| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0333/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/357 |
| Огноо | 2025-10-24 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Р.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ргийн Дэд холбогдох эрүүгийн 2538003260427 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А овогт Ргийн Д,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.Д нь Хөвсгөл аймгийн ********** сумын *** дугаар багт байх гэртээ 2025 оны 07 дугаар сарын 14-15-ны шилжих шөнө өөрийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн 11 хоногтой хүүхдээ хөхүүлэх үедээ болгоомжгүй үйлдлээр амьсгал бүтэлтэд оруулж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-7-р хуудас),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би ямар хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа талаар мэдэж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-р хуудас),
Гэрч С.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай охин Д 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ********** сумын эмнэлэгт төрөөд 2025 оны 07 дугаар сарын 08- ны өдөр эмнэлгээс гараад гэртээ байж байгаад 2025 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 04 цагт хүүгээ хөхүүлээрэй гэж хэлсэн чинь босоод хүүгээ тэврээд хөхүүлээд сууж байхаар нь би буцаад унтаад өглөө 06 цаг үед босоод харсан чинь хүүхэд харагдахгүй байхаар нь орон дээр очоод үзсэн чинь хөхөө хүүхдийнхээ аманд хийгээд дараад унтаад өгсөн байхаар нь хүүхдийг аваад тэвэрсэн чинь амьсгалгүй болоод нүүр тэр чигтээ хөх болсон байхаар нь иллэг хийгээд амьсгал орохгүй байхаар нь нөхрөө сэрээгээд эмнэлэг дуудаач гэж хэлсэн чинь нэгэнт өнгөрсөн юм чинь өөрсдийнхөөрөө хедөөлүүлнэ гээд байхаар нь би Н эмч рүү залгаад болсон үйл явдлын талаар хэлсэн чинь эмнэлэгт байлгаж байгаад цагдаагийн байгууллагад ханддаг гэж хэлсэн. Нөхөр тоохгүй хөдөөлүүлэх гэж байсан чинь сумын нийгмийн ажилтан, иргэдийн хурлын дарга хоёр ирээд эмнэлэг дээр авчирсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),
Гэрч Д.Нийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ********** сумын 3 дугаар багийн иргэн Д төрөхөөр өвдөж байна гэж дуудлага ирэхээр нь би Ц сувилагч жолооч Б нарын хамт дуудлаганд очоод дотуур үзлэг хийж чинь сумын төв ортол төрөхөөргүй байхаар нь тээвэрлэхээр шийдээд сумын эрүүл мэндийн төвийн дээр 17 цагийн үед авчраад Э, Б эмч нарт үзүүлээд аймгийн нэгдсэн эмнэлэгээс зөвлөгөө авч сумандаа төрүүлэхээр шийдсэн. Д 22 цаг 02 минутад төрөлт хэвийн явагдаж төрөөд нярайд үзлэг хийхэд үзлэгээр ямар нэг гаж хөгжил эмгэг харагдаагүй тул хүйг тасалж, эх нярай хоёрыг эмэгтэйчүүдийн их эмч Э-д шилжүүлсэн. Эх нярай хоёр хэвийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эмнэлгээс гэрт гаргасан. 2025 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 11 цаг 56 минутад Д-ийн ээж Н над руу ************* дугаараас залгаад “Д хүүхдээ хөхөөрөө дараад хүүхэд нас барсан байна” гэхээр нь хэсгийн төлөөлөгчид хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас),
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай: “...Р.Д нь сэтгэцийн өвчингүй. Р.Д нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Р.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” дүгнэлт шинжилгээ (хх-ийн 46-49-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн 113 дугаартай:
1. Амь хохирогчийн цогцост гэмтэл тогтоогдоогүй.
2. Амь хохирогчийн цогцост архаг өвчин тогтоогдсонгүй.
3. Амьсгал бүтэж нас баржээ.
4. Зүрх, уушгины гадаргуугийн цус харвал, цулцангууд хагас авчилттай, зарим цулцангийн хөндийд цулцангийн макрофагуудтай, цулцан завсрын эд болон цулцан хоорондын таславч жигд бус хавагнаж зузаарсан, жигд бус эритроцитийн нэвчилт, уушгины цус зогсонгишил, артериол, капилляр судаснууд авчсан, цус багатай, венийн судаснууд жигд бус, цус дүүрэлт, зүрхний булчингийн голомтлог фибрилляци зэргээр батлагдаж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 55-59-р хуудас),
Шүүгдэгч Р.Дийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би баруун талын орон дээр ганцаараа унтсан. Миний орны урд ширээ тавиад ор засаад хүүхдээ унтуулж байсан. Тэгээд шөнийн 1 цагт хүүхэд уйлаад би сэрээд хүүхдээ хөхүүлээд хуурайлсан. Тэгээд хүүхдээ ширээн дээрээ буцааж тавиад унтсан. Тэгсэн шөнийн 3 цагийн үед хүүхэд уйлаад би сэрээд хөхүүлсэн. Хөхүүлэхдээ ор руугаа авч ороод баруун тал руугаа хараад хөхүүлээд хэвтэж байсан. Тэгсэн нэг мэдсэн унтсан байсан. Тэгээд өглөөний 6 цагийн үед ээж намайг дуудаж сэрээгээд хүүхэд хөхүүлээд хуурайлаад гэж хэлэхэд би сэрээд хүүхдээ харсан чинь амьсгалахгүй байсан. Би сэрэхдээ харсан чинь хүүхдээ хөхүүлж байгаад хөхөөрөө дарсан байдалтай сэрсэн. Тэгээд ийм зүйл болсон...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Р.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас...эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба 11 хоногтой хүүхдийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б нь хэрэгт нэхэмжлэл гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагаанд гомдол саналгүй гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Р.Д нь хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Р.Д-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
шүүгдэгч Р.Д нь тэнссэн хугацаанд үүргээ зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2538003260427 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Р-ийн Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай анийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Р-ийн Д-ийг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Р.Д-ийг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Р.Д-д хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн 2538003260427 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР