгэлтэй байснаас 4 хоног нь өвчтэй гээд ирээгүй боловч ямар ч эмчийн магадлагаа авчраагүй. 8 хоног нь амарсан, 1 өдөр чөлөөтэй, 16 хоног ажиллахдаа 9 хоногт нь цагаасаа оройтож ирж, 8 хоногт нь цагаасаа эрт тарж байсан байна.
Цалин хөлсний хувьд 5 сарын сүүлийн 7 хоногийн цалин 190 400 төгрөгийг ямар ч суутгалгүйгээр 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5585368299 тоот дансаар өгч дэвтэр хөтөлгөөн дээрээ гарын үсэг зуруулан олгосон. 6 дугаар сарын 9 хоногийн цалин 244 800 төгрөг бодогдсоноос 129 000 төгрөгийг ямар ч суутгалгүйгээр 10 дугаар сарын 01-ний өдөр дансанд нь шилжүүлсэн. Яагаад гэвэл Ц.Бямбаа нь ямар ч мэдэгдэлгүйгээр ажил хаяж алга болсон, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өглөө ажилдаа ирээгүй болохоор утсаар яагаад ирэхгүй байна гэж асуухад би чөлөө авмаар байна гэсэн, тэгэхээр нь 2 хоног чөлөө аваад эрт явсан, албан ёсоор эмчийн бичиг авчир гэсэн дахиж ирээгүй.
Ц.Бямбаа нь манайд ажиллаж байх хугацаандаа 115 800 төгрөгийн сүү, тараг, хурууд авсан байсан тул сүүлийн цалингаас нь суутгал хийсэн болно. Үүнд 3.28 кг хурууд х 23 000 төг=75 300 төгрөг, 2л сүү х 4 000 төг = 8 000 төгрөг, 0.5 л шар тос х 35 000 төг = 17 500 төгрөг болно. Ц.Бямбааг ажиллаж байх хугацаанд ямар нэгэн байдлаар хэл амаар доромжилсон үйлдэл хийгээгүй. Харин Ц.Бямбаа нь өөрийгөө нурууны суулт өвчтэй гэж ярьж байсныг санаж байна. Манай компани нь үйлчлэгчийн хийх ажлыг тайлбарлан тухайн хүн хүлээн зөвшөөрсөн учраас ажилд түр авч ажиллуулж үзсэн болно. Ц.Бямбаа нь богино хугацаанд ажиллахдаа байнга чөлөө авч, өвдлөө гээд ирэхгүй байсан тул найдвартай, тууштай ажиллах эсэхэд эргэлзэж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг түдгэлзэж хийгээгүй байсан. Тэгээд хэл өгөлгүй ажил хаяад явсан тул хөдөлмөрийн хөлсийг тухайн үед нь бодож байсан ч өгөлгүй байж байгаад сүүлд өөрөө ирж хүсэлт гаргахаар нь эцсийн тооцоо хийж үлдэгдэл хөлсийг шилжүүлсэн болно гэжээ.
Хариуцагч Э.Мөнгөншагай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 171 000 төгрөг өгөх үндэслэл байхгүй. Цалин хөлсийг нь өгчихсөн. Тэр авсан зүйл нь бүгд баримттай байгаа. Гэвч эвлэрэх боломжтой. Асуудлыг ингэж хурцатгах шаардлага байхгүй. Энэ хүн ирж уулзаад явсан бол арай өөр байх байсан. Гэтэл гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргачихсан байсан. Бид нар өөрсдийн гэсэн ажил төрөлтэй улсууд учраас нэгэнт хүн өөрөө ийм зан гаргаж байгаа бол явдаг газраар нь явцгаая гэж шийдсэн. Өөрөө энэ асуудлаар очиж уулзаад, ийм учиртай гээд тайлбарлаад явсан бол эгчид 50 000 гаруй төгрөг өгөх байсан. Бид нар өгсөн зүйлээ нэхэхгүй. Бид нар өгсөн зүйлээ суутгаж байгаа. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр бид нарыг гүтгэсэн зүйл нэхэмжлэл дээрээ бичсэн байсан. Тэрэнд нь гомдсон учраас өөрт нь ойлгуулъя, ажилласан газраа ингээд яваад байдаг хүн юм болов уу гэсэн сэдэл төрсөн. Тэгээд үнэн, шударгаар шүүлгэе гэж шийдсэн. Энэ хүн эвлэрнэ гэвэл манайхаас эвлэрэх боломжтой. Миний зүгээс 171 000 төгрөг өгөхгүй гэдэг гол нь биш доромжилдог гээд худлаа зүйл биччихсэн байсан. Нэхэмжлэгч Ц.Бямбаа 10 хоног ажилласан хөлсөө нэхээд байна гэж ойлгож байгаа. Гэтэл манай бүртгэл дээр 9 хоног ажилласан бүртгэл байгаа. Анх 600 000 төгрөгийн цалин гэж тохирсон. Өдрийн 20 000 төгрөгөөр бодож байгаа. 171 000 төгрөг гээд нэхээд байгаа. Тэрний гаргалгаа, бодсон цалин гээд бүх зүйл байгаа. Баримтгүй гээд байх шалтгаан байхгүй. Гэхдээ би тантай аль болох эвлэрэхийг хүсэж байна. Таны нэхэмжилж байгаа 171 000 төгрөгөөс зээлээр бараа авсан 115 800 төгрөгийг суутгаад 55 200 төгрөгийг өгөөд эвлэрэх санал гаргаж байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчаас: Сүүн дэгжих ХХК-ийн цагийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, гар бичмэлийн хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ц.Бямбаа нь хариуцагч Сүүн дэгжих ХХК-ийн захирал Э.Мөнгөншагайд холбогдуулан 171 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2022 оны 06 дугаар сард Э.Мөнгөншагай захиралтай Сүүн дэгжих ХХК-д үйлчлэгчээр ажилд орж, тухайн сардаа нийт 10 хоног ажилласан ажлын хөлс 300 000 төгрөгөөс 129 000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дансаар хүлээн авсан тул үлдэгдэл 171 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарладаг.
3. Хариуцагч нь ...Ц.Бямбаад 2022 оны 06 дугаар сард 9 хоног ажилласан хугацааны цалин 244 800 төгрөг бодогдсоноос манайхаас зээлээр авсан цагаан идээний үнэ 115 800 төгрөгийг суутгаж, үлдэх 129 000 төгрөгийг дансанд нь шилжүүлсэн, төлөх төлбөргүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагч Сүүн дэгжих ХХК-ийн захирал Э.Мөнгөншагай шүүх хуралдаанд ...гэвч Ц.Бямбаагийн нэхэмжилсэн 171 000 төгрөгөөс түүний зээлээр авсан барааны үнэ 115 800 төгрөгийг хасаж зөрүү 55 200 төгрөгийг олгохоор нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх тайлбар гаргаж байх боловч нэхэмжлэгч нь тус компанид ажиллаж байх хугацаандаа зээлээр бараа аваагүй гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Бямбаа нь хариуцагч Сүүн дэгжих ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс үйлчлэгчээр ажилд орсон байх ба сарын цалин 600 000 төгрөгөөр, цалингаас нийгмийн даатгалын шимтгэл суутгахгүй байхаар тохиролцсон зэрэг үйл баримт тогтоогдож байна. Талууд энэ талаар маргаагүй.
Талуудын маргааны зүйл нь зохигчийн хооронд сүү, сүүн бүтээгдэхүүн зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн эсэх талаар байна.
Хариуцагч тал нь нэхэмжлэгч Ц.Бямбааг Сүүн дэгжих ХХК-д ажиллаж байх хугацаандаа 115 800 төгрөгийн үнэ бүхий сүү, сүүн бүтээгдэхүүн зээлээр худалдсан авсан гэж дэвтрийн хуулбарыг шүүхэд ирүүлжээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. гэж заасан.
Гэвч дэвтрийн 1 хуудсанд Ц.Бямбаа: Суутгал: Хурууд 3.28 кг х 23.0=75 300, 2л сүү-8.0, 0.5 л шар тос-17.5, тараг 3л-15.0 Дүн 115 800 төг гэх гар бичвэр байх ба үүнд хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн хүний гарын үсэггүй, он, сар, өдөр тодорхойгүй энэхүү баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хариуцагчийг нэхэмжлэгчид зээлээр бараа худалдсан гэж үзэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул түүнийг татгалзлаа нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн эрхийн харилцаанд ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах үүрэгтэй боловч бичгээр гэрээ байгуулаагүй, мөн зохигч талуудын тайлбараас тэдний хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажиллуулагч буюу хариуцагч нь ажиллагчид ажилласан хугацааны хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул хариуцагчаас 171 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сүүн дэгжих ХХК-ийн захирал Э.Мөнгөншагайгаас 171 000 /нэг зуун далан нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бямбаад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Бямбаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 780 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүүн дэгжих ХХК-ийн захирал Э.Мөнгөншагайгаас улсын тэмдэгтийн хураамж 5 780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бямбаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН