Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар  2021/ДШМ/717

 

 

    

 

 

 

    2021            8              3                                           2021/ДШМ/717                             

 

 

Х.М, С.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Х.М, цагаатгагдсан этгээд С.А нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/553 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Х.М, С.А нарт холбогдох эрүүгийн 2008 01915 0145 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Сийн А, ....... оны ... дугаар сарын ....-ний өдөр ................................ төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ....................... дүүргийн .... дүгээр хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................../;

2. Б овгийн Хын М, ...... оны ... дүгээр сарын ....-ны өдөр ................... төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт ....................... дүүргийн ...... дугаар хороо, ..................... хотхон .... дугаар гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................................../,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 443 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Шүүгдэгч Х.М нь бусадтай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын сувилал гэх газрын орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Тийн араас боож газарт савж унаган толгойн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж дэвсэн эрүүл мэндэд нь “...эрүү ясны хугарал, хөмсөгт шарх, цус хуралт, дух, хөхлөг сэртэнгийн хуйханд цус хуралт, тархи доргилт, уруулын дотор салстад язарсан шарх, бугалга, тохой, шуу, бүсэлхий нуруунд зулгаралт...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

шүүгдэгч С.А нь бусадтай бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын сувилал гэх газрын орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.Тийг газарт унасан байхад нь толгойн тус газарт хөлөөрөө өшиглөж дэвсэн эрүүл мэндэд нь “...эрүү ясны хугарал, хөмсөгт шарх, цус хуралт, дух, хөхлөг сэртэнгийн хуйханд цус хуралт, тархи доргилт, уруулын дотор салстад язарсан шарх, бугалга, тохой, шуу, бүсэлхий нуруунд зулгаралт...” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.М, С.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Сарантуяагийн Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, прокуророос шүүгдэгч Х.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Хүрэлтулгын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 5 хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Сувданчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бүлэглэн гүйцэтгэх” тухай ойлголтыг тодорхойлсон бөгөөд үүнд гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн байхыг хуульчилсан. Хохирогч Г.Тийн эрүүл мэндэд учирсан “эрүү ясны хугарал, хөмсөгт шарх, цус хуралт, дух, хөхлөг сэртэнгийн хуйханд цус хуралт, тархи доргилт, уруулын дотор салстад язарсан шарх, бугалга, тохой, шуу, бүсэлхий нуруунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлээс эрүү ясны хугарал гэмтэл нь хүндэвтэр, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд хөмсөгт шарх, цус хуралт, дух, хөхлөг сэртэнгийн хуйханд цус хуралт, уруулын дотор салстад язарсан шарх, бугалга, тохой, шуу, бүсэлхий нуруунд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх эрүү ясны баруун, зүүн салааны хугарал гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... Мохоо зүйл гэдэгт ир, үзүүргүй зүйлийг хэлнэ. Цохих, өшиглөх, нүүрэн дээр дэвслэх үед алинд ч учирна гэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл, шүүгдэгч Х.М, С.А нар нь бүлэглэн хохирогч Г.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Х.Т, С.А нарын үйлдлийн улмаас хохирогч Г.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг ялган зүйлчлэх боломжгүй бөгөөд Х.Т, С.А нар нь хохирогч Г.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан санаатай учруулсан гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдсэн байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/553 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Шүүгдэгч Х.М, цагаатгагдсан этгээд С.А нарын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй юм. Прокуророос ялган зүйлчлэх боломжгүй гэж шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Хавтас хэрэгт авагдсан баримтуудаас харахад гэрч Боын мэдүүлэгт “Х.М Г.Тийг боогоод  цемент дээр унагаагаад, 3 удаа маш хүчтэй цохисон. Үүнээс хойш Г.Т босч ирээгүй” гэсэн байдаг. Х.Мийн үйлдлийн улмаас хохирогч Г.Тийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэдгийг нотлоод байдаг. Мөн шинжээч “нэг удаагийн цохилтоор үүсэх боломжтой” гээд мэдүүлсэн. С.Аийг Х.Мтэй бүлэглэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэдгийг нотолсон баримт хангалттай байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Х.Мийн үйлдлийг өршөөхөөр заасан байх тул өршөөлд хамруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Ж.Сувданчимэгийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, прокуророос С.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, Х.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, хэрэгт цугларсан хохирогч Г.Тийн “...би Өсөхөөг зодоод байна шүү дээ гээд Өсөхөөг босгох гэтэл М миний араас боож унагаад Атэй нийлээд намайг зодсон, ...хөлөөрөө өшиглөөд май чи муу гээд байсан. ...би нүүрээ дараад газар хэвтсэн... ......” /хх 43-45, 48, 50, 53/,

            гэрч У.Өын “...Т ирээд Аийг татаж холдуулаад намайг босгох гэтэл М Тийн араас боогоод газар тархиар нь савж унагааснаа учиргүй гараараа нүдээд байсан. Тэгсэн А хажуугаас нь орж нэмж өшиглөөд байсан...” /хх 36-36/,

гэрч А.Боын “...М Тийн араас боогоод цементэн шалан дээр дагзаар нь савж унагаад дээр гараад нүүр лүү гараараа 3 удаа маш хүчтэй цохисон. Цохиж дуусаад босож ирээд нүүрэн дээр нь гутлаараа дэвслээд байсан. ...А Магийн гарыг тавиулаад Тийн дээрээс дэвслээд байсан. ...Намайг харж байхад Тийг М, А хоёр хоёулаа зодсон..” /хх 57-58, 63/,

гэрч Т.Ма “...М, А 2 Тийг зодож байхаар нь М, А хоёрыг холдуулаад болиулсан. ...М Тийг ард талаас нь боож унагааж байгаа юм шиг савтал нь унагаасан. Тэгээд Т толгойгоороо унаад шоконд ороод толгойгоо бариад хэвтэж байхад нь М, А хоёр дээрээс нь өшиглөөд...” /хх 67-68, 70, 72/ гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгч Х.М, С.А нар нь бүлэглэн хохирогч Г.Тийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байж болох нөхцөл байдал тогтоогдож байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/553 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Х.Мд 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй болохыг дурдаж, шүүгдэгч Х.М, С.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/553 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Х.М, С.А нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Х.М, С.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.ЗОРИГ

 

 

                 ШҮҮГЧ                                             М.АЛДАР

 

 

                             ШҮҮГЧ                                             Б.АРИУНХИШИГ