Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/181

 

 

 

 

    2025        10          17                                     2025/ШЦТ/181

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2504001560185  дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                             Б.Саранзаяа

Улсын яллагч                                                            Т.Түмэнжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                          З.Жадамба                       

Шүүгдэгч                                                                    ******* нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 11, эцэг, эх, эмээ, ах, дүү нарын хамт Улаанбаатар хот *******,******* хашаанд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн ******* ******* (РД:*******)

Шүүгдэгч ******* нь *******, зочид буудлын 200 тоот өрөөнд 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө гийн согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хувцсыг нь тайлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2025 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цаг өнгөрөөгөөд хорооны нутаг дэвсгэрт байлах "М" нэртэй бааранд өөрийн хуурай дүү болон өөр 4 дүүгийн хамтаар орсон юм. Тэгээд бааранд ороод би 5 лааз пиво уусан. Тэгээд бааранд бүжиглэж байгаад арван жилийн нэг үеийн танил болох тай таарсан юм. Тэгэээд хамт бүжиглэж байгаад нилээн хугацааны дараа баарнаас гарсан юм. Тухайн үед би нилээн согтчихсон байсан. Тэгээд баарнаас гараад нэг машинд суухад тэр машинд байсан хүмүүс нь хөөгөөд байхаар нь машинаас буусан юм. Би болсон асуудлыг их муу санаж байна. Тэгээд такси барьсан байх гэж бодож байна. "CU" дэлгүүр орж 3 том савтай пиво авсан. Тухайн үед миний бодлоор , , бид дөрөв явж байсан санагдаж байна. Тэгээд бид дөрөв "” нэртэй буудал руу очиж орсон. Тэгээд ресепшинтэй нь уулзаад өрөө асуусан. Нэг өрөө сул байгаа гэхээр нь тэр өрөө рүү нь бид дөрөв орсон юм. Би өрөөнийх нь дугаарыг санахгүй байна. Тэгээд өрөөнд орсны дараа пивонуудаа хувааж уусан. Тэгээд эхний пиво дуусч байх үед би нилээн согтоод тасрах гээд байхаар нь нөгөө хэдэд унтлаа гэдгээ хэлээд унтсан юм. Тэгээд өглөө сэрэхэд Баясгалан миний хажууд унтаж байсан. Тэгээд бид хоёр үнсэлцээд би бие рүү нь ойртсон чинь Баясгалан "үгүй" гэж хэлсэн. Тэгэхээр нь би "за" гээд эргэж хараад унтсан юм. Тэгээд унтаж байсан чинь Баясгалан босчихсон "тэнэг бацаанууд надтай хийх гэж үзлээ" гээд орилоод байсан. Тэгээд Баясгалан нь ыг гаръя гээд байсан. Тэгээд Баясгалан буудлын өрөөнөөс гараад явчихсан. Тэгээд удалгүй нэг эмэгтэй найз нь гэх хүн өрөөнд орж ирээд юу болсон юм гэж асуусан. Би "нэг их юм болоогүй" гэхэд тэр эмэгтэй нэг цацлага гаргаж ирээд нүүр лүү цацчихаад гараад явчихсан юм. Тэгээд бид хоёр удалгүй буудлаас гараад гэр гэр лүүгээ харьцгаасан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 65-66-р хуудас)

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч гийн өгсөн “...би өөрийн найз ,, хамт машинд пиво хувааж уусан. Тэгээд шөнө 01 цаг өнгөрч байх үед М нэртэй бааранд орсон. Тэгээд бид нар нэг хүний 3 лааз пиво уусан. Бааранд байхад нь өөрийн таньдаг дүү гэх залуутай таарсан. гэх залуу нь , *******, өөр хоёр залуугийн хамт явж байсан. Тэгээд бид нарыг хооронд нь танилцуулсан. Тэгээд баар хаатал бүжиглэж байгаад 4 цаг өнгөрөөгөөд баарнаас гарсан. ...тухайн үед машин дотор , *******,, жолоо барьж явсан залуугийн хамт байсан. Тэгээд бид нар хамт яваад *******, Жаргалант хэсэгт байрлах нэртэй зочид буудалд 05 цаг өнгөрөөгөөд өрөө авч орсон. ...Тэгээд буудалд пиво уугаад сууж байгаад миний дотор муухайраад ариун цэврийн өрөө орж бөөлжиж байгаад гарч ирээд тасраад унтчихсан байсан. Тэгээд миний дээрээс дарах мэдрэмж төрөөд сэрэхэд хажуу талын орон дээр , хоёр бэлгийн харьцаанд орж байсан. Тухайн үед ******* нь миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтнээ хийгээд 2-3 удаа хөдөлсөн. ...тэгээд би айгаад хажуу тал руугаа түлхээд боссон. Тухайн үед миний өмд дотуур хувцас тайлагдсан байсан. Би хувцсаа өмсөөд *******ий зургийг авсан. ...маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 55-56-р хуудас),

 Гэрч Б.ын өгсөн “...Тэгээд , ******* ах, эгч, бид 5 шөнө 05 цагийн үед дугаартай өрөө рүү орсон. Тэгээд бид 5 пивонуудаа хувааж уугаад нилээн сууцгаасан. Тэгээд эхлээд ******* ах унтлаа гээд унтсан, дараа нь унтлаа гээд унтсан, түүний дараа эгч унтаад эгч бид хоёр уух юм аа дуусгаад ажилтай гээд явчихсан. Тэгээд хамгийн сүүлд 08 цаг өнгөрч байхад би эгчтэй цонхон талд байрлах орон дээр унтсан. Тэгтэл гэнэт толгой дээр орилоод “аа явъя”  гээд байсан. Тэгтэл болохоор явахгүй гэсэн. Тэгтэл ******* ах руу хандаж “чи яахаараа над дээр оцгонодог юм, надтай унтдаг юм” гээд байсан. Тэр үед ******* ах ямар нэгэн зүйл хэлээгүй. ...тухайн үед байсан хүмүүс бараг бүгд нилээн согтолттой байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 60-р хуудас),

 Гэрч Ц.ийн өгсөн “... зочид буудлын гадна очоод түрүүлж ороод өрөө байвал яръя гэж хэлээд ороод залгасан. Тэгээд ороод ир гэхээр нь бид хэд араас нь ороод авчирсан юмнуудаа задалж ууж суусан. ... тэр үед нилээн халамцуу юм яриад сууж байсан. Тэр хэдийг яаж унтсан талаар мэдэхгүй байна. Өглөө нэг мэдсэн намайг бос явъя гэж байсан. Тухайн үед би уусан юм гараагүй согтууу байсан болохоор би жаахан байж байгаад явъя гэж хэлээд хэвтэж байтал гэнэт уйлаад явчихсан. Тэгээд гайхаад бостол миний дээр гарчихсан байна гээд уйлаад гүйгээд гараад явсан. ...бүгд ер нь согтуу байсан. Тэгээд CU дэлгүүрээс авсан пивоо буудалд очоод задлаад нэмээд уусан. Нилээн уусан...” гэх мэдүүлэг (хх-ийн 62-63-р хуудас),

 Гэрч өгсөн “...тухайн залуу би эхнэртэйгээ, манай найз эхнэртэйгээ 4 хүн байгаа юм гэж хэлж орсон. Өрөө авсан залуугаас архи үнэртэж байсан цуг явсан гурван хүний нэг эмэгтэй нь нилээн согтуу байсан. Бусад нь гайгүй байсан. Согтуу байсан хүүхэн нь туранхай, цуг явж байсан хүүхнээсээ арай өндөр байсан. ...хар хувцастай богино үстэй эмэгтэй мөн байна. Нилээн согтуу байхаар нь би сайн анзаарч харж байсан. Би ийм аймар согтуу хүн оруулахгүй гэхэд манай найзын эхнэр гэж хэлээд л орсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 125-126-р хуудас),

 Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “... нь хэзээ бэлгийн харьцаанд орсонг тогтоох боломжгүй байна. Эр бэлгийн эс илрэх эсэх нь тухайн үеийн шинжилгээ болон авсан дээж материалаас гарах боломжтой. гийн биед баруун талын шилбэний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдсонгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. нь шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин тогтоогдсонгүй...” гэх 142 дугаартай дүгнэлт (хх-ийн 77-78-р хуудас),

 Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “...******* нь бэлгийн харьцаанд орох чадвартай. Үзүүлэгчийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Үзүүлэгч нь шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчин тогтоогдсонгүй...” гэх 147 дугаартай дүгнэлт (хх-ийн 81-82-р хуудас),

 Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Б.Маралын 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “...Хар өнгийн дотоожны салтаа хэсэг дээр эр бэлгийн эс, хучуур эс илэрсэн. ...хар өнгийн дотоожноос нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн. Илэрсэн нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь гийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Илэрсэн нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь *******ий ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх ЕГ03253009 дугаартай дүгнэлт (хх-ийн 83-85-р хуудас)

Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1138 дугаартай “...2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 70-72-р хуудас/

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх “...Үгүй...” гэсэн илтгэх хуудас (хх-ийн 100-р хуудас)

              Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 103-107-р хуудас) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Баримтаар ирүүлсэн 24.500 төгрөг, сэтгэл санааны хохирол хоёрдугаар зэрэг тогтооход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг гаргуулахаар тогтоосон бөгөөд 10 дахин буюу 7.920.000 төгрөгийг гаргуулж хохирогч д олгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна…” гэсэн дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...******* нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлээд хохирогчтой холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй. Хохирогчийн зүгээс шүүхээс тогтоосон дүнгээр хохирлоо нэхэмжилнэ гэж байгаа. Хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа, ямар нэгэн татгалзах зүйл байхгүй, гэм буруу дээр маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчээс “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

              Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх анхан шатны журмаар хянан хэлэлцэв. 

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, сэтгэцийн гэмтэл тогтоогдсон мөн ДНХ-ийн тогтоцууд тогтоогдсон тул үндэслэлүүд нь тодорхойлогджээ. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ *******, зочид буудлын 200 тоот өрөөнд  2025 оны 4 дүгээр сарын 7-ны өглөө хохирогч гийн согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хувцсыг нь тайлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл, зөвшөөрөлгүйгээр, түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, түүнчлэн биеэ хамгаалах чадваргүй болон эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулж хүчээр хурьцал үйлдэх, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх байдлаар илрэн гардаг.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хурьцал үйлдэх өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүчээр хурьцал үйлдэх, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх нь дээрх гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулж хохирогчид хүч хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

              Шүүгдэгч *******ийн үйлдэл нь хохирогчийн бэлгийн эрх чөлөөг үл хүндлэн, бие махбодийн халдашгүй байх эрхийг нь буюу бэлгийн харьцааны талаархи хүний жам ёсыг зөрчиж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг үйлдэгдсэн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******д дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

  Хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирогч гийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал, эрүүл мэнд, сэтгэл санаанд нь хохирол, хор уршиг учирсан болох нь түүний мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Хохирогч талаас сэтгэцэд учирсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хоёрдугаар зэрэглэлийн хор уршгийг мөн баримтаар гаргаж өгсөн 24500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”,

Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан.

Шинжээчийн №1138 дугаартай дүгнэлтээр “...2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэсэн байх бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тооцохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 6.336.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийг шүүх ханган тав хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан.

Хохирогч тай 2025.10.17-ны өдрийн утсаар ярьсан “...*******ээс 6.300.000 төгрөг бэлнээр миний дансанд орсон, хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, өөр хэлэх зүйлгүй...” гэсэн тэмдэглэл

Шүүгдэгчээс “2025.10.17-ны өдрийн 6.100.000 төгрөг, 200.000 төгрөгийг гийн дансанд шилжүүлсэн” тухай хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт 2 ширхэгийг  гарган ирүүлжээ

Иймд хохирогч нь хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Улсын яллагчаас “…*******д 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Хохирол, хор уршиг бүрэн төлөгдсөн...” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “....шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид шүүхээс тогтоосон 6.300.000 төгрөгийн сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч нь хохирол төлбөр бүрэн хүлээн авсан, гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлсэн. *******ий хувьд өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, хувийн байдал сайн. Иймд түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг хэрэглэж 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс ”...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулна” гэж хуульчилсан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь ам бүл 11, эцэг, эх, эмээ, ах, дүү нарын хамт амьдардаг, хохирогчид хохирол төлбөр бүрэн төлсөн, урьд ял шийтгэлгүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон гэж үзэж, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын зорилго, хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагадаа урьчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсныг *******д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бэлгэвч, нэг ширхэг хар өнгийн дотуур хувцсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комиссд даалгаж  шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хохирогчийн согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр (2) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагадаа урьчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг *******д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,  511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрт болон эрүүл мэндийн хохиролд 6.300.000 төгрөг хохирогч д төлсөн болохыг дурьдсугай.

7. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дотуур өмд 1 ширхэг, бэлгэвч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ