| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0331/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/352 |
| Огноо | 2025-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Үүрийнтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,
Улсын яллагч Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ийн Б-д холбогдох эрүүгийн 2538000000420 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ө овогт Дгийн Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн ********** сумын ** дугаар багийн нутаг “**********” гэх газарт хохирогч О.Б-тай хэрүүл, маргаан үүсгэж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, баруун бугалганд цус хуралт, дагз, баруун хөмсөг, баруун нүдний доод зовхи, баруун чих, шанаа, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас),
Хохирогч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 26-ны орой 22 цагийн орчим айлын хүүхдийн үсний найран дээр байхад Б гэх хүн эхнэрийн хамт найрнаас буцаж явна гээд согтуу ирсэн. Тэгээд Б-ийн эхнэр найран дээр байхад манай хамаатны Б гэх хүнтэй маргалдсан гэж ойлгосон. Тэгээд над руу танай хамаатан чинь гэх янзтай юм ярихаа нь тэр чинь надад ямар хамаатай юм гээд маргалдаж эхэлсэн. Тэгсэн нөхөр Б нь эхнэрээ өмөөрч намайг айлаас чирч гаргаад цохиж, өшиглөж эхэлсэн. Тэгээд би босож очоод урдаас нь нэг цохисон. Тэгээд хүмүүс салгах гэж ноцолдож байхад миний өвдөг мултарчихсан. /хуучин мултарч гардаг байсан/. Тэгээд бүгдийн ална гээд Б машиндаа суугаад хөдлөх гэхээр нь чулуу аваад шидсэн яг онсоныг мэдээгүй. Тэгээд Б-ийг гэр рүүгээ явсан юм бодсон найранд суусан газартаа очиж эхнэрийнхээ хамаатнуудыг аваад манай эхнэр хүү хоёрын араас машинтай гэр рүүгээ явсан. Би Бийг гэр рүүгээ явсан юм бодсон найранд суусан эхнэрийнхээ хамаатнуудыг аваад манай эхнэр хүү хоёрын араас очсон байсан. Тэгээд хоёуланг нь зодож машины урд шил хагалчихаад буцаад над руу явсан байсан. Намайг хүүхдийн үс авсан айлд байж байхад буцаж ирээд зодож байгаад явсан...Надад гомдол санал байна. Б ах бид хоёр харилцан тохиролцож эвлэрсэн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 8, 10-р хуудас),
Гэрч Б.Дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Айлаас хөдлөөд замын талдаа орж явтал араас машин сигналдахаар нь нөхрийгөө гэж бодоод зогссон чинь Духяа машины урдуур хааж зогсоод хүмүүстэй бууж ирээд машин цохиж нүдээд хүүг толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. Тэгэхээр нь би хүүгээ дараад хэвтсэн чинь миний нуруу болон нүүр хэсэгт хэдэн удаа цохьчихоод машины урд шилийг хагалсан...гараараа миний нүүр болон шилэн хүзүү хэсэгт цохисон. Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлж гэмтэл тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-р хуудас),
Гэрч Д.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б нь Бийн эхнэртэй маргалдаад Б эхнэрээ өмөөрөөд гэрээс гаръя гээд бүгд гарсан. Тэгээд би гэрт байж байгаад гарсан. Бийг доороо хийсэн Б, Г 2 дээр нь гарчихсан зодож байсан. Би салгах гэсэн хүчрэхгүй эхнэртэй нь татаж салгаад болгосон. Нүүр нь цус болоод нүд нь хавдчихсан байсан. Харахад эвгүй болчихсон байсан. Тэгээд машинд суулгаад шууд явуулсан. Быг зодуулсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-р хуудас),
Гэрч А.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б нь Б-ийн эхнэртэй маргалдаад хэрүүл болсон. Б эхнэрээ өмөөрөөд барилцаж аваад гэрээс гарсан. Би араас нь гараагүй болохоор гадаа юу болсныг мэдэхгүй байна. Хэн нь хэнийгээ зодсоныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-р хуудас),
Гэрч С.П-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би малдаа явсан болохоор тухайн үед юу болсон талаар мэдээгүй. Малнаасаа ирэхэд бүгд тараад явсан байсан. Гэрт байсан хүмүүсээс сонсоход Б, Б хоёрыг зодолсон гэж байсан. Би сонирхож асуугаагүй. Энхэр нь том гэдэстэй жирэмсэн болохоор гэрээс гараагүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 381 дугаартай: “...1. О.Б-ын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, баруун бугалганд цус хуралт, дагз, баруун хөмсөг, баруун нүдний доод зовхи, баруун чих, шанаа, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, нүүрний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гзмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 30-31-р хуудас),
Шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Манай авгайтай Б гэх залуу нь маргалдаж эхлээд эхнэрийг бариад авахаар нь би шууд босож барьцалдаж аваад гэрийн гадаа гарсан. Харин тэр үед гадаа гарсны дараа хоёулаа хамт газарт унасан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Д.Б нь хохирогч О.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Хохирогч О.Бын “...Надад гомдол санал байна. Б ах бид хоёр харилцан тохиролцож эвлэрсэн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн би шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 8, 10-р хуудас) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Б нь хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2538000000420 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Б-ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2538000000420 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР