| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0279/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/293 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Өлзийбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Өлзийбаатар
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2521000000309 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорнод аймаг, ******* сумын .... дугаар баг, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД: *******/
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2000 цагийн орчимд Дорнод аймаг, ******* сумын 1 дүгээр баг, Төмөр замын тойргийн хойд замаар улсын дугаартай Great wall Пикап маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн /0.20%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2000 цагийн орчимд Дорнод аймаг, ******* сумын 1 дүгээр баг, Төмөр замын тойргийн хойд замаар улсын дугаартай Great wall Пикап маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн /0.20%/ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...өөрийн бурууг ойлгож байна, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч “...Би 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр замын цагдаагийн тасгийн оройн эргүүлийн үүргийг олон нийтийн цагдаа ийн хамт гүйцэтгэж байсан юм. Бид ******* сумын 6 дугаар баг, 49 дүгээр байрны урд талын уулзвар дээр хяналт шалгалт хийж байх үед жижүүрийн 10 станцаар ******* сумын 1 дүгээр баг, төмөр замын уулзварын эргэдэг тойрог дээр машин гэрлийн шон мөргөсөн байна гэж дуудлага мэдээлэл ирсний дагуу тухайн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн хугацаанд очсон. Очиход бикаб маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрдэн дээр жолооч ******* нь суучихсан, түүний хажууд нэг найз нь суучихсан байсан. Тэгээд би жолооч *******ыг машинаас нь буулгаж ирээд бичиг баримтыг нь шалгахад жолооны эрхийн үнэмлэхгүй явж байхаар нь өөрийн бэлэн бус Е патрол маркийн багажаар *******ын регистрийн дугаарыг хийж үзэхэд жолоодох эрх нь хасагдсан байсан. Иймд уг тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байр луу аваачих гэсэн боловч машин асахгүй байсан тул тухайн газар нь орхиод жолооч *******ыг эрүүлжүүлэх саатуулах байранд аваачиж саатуулсан. *******ын согтолтыг драгер багажаар шалгахад 0.20 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг, /хх 18-19 тал/
гэрч ын “...Би 2025 оны 08 дугаар сарын 20-ны орой 2000 цагийн орчимд танил ах *******ын гэрт очиход ******* ах машинаа авахаар явах гэж байна хамт яваад ирэх үү гэхээр нь би тэгье гээд хамт гэрээс нь гарсан. Бид хоёр ******* сумын 8 дугаар багаас хөдлөөд ******* сумын 1 дүгээр багийн Тэс шатахуун түгээх газар ирээд ******* ах өөрийн бикаб маркийн машинаа аваад буцаад гэр лүүгээ явах гээд хөдлөөд зам руугаа ороод явж байхад өөдөөс нэг машин урсгал сөрж орж ирэхээр нь ******* ах сандарсандаа машинаа баруун гар тал руугаа дараад гэрлийн шон мөргөөд зогссон. Тэгээд байж байхад удалгүй хоёр цагдаагийн албан хаагч ирээд ******* ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх 22-23 тал/
иргэний нэхэмжлэгч гийн “...2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн өглөөний 0800 цагт манай ажлын газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан над руу утсаар залгаж ******* сумын 1 дүгээр баг Дамдинсүрэнгийн гудамжны гэрлийн шонг тээврийн хэрэгсэл мөргөөд зогссон байна гэж хэлсэн. Тэр үед нь би тухайн газар очиж харахад замын баруун талын гэрлийн шонг тээврийн хэрэгсэл мөргөөд бага зэрэг холдуулчихсан байсан. Тухайн гэрлийн шонг манай байгууллага хариуцдаг. Хохирол болох 1,810,000 төгрөгийг ******* нь бүрэн төлж барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 14-15 тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 сарын 11-ний өдрийн 2025/ЗШ/515 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь /хх 38-41/ Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх 45 тал/ зэргээр тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч *******ын согтуурлын зэрэг 0.20 хувьтай гарсан болох нь 2025 оны 08 сарын 20-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* /*******/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ