Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2023/00013

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                              

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Элбэгзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт оршин суух Б овогт Л.Сын / РД:******** /-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багт оршин суух Б овогт Д.Г/ РД:********** /-д холбогдох,

Гэм хорын хохирол 1.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.С, хариуцагч Д.Г, иргэдийн төлөөлөгч Н.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.С нь хариуцагч Д.Год холбогдуулан 1.200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Нэхэмжлэгч Л.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймаг Эрдэнэбулган сум 2-р багийн иргэн Л.С миний бие Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг тарианы мухарт 6га газарт хүнсний ногоо болон ногоон тэжээл тариалдаг. 2022 оны 9 сарын 20-доос хойш багцаагаар 7-8 удаагийн давтамжтай хонь ямаа нь талбай руу орсон. Анх ороход нь өөрсдөө хашааг нь тайлж оруулсан байна. Хаасан боловч дахиад оруулсаар байсан. 10 сарын 1-ний өдөр хонь нь дахиад орчихсон цадталаа идээд хэвтэж байсан. Өөрөө ирж хонио авсан. Уг талбайгаас идүүлсэн солом нь 1.200.000 төгрөгийн хохирол учирсан. Иймд буруутай этгээдээс миний хохирлыг барагдуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

1.2 Хариуцагч Д.Г шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа: Архангай аймаг Эрдэнэбулган сум 2-р багийн иргэн Л.С нь Цагаан давааны ард Тарианы Мухарын аманд газар тариалан эрхэлдэг бөгөөд өөрийн хариуцлага муугаас уг талбайд нь айлын мал орж ногоон  тэжээлийг нь идсэн. Ганцхан манай мал орж идсэн юм биш ээ. Би ганцхан удаа өөртэй нь таарч малаа гаргах гэтэл өөрөө орсон газрыг нь зааж өгөөд та малаа гаргаад хашааг нь янзалчих гэж хэлсэн. Манай хонь айлын хашаагаар дамжин орсон байсан. Давааны ард газар тариалан эрхэлдэг олон хүмүүс байдаг. Тэд бүгд л дор дороо хариуцлагатай манаачтай байдаг. Өөрийн хариуцлага муу, манаач байхгүй орж байгаа малыг гаргахгүй эзэн нь өөрөө идэхээс нааш гаргадаггүй. Ийм хариуцлагагүй байдлаасаа болж ногоон тэжээлээ малд идүүлсэн учир би төлж чадахгүй гэжээ.

1.3 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 9 га газрыг энэ хүний намаржаатай ойролцоо хүнсний ногоо болон ногоон тэжээл тариалсан. Өмнө нь жил бариулсан шинэ хашаатай, Д.Г анх хонь, ямаагаа оруулахдаа өөрсдөө хашааг тайлж оруулсан байсан. Нэг орохгүй л бол мал ордоггүй, ингээд 7-8 удаа оруулж өөрөө 2 удаа ирж хонь, ямаагаа авсан. Намнансүрэн гэх трактортой хүнээр пресслүүлсэн нэг мөрнөөс 30-33 пресс унасан. Энэ айлын хонь хойд талаас нь орж идээд байсан. Энэ хохирлоо гаргуулахаар шүүхэд хандсан. Энэ үйл явдал 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 7-8-ны дотор болсон үйл явдал юм. Эхэлж нэг удаа ороход нь анхааруулж малаа нааш нь битгий явуулаач гэж хэлсэн, малаа эзэнгүй бэлчээдэг. Би 5-6 талбайд газар тариалан эрхэлдэг учраас талбай бүрийг манаачтай байлгаж чадахгүй. Шинэ хашаатай талбайд манаач тавих шаардлага ч үгүй, намрын ажилд шахагдаад хүн бүл муутай байдаг. Сүүлдээ энэ айлын хонийг ороод байхаар нь манаач тавьсан. Гэтэл анхааруулж хэлээд байхад хонио тавьчхаад тоохгүй байсан. Гомдолтой байгаа учраас хохирлоо гаргуулж авах хүсэлттэй байна. Хэрэв үнэхээр энэ айлын хонь, ямаа хашаа руу ороогүй байсан бол нэхэмжлэл гаргахгүй. Ганболдын хүү нь хонь, ямаагаа ирээд авсан. Энэ ахад хэлээд үг авахгүй болохоор нь манаач гаргасан. Өмнө жил цоо шинэ хашаа барьсан. Гэтэл урт торны залгааг тайлж малаа оруулсан. Энэ айлын хонь л орсон. Би нэлээдгүй олон жил газар тариалан эрхэлж байгаа учраас тэр хавийн айлуудыг мэддэг учраас хонь, малаа оруулдаггүй. Зарим айлууд нь зохион байгуулалттай нэг нэгэнтэйгээ хонио нийлүүлж ээлжилж хардаг. Үхэр гайгүй ямаа жижиг мал учраас зүтгэж тор тасалж ордог. 7-8 удаа найдвартай орсон. Нэг удаа талбайгаа эргээд явж байхад хонь, мал нь цадсан байдалтай хэвтэж байхад ах өөрөө ирж гаргасан, надад зураг нь байгаа. Мөн цасны дараах орсон зураг байгаа, хүү нь 3 удаа ирж хонь, ямаагаа авсан. Эхэлж ороход нь хонь, ямаагаа битгий оруулаарай гэж хэлсэн. Ихэндээ эзэн нь мэдэгдэхгүй хонь ороод байсан, сүүлдээ энэ ахын хонь гэдгийг мэдчихээд хэлсэн. Хэлээд байхад ерөөсөө үг авдаггүй самарт явчихдаг хариуцлагагүй, нэгийгээ боддоггүй. Тэгээд худлаа ярьдаг, би та надад хэдэн төгрөг өгөх үү гэхэд чамд юу өгдөг юм пиздаа минь манай мал ороогүй гэсэн. Энэ хүн өөрөө ардын багш, бид хоёр нэг нутгийн хүмүүс байгаа юм. Шүүхэд ингэж худлаа мэдүүлж болохгүй.... 4 мөр тэжээл идэж 1,200,000 хохирол учруулсан, өөр айлын мал ороогүй, нэг эгнээнээс 30-33 пресс тэжээл хураасан, мал идүүлсэн мөрнөөс 5 пресс тэжээл хураасан, нэг пресс нь тухайн үед 12000 төгрөгийн үнэтэй байсан, нийт 80 пресс тэжээл авч чадаагүй учир зах зээлийн ханшаар нь нэхэмжилж байна гэв.

 

1.4 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх энэ айлын хашааны хажууханд зуссан. Манай мал энэ айлын талбай руу ороогүй. Энэ айлын хашаа шинэ учраас бэхэлгээ битүүмжлэл сайтай. Хаалга тайлж хонь, ямаагаа оруулсан гэдэг нь худлаа. Энэ талаарх баримтаа аваад ир, хэн онгойлгож байсан юм. Ингэж худлаа хүнийг гүтгэж болохгүй. Надад танай хонь хашаа руу ороод байна гэж ерөөсөө хэлээгүй. Хэрэв хэлсэн бол тухайн зүг рүү хонио явуулахгүй. Сумын төвд ажилтай болохоор мал дээр эрэн очин байдаг. Л.Сын солоом сайхан ургахын хувьд ургасан байсан. Намнан ахаар пресслүүлсэн гэж яриад байна. Надад харуулаад энэ мөрнөөс ийм пресс гарч байна гэдгийг харуулаагүй, ийм зүйл болсон гэдгийг хэлэх хэрэгтэй байсан. Хашаагаа сайн битүүмжлэх хэрэгтэй. Нэгэнт хүнсний ногоо тариалж байгаа бол манаач авах хэрэгтэй. Газар тариалан эрхэлж ашиг шимийг нь хүртэж байгаа. Ганц энэ хүн газар тариалан эрхлээгүй, эрхэлж байгаа нэлээдгүй хүмүүс байгаа. Нэг удаа утсаар ярьсан. Үүнийхээ оронд биеэрээ ирээд уулзах хэрэгтэй. Надад удаа дараа хэлсэн гэж ярьж байгаа нь худлаа. Манаач гаргасныг мэдэхгүй байна. Баримттай асуудалд тулгуурлаж ярих хэрэгтэй. Өөрийнхөө хариуцлагагүй байдлаас болж идүүлчхээд хүнээс хохирол нэхэмжлээд байх шаардлагагүй. Газар тариалан эрхэлдэг хүмүүс байдаг тэр хүмүүс давхар тортой, манаачтай байдаг гэв.

 

1.5. Иргэдийн төлөөлөгч бичгээр гаргасан дүгнэлтдээ “Нэхэмжлэгч Л.Сын нэхэмжлэл нь баримт нотолгоо бага, айлын хашаагаар дамжиж орж байгаа талыг сайн бэхлэх ёстой байсан. Мөн хариуцагч Г сануулж хэлээд нэг удаа орсон байсныг өөрийн биеэр авч байгаа учир  нэг удаа орсон хохирлыг төлүүлж болно. 7-8 удаа орсон гэдэг нь баримт нотолгоо байхгүй учир нэхэмжлэл нь боломжгүй гэж үзэж байна.” гэв.

 

2. Нэхэмжлэгчээс

- Л.Сын иргэний үнэмлэхний хуулбар,

- 4 ширхэг гэрэл зураг гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Сын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Год холбогдуулан гаргасан 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж хариуцагч Д.Гоос 600.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож үлдэх 600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Архангай аймаг Эрдэнэбулган сум 2-р багийн иргэн Л.С миний бие Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг тарианы мухарт 6га газарт хүнсний ногоо болон ногоон тэжээл тариалдаг. 2022 оны 9 сарын 20-доос хойш багцаагаар 7-8 удаагийн давтамжтай хонь ямаа нь талбай руу орсон. Анх ороход нь өөрсдөө хашааг нь тайлж оруулсан байна. Хаасан боловч дахиад оруулсаар байсан. 10 сарын 1-ний өдөр хонь нь дахиад орчихсон цадталаа идээд хэвтэж байсан. Өөрөө ирж хонио авсан...Хариуцагч Д.Гын мал удаа дараа орж 4 мөр тэжээл идэж 1,200,000 хохирол учруулсан, өөр айлын мал ороогүй, нэг эгнээнээс 30-33 пресс тэжээл хураасан, мал идүүлсэн мөрнөөс 5 пресс тэжээл хураасан, нэг пресс нь тухайн үед 12000 төгрөгийн үнэтэй байсан, нийт 80 пресс тэжээл авч чадаагүй учир зах зээлийн ханшаар нь нэхэмжилж байна” гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг доорхи үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “... манай мал 1 удаа орсоныг гаргасан, ийм хохирол учирсан гэдгээ надад харуулаагүй, хариуцлагагүй байдлаасаа болж ногоон тэжээлээ малд идүүлсэн учир би төлж чадахгүй, ” гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “хариуцагч Д.Г талбайгаас хонь ямаагаа гаргаж байгаа” гэрэл зургийн нотлох баримт болон шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэгчийн “ Д.Гын хүүхдүүд малаа хариулгагүй орхиод самарт явсан, мал нь дахин дахин орж ирээд байсан” гэсэн тайлбар, хариуцагчийн  “манай мал 1 удаа орсоныг гаргасан” гэсэн тайлбар зэргээр нэхэмжлэгч Л.Сын Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг Тарианы мухар гэх газар тариалсан ногоон тэжээлийн талбай руу 2022 оны 9-10 сард хариуцагч Д.Гын хонь ямаа орж тариалсан тэжээлээс идэж хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Тариалангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Тариалсан газарт хүний үйл ажиллагаагаар тарьж ургуулсан таримал ургамал бүхий талбай хамаарна” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно” гэж тус тус заасан. Хариуцагч Д.Г нь өөрийн малыг хариулгагүй үлдээж нэхэмжлэгч Л.Сын  талбайн ургацыг идүүлсэн, Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч Л.Ст хохирол учруулсан гэм буруутай.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Д.Г нь нэхэмжлэгч Л.Ст учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

“Хариуцагч Д.Гын мал удаа дараа орж 4 мөр тэжээл идэж 1,200,000 хохирол учруулсан, өөр айлын мал ороогүй, нэг эгнээнээс 30-33 пресс тэжээл хураасан, мал идүүлсэн мөрнөөс 5 пресс тэжээл хураасан, нэг пресс нь тухайн үед 12000 төгрөгийн үнэтэй байсан, нийт 80 пресс тэжээл авч чадаагүй учир зах зээлийн ханшаар нь нэхэмжилж байна” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж татгалзаж байгаа үндэслэлээ хариуцагч Д.Г нотлох баримтаар нотлоогүй. Хариуцагч Д.Гоос нотлох баримт өгөх, нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргах эсэх талаар шүүх хуралдааны явцад тодруулахад нэмж өгөх нотлох баримт хүсэлт байхгүй гэсэн болно.

Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т “тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч  өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй” гэж заасан. Нэхэмжлэгч Л.С талбайгаа хашаалсан боловч шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбараар хариуцагч  Д.Гын хариулгагүй үлдээсэн мал түүний тэжээл тариалсан талбайд орж байгааг мэдсээр байж  мал орж байгаа талын хашааг бэхлэх, манаач ажиллуулах зэргээр өөрийн эзэмшлийн талбайгаа малаас хамгаалах үүргээ хангалттай гүйцэтгээгүй байна.  Хариуцагч Д.Гын мал талбай руу орж тэжээл идсэн хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн дээрх эс үйлдэл нөлөөлсөн байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжилж буй учирсан хохирол 1200000 төгрөгийн нөхөн төлөх хэмжээг 50 хувиар багасгаж 600000 төгрөгийг хариуцагч Д.Гоос гаргуулж нэхэмжлэгч Л.Ст олгож үлдэх 600000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Иргэдийн төлөөлөгчийн “Нэхэмжлэгч Л.Сын нэхэмжлэл нь баримт нотолгоо бага, айлын хашаагаар дамжиж орж байгаа талыг сайн бэхлэх ёстой байсан. Мөн хариуцагч Г сануулж хэлээд нэг удаа орсон байсныг өөрийн биеэр авч байгаа учир  нэг удаа орсон хохирлыг төлүүлж болно. 7-8 удаа орсон гэдэг нь баримт нотолгоо байхгүй учир нэхэмжлэл нь боломжгүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийн “... нэг удаа орсон хохирлыг төлүүлж болно” гэсэн хэсгийг шүүх хурлаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдож байх тул үндэслэлтэй гэж дүгнэв.

 

6. Нэхэмжлэгч Л.Сын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Гоос нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 18.650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ст олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т заасныг баримтлан хариуцагч Б овогт Д.Г-с 600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б овогт Л.Ст олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 33.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Гоос улсын тэмдэгтийн  хураамж 18,650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ст олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЖАРГАЛАН

 

                                              ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                     Д.ЭЛБЭГЗАЯА