Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 288

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга  И.Ууганзаяа,

Улсын яллагч П.Бямбасүрэн,  

Шүүгдэгч Д.Мягмарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хэрэйд овгийн Дарамсэдийн Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн 1709000000007 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Эрхи МЦ" ХХК-ийн гүйцэтгэх захирал, ам бүл 1, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Амины орон сууцны 1-2 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хэрэйд овгийн Дарамсэдийн Мягмарсүрэн /РД: Х387041470/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Мягмарсүрэн нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урд талын авто зам дээр 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 40 минутын орчим Д.Тэлмэнтэй замын хөдөлгөөнд саад учруулж, хурдаа сааруулж, урдаас салаавч гаргалаа хэмээн маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд цус хуралт, баруун хацар зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Мягмарсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн 1709000000007 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Д.Мягмарсүрэн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Д.Тэлмэн нь маш удаанаар яваад байсан тэгэхээр нь гүйцэт түрүүлэхдээ “зайлаач” гэж хэлчихээд явсан, 2 дугаар сургуулийн урд замаар явж байхад хажууд орж ирчихээд “пизда” гэж орилоод салаавч гаргахаар нь би машинаасаа буусан. Тэлмэн дээр очоод цонхоор нь гараа оруулаад заамдаад цамцаар нь боосон, маргалдаж заамдах болсон шалтгаан нь машин барьж явж байгаад маргалдаад над руу салаавч гаргахаар нь тэгсэн, хоолойн гэмтэл бол би түүнийг боосон, тархи доргилт нь угаасаа тэгээд ноцолдсон, баруун хацарны гэмтэл бол ноцолдож байхад л үүссэн байх, би хохирогчтой сайн дураар эвлэрсэн, түүний хохирлыг барагдуулж, уучлалт гуйсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/

 

            Хохирогч Д.Тэлмэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2 дугаар сургуулийн хажуугаар явж байтал зам дээр ус тогтсон байсан, усан дээгүүр машинтайгаа зөөлөн явж байтал араас нэг хөх өнгийн приус 20 маркийн автомашин тулж ирээд сигналдаад байсан. Тэгээд би усан дээгүүр дөнгөж гараад явж байхад нөгөө машин миний машины зүүн талаар гүйцэт түрүүлж орж ирээд урдуур шахаж зогссон. Тэгээд уг машины жолоочийн хажууд сууж байсан нэг залуу цонхоо онгойлгоод "аятайхан яваач" гээд над руу салаавч гаргасан, би ч араас нь хөдлөөд явсан, хажууд нь зогсохдоо би уг машин руу салаавч гаргасан, машиндаа сууж байтал нэг нь шууд миний нүүр рүү гараараа 3-4 удаа цохиод гараа оруулаад миний хоолойг боосон, тэр залууг энэ явдал болсноос хойш таньдаг болсон. Намайг Мягмарсүрэн гэдэг залуу нь боогоод цохисон, Д.Тамир гэдэг залуу нь хамт бууж ирсэн гэхдээ зодоонд бол оролцоогүй, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

               Гэрч Б.Тамир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...гэрээсээ ах Мягмарсүрэн, дүү Энхболд нарын хамтаар байрны гражаас гараад явсан, жолоог Мягмарсүрэн ах өөрөө барьж явсан, яг гражын гарах хаалган дээр бидний урдуур нэг цагаан кроун маркийн машин ирээд хөндөлсөөд зогсчихсон, тэр машины жолооч албаар урд гарчихаад явахгүй хөндөлсөөд байсан, бид урдуур нь гүйцэт түрүүлээд урд нь гараад явтал нөгөө залуу зөрүүлээд бид нарын урдуур гүйцэт түрүүлээд явсан, бидний хажуугаар гарахдаа тэр залуу бидэн рүү салаавч гаргачихаад явсан, бид мөн дахиад гүйцэт түрүүлж урд талд нь зогсоод Мягмарсүрэн бид хоёр машинаасаа буугаад тэр залуу дээр очсон, Мягмарсүрэн очоод хоолойг нь боосон, дараа нь дахиад урд гараад зогссон. Тэгээд Мягмарсүрэн ах машинаа чөлөөлж зогсоод бид хоёр буугаад очсон. Мягмарсүрэн ах, бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/

               Гэрч Б.Энхболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...ажилдаа явах гээд ахын машинд суугаад явж байтал урд нэг машин зам хаагаад удаан яваад байхаар нь гүйцэт түрүүлээд "яваач ээ чи" гэж хэлсэн чинь хараагаад байсан, уулзвар дээр зогсож байтал нөгөө залуу хажуугаар ирээд салаавч гаргаад элдвээр хараагаад байсан, ах буугаад явсан би машиндаа суугаад үлдсэн, би машинаасаа буугаагүй...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹9760 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...

  1. Д.Тэлмэнгийн биед тархи доргилт, хүзүүнд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаандүүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ. /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Д.Мягмарсүрэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 20/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 21/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 22/, хувийн байдал шалгасан баримтууд /хх 23-28/, хохирогчийн гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх 29, 32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Мягмарсүрэн нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн урд талын авто зам дээр 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 40 минутын орчим Д.Тэлмэнтэй “замын хөдөлгөөнд саад учруулж, хурдаа сааруулж, урдаас салаавч гаргалаа” хэмээн маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Мягмарсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Тэлмэнгийн мэдүүлэг, гэрч Б.Тамир, Б.Энхболд нарын мэдүүлэг ШШҮХ-ийн №9760 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Мягмарсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Мягмарсүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Мөн шүүгдэгч Д.Мягмарсүрэнд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт авагдсан хохирогч Д.Тэлмэнгээс бичгээр гаргасан хүсэлтэд “хохирлыг бүрэн гаргуулж авсан, ямар нэг гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Мягмарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                           

                                                                                                                   ТОГТООХ нь:

            1. Хэрэйд овгийн Дарамсэдийн Мягмарсүрэнг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мягмарсүрэнг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мягмарсүрэнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Мягмарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мягмарсүрэн нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мягмарсүрэнд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН