| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/03140/И |
| Дугаар | 101/ШШ2023/01736 |
| Огноо | 2023-04-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 101/ШШ2023/01736
| 2023 04 06 | 101/ШШ2023/01736
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, хаягт байрлах С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, тоот хаягт байрлах М ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 430,732,271 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямбаяр, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Өсөхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2020 оны 6 сарын 26-ны өдөр Сеттимо ХХК болон Макс майнд ХХК нарын хооронд Хан хэнтий чуулган барилга угсралтын ажил гүйцэтгэхээр 849,072,809 төгрөгийн үнийн дүн бүхий ажил туслан гүйцэтгэх гэрээ байгуулагдсан юм.
Дээр дурдсан гэрээний үнийн дүнгээс техник хяналтын зардал, зураг төсвийн үнэ болон зохиогчын хяналтын зардлуудыг хасч, нэхэмжлэгчийн авбал зохих санхүүжилт нь нийт 288,046,069 төгрөг байдаг.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын дагуу тайзны технологийн ажил дээр гүйцэтгэл бичиж, ерөнхий гүйцэтгэгчтэй актаар хүлээлцэж гурван удаагийн санхүүжилтээр нийт 663,533,905 төгрөгийг аваад байгаа. юм.
Гэтэл 2020 оны 10 сарын 15-ны өдөр эхний санхүүжилтыг авах үед нэхэмжлэгч нь тооцооны дагуу 137,881,564 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн боловч өр төлбөр ихтэй, барилгын ажилд хөрөнгө оруулна зэрэг шалтгаанаар удаа дараа нэхүүлсний үндсэн дээр 137,881,564 төгрөгөөс зөвхөн 30,000,000 төгрөг олгосон.
Түүнчлэн 2020 оны 12 дугаар сард хоёр дахь санхүүжилтыг авах үед хариуцагчийн төлөөлөгч Э.Золбаяр болон Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Мөнх-Эрдэнэ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар утсаар гурвалсан яриа хийсэн. Уг ярилцлагад хариуцагчи нь нэхэмжлэгчид 150,000,000 төгрөгийг шилжүүлэхээр тохирсон боловч одоог хүртэл нэг ч төгрөг шилжүүлээгүй.
Одоогийн байдлаар гэрээгээр тохирсон үнийн дүнгээс 30,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд нийт 258,046,069 төгрөгийг төлөөгүй байна.
Бид гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон. Гэрээний 6.4-т зааснаар 2020 оны 10 сарын 15-ны өдөр эхний санхүүжилтээр олгох ёстой төлбөрийн үлдэгдэл 111,553,261 төгрөгийн 292 хоногийн хугацаа хэтэрсэн хоног тутам 0.2 хувийн алданги болох 65,147,104 төгрөг, 2020 оны 12 сарын 28-ны өдөр хоёр дахь санхүүжилтээр олгох ёстой байсан төлбөрийн үлдэгдэл болох 146,492,808 төгрөгийг 218 хоног хугацаа хэтрүүлсэн тул алданги 63,870,864 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.
Гэрээгээр тохирсон ажлаа гүйцэтгэхийн тулд Хаан банкнаас зээл авч ажил гүйцэтгэсэн ба хийх ёстой санхүүжилтээ хийгээгүйгээс 38,668,234 төгрөгийн хүү төлсөн. Энэ мөнгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.
Мөн энэ маргаанаас болж хуульчийн үйлчилгээ авахаас өөр аргагүй болсон тул үйлчилгээний хөлсөнд урьдчилан төлсөн 5,000,000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Манай байгууллагын үйл ажиллагаанаас болж гэрээ цуцлагдаагүй. Хариуцагч санхүүжилтээ авчихаад манайд тохиролцсон ёсоор өгдөггүй байсан.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн ажлаа хийж дуусгасан гэх үндэслэлээр 258,046,069 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд ажил туслан гүйцэтгүүлэх УБ-20/03 дугаартай гэрээг байгуулсан боловч гэрээнд заасан ажлаа Сеттимо ХХК хийж гүйцэтгэгэүй.
Гэрээнд заасан гурван ажлыг 2020 оны 7 сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл хийж гүйцэтгээд гэрээний 4.2-т заасны дагуу акт үйлдэн гүйцэтгэсэн ажлаа хүлээлцэхээр тохиролцсон.
Мөн гэрээний 5.3 дахь хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх материалыг Сеттимо ХХК нь хариуцан гаргахаар тохиролцсон боловч энэ үүргээ биелүүлээгүй.
Манай компани Хэнтий аймгийн Чингис хотод баригдаж буй 600 хүний суудалтай Хан хэнтий чуулгын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг 2015 онд байгуулсны үндсэн дээр туслан гүйцэтгэгчээр нэхэмжлэгчийг сонгосон.
Гэтэл Сеттимо ХХК нь гэрээнд заасан хугацаандаа өөрийн материалаар ажлаа хийж гүйцэтгэн манай компанид хүлээлгэж өгөөгүйн зэрэгцээ ерөнхий гүйцэтгэгч Макс майнд ХХК-ийг алгасан Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай холбогдож манайд тайлагнаагүй ажлаа тайлагнах, санхүүжилттай холбоотой тооцоолол хийж манай компанийн нэр хүндэд халдсанаас санхүүгийн чадваргүй гэх ойлголтыг төрүүлж 2021 оны 3 сарын 05-ны өдөр 9/264 дугаартай гэрээ цуцлах тухай шийдвэрийг Хэнтий аймгийн Засаг даргаас гаргуулж чадсан. Үүний улмаас бидний хооронд байгуулагдсан гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон.
Үүний улмаас манай компанид төсөвт суугдсан санхүүжилтийг авах боломжгүй болгож хохироосон.
Нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй төмөр бүтээцийг угсарч гагнасан актад манай тал гарын үсэг зураагүй. Үүгээр хийсэн ажлыг тодорхойлох боломжгүй. Шинжээчийн дүгнэлтээр хийсэн ажлын төсвийг ирүүлсэн байсан. Алдангийг мөн зөвшөөрөхгүй үүргийн зөрчил нэхэмжлэгч талаас болсон. Өмгөөлөгч авсан зээл авсан нь байгууллагын өөрийх нь асуудал байх. Манай зүгээс ажлын хөлсөнд 40,000,000 төгрөг өгсөн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс: Ажил туслан гүйцэтгэх гэрээ, нэгдсэн төсвийн тооцоо, 600 хүний суудалтай хөгжимт жүжгийн театрын тайзны тоног төхөөрөмжүүдийн жагсаалт, санхүүжилтийн тооцоо, 30,000,000 төгрөгийн төлбөрийн баримт, Сеттимо ХХК-ийн Хаан банкны дансны хуулга, Улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, барьцааны гэрээнүүд, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд, Хаан банкны 5,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, төмөр бүтээцийг угсарч гагнасан актууд, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, гүйцэтгэх захирлын талаарх лавлагаа, 2020 оны 3 сарын 20-ны өдрийн 20/03 тоотТөмөр замын далангийн хоолой барих туслан гүйцэтгэх гэрээ, доод бүтэц-хоолойн ажлын гүйцэтгэлийн төсвийн баримт, мөнгө хүлээн авсан материалын тооцоо гэх баримт, 2021 оны 6 сарын 21-ний өдрийн №45 дугаартай албан бичиг, шуудан хүргэлтийн баримт, Хаан банкны дансны хуулга зэрэг баримтууд
Хариуцагчаас: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 02-ны өдрийн шийдвэр, ажлын гүйцэтгэлийн баримт, Хэнтий аймгийн Засаг даргын 2021 оны 3 сарын 05-ны өдрийн гэрээ цуцлах тухай албан тоот, 2015 оны 8 сарын 25-ны №УТБУ-01/2015 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2017 оны 02 сарын 16-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний сунгалт, 2020 оны 4 сарын 30-ны өдрийн 9/887 тоот албан бичиг, Сангийн яамны 2020 оны 01 сарын 09-ны өдрийн 9/117 дугаар тоот, Аксиом констракшн ХХК-ийн №АК-11/2022 дугаар албан тоот, зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас 2020 оны 7 сарын 07-ны өдрийн №4 тоот гэрээний сунгалт, сонсох ажиллагааны хуралдааны тэмдэглэл, төлбөрийн нэхэмжлэх, Хосбэрс ХХК-тай тооцоо нийлсэн акт, Хан-хэнтий чуулгын барилгын зураг,
Хариуцагчийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт, Хан хэнтий чуулгын ажлын зураг, ажлын төсөв зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Нэхэмжлэгч Сеттимо ХХК нь Макс майнд ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 258,046,069 төгрөг, алданги 129,017,968 төгрөг, гэрээнээс учирсан хохирол буюу банкны хүүгийн төлбөр 38,668,234 төгрөг, хуульчийн үйлчилгээний хөлс 5,000,000 төгрөг, нийт 430,732,271 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт 258,046,069 төгрөг гаргуулах шаардлагыг хангуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн УБ-20/03 тоот ажил туслан гүйцэтгэх гэрээ-ний дагуу гэрээгээр тохиролцсон хийсэн ажлын санхүүжилтийн авлага 258,046,069 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
Зохигч талуудын хооронд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр №УБ-20/03 тоот Ажил туслан гүйцэтгэх гэрээ гэх нэртэй гэрээ байгуулагдаж нэг талаас тайзны дээд хөндийн тоног төхөөрөмжийн ажил /галерей, сам тавцан, хөшиг, гэрэлтүүлэгийн механизм, удирдлагын систем/, тайзны доод хөндийн тоног төхөөрөмжийн ажил /хөгжмийн яам, эргэдэг тайз удирдлагын систем/, тайзны хөшигний угсралт, нийлүүлэлтийн ажлуудыг хийж гүйцэтгэх, нөгөө талаас хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь зохигчдын тайлбар, тус гэрээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 7-9 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулга буюу тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл, зорилгоос дүгнэн үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, талуудын хооронд үүрэг үүссэн гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчээс хийсэн ажлын хөлсийг 258,046,069 төгрөг гэж тодорхойлж байгаа үндэслэлийг 1 дүгээр хавтас хэргийн 13 дугаар талд авагдсан санхүүжилтийн тооцооллын дагуу хариуцагчаас нийт 288,046,069 төгрөгийг авах байснаас төлсөн 30 сая төгрөгийг хасч, үлдэгдэл санхүүжилт болох 258,046,069 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Хариуцагчаас түүний хийсэн ажлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Тодруулбал, Гэрээгээр талууд нийт гүйцэтгэх ажлын төсвийг 849,072,809 төгрөг байна гэж тохиролцсон бөгөөд талууд хэн аль нь гэрээгээр тохиролцсон нийт ажил үйлчилгээг хийж дуусгахаас өмнө гэрээ цуцлагдсан талаар маргаагүй. Харин гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд хийсэн ажлын хөлс болох 288,046,069 төгрөгийн хүрээнд маргаж байна.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж, 344.2-т ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж зохицуулсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болох сонсох ажиллагааны тэмдэглэл, төмөр бүтээцийг угсарч гагнасан акт зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн 258,046,069 төгрөгийг ажил хийж гүйцэтгэсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байх бөгөөд бусад бичгийн баримтуудаар нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, түүний хөлс нотлогдохгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч хариуцагчаас гэрээгээр тохирсон гэх санхүүжилтийн үнийн дүнгээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд гэрээ бүрэн хэмжээгээр хэрэгжээгүй байна.
Иймд шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын нийт төсөвт өртөгийг тодорхойлж, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөгийг 125,932,716 төгрөг гэж үзэхээр байна. /2хх-ийн 95-106 дугаар тал/
Иймд Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь 125,932,716 төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул хариуцагчийн ажлын хөлсөнд төлсөн 30,000,000 төгрөгийг хасч тооцон хариуцагчаас 95,932,716 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
4.Хариуцагчаас ажлын хөлсөнд 40,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байх хэдий ч хэрэгт авагдсан баримтаар 30,000,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байна. /1 хх-ийн 15,60, 217 дугаар тал/
5.Нэхэмжлэгчээс алдангид 129,017,968 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Энэ шаардлагын үндэслэлийг 2020 оны 10 сарын 15-ны өдөр эхний санхүүжилтээр олгох ёстой байсан төлбөрийн үлдэгдэл болох 111,553,261 төгрөгийн алданги 65,147,104 төгрөг, 2020 оны 12 сарын 28-ны өдөр олгох байсан санхүүжилт болох 146,492,808 төгрөгийн алданги 63,870,864 төгрөг гэж тус тус тодорхойлсон.
Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 6.4-т Захиалагч тал ажлын хөлсийг шалтгаангүйгээр хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.2 хувийн алданги төлнө гэж тохиролцсон байх хэдий ч ажлын хөлс төлөх хугацааг хэрхэн тохиролцсон нь гэрээнд тусгагдаагүй байна.
Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн өөрийн байгууллагын тэмдэг бүхий санхүүжилтийн тооцоо гэх хүснэгтээр талуудын хүсэл зоригийг тодорхойлох боломжгүй байна.
Иймд хөлс төлөх хугацааг талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр тодорхойлогдох боломжгүй байх тул алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
6.Нэхэмжлэгчээс гэрээнээс учирсан хохиролд банктай байгуулсан зээлийн гэрээний хүүгийн төлбөр 38,668,234 төгрөг, хуульчийн үйлчилгээний хөлс 5,000,000 төгрөг нийт 43,668,234 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагчаас дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан.
Хууль зүйн үйлчилгээ авсан буюу тодорхой төрлийн маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд эрх зүйн туслалцаа авч гаргасан зардлыг үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэхээргүй байна.
Мөн нэхэмжлэгчээс хариуцагчийг ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүйгээс банкнаас зээл авч ажлыг хийж гүйцэтгэсэн тул хүүгийн төлбөрт төлсөн 38,668,234 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Энэхүү шаардлагын тухайд, сайн дурын үндсэн дээр бусадтай гэрээ хэлцэл байгуулан гэрээний үүргийн дагуу төлсөн төлбөр нь бусдын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн зохих ёсны зардал байх бөгөөд мөн гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт зааснаар Макс майнд ХХК-иас 95,932,716 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сеттимо ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 334,799,555 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэгдүгээр хавтаст хэргийн 108-109, 111-112, 123-135,150-151, 190-215, 218-229, 247 дугаар талд авагдсан бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байдлаар авагдан байх тул хэргийг шийдвэрлэхэд нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт зааснаар Макс майнд ХХК-иас 95,932,716 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сеттимо ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 334,799,555 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, 51 дүгээр зүйлийн 51.1.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,311,611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч Макс майнд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 637,613 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 750,000 төгрөг, нийт 1,387,613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Сеттимо ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА