2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Б.Манлайбаатар,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Манлайбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох  эрүүгийн 2507 00000 0202 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* төрсөн, тай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр, 6 хүүхдийн хамт *******, *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******гийн ******* /РД:*******/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багахангай дүүргийн *******, *******ийн тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас М.ыг гэрээс зайл гэж хөөн улмаар түүний нуруун тус газарт нь хутгаар нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... нь согтуу үедээ гэрт байн байн орж ирээд байсан болохоор айлгах зорилгоор нуруу руу нь хутгаар хатгасан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Б.*******, М. нарын согтуурлын зэргийг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-04 дэх тал/,

2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-05-07 дахь тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-08-10 дахь тал/,

Хохирогч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...г хайгаад орсон чинь ******* “чи байна байна гэрт орж ирлээ, гар зайл” гэж хэлсэн. Тэгээд надад архи хундагалж хийж өгөхөөр нь авах гээд доошоо тонгойход ******* миний нурууны зүүн тал орчим цохих шиг болсон. Тэгсэн миний нуруунаас бага хэмжээний цус гарсан байсан. орилоод чи хүн алчихлаа шүү дээ гэж хэлсэн. надад чамайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Эргээд харсан чинь ******* гартаа бор шаргал өнгийн модон иштэй хутга бариад цаашаа явж байсан... ” гэх мэдүүлэг /хх-14-15 дахь тал/,

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ийн гэрт очоод уусан. Энэ үед гаднаас хоёр ч удаа орж гараад байсан...18 цагийн үед сэрэхэд дахиад согтуу хөл нүцгэн, цээж нүцгэн ороод ирсэн чинь ******* согтуу босож ирээд гар зайл гэж хөөсөн. Тэгсэн дахиад 20 мин орчмын дараа дээл, хувцсаа өмсөөд орж ирэхэд ******* дахиад гараач, зайлаач гээд орилсон. Би энэ үед т ууж байсан архинаасаа нэг хундага хийж өгөхөд авах гээд тонгойх үед ******* чи зайлаач гээд миний хажуугаар гараад ын нурууны зүүн дал хэсэгт цохих шиг болсон. ******* баруун гартаа жижиг цагаан өнгийн гялгар, шаргал бор өнгийн модон иштэй хутга барьсан байсан. Би түүнээс хутгыг нь аваад баруун талын орон доогуур шидсэн. ын ар хэсэгт хутганы үзүүр орсон байдалтай цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-24 дэх тал/

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ...би нэлээн согтоод унтсан, нэг мэдсэн чинь цагдаагийн байгууллагад ирчихсэн байсан. Юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-68 дахь тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн НАЛ0725/337 дугаартай “...М.ын биед нуруунд хатгагдсан гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-29-30 дахь тал/,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-01 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...гэх дүгнэлтийг гаргажээ.

Шүүх шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багахангай дүүргийн *******, *******ийн тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас М.ыг гэрээс зайл гэж хөөн улмаар түүний нуруун тус газарт нь хутгаар нэг удаа хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол хохирол санаатай учруулсан болох талаар Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... нь согтуу үедээ гэрт байн байн орж ирээд байсан болохоор айлгах зорилгоор нуруу руу нь хутгаар хатгасан...” гэсэн мэдүүлэг нь Б.*******, М. нарын согтуурлын зэргийг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт, 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хохирогч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...г хайгаад орсон чинь ******* “чи байна байна гэрт орж ирлээ, гар зайл” гэж хэлсэн. Тэгээд надад архи хундагалж хийж өгөхөөр нь авах гээд доошоо тонгойход ******* миний нурууны зүүн тал орчим цохих шиг болсон. Тэгсэн миний нуруунаас бага хэмжээний цус гарсан байсан. ...******* гартаа бор шаргал өнгийн модон иштэй хутга бариад цаашаа явж байсан... ” гэх мэдүүлэг, Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...18 цагийн үед сэрэхэд дахиад согтуу хөл нүцгэн, цээж нүцгэн ороод ирсэн чинь ******* согтуу босож ирээд гар зайл гэж хөөсөн. Тэгсэн дахиад 20 мин орчмын дараа дээл, хувцсаа өмсөөд орж ирэхэд ******* дахиад гараач, зайлаач гээд орилсон. Би энэ үед т ууж байсан архинаасаа нэг хундага хийж өгөхөд авах гээд тонгойх үед ******* чи зайлаач гээд миний хажуугаар гараад ын нурууны зүүн дал хэсэгт цохих шиг болсон. ******* баруун гартаа жижиг цагаан өнгийн гялгар, шаргал бор өнгийн модон иштэй хутга барьсан байсан..” гэх мэдүүлэг,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн НАЛ0725/337 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн хэрэгт энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч М.ыг хутгаар хатгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцсэн нь түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн байх ба шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан хохирол мөнгөн төлбөр нэхэмжлээгүй, түүнчлэн иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 26,500 төгрөгийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох” гэх дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 ширхэг хутгыг эд мөрийн баримтаар хураагдсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримтыг хариуцсан комисст даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, , шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.*******ыг   700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 / долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх  тогтоолыг   гардаж  авсан,  эсхүл  хүргүүлснээс  хойш  14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                        

                                     

                           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Х.ГАНБОЛД